Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00407

 

      2020         02             07  

 181/ШШ2020/00407

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                      

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭМЯанд холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14.421.096 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийдвэрээр тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл ЭМЯ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас ажилгүй байгаа болно.

Нэхэмжлэгч миний зүгээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааныхаа цалин олговрыг нэхэмжилж шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрээр ЭМЯнаас 48.299.935 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Би энэ мөнгийг 2019 оны 9 дүгээр сард авсан.

Гэсэн ч ажилд минь эгүүлэн томилоогүй байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай засгийн газрын 2018 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-12-3 шатлалд хамаарч байгаа тул үндсэн цалинг 1 074 333 төгрөгөөр, мөн засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тогтоолын 1-р хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмаар 16-20 жил ажилласан ажилтанд 15 хувийн нэмэгдэл олгохоор заасны дагуу 161.149,95 төгрөг, УИХ-аас 2019 онд баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, дэв, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай 21-р тогтоолд ахлах түшмэлийн тэргүүн зэргийн 32 хувийн нэмэгдэл олгохоор заасны дагуу 343.786,56 төгрөгийг нэмээд нийт 1.579.269,51 төгрөгийн цалинг ажлын 22 өдөрт хувааж 1 өдрийн цалин хөлсийг 71785 төгрөгөөр тооцож 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх цалин олговрыг ЭМЯ-наас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгуулж зохих байгууллагад шилжүүлэн, нэхэмжлэгчийн дэвтэрт шимтгэл төлсөн талаар бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд 2019 оны 6 дугаар сарыг 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 14.421.096 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрээр ЭМЯны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 48.299.953 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу ЭМЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Ажилгүй байсан хугацааны цалин олгох тухай Б/195 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн олгосон.

Харин яамны төсөвт ажилгүй байсан хугацааны цалинг гаргах мөнгө суудаггүй тул цалинг яамны зүгээс гаргах боломжгүй байдаг.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа 382 дугаар тогтоол, 21 дүгээр тогтоол нь өмнөх шүүхийн шийдвэр гарахад мөрдөгдөж л байсан шүү дээ. Миний тооцолоход ажилгүй байсан хугацааны цалин нь 12.69.094,80 төгрөг болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогчоос цалин олгохгүй байгаа тул Сангийн яам шийдэх асуудал юмаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ТЗ-12.5. гээд буруу яриад байх юмаа, ТК-12.3. байсан, одоо ч тийм байгаа.

Иймд ЭМЯны зүгээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанааар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч ЭМЯанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 14.421.096 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0137 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 0289 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор С.Тийг ЭМЯны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.731.800,99 төгрөгийг С.Тт олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг ЭМЯанд даалган шийдвэрлэжээ. /хх-ийн 4-16-р хуудас/

Дараа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрээр С.Тийн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговор болон ээлжийн амралтын цалин олговорт ЭМЯнаас 48.299.935 төгрөгийг гаргуулан С.Тт олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж бичилт хийхийг даалган шийдвэрлэжээ./хх-ийн 17-20-р хуудас/

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ЭМЯнаас С.Тт ажилгүй байсан хугацааны цалин 48.299.935 төгрөгийг олгохоор 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б/195 дугаартай тушаалыг гаргаж түүнд олгосон боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 33-р хуудас/

ЭМЯ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, /46 дугаар зүйлийн 46.1., 46.2/, дах заалтуудыг зөрчсөн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.Тийн 1 сарын дундаж цалинг 1.579.269,51 төгрөг, нэг өдрийн цалинг 71.785 төгрөг гэж тус тус тооцож, үүнээс хүн амын орлогын албан татвар болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хасч тооцно гэжээ. /хх-ийн 10,19-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Ажилтан С.Тийн 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг тооцоолоход:

-2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаа болох 7 сар 21 хоногийн нийт цалинг тооцохдоо нэг өдрийн цалинг 71.785 төгрөг, нэг сарын дундаж цалинг 1.579.269,51 төгрөг гэж тооцоход нийт 12.562.371,57 төгрөг байна.

/2019.6.02-ны өдрөөс 2019.01.31-ний өдрийг хүртэл 7 сар 21 хоног байх бөгөөд 7сар х 1.579.269,51 төгрөг = 11.054.886,57 төгрөг, 1.579.269,51:22 = 71.785 төгрөг, 21хоног х 71.785 төгрөг = 1.507.485 төгрөг, 11.054.886,57 төгрөг + 1.507.485 төгрөг = 12.562.371,57 төгрөг/

Иймд хариуцагч ЭМЯнаас ажилтан С.Тийн 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 12.562.371,57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч ЭМЯнаас 12.562.371,57 /арван хоёр сая таван зуун жаран хоёр мянга гурван зуун далан нэгэн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.858.724,43 /нэг сая найман зуун тавин найман мянга долоон зуун хорин дөрвөн мянган төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 215.948 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 


 ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО