Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00392

 

2020 оны 02  сарын 10 өдөр

      Дугаар 183/ШШ2020/00392     

Улаанбаатар хот

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай өөрийн байранд байрлах, У ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 мянгат хороолол, 0 байр, 00 тоотод байрлах, С ХХК / рд:00000000/,

 

           Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун баян уул гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 0 настай, эрэгтэй, Б овогт Я.Б /рд:000000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун баян уул гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ш овогт Я.С /рд:0000000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун баян уул 00 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Г овогт Я.Г /рд:00000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун баян уул 00 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ш овогт А.О /рд:000000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, Лхагвасүрэнгийн гудамж 00 байр, 00тоот оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Г.Б /рд:000000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, Лхагвасүрэнгийн гудамж 00 байр, 00 тоот оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Б.Б /рд:00000000/ нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 238 424 516,28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А, хариуцагч Я.Б, хариуцагч Б.Б-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Б, хариуцагч Я.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч С ХХК болон Я.С нар нь Утай 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1101/00000 дугаар Зээлийн гэрээг байгуулан 75 300 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн Зээлийн барьцааны гэрээгээр эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 81 191 955,10 төгрөг, үндсэн зээлийн хүүний өлбөрт 65 687 506,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 903,01 төгрөг, нийт 148 364 364,96 төгрөгийн зөрчил үүссэн байна. Банкны зүгээс дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах хугацаа, боломжийг олгосон ч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар ч үр дүн гарахгүй байна. Иймд зээлдэгч С ХХК, Я.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 171 165 296,42 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөрт 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 488, 98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд С ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, ХД-00 байр 00 тоот Ү-00000000 дугаартай орон сууц, Ү-0000000 тоот дугаартай 00 тоот орон сууцууд, Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 00 дугаар байр, 00 тоот Ү-000000000 дугаартай орон сууц, Я.Г А.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, баруун баян уул 00 гудамж, 00 тоот Ү-0000000000 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-000000000 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Буцаан төлсөн зээлийн талаар хариуцагч нар банкин дээр очоод тооцоо нийлэхээр ойлгодог боловч шүүхэд ойлгомжгүй, баримтгүй тайлбар гаргадаг. Бидний дотоод системээр бодож гаргаж ирсэн тооцоололд ямар нэгэн алдаа байхгүй. Төлсөн гэх бүх төлбөр тооцоо нийлэхээр таардаг. Бид Монгол банкнаас гаргасан тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, мэргэжлийн хуулийн этгээд. Энэ утгаараа бидний гаргасан тооцооллын энэ нь буруу гэх баримтыг гаргаад ирсэн тохиолдолд бид татгалзал гэж ойлгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд, хариуцагч Я.Б, Я.С нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 81 191 955 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй хэмээн нэхэмжлэлд бичсэн байна. Харин шаардагсан үндсэн зээлийн төлбөрт  171 165 296 төгрөг хэмээн бичсэн нь үл ойлгогдож байна. С ХХК нь үндсэн зээл 175 300 000 төгрөгөөс 110 541 618,20 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүтэй байна. Я.Бын данснаас 7 402 147,47, Я.С-гийн данснаас 51 081 406,93 төгрөг төлсөн байхад үнийн дүн нь яагаад 171 165 296 төгрөг болж өгсөнийг тодруулах хэрэгтэй байна. Миний компанийн бүх бичиг баримт өмгөөлөгчид байгаа болхоор надад ярих зүйл байхгүй” гэв.

 

Хариуцагч Б.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Г.Б болон Б.Б бид  гэр бүлийн бусад гишүүдийн хамт улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 00 хороолол, Лхагвасүрэнгийн гудамж 00 байрны 00 тоотод байрлах 32,37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа амьдардаг бөгөөд С ХХК-ийн захирал Я.Б-ын хүсэлтээр 3 жилийн хугацаатай У ХХК инд зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Я.Б нь Г.Б миний танил бөгөөд орон сууцыг 3 жилийн хугацаанд банкны барьцаанд тавиулбал ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр барьцаанаас чөлөөлж эргүүлэн өгнө, зээлээ хугацаанд нь төлчих учраас та бүхэнд эрсдэл үүсэхгүй гэж хэлж гуйсан болохоор Уинд зээлийн гэрээний барьцаанд тавихыг бид зөвшөөрсөн. Харин С ХХК Унаас хэдэн төгрөгийн зээлийг хэзээ хүлээн авсан талаар бид огт мэдээгүй бөгөөд энэ талаар асуухад зээлээ төлж байгаа гэж Я.Б хэлдэг байсан. Гэтэл бид шүүхэд дуудагдан ирж С ХХК болон захирал нь Я.Б нь Унаас авсан зээлээ төлөөгүйг болон барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасаныг мэдсэн. С ХХК болон захирал Я.Б түүний эхнэр Я.С нар нь Г.Б Б.Б бид нарыг болон манай гэр бүлийн бусад гишүүдийг маш их хохироон, 2 өрөө орон сууцыг минь банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүйгээр нөхцөл байдлыг хүндрүүлж, сэтгэл санаа эд хөрөнгийн асар их дарамт, эрсдэл үүсгэн, хохироож байгаад гомдолтой байна. Мөн түүнчлэн бид нэхэмжлэлтэй танилцахад Г.Б, Б.Б бид нараас У ямар учраас мөнгө нэхэмжилж, хариуцагчаар татаж байгаа нь огт ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэлд зээлдэгч С ХХК, Я.С нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 23 424 516 төгрөг гаргуулах гэж бичсэн байна. Г.Б, Б.Б бид нар У ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, тус банкнаас 175 300 000 төгрөгийн зээл хүлээн аваагүй бөгөөд энэхүү хэргийн хариуцагч нар биш юм. Мөн нэхэмжлэлд Г.Б, Б.Б бид нараас нэхэмжилж байгаа ямар нэгэн төлбөрийн талаар огт дурьдаагүй байна. Иймд Г.Б, Б.Б бид нарыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасанг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Я.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би анх эд хөрөнгөө 3 жилийн хугацаатай тавьсан, гэвч одоо хугацаа нь дуусчихсан учраас энэ хэрэгт хамааралгүй байх” гэв.

 

Хариуцагч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие У ХХК-наас зээл аваагүй. Зээлийн болон барьцаааны гэрээнд миний гарын үсэг байхгүй. Би энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.   

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч С ХХК болон хариуцагч Я.С нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 171 165 296,42 төгрөг, зээлийн хүү 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488,98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөг гаргуулах, С ХХК, Я.Б, Я.Г, А.О, Г.Б, Б.Б нарт холбогдуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.   

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд У, С ХХК, Я.С нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1101/160107 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк нь 175 300 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,55, жилийн 18,60 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд гэрээний зүйл болсон 175 300 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн гэрээний зүйлийг хариуцагч нар хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Харин хариуцагч Я.С, Я.Б нар зээлийн буцаан төлөлттэй холбогдуулан маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусах боловч хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй бөгөөд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна. 

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд шүүх үндсэн зээл 171 165 296,42 төгрөг, зээлийн хүү 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488,98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөгийг хариуцагч С ХХК, Я.С нараас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗБГ1101/00000  тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-000000000 дугаартай ХД-73 байрны 00 тоот, Ү-00000000 тоот дугаартай 00 тоот орон сууцууд, Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 00 дугаар байр, 66 тоот Ү-2204051473 дугаартай орон сууц, Я.Г А.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, баруун баян уул 0 гудамж, 0 тоот Ү-000000000 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-0000000 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.

 

Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүх 2019 оны 10 дугаар сарын 09, 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 09, 12 дугаар сарын 18, 2020 оны 01 дүгээр сарын 15, 01 дүгээр сарын 29-ний өдрүүдийн шүүх хуралдааныг тус тус хариуцагчийн хүсэлтээр хойшлуулсан бөгөөд энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч А.О, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б нар мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Я.С хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдохгүй, шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаа хуулийн шаардлага хангахгүй, үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.    

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 420 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С ХХК, Я.С нараас үндсэн зээл 171 165 296,42 төгрөг, зээлийн хүү 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488,98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох С ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-000000000 дугаартай ХД-00 байрны 000 тоот, Ү-000000000 тоот дугаартай 000 тоот орон сууцууд, Г.Б, Б.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 00 дугаар байр, 00 тоот Ү-00000000 дугаартай орон сууц, Я.Г А.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, баруун баян уул 00 гудамж, 00 тоот Ү-00000000 дугаартай амины орон сууц, Я.Г-ийн өмчлөлийн Г-00000000 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 273  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 420 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ