Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0004/З |
Дугаар | 128/ШШ2022/0201 |
Огноо | 2022-03-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0201
2022 03 21 128/ШШ2022/0201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Хариуцагч: Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарын бичгийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарын хоорондын Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн даруй ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгүүлэх, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн даруй ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгүүлэх, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгүүлэх гэж тодруулжээ.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1 Б.Д нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад гурвалсан гэрээний дагуу ажлын байраар нэн даруй хангах арга хэмжээ авч ажилдаа орох хүсэлтээ гаргаж, шийдвэрлэхгүй байсан тул 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2157 дугаартай албан бичгээр хариу авч, шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-гийн Д би 2014 онд тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт Сургуулийн өмнөх боловсролын салбарын төсвийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, шилэн дансны хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллах ажилд орсон. Би Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд мэргэжилтнээр ажиллах хугацаандаа буюу 2019 оны 6 дугаар сард Япон улсын засгийн газраас буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлтэй болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны төрийн нарийн бичгийн даргатай гурван талт гэрээ байгуулан, 2 жилийн хугацаанд Япон улсын Олон улсын их сургуулийн Олон улсын харилцааны танхимд суралцаж, дараа нь Монгол улсад өөрийн ажиллаж байсан ажилдаа эргэн орж, байгууллагадаа 2-оос дээш жил ажиллах, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам нь "Б.Д миний суралцаж байх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөх, ажил албан тушаалыг хэвээр хадгалж, суралцаж төгссөний дараа нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж, 2-оос дээш жил ажиллуулах" үүргийг хүлээхээр тохиролцсон.
3.2 Миний бие Монгол улсын Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагч, харъяа байгууллага, Удирдах зөвлөлийн байгуулах гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/123 дугаартай тушаалаар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөж, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Япон улсын Олон Улсын их сургуулийн Олон улсын харилцааны танхимд Төрийн удирдлагын чиглэлээр Магистрын зэрэг хамгаалан, амжилттай суралцаж, 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эх ороондоо ирсэн. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эх орондоо ирснээсээ хойш 10 хоногийн дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж, өөрийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа орох хүсэлтээ гаргасан.
3.3 Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам буюу байгууллага нь Б.Д надтай болон Япон улсын засгийн газраас буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Хүний нөөцийг хөгжүүлэх JTS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөлтэй байгуулсан гурван талт гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу JDS оюутны суралцах хугацаанд тур орлон гүйцэтгэгч ажиллуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасны дагуу тур орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдөх хугацааг JTS оюутны төгсөж ирэхээс өмнө байхаар тохируулж, JDS оюутныг нэн даруй ажлын байраар хангах, 2.5 дах хэсэгт заасны дагуу Сургалтаа дүүргэн эх нутагтаа буцаж ирсэн JDS оюутныг нэн даруй ажлын байраар хангаж, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж 2-оос дээш жил ажиллуулах үүрэгтэй. Гэтэл Боловсрол Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тус үүргээ хэрэгжүүлэхгүй, Б.Д надаас гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүйгээр удаан хугацаанд хохироосон тул миний бие 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж тус тус өргөдөл гаргасан.
3.4 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Ц хандаж, Төгсөгчийг ажлын байраар хангах тухай 03/2157 дугаартай албан тоотыг хүргүүлсэн. Тус албан тоотод ...Б.Д нь одоог хүртэл ажилдаа эргэж томилогдоогүй байгаа нь хөтөлбөрийн удирдах зөвлөл, танай байгууллага ба суралцагч хооронд байгуулсан гурван талт гэрээ зөрчигдөх төдийгүй хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж буй хөтөлбөрийн үйл ажиллагаанд цаашид сөрөг үр дагавартай байж болзошгүй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж Б.Дг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэж эргэн хариу мэдэгдэнэ үү гэж тусгасан байдаг.
3.5 Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2/5924 дугаартай шийдвэрээр ... гэрээний 2.6-д бүтэц өөрчлөгдөж, чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн байх эсхүл хүний нөөцөө цомхтгосон байх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасны дагуу байгууллага нь төгсөгчид тухайн салбар дахь өөр ажлын байраар хангана гэж заасны дагуу Тус яамны харъяа Боловсролын зээлийн санд гадаадын зээл тусламж хариуцсан мэргэжилтэн бөгөөд эдийн засагч, Боловсролын чанар гүйцэтгэл, үйл ажиллагаанд чиглэсэн төсөв санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх багт зөвлөхөөр ажиллах боломжтой гэх саналыг Б.Д надад хүргүүлсэн. Гэтэл бодит байдал дээр Б.Д миний суралцахаас өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байсан Сургуулийн өмнөх боловсролын салбарын төсвийн бодлого, төлөвлөлт зохицуулалт, шилэн дансны хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажил албан тушаал нь Боловсрол, Шинжлэх ухааны яаманд хэвээр хадгалагдаж байх ба Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/5924 дугаартай албан тоотоор санал болгосон ажил, албан тушаал нь Б.Д миний өмнө ажиллаж байсан албан ажлаас зэрэглэл буурч, миний эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон бидний 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гурван талт гэрээний дагуу байгууллага /Боловсрол, Шинжлэх ухааны яам/ нь Б.Д намайг хүсэлт гаргаснаас хойш нэн даруй ажлын байраар хангах ёстой боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Д ажиллах, хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байна
3.6 Миний бие Боловсрол, Шинжлэх ухааны яам Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/5924 дугаартай албан тоотоор санал болгосон албан тушаалын зэрэглэл буурах ажил албан тушаалд ажиллах боломжгүй бөгөөд энэ талаараа Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөлд мэдэгдэхэд өөрийн ажилласан дадлага туршлага, Япон улсын Олон улсын их сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр Магистрын зэрэг хамгаалсан мэдлэг, ур чадвараа ашиглан улс эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулан өөр төрийн байгууллагад ажиллахыг зөвшөөрсөн тул миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/133 дугаартай тушаалаар өөр албан тушаалд ажиллахаар болоод байна. Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон Б.Д надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн даруй ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас Б.Д миний бие 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, ажиллаж хөдөлмөрлөх эрх маань зөрчигдсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.7 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахаар зарим үйл баримт тогтоогдоно. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нэхэмжлэгч өөрөөсөө нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Хариуцагчаас мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтыг гаргаж өгсөн байдаг. Тухайн баримтаас харахад 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлсөн үйл баримт тогтоогддог. Гурван талт гэрээнд тухайн оюутныг суралцах бүх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэж заасан байдаг. Оюутныг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ажлаас чөлөөлөөд 2021 оны 01 дүгээр сараас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлт төлөгдөж эхлээд дунд нь 5 сар тасарсан байсан. Мөн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу Монгол улсад ирснээ хойш 10 хоногийн дараа ажилдаа орох хүсэлтээ өгдөг. Гэтэл хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар 2021 оны 10 ,11 сар болгодог. Албан бичгээр 11 дүгээр сарын 18-ны өдөр хариу өгсөн байдаг. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн. Өөрөөр хэлбэл суралцах хугацаа нь дууссан байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байгаа учир эрх нь зөрчигдөж байна. Нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд бодогдох хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ.
3.8 Харин 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.Дгийн тухайн ажил албан тушаалд ажиллаад авах ёстой байсан цалин буюу нэг сарын дундаж цалин 1,097,814 төгрөгөөс бодогдох ёстой гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Гурван талт гэрээнд заасны дагуу ажилтныг нэн даруй ажлын байраар хангана гэж заасан байдаг. Нэн даруй гэж ямар хугацааг хэлэх вэ гэхээр боломжит хамгийн богино хугацааг хэлдэг. Гэрээнд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.Д хүсэлтээ өгөөд 27-ны өдөр гэхэд ажилдаа орсон байхаар заасан байна. Ажилтныг ирэхээс өмнө ажлын байрыг бэлдэнэ, түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлөх хугацааг тохирсон байна. Энэ талаар тэтгэлэгт хөтөлбөрийн удирдах зөвлөлөөс яаманд албан бичиг хүргүүлнэ гээд албан бичиг хүргүүлж байсан баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Нөгөө талаас хариуцагчаас хоёр ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч тухайн ажлыг байрыг хүлээн зөвшөөрөөгүй гэдэг агуулгатай тайлбар гаргадаг. Гэтэл бодит байдал дээр төрийн албан тушаалын зэрэглэл буурсан албан тушаалыг санал болгосон. Яамны харъяа байгууллагын мэргэжилтэн нь төрийн албаны тушаалын зэрэглэлийн 6-д хамаардаг. Мөн санал болгосон зөвлөх нь төрийн албан тушаалтан биш хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн захиргааны 7-д ангилагддаг яамны мэргэжилтэн хийдэг байсан. Албан тушаалын зэрэглэл бууруулах ажлыг санал болгосон байдаг.
3.9 Яамны бүтэц орон тоо өөрчлөгдөж, ажиллах хүчний тоог цөөлж, Б.Дг яаманд ажиллуулах боломжгүй болсон ажил албан тушаал нь өөрчлөгдсөн гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу Б.Дгийн хийдэг байсан нэг хүний хийж гүйцэтгэдэг байсан албан тушаал нь дотроо хоёр ангилагдаад Санхүү хөрөнгө оруулалтын газар сургуулийн өмнөх боловсролын салбарын төсвийн бодлого боловсруулалт, шилэн дансны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал байж байгаад Шинэ бүтцээр нь Санхүүгийн хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын төсвийн төлөвлөлт зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, харъяа байгууллага шинжлэх ухаан дээд боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, зохицуулалт, шилэн дансны хуулийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн гээд нэг албан тушаал байгаад хоёр албан тушаал болж өөрчлөгдсөн. Мэргэжилтний албан тушаалд ахлах мэргэжилтэн болсон хэдий ч миний үйлчлүүлэгч тухайн албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан байдаг.
3.10 Ажлын байр байхгүй болсон орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүтэц орон тооны өөрчлөлт орсон гэж байгаа тушаал, тогтоол, шийдвэрүүд нь 2021 оны 10, 11 сард болсон байдаг. Гэтэл Б.Д нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ өгсөн байхад үүнийг шийдвэрлэхгүй байгаа нь хариуцагч өөрөө эс үйлдэхүйгээр хууль зөрчиж байна гэх үндэслэлийг нотолж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Цалингийн тооцооллын хувьд ТЗ-7-гийн хоёр гэдэг ангиллаар нэг өдрийн дундаж цалингаар бодож ажилгүй байсан хугацааны цалин нийт 90 хоногоор тооцож 4,491,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэхүү үнийн дүн нь Б.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт болон Сангийн яаманд ажилд орохдоо ТЗ-7 ажил албан тушаалд томилогдож цалингийн шатлал нь ТЗ-7-ийн 2 буюу 1,097,814 төгрөгөөр тооцогдож байгаа.
3.11 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дгийн хувьд JDS хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгсөж ирээд яаманд ажилд орох өргөдлөө өгөхөд нь яамны зүгээс хоёр ажлын байр санал болгосон. Энэ албан тушаалыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын төлөлтийг нөхөн төлүүлэх гэж ярьсан. Үүнийг яамнаас эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг 2021 оны 11 дүгээр сар хүртэл буюу Сангийн яаманд ажилд орох хүртэлх хугацаанд төлсөн. Иймд эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлөлт дахин хийгдэхгүй, нэг хүнд дахин олгохгүй. Мөн цалинг нэмэгдүүлэх гэж ярьсан. Энэ нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь тухайн үед авч байсан цалингаар нь бодож олгосон байдаг. Яамны зүгээс нэхэмжлэгчийг ажлын байраар хангах боломжит бүх нөхцөл байдлыг хангаж ажилласан гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Дөрөв: Маргаан бүхий үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн даруй ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгэх, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх гэж тодруулсан.
4.2 Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4.3 Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн даруй ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.3.1 Нэхэмжлэгч Б.Д нь 2014 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт Сургуулийн өмнөх боловсролын салбарын төсвийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, шилэн дансны хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 2019 оны 6 дугаар сард Япон улсын засгийн газраас буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, Япон улсын олон улсын их сургуулийн магистрантурт 2 жилийн хугацаатай суралцах болсон тул түүнийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан,Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлсөн байна.
4.3.2 Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагч, харъяа байгууллага, удирдах зөвлөлийн байгуулсан гурван талт гэрээний 2.5-д сургалтаа дүүргэн эх нутагтаа буцаж ирсэн JDS оюутныг нэн даруй ажлын байраар хангах, суралцахаас өмнөх албан тушаалаас нь зэрэглэл бууруулахгүйгээр ажлын байраар хангаж, 2-с дээш жил ажиллуулна, 2.6-д JDS оюутныг төгсөж ирэхэд байгууллагын бүтэц өөрчлөгдөж, чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн байх эсхүл хүний нөөцөө цомхтгосон байх тохиолдолд байгууллага төгсөгчид тухайн салбар дахь өөр ажлын байраар хангана... гэж байгууллагын үүргийг заажээ.
4.3.3 Нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад ажилд томилуулах хүсэлтээ гаргаж, шийдвэрлэж хариу өгөөгүй тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, Шинжлэх ухааны яаманд төгсөгчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг даалгасан байна.
4.3.4 Хариуцагч Боловсрол, Шинжлэх ухаан яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/5924 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид тус яамны харъяа Боловсролын зээлийн санд гадаад зээл тусламж хариуцсан мэргэжилтэн бөгөөд эдийн засагч, Боловсролын чанар гүйцэтгэл, үйл ажиллагаанд чиглэсэн төсөв санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх багт зөвлөхөөр, мөн яамны харъяа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнээр эсхүл 2022 онд Боловсрол, Шинжлэх ухааны яаманд дахин бүтцийн өөрчлөлт хийхэд ажлын байраар хангах асуудлыг дахин судлах болно гэсэн хариуг хүргүүлсэн нь хариуцагчийг гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзхээргүй,мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлнэ гэж заасныг зөрчөөгүй байна.
4.3.5 Учир нь Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 265 дугаар тогтоолоор яамны бүтэц шинэчлэн батлагдаж, яамны бүтэц орон тоо 110 байсныг цөөрүүлэн 88 байхаар тогтоож цөөрүүлсэн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү хөрөнгө оруулалтын газар нь санхүүгийн хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэст байхаар шинээр зохион байгуулагдаж түүний эрхэлж байсан санхүү, хөрөнгө оруулалтын газрын Сургуулийн өмнөх боловсролын салбарын төсвийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, шилэн дансны хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр, чиг үүрэг хоёр салж, Санхүүгийн хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Харъяа байгууллага, шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, зохицуулалт, шилэн дансны хуулийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн 2 ажлын байранд тухайн яамнаас томилогдсон хүмүүс ажиллаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын 2021 оны 265 дугаар тогтоол,Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/126 дугаар тушаал, маргаан бүхий ажлын байрны тодорхойлолт, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.3.6 Нэхэмжлэгч Б.Д нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө, 46.1.2-д зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон гэж заасан үндэслэлээр суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх тул түүнийг 46.6-д Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэж зааснаар нөөцөд бүртгэгдсэн тул хариуцагч захиргааны байгууллагаас мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, 27.1.3-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс гэж зааснаар сонгон шалгаруулж томилсон нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаал сул байгаагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
4.3.7 Иймд хариуцагч захиргааны байгууллагыг нэхэмжлэгчтэй байгуулсан JDS оюутан, харъяа байгууллага, удирдах зөвлөлтэй байгуулсан гурван талт гэрээний 2.6-д ...төгсөж ирэхэд байгууллагын бүтэц өөрчлөгдөж, чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн байх эсхүл хүний нөөцөө цомхтгосон байх тохиолдолд байгууллага нь төгсөгчид тухайн салбар дахь өөр ажлын байраар хангана гэж заасан үүргээ биелүүлж ажлын байр санал болгож, түүнийг нь Б.Д хүлээн аваагүй, мөн тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн улсын болон орон нутгийн төсвийн орлого, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байх тул энэхүү шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож байна.
4.3.8 Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж зааснаас үзвэл Б.Дгийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад ажилдаа буцаан томилогдох хүсэлт гаргасан өдрөөс буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс өөр ажил албан тушаалд томилогдох хүртэлх /2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр/ хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
4.4 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг өмнөх цалингийн хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлагын тухайд:
4.4.1 Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж зааснаас үзвэл Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан төрөөс цалин хөлс олгохоор байх тул Б.Дгийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад ажилдаа буцаан томилогдох хүсэлт гаргасан өдрөөс буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс өөр ажил албан тушаалд томилогдох хүртэлх /2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр/ хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
4.4.2 Мөн Монгол улсын хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагч, харъяа байгууллага, удирдах зөвлөлийн байгуулах гурван талт гэрээний 2.3-д зааснаар харъяа байгууллага оюутны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлөхөөр зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
4.4.3 Харин 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.4.4 Монгол улсын хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагч, харъяа байгууллага, удирдах зөвлөлийн байгуулах гурван талт гэрээний 2.3-д 1994 оны Засгийн газрын 212 дугаар тогтоолын 2А-д заасны дагуу JDS оюутны суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байгуулна төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээжээ.
4.4.5 Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас Б.Дгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2019 оны 8,9,10,11,12 дугаар саруудын шимтгэлийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул суралцсан хугацааны буюу 2019 оны 8,9,10,11,12 дугаар саруудыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гурван талт гэрээний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн бичилт хийлгэх-ийг хариуцагчид даалгуулах гэснийг хангаж, үлдэх хэсэг болох Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн Удирдах зөвлөл болон надтай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн JDS оюутны нэн даруй ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйн улмаас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг өмнөх цалин хөлсний хэмжээгээр нөхөн бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ