Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 521

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: С овогт Б-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Т овогт Т-ын Б-т холбогдох,

   Ц-ын х данснаас авсан гэх 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 30.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 110.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц миний хувийн х тоот дансыг Т овогтой Б 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамтран эзэмшиж байсан. Энэ хугацаанд миний итгэлийг далимдуулан хууран мэхлэх, залилах замаар найз нөхөд танилын холбоотой хүмүүсийн дансаар дамжуулан, шилжүүлэх зэрэг арга хэлбэрээр 176.000.000 төгрөг авсан. Хариуцагч Б нь энэ хугацаанд улсын болон хувийн ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй. Өөрийн гэсэн тусдаа орлого байгаагүй. Энэ мөнгө тооцооны асуудлыг гэр бүл цуцлахад тооцоогүй нэхэмжлээгүй болно. Иймд Б-ээс миний хувийн х данснаас авсан 176.000.000 төгрөгөөс 110.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Ц-ын х тоот данснаас 110.000.000 төгрөг авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Бид хамтран амьдарч байхдаа уг дансыг гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд ашиглаж байсан. Би 2014-2016 оны хооронд гэр бүлийн “А” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Ц ч гэсэн надтай амьдарч байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хувийн болон төрийн байгууллагад ажиллаж цалин авч орлого олдоггүй байсан. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлого Ц-ын нэр дээрх х тоот дансаар орж гардаг байсан ба түүнээс би нэг ч төгрөг авч хувьдаа завшаагүй. Тэр дансаар орж гарсан мөнгөн хөрөнгө нь ганц Ц-нх биш компани болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. Үүний өмнө гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхдээ Ц нь намайг “А” компанид ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж тодорхойлсныг шүүх хүлээж авч компанийг гэр бүлийн дундын өмчлөлөөс хасаж шийдвэрлэсэн байдаг. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлэх болохоор “А” ХХК нь ямарч хөрөнгөгүй, орлогогүй, ашиггүй ажиллаж байсан гэж тайлбарладаг хирнээ гэр бүлийн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж надад Ц-ээс 36.500.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсний дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь надад өгөх 36.500.000 төгрөгийг төлөхгүй гэсэн арга юм. Иймд Ц-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Б-д холбогдуулан х тоот данснаас авсан 110.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч Б нь “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

    Нэхэмжлэгч Ц, хариуцагч Б нар нь х өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн х дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.

     Ц, Б нар нь 1999 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл  хугацаанд гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр байсан ба хариуцагч Б нь нэхэмжлэгч Ц-ын х тоот дансанд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран эзэмшигчээр бүртгүүлж, х тоот дансыг ижил тэгш эрхтэйгээр эзэмшдэг болсон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б-ийг х тоот дансыг хамтран эзэмших эрхийг цуцалсан болох нь Хаан банкны Увс салбарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн х тоот тодорхойлолтоор тогтоогджээ.

      Хамтран эзэмшигчийг данс эзэмшигч буюу Ц-ын зөвшөөрлөөр бүртгэж, цуцалдаг бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ц, Б нар нь х тоот дансыг хамтран эзэмшиж байсан тул энэ хугацаанд хийгдсэн гүйлгээг данс эзэмшигч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

     Мөн нэхэмжлэгч Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор “Увс финанс аудит” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байх ба уг дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 1. Иргэн Ц-ын х тоот дансанд Б-ийн х тоот данснаас шилжүүлсэн дүнг 2014-2017 оны гүйлгээг баталгаажуулж өгөх. Тооцоог хавсралтаар гаргаж хавсаргав гэжээ.

     Дээрх дүгнэлтэд Б нь Ц-ын нэхэмжилсэн 110.000.000 төгрөгийг Ц-ын х тоот данснаас авч захиран зарцуулсан талаар тусгагдаагүй,  Ц-ээс Б-т шилжүүлсэн зарлага гэсэн байх тул энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Б-ээс 110.000.000 төгрөг гаргуулах боломжгүй байна.

     Иймд дээрх нотлох баримтын дагуу хариуцагч Б-ээс х тоот данснаас авч ашигласан гэх 110.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдох, нэхэмжлэгч Ц-ын 110.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876.394 төгрөгөөс 110.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 707.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 168.444 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц-т олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдох 110.000.000 төгрөг гаргуулах тухай Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876.394 төгрөгөөс 707.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар илүү төлсөн 168.444 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц-т олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

           

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР