Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00278

 

БусадГА ПГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00029 дүгээр магадлалтай,

ГА ПГ-ын нэхэмжлэлтэй

З.Од холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2,639,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д үндэслэн хариуцагч З.Огээс сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2.639.110 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2.639.110 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57.176 төгрөгийг хариуцагч З.Огээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

2. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00029 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.З.Огийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: ГА ПГын хяналтын прокурор Б.Оюунцэцэг нь сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр, улсад учирсан хохирол гэж З.Огээс 2,639,110 гаргуулахаар нэхэмжилсэн. Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 “...Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно...” гэх заалт, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно...” гэж тус тус заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалт нь эрүүгийн хэргийг хэлэлцэхэд төрийн нэрийн өмнөөс прокурор оролцох тохиолдолд хамааралтай бөгөөд уг заалтыг баримтлан төрийн байгууллагын итгэмжлэлгүйгээр Прокурор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь: ГА ПГын зүгээс З.Од холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу прокурорын нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ. Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зуйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. Гэвч Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно...” гэж, 20.3-д “...Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ...” гэж, 20.4-д “...Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно...” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөвхөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцохоор зохицуулсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг хэрэгжүүлэхдээ заавал төрийн байгууллагаас олгосон итгэмжлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг хуульчилсан учраас ГА ПГ нь уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй байна. ГА ПГ нь нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байсан учир шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаас түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх ГА ПГт олгогдоогүй, ГА ПГ нь нэхэмжлэгчийн төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч З.Огээс 2,639,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

6. Хэрэгт байгаа баримтаас дүгнэвэл, Л.Ганбаатар, З.О нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргатай 2015.05.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авсан, гэрээний хугацаа 2018.05.07-ны өдөр дууссан, зээлдэгч нар үндсэн зээлд 7,360,891 төгрөг, хүүнд 533,330 төгрөг, алдангид 53,729 төгрөг төлж, үндсэн зээл 2,639,110 төгрөгийг төлөөгүй, хамтран зээлдэгч Л.Ганбаатар нь 2017.03.16-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс хүсэлт гаргаснаар ГА ПГ шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний харилцаанд оролцсон этгээд, гэрээний нэг тал учир материаллаг эрх зүй дэх эрхээ хэрэгжүүлэх эсэх нь процессын эрхээр илэрдэг бөгөөд энэ тохиолдолд прокурорын хамт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байна. Хуульд зааснаар прокурор нь төрийн ашиг сонирхлыг, харин Засаг дарга сум хөгжүүлэх сангийн эрх, тус байгууллагын эрхийг хамгаалж оролцдогоороо ялгаатай, түүнчлэн мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар прокурор нэхэмжлэгчийн эдлэх эрхийг бүрэн эдэлдэггүй тул төрийн байгууллага байгаа тохиолдолд прокурор түүний хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамт оролцох хууль зүйн үндэслэлийг анхаарах нь зүйтэй юм. Энэ тохиолдолд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга нэхэмжлэлийг нотлох холбогдох баримтыг прокурорт бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн, сум хөгжүүлэх сангийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөөгүй байх тул прокурорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Прокурор нэхэмжлэл гаргаснаар хариуцагчаас зээлийн үүргийг хангуулахад эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал байхгүй юм.

8. Хоёр шатны шүүх зээлийн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасан тул хамтран зээлдэгч З.Од холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00506 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 215/МА2020/00029 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 57,176 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД