Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/00921

 

 

 

 

 2020         03           18                                     101/ШШ2020/00921

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “К Б” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-Ө,

Хариуцагч: “ С С” ХХК нарт холбогдох

172,208,447.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Л.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б-А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К Б” ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Л.Б болон “С С” ХХКнар нь тус банктай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 3020-17/33 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 150,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 24.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан билээ. Хариуцагч нар “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид гэрээгээр барьцаалсан Үүнд:

1. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3020-17/33 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр

2. Ү-0000001 дугаартай, үл хөдлөх хөрөнгөталбайтай хувийн сууц.

3. Эрхийн улсын бүртгэлийн Г-00000002 дугаарт бүртгэгдсэн, ******* хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 165м.кв газар.

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3020-17/33-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр

5. Эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, 150 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц.

Нэхэмжлэгч нь барьцааны эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээлд 25,293,518.76 төгрөг, үндсэн зээлийн хүүнээс 27,317,874.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 2,214,418.05 төгрөг буюу нийт 54,825,811.63 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байна. Хариуцагч Л.Б нь хариуцагч “С С” ХХК-ийн бүх хувьцааг дангаар эзэмшдэг бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болно. Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардаж байсан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрээд байна.

            Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нараас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2030-17/33 тоот Зээлийн гэрээний үүрэгт- зээлийн үлдэгдэл төлбөрт: 124,706,481.00 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүнд: 37,370,158.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд: 2,653,519.00 төгрөг буюу нийт 172,208,447.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3020-17/33 тоот “Зээлийн гэрээ”-г үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал бодогдсон үндсэн хүүг 6,231,908 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 1,246,381 төгрөгөөр буюу нийт 7,478,289 төгрөгөөр ихэсгэж байна. Иймд хариуцагч “С С” ХХК болон иргэн Б-Ө нараас дээрх зээлийн гэрээний үүрэгт: зээлийн өрийн үлдэгдэлд 124,706,481.00 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүнд:43,602,066.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд: 3,899,900 төгрөг буюу нийт 172,208,447 нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “К Б” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3020-17/33 тоот зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал бодогдсон үндсэн хүүг 6,231,908 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 1,246,381 төгрөгөөр нийт 7,4787,298 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч “С С” ХХК болон иргэн Л.Б-Ө нараас дээрх зээлийн гэрээний үүрэгт  зээлийн үлдэгдэл 124,706,481 төгрөг, хуримтлагдсан хүү 43,602,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,899,900 төгрөг нийт 172,208,447 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч “С С” ХХК-ийн захирал болон иргэн Л.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. “С С” ХХК-ийн захирал ажилтай иргэн Л.Б би 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “К Б”-тай 3020-17/33 тоот гэрээ байгуулан 150,000,000.00 төгрөгийг нэг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай компанийн үйл ажиллагааны зээлийг Y-00000000 дугаарын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн орон сууц, Г-000000000 бүртгэлийн гэрчилгээтэй хувийн орон сууц зэргийг барьцаалан авсан нь үнэн болно. Тус зээлийн эргэн төлөлт компанийн худалдааны борлуулалтын орлого муудсан, хэрэгжүүлж буй төслийн гадаад хөрөнгө оруулалтын шилжүүлэг удаа дараа хойшлогдсон шалтгаанаас өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа болно. Дээрх зээлийн хөрөнгө нь Улаанбаатар хотод хог хаягдлыг устгах замаар эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийгдсэн ба гадаад санхүүжилт нь орж ирнэ. Иймд үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 172,208,447 төгрөгийг бид төлж барагдуулах үүргээ хүлээн зөвшөөрч байгаа ба эргэн төлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах хугацааг олгож өгнө үү. Хэрэв энэ хугацаанаас хойш хэтэрвэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б-А шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийн асуудал 5 жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг хариуцагч өөрөө хэлдэг. Миний хувьд 2016 онд төрсөн эгч Л.*******даа хоёр сарын хугацаатай бусдад шилжүүлж өгөх эрхгүйгээр эд хөрөнгөө шилжүүлсэн байдаг. Тухайн үед хөрөнгийг зарж, Завхан гэр оронтой болно гэж хэлж байсан. Гэтэл зээлийн батлан даалтаар 500,000,000 төгрөг хэрэг болж байсан учраас зээлийн батлан даалтад тавихыг зөвшөөрөөч гэж эгч Л.******* хоёрхон сарын хугацаанд гэж гуйсан учраас зөвшөөрсөн. Түүнээ хойш эгч маань хорт хавдар тусч, Солонгос улсад удаан хугацаанд эмчлүүлээд ирсэн. Түүний дараа зээл төлөгдөөгүй гэдэг асуудлыг надад хэлсэн. Би “К Б” ХХК дээр очиж хоёр удаа уулзсан. Тухайн үед зээлийн үлдэгдэл нь 124,000,000 төгрөг байсан. Л.Б нь 5 жилийн өмнө нь бэлэн мөнгө байгаа гэж ярьж байсан. Энэ нь бүтэхгүй асуудал. Хугацаа алдалгүй энэ асуудлыг зохицуулмаар байна. Миний хувьд 20,000,000 төгрөгийг хариуцан төлөх боломжтой. Бусад асуудлыг байрыг нь зараад учраа олъё гэж байсан. Би н.*******той очиж уулзаж байсан. Ц.Г нь над руу ярьж байсан. Би тухайн үед хүсэлт бичиж өгч байсан. Миний хүсэлт хавтаст хэрэгт байгаа байх гэж бодож байна. Энэ асуудлыг харж үзээч гэж хүсч байна. Би “С С” ХХК-д итгэмжлэл олгоогүй. Харин иргэн Л.Т-д л итгэмжлэл олгосон. Тухайн үед “С С” ХХКболон Л.Б нарын зээлд барьцаа хөрөнгөөр ашиглах асуудал яригдаагүй. Тухайн зээлийг “К Б” ХХК нь “С С” ХХК-д олгохдоо н.*******гийн нэр дээр ББСБ-ын өндөр хүүтэй байсан зээлийн банк өөр дээрээ аваад, 80,000,000 төгрөгийн зээлийг “К Б” ХХК нь хаагаад, зээлийг нэмэгдүүлж олгосон байдаг. Н.М-ийн төлж чадахгүй байсан зээлийг өөр дээрээ аваад яагаад нэмэгдүүлж зээл олгосон бэ? Үүнд ашиг сонирхлын зөрчил байгаад байна уу? Миний эрх ашиг удаан хугацаанд зөрчигдөж байна. Үүнийг шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Манай нэг хүүхэд ОХУ-д сурдаг. Миний нэг хүүхэд Кино үйлдвэрийн дээд сургуульд сурдаг. Хүүхдүүдийнхээ хоёр жилийн сургалтын төлбөрийг төлж чадаагүй байна. Миний бие хариуцлагатай албан тушаал хашдаг. Би шударгаар албаа хаадаг. Надад үүнийг зохицуулах өөр орлого байхгүй. Би тус хөрөнгөө түрээсэлж цалингаас гадуур орлого олдог байсан. Энэ асуудал миний хувьд хүнд байна. Би бие даасан нэхэмжлэлийг гаргах боломж надад байгаа юу гэхэд. Бид төрсөн ах дүү нар юм. Би Завхан аймагт айлын хашаа, гэр түрээсэлж амьдарч байна. Би унасан машингүй байна. Би Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга албатай. Энэ асуудлаас болоод би үр хүүхдийнхээ сурах боломжийг хааж байна. Би хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байна. Би Кино урлагийн сургуульд сурдаг хүүхдийнхээ багштай уулзаад төлбөрийг нь төлөх хугацаа аваад л байж байна. Би 20,000,000 төгрөг хүнд өгөх ёстой. Би хоёр удаа буюу 100,000,000 болон 140,000,000 төгрөгийн зээл авч тэр хөрөнгийг босгосон. Тус хөрөнгө нь миний хөдөлмөрийн үр шим юм. Бид ах дүүс учраас тухайн зээлийн 20,000,000 төгрөгийг төлж чадна. Түүнээс илүү төлөх боломж надад байхгүй. Миний хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч Л.Б-Ө, “С С” ХХКнарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрт 164,730,158 төгрөг гаргуулах шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн үндсэн зээлийн төлбөрт 124,706,481 төгрөг, хуримтлагдсан хүүд 43,602,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,899,900 төгрөг нийт 172,208,447 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Нэхэмжлэгч “К Б” ХХК, хариуцагч “С С” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б нар харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 150,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3020-17/33 дугаартай /Зээлийн гэрээ/-г байгуулжээ./хх-ийн 16-19 дүгээр талууд/

2. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №3020-17/33 “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр Л.Б-А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, ******* дүүрэг, 0000 хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-00000002 дугаарт бүртгэгдсэн 000000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газрыг, энэ өдрийн №3020-17/33-1 “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр          Л.Б-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар талууд баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-ийн 26-30 дугаар тал/

 3. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн төлөөлж гүйцэтгэгч захирлын орлогч Б.Ү, Их тойруу салбарын захирал Л.Б, харилцагчийн менежер Б.Б, зээлдэгчийг төлөөлж “С С” ХХК-ийг төлөөлж захирал Л.Б, ерөнхий ня-бо Л.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б нар гарын үсэг зурсан хавтас хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

4. Нэхэмжлэгч “К Б” ХХК нь Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж зааснаар зээлдүүлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн нэр дээр данс нээж зээл олгосон талаар талууд маргаагүй.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,” мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно,” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т:”Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь “С С” ХХКболон хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б нараас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй.

6. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон, гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, зээлийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

7. Талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас хариуцагчийн зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.

8. Хариуцагч “С С” ХХКболон хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч маргаагүй тул зээлийн гэрээний үүргийг дагуу үндсэн зээлийн төлбөрт 124,706,481 төгрөг, хуримтлагдсан хүүд 43,602,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,899,900 төгрөг нийт 172,208,447 төгрөг гаргуулж “К Б” ХХК-д олгож шийдвэрлэв. 

9. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №3020-17/33 “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр Л.Б-А-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000001 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-0000002 дугаарт бүртгэгдсэн 000000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газрыг, энэ өдрийн №3020-17/33-1 “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр          Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, 5 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар талууд баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-ийн 26-30 дугаар тал/

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б-А нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-0000002 дугаарт бүртгэгдсэн 10000000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах, зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, хүлээн авах лавлагааг авах бүрэн эрхийг хоёр сарын хугацаатай итгэмжлэлийн хугацаанд бусдад шилжүүлэх эрхгүйгээр иргэн Л.Т-д олгожээ./хх-ийн 24 дүгээр тал/

11. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №3020-17-33 дугаартай зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж “С С” ХХК-ийн ерөнхий нягтлан Л.******* гэж гарын үсэг зурснаар тэрээр компанийн нэрийн өмнөөс үүргийг хүлээжээ.

12. Өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан бодогч Л.******* нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны хувьд хуулийн этгээдийг төлөөлж зээлийн гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр хувь хүн, өөрийн нэрийн өмнөөс зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн үүргийг хүлээгээгүй байна.

13. Гэтэл зээлдүүлэгч “К Б” ХХК Л.Б-Агаас иргэн Л.*******д олгосон итгэмжлэлийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгааг хангуулахаар барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь үндэслэлгүй юм. Иймд Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, 272 м.кв талбайтай хувийн сууц,             Г-000000 дугаарт бүртгэгдсэн 000000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газар зээг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч хариуцагч “С С” ХХКболон хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Бгээс үндсэн зээлийн төлбөрт 124,706,481 төгрөг, хуримтлагдсан хүүд 43,602,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,899,900 төгрөг нийт 172,208,447 төгрөг гаргуулж “К Б” ХХК-д олгож, зээлдэгч сайн дураар гэрээний үүргийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох Л.Бгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Л.Б-Агийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, ******* дүүрэг, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, Улаанбаатар хот, 00000001 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Лха овогт Л.Б-Ө, “ С С” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 172,208,447 төгрөгийг гаргуулж “К Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас                 Л.Б-Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, ******* дүүрэг, 0 дугаар хороо, 275 талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, 0000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “С С” ХХК, Л.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэгдсэн 0 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан 1,186,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,186,404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ