Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00328

 

                                                                             “ИББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10ы өдрийн 101/ШШ2020/00219 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр магадлалтай,

“ИББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Г, Д.П нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36,813,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00219 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Г, Д.Пнараас 36,813,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 342,020 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00219 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г, Д.Пнараас 14 259 999 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ИББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 553 452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг “...үлдээж, 220 987 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “ИББСБ” ХХК нь Д.Г, Д.Пнартай 2014.06.27-ны өдөр зээлийн гэрээ хийж 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд Д.Пхамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан ба үүнийг нь хариуцагч Д.Г нь уг зээлийг би өөрөө авсан Д.Пүрэвдоржид огт хамааралгүй гэж тайлбарладаг юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Д.Пүрэвдоржид хамааруулж шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч Д.Г нь 36-78 УНЯ улсын дугаартай ланд ривэр маркийн суудлын автомашиныг барьцаанд тавьсан. Энэ дээрх машин нь зах зээлийн ханш нь тухайн үед өндөр байсан ба анхан шатны шүүхэд дээрх машиныг үнэлүүлэх хүсэлт гаргахад хүлээж аваагүй юм. Уг машинаа үнэлүүлсний дараа шүүхийн шийдвэр гаргасан бол гомдолгүй байсан. Манай гэр анхнаасаа л зээл авахад тэр хаягтаа байгаагүй, мөн миний утас /номер/ нь огт солигдоогүй байхад намайг эрэн сурвалжлан шийдвэр гаргасныг гайхаж байна. Ядаж утсаар холбоо барьж болно биз дээ. Миний машиныг хурааж авсан болохоор /үнэтэй машин/ би өөрөө зөрүү мөнгө авах байх гэж бодож байсан. Гэтэл надаас олон сая төгрөг нэхэмжилснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр төлбөр гаргасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “ИББСБ” ХХК нь хариуцагч Д.Г, Д.Пнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,813,451 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 14,259,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

6. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулжээ.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “ИББСБ” ХХК болон Д.Г, Д.Пнарын байгуулсан 2014.06.24-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, мөн өдөр фидуцийн гэрээ байгуулж 36-78 УНЯ улсын дугаартай, Ланд ровэр маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ. /хх-13-15,35-36/ Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргээ хангуулсан хэдий ч үүргийг бүрэн барагдуулаагүй тул зээлийн үлдэх үүргийг хангуулах нэхэмжлэлийг хариуцагч нарт холбогдуулан гаргасан байна.

8. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагч Д.Г нь 2016.05.16-ны өдөр фидуцийн зүйл болох автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, гэрээний хугацаа дууссан буюу 2015.06.24-нөөс хойшхи дээрх 20,000,000 төгрөгийн төлөлтийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу үндсэн зээлд тооцож,   хариуцагч нараас зээлийн хүү 12,990,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,382,666 төгрөг нийт 14,259,999 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуци гэж үзэхийг заасан. Өөрөөр хэлбэл, өөрийн хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгэх баталгаа болгон нөгөө талд шилжүүлснээр үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа нь болсон үүргийг гүйцэтгүүлэхээр уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болдог байна.

Фидуцийн зүйлийг эзэмшилдээ авч, захиран зарцуулсан л бол зээлийн үүрэг дуусгавар болно гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заасан зохицуулалт нь фидуцийн гэрээг дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан болохоос үндсэн үүрэгт хамааралгүй бөгөөд үндсэн үүрэг буюу зээлийн үүрэг нь Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлд зааснаар л дуусгавар болно. Тийм учраас фидуцийн зүйлийг үүргийн хэмжээнд захиран зарцуулж, үүрэг хангагдсан бол хоёр гэрээ хоёулаа дуусгавар болно, харин илүү хэмжээгээр борлогдсон бол үүрэг гүйцэтгүүлэгч зөрүү мөнгийг үүрэг гүйцэтгэгчид олгох, фидуцийн зүйл үүргийг бүрэн хангаж чадаагүй бол биелүүлээгүй үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрх үүснэ. Давж заалдах шатны шүүх хуулийн дээрх хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримтыг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэжээ.

Зээлийн гэрээний 3.3.1-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба Гэрээний бүх нөхцөлийг мөрдөнө” гэж заасан, гэрээнд талууд гарын үсгээ зурсан,  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болдог тул хариуцагч Д.Пзээлийг хариуцахгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Д.Г нь фидуцийн зүйлийн үнэ, борлуулах нөхцөлийг зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн нь тогтоогдсон тул автомашины үнэлгээ хийлгэх байсан, үнийн зөрүүг олгох ёстой гэх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 221,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД