Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00308

 

С.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар магадлалтай,

С.Эийн нэхэмжлэлтэй

Н.Ад холбогдох

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Аийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Аээс 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгож, 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эт олгож шийдвэрлэжээ.

2. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.Аээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Н.А хяналтын гомдолдоо: ...Шийдвэр болон магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан явуулахдаа өмгөөлөгч оролцуулна гэсэн миний хүсэлтийг ханган эхний удаа хойшлогдсон түүний дараа 2020.11.30-ны өдөр дахин хурал товлогдсон байсан. Энэ цаг хугацаанд Короновирус цар тахлын дотоодын халдвар Дархан-Уул аймагт илэрч бүртгэгдсэнээс 2020.12.01-ний өдөр хүртэл манай аймагт хатуу хөл хорио тогтоосон байсан. Хөл хорио тогтоосонтой холбогдуулж өмгөөлөгч нар ажиллаагүй, надад өмгөөлөгч сонгон авах боломж надад гараагүй. Мөн 2020.11.30-нд би Дархан-Уул аймгийн Онцгой комиссын гаргасан дүрэм журмыг баримтлан гэрээсээ гараагүй. Гэтэл шүүх бүх нийтийн хөл хориотой цагт шүүх хурал хийж улмаар намайг шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж миний эзгүйд шүүх хурал хийж миний өмгөөлөгч авах, мэтгэлцэх эрхийг хангаагүйд маш их гомдолтой байна. Би хөдөө мал малладаг боловсролгүй бичиг үсэг мэдэхгүй хариуцагч юм. Шүүх хэдийгээр Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр тасралтгүй үйп ажиллагаа явуулах байгууллагын жагсаалтад орж хэвийн үйл ажиллагаа явуулж байсан гэж байгаа боловч бодит байдал дээр хэргийн оролцогчдын хувьд хөл хорио тогтоосон байсан, аймгийн төвөөс хөдөө алслагдсан малчин би сумын төврүү орж ирэх боломж байхгүй байсан шүү дээ. Хэргийн хариуцагч надад өөрөөс шалтгаалахгүйгээр нөхцөл байдал байсныг шүүх харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд би шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч С.Э, хариуцагч Н.Ад холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь зээлж авсан 5,000,000 төгрөгийг 6,500,000 төгрөг болгон буцаан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтад тулгуурлан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

7. Талууд амаар харилцан тохирч, 2018.03.09-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлсэн үйл баримтыг маргаагүй, харин хариуцагч зээлийг буцааж төлсөн эсэх нь маргааны зүйл болсон, хариуцагч нь 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид мах нийлүүлэхдээ зээлийг суутгаж, бүрэн төлсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, үндсэн зээлийг гаргуулсан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ.

8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул “...өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан, ...хөл хорио тогтоосноос шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй талаар магадлалд тодорхой тусгажээ.

Хариуцагч Н.А нь 2020.11.03-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүгч хангаж, хуралдааныг хойшлуулсан, хариуцагч болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарт шүүх хуралдааны тов, шүүх ердийн журмаар ажиллаж байгаа талаар 2020.11.24-ний өдөр мэдэгдсэн, хэргийг 2020.11.30-ны өдөр хянан шийдвэрлэснээс үзэхэд шүүх хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1177 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД