Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/00449

 

 

      

 

 

              2020      02           12

            181/ШШ2020/00449

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох,

Няравын ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1 359 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн өмгөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр С-дд няравын ажлын байранд ажилд орсон. Улмаар 2016 оны 09 оны 27-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2016 оны 11 сарын 18-ны өдөр охин Г.А төрүүлсэн. Хуучин эрхэлж байсан няравын ажлын байрандаа эргэн орох хүсэлтийг 2017 оны 04 сард тус сургуулийн захирал Ц.А өгөхөд 2017 оны 8 сард ажилдаа орж болно гэж хэлж байсан ч 2018 оны 10 сарын 18-ний өдрөөс эхлэн ажиллуулсан. Миний бие 2019 оны 03 сарын 27-ны өдөр хүртэл ажиллаад, 6 сарын цалингүй чөлөөг захирлын Б/23 тоот тушаалаар 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл авсан. 2019 оны 10 оны 15-ны өдөр хуучин эрхэлж байсан ажлын байрандаа орох хүсэлтийг гаргахад тус сургуулийн захирал Ц.А нь Сүхбаатар дүүргийн төрийн сангийн дарга н.Утай уулзаад материалаа шалгуулаад ир гэж хэлсэн. Миний бие н.Утай уулзахад материалын хувьд шаардлага хангаж байна, надруу явуулах шаардлагагүй байхад явуулсан байна, буцаж очоод ажилдаа ор гэж хэлсэн. Сургууль дээрээ ирээд захиралтайгаа уулзахад няраваар ажиллуулах боломжгүй, бичиг хэргээр орчих гэж надад хэлсэн. Удалгүй 2019 оны 10 сарын 20-ны өдөр бичиг хэргийн ажилтнаар ажиллуулах тушаалыг гаргасан байсан. Миний бие бичиг хэргийн ажилтнаар ажиллах хүсэлгүй байгаа тул хуучин эрхэлж байсан няравын ажлын байранд ажиллах хүсэлтэй байгаагаа тус сургуулийн захиралд хүсэлт гаргасан хэдий ч одоогоор энэ ажлын байрандаа ажиллаж бай, 2020 оны 01 сарын 03-нд няравын ажлын байранд оруулна гэх хариу өгч, миний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хуучин эрхэлж байсан с-ийн няравын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү.

Хариуцагч С-иас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хуучин эрхэлж байсан няравын ажлын байранд өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй хохироож байна. би няравын ажлын байранд 1 сарын 453 300 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Иймд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 3 сараар 1 359 900 төгрөгийн цалинг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С-ийн захирал Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдссэн төлөөлөгч Н.Ц, өмгөөлөгч Н.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь с-д няравын ажил эрхэлж байсан. Ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гарган, тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, ажил цалгардуулж ажлын чадваргүй, хариуцсан ажлаа хийж чадахгүй байсан тул няравын ажлаас чөлөөлсөн. Гаргасан зөрчлүүд:

1. 2018 оны жилийн эцсийн тайланг стандартын дагуу гаргаж чадаагүй. Одоо хүртэл нягтлан бодогч нь шаардлага хангахгүй байсан учир хүлээж аваагүй 2018 оны жилийн эцсийн няравын тайлан батлагдаагүй байгаа.

2. 2019 оны 02 дугаар сарын Үдийн цай хөтөлбөрийн хүүхдийн ирцийг цаг хугацаанд нь үнэн зөв нэгтгэж өгч чадахгүй ажлын хариуцлага алдсанаас болж сургуульд өр авлага үүсгэсэн.

3. 2019 оны 03 дугаар сард Нийслэлийн аудитын шалгалтанд эд хариуцагчийн бараа материалын тайлангийн эцсийн үлдэгдлийг 8,962,600 төгрөгөөр дутуу тайлагнасан, няравын тайлан хийгдээгүй зөрчил гаргаж зөвлөмж авсан.

4. Энэ зөрчлийн дагуу 2019 оны  03 дугаар сарын 18-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу залруулга тайлан гаргаж хамгаалах үүрэг өгсөн ч хийж чадахгүй гэж хэдэрлэж, тавьсан шаардлагыг дарамт шахалт гэж өөрийн явуургүй үзлээр хандаж байсан.

5. 2019 оны 03 дугаар сарын 15-наас чөлөө хүсэн өргөдөл гаргаж мэдлэг боловсролоо дээшлүүлэн ирнэ гэсэн боловч БГД-ийн  дугаар сургуульд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр архив бичиг хэргийн ажилтнаар орж ажилласан байсан. Бид нар энэ тухай мэдээгүй байсан.

6. 73 дугаар сургуульд хариуцсан ажлаа хийж чадахгүй хариуцлага алдан халагдаж ирж, мөн чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэж ороход нь лаборант-мэдээллийн ажилтнаар ажиллах санал өгсөн боловч өөрийн хүсэлтээр захиралын нарийн бичгийн ажил хийнэ гэж ороод хийж чадахгүй ажил хаяж төрийн ажил цалгардуулж байна. Иргэн Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг 4 сарын 10-ны өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг хянан хэлэлцэх үндэслэлгүй юм.

Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтын дагуу Т.Бгийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Т.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ залруулж бичиж өгье гэж авч яваад авчирч өгөөгүй байдаг. Т.Б нь ажлаас чөлөөлөгдсөн учраас 73-р сургуульд ажилд орсон байдаг. Тушаал дээр ажлаас нь чөлөөлж гээд үгийн утга агуулга маш тодорхой тусгагдсан байгаа. Ц.А захирал 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Бг ирэхээр нь өөр ажилд авч болох юм гээд бичиг хэргийн ажилтнаар томилсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч сургуульд холбогдуулан Няравын ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1 359 900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 тоот “Т.Бажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтуудыг үндэслэн Т.Б-г өөрийнх нь өргөдлийн дагуу 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл няравын үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингүй 6 сарын чөлөө олгожээ. /хх-7х/

Уг тушаалыг нэхэмжлэгч Т.Б 6 сарын цалингүй чөлөө олгосон гэж тайлбарлаж байхад хариуцагч тал өөрийнх нь хүсэлтээр няравын ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлан талууд маргаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Б 2019.10.15-ны өдөр няравын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан /хх-40х/-ны дагуу сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар Т.Бг 2019.10.16-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар томилон ажиллуулж /хх-6х/, сургуулийн захирал Ц.А нь 2019.10.17-ны өдөр Т.Б 2020 оны 1 сард няравын ажилд авах нь үнэн болно гэсэн баталгаа гаргасан /хх-112х/ байх тул дээрхи тушаалаар Т.Бд 6 сарын чөлөө олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүлээн авч, няравын ажлаа эрхлэх эрхээ зөрчигдсөн гэж үзэж тус шүүхэд 2019.11.13-ны өдөр гомдлоо гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

сургууль нь Т.Бд 6 сарын хугацаатай захиргааны чөлөө олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3-д заасны дагуу ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б чөлөөний хугацаагаа дуусгаад ажилдаа ороход хариуцагч сургууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу ажлын байраар нь хангах үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлэхгүй, өөр ажилд томилсон захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургуулийн захиралд нэхэмжлэгч Т.Бг няравын ажлын байраар нь хангахыг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

Нэхэмжлэгч Т.Б нь бичиг хэргийн ажлыг эрхлээгүй, цалин хөлс аваагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд няраваар ажиллаж байхдаа 453 300 төгрөгийн цалинтай байсан болох нь түүний цалингийн тодорхойлолт /хх-105х/-оор тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Т.Бгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацааны 1 359 900 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургуулийн захиралд нэхэмжлэгч Т.Бг няравын ажлын байраар нь хангахыг даалгаж, сургуулиас 1 359 900 /нэг сая гурван зуун тавин есөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж Т.Бд олгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Т.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.30-ны өдөр төлсөн 36 790 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж Т.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч сургуулиас 106 908 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОЮУНТУЯА