Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00959

 

  Х-ны нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00188 дугаар шийдвэртэй, Х-ны нэхэмжлэлтэй, “М” ХХК-д холбогдох     

Зээлийн гэрээний үүрэгт нийт 250 212 267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хадгалалтын хөлс 25 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, С.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р, Ү.А, Ш.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот байгуулагдсан гэрээний 4.1-т заасны дагуу Хөдөлмөрийн яам нь нийт 23,0 тэрбум төгрөгийг Монголын оёдлын нэгдсэн холбооны сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулж, олгосон зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэхийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хангах, мөн гэрээний 2.7-д зээл, зээлийн эргэн төвлөрүүлэх, зээлийн эрсдэлийг Засгийн газрын өмнө Ү бүрэн хариуцах үүргүүдийг хүлээсэн. Үүний дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээг байгуулж ажилласны нэг “М” ХХК юм. Ү, Х-ны хороонд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2 13/02 тоот дамжуулан зээлдэх гэрээний нөхцлийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ү-наас “М” ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас, үйлдвэрлэх санхүүжилтэд 172 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг барьцаагүй, 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй нөхцлөөр олгохоор зээлийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн Хас банкны 5000378171 тоот дансанд 172 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний 2.2.2, 2.2.11, 2.2.12, 3.3-д заасан үүргээ биелүүлээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1/1423 тоот Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас тус гэрээнүүдийн заалтын дагуу төлөвлөгдөөгүй хугацааны хүү, алдангийг тооцоолсон, Сангийн яамны улсын ахлах байцаагчийн албан шаардлагын хамт ирүүлснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн хүү 51 706 712 төгрөг, алдангид 26 505 554 төгрөг нийт 250 212 267 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

     Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч С.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй тул тус захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тус компани зээлийг төлөх ёсгүй, зөвхөн ээрмэл утсаа ”Б” ХХК, “Х” ХХК-иудад нийлүүлж байсан. “М” ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэж байсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Засгийн газрын 250 дугаар тогтоол, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг удирдлага болгосон. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

       Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хэрэгжилтээр 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлдүүлэгч тал Ү, Х-ууд, зээлдэгч тал “М” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний зээлдэгч талын үүргүүдээ “М” ХХК биелүүлсэн. “Б” ХХК, “Х” ХХК-иудтай яамтай байгуулсан зээлийн гэрээний дагуу өөрсдийн хонины ноосон ээрмэл утсаа нийлүүлэхээр худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Манай компани яамтай байгуулсан гэрээнд заасны дагуу хонины ноосон ээрмэл утсаа тоо хэмжээгээр үйлдвэрлэж, хугацаанд нь гэрээт сүлжмэлийн үйлдвэрүүддээ хүргүүлж байсан тул тэр хэмжээгээр зээлээ эргэн төлсөнд тооцогдоно. Энэ нь яамтай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч талын үүрэг хэсгийн 2.2.1-2.2.2, 2.2.5, 2.2.6, 2.2.12-2.2.13-д зааснаар давхар нотлогдож байна. Яамнаас боловсруулж манай компани болон “Б” ХХК, “Х” ХХК-иудтай байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 5.1, 5.2 дахь заалтуудаар сүлжмэлийн үйлдвэрүүд нь гэрээний дагуу мөнгөө Оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийн дансанд төвлөрүүлнэ гэж зааснаар “Б” ХХК, “Х“ ХХК-иуд нь тус дансанд мөнгө шилжүүлж байсан ч яамнаас буцааж мөнгө ирсэн дансанд нь шилжүүлсэн талаар ойлгохгүй байна. Компаниас тус дансанд хэзээ, хаанаас хэдэн төгрөг орсон талаар хяналт тавих боломжгүй байсан тул харилцагч байгууллагуудаас хэдэн төгрөг орсон талаар мэдэхгүй. Гэрээний заалтуудад тусгагдсаны дагуу харилцагч байгууллагуудаас орсон төлбөрийг манай зээлээс хасахгүй буцаан шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Яамтай байгуулсан гэрээний хяналтын зөвлөл огт ажиллаагүйгээс төлбөрийг төвлөрүүлэх данс солигдож, гэрээнд заагдаагүй зориулалтын бус дансанд төвлөрсөн байдаг.

          Манай компани гэрээнд заагдсан 5099999695 тоот ХААН банкны дансанд харилцагч “Б” ХХК, “Х” ХХК-иудаас цаг хугацаандаа төлбөр орж байсан талаар нотлох үүднээс дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан. Мөн гэрээний 2.2-т зээлийн гэрээний эргэн төлөлт гэсэн хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа С.Р нийт 175 172 030 төгрөгийн утас нийлүүлж 148 386 төгрөгийн илүү төлөлттэй гэж дүгнэлт бичсэн байдаг. Манай компани “Б“ ХХК-д 125 526 942 төгрөгийн 4152,5 кг утас, 108 549 649,23 төгрөгийн 3562,5 кг утас, “Х” ХХК-д 17 977 300 төгрөгийн 590 кг утсыг тус тус нийлүүлсэн. Дээрх нийлүүлсэн утаснаас “Б” ХХК нь 1596,4 кг утсыг өөрийн гэсэн хадгалах агуулах сав байхгүй шалтгаанаар аваагүй. Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 72 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус утсыг үзсэн боловч одоог хүртэл аваагүй. Манай компани үйл ажиллагаа явуулахаа зогсоож, компаниа бусдад худалдсан тул тус утсыг агуулахаас гаргуулж, хувь хүний контейнерт хадгалж байна. Иймд зээлийн гэрээний үүргээ давуулан биелүүлсэн манай компаниас нэхэмжлэх үндэслэлгүй. Харин манай утсаар дүрэмт хувцас үйлдвэрлэсэн сүлжмэлийн үйлдвэрүүд болох “Б” ХХК, “Х” ХХК-иудаас нэхэмжлэх нь зүйтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон “М” ХХК-ийн зээлийн гэрээний сүлжмэлийн үйлдвэрүүдтэй  гэрээ байгуулсны дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ажлын хэсгийн боловсруулж өгсөн хонины ноосон ээрмэл утас худалдах-худалдан авах МБ-5, МБ-6 тоот гэрээг “Б” ХХК, “Х” ХХК-иудтай байгуулсны дагуу гэрээнд заасан тоо, хэмжээгээр утас ээрээд хугацаанд нь хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн. “Б” ХХК зориулалтын агуулах дутмаг гэсэн шалтгаанаар 48 555 499 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл 1593,5 кг утсыг аваагүйгээс хадгалалтын зардал гарсан. Манай компани үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжөө 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарсан тул үлдэгдэл утсыг айлын хашаанд контейнерт шилжүүлэн хадгалуулж, нийт 46 сарын хугацаанд 25 300 000 төгрөгийг төлж байгаа тул Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй, худалдах, худалдан авах гэрээний дагуу хадгалалтын асуудлыг өөр компани хариуцах тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 231 758 552 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 453 715 төгрөгийг, “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн хадгалалтын хөлс 25 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 658 371 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь үндсэн зээл 172 000 000 төгрөг, хүү 4 024 328,76 төгрөгийг зөвшөөрнө. Зөрүү 33 993 068,24 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь: талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болно. Зээлийг 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээний хугацаа 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1 хоног, 08 дугаар сард 31 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард 31 хоног, 11 дүгээр сард 29 хоног нийт 122 хоног байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд хүү бодвол 172 000 000 төгрөгийн жилийн хүү 7 хувь нь 12 040 000 төгрөг:365хоног х122хоног=4 024 328,76 төгрөг байна. Иймд төлөхийг зөвшөөрөхгүй хүүгийн зөрүү 38 017 397 төгрөг-4 024 328,76 төгрөг=33 993 068,24 төгрөг болно. Зээлийн гэрээний дагуу алдангид 21 0741 154 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь: зээлийн гэрээний 2.1.5-д "Дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг зөвхөн Оёдлын нэгдсэн холбооны ХААН банкны 5099999690 тоот дансанд төвлөрсөн борлуулалтын орлогын мөнгөнөөс Ү өөрөө зээлээ суутгаж авна, хүүгээ авна, үлдсэнийг нь үйлдвэрлэгч нарт олгоно" гэж гэрээнд заасан болно. /3-р хавтас хэргийн 8 дахь тал, гэрээний 2.1.5 дахь заалт/

    Хариуцагч талаас зээлийн гэрээний 2.1.5-д "Дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг зөвхөн Оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх "Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төсөл"-ийн ХААН банкны 5099999690 тоот дансанд төвлөрүүлж түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлнэ" гэсэн баримтыг татгалзлын үндэслэл болгосон. Шүүх "Ажил гүйцэтгэх 3 талт гэрээ"-г /2-р хавтас 79-116 тал/ хэн, хэн яах гэж байгуулсан, ямар үүрэг хүлээсэн талаар маргаж байхад сурагчийн дүрэмт хувцсыг дангаараа борлуулах эрхийг олгосон баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, сурагчийн дүрэмт хувцсыг борлуулахаар "ажил гүйцэтгэх 3 талт гэрээ"-г монополь эрхээр байгуулсан оёдлын үйлдвэрүүд нийлүүлсэн ээрсэн  утсаар  үйлдвэрлэсэн, сүлжмэл хувцасны борлуулалтын орлогыг яасан нь тодорхойгүй. Ийнхүү Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Оёдлын нэгдсэн холбоо нарын борлуулах монополь эрхийг дан ганц оёдлынхонд өгсөн, орлого төвлөрөх дансыг хэнд ч мэдэгдэлгүй дангаараа өөрчилсөн, гэрээгээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас зээл, хүү хугацаандаа төлөгдөөгүй. Үүнийг хэн ч үгүйсгээгүй, эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдсан, хариуцагч татгалзлын үндэслэл болгон маргаж байхад анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүй, буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.

      Нэхэмжлэгч нь Оёдлын нэгдсэн холбоотой хамтран ээрэх болон сүлжмэлийн үйлдвэрүүдэд "бага хүүтэй зээл олгоно, гэрээ болгон дээрээ гэрээг зөрчвөл хариуцлага тооцно" гэж айлган богино хугацаанд олон зуун сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж, хүлээн авчихаад дараа нь өөрсдөө байгуулсан гэрээгээ зөрчөөд эцэст нь ээрэх үйлдвэр болох "М" ХХК, сүлжмэлийн үйлдвэр болох "Б", "Х" ХХК -иудыг өр зээлэнд оруулж, улмаар мөнгө хүүлэн зээлийн хүү, алданги нэхэмжлэн, түүнийг шүүх зөв гэж үзэн, хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч бидэнд борлуулах эрх өгөөгүй хэрнээ оёдлын үйлдвэрүүдийн борлуулалтаа хийгээд орж ирэх төвлөрсөн дансыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дангаар хаах шийдвэр гаргаснаас зээл төлөгдөөгүй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хүү, анз авах эрхээ алдсан болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах 231 758 552 төгрөгөөс зээлийн хүүд илүү тооцсон 33 993 068,24 төгрөг, алданги 21 741 154 төгрөг нийт 55 734 222,24 төгрөгийг хасч өгнө үү. Эсхүл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 250 212 267 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хадгалалтын хөлсөнд төлсөн 25 300 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

    Хариуцагчийн төлөөлөгч С.О нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/10792 дугаар ”Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжтай Монгол улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг тус шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. /хх - 62, 63/

    Дээрх иргэний хэргийг ирүүлж шүүх хуралдаанаар уг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх 134-135/ тусгагдсан байх боловч шүүхийн нотлох баримтаар шинжлэн судалсан 2,3 дугаар хавтаст хэргийг тус шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч тал давж заалдах гомдлоо дээр дурдсан 2,3 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн гаргажээ.

      Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргасан эсэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

    Түүнчлэн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр 2 үндэслэх хэсэгтэй /хх 141-145/ байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талуудад гардуулсан шийдвэрийн хувь хэрэгт авагдсан шийдвэрээс өөр байх бөгөөд аль үндэслэлээр шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянуулах нь ойлгомжгүй байна.

    Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэж хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА