Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 04

 

                                                        Б.Ц-ын нэхэмжлэлтэй

                                                         иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэртэй, 

         Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Т.Б-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Б.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц миний хувийн 5800153053 тоот дансыг Т.Батхишиг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамтран эзэмшиж байсан. Энэ хугацаанд миний итгэлийг далимдуулан хууран мэхлэх, залилах замаар найз нөхөд танилын холбоотой хүмүүсийн дансаар дамжуулан шилжүүлэх зэрэг арга хэлбэрээр 176.000.000 төгрөг авсан. Хариуцагч Т.Б нь энэ хугацаанд улсын болон хувийн ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй. Өөрийн гэсэн тусдаа орлого байгаагүй. Мөнгө тооцооны асуудлыг гэр бүл цуцлахад тооцоолж нэхэмжлээгүй болно. Иймд Т.Б-ээс миний хувийн 5800153053 данснаас авсан 176,000,000 төгрөгөөс 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

        Хариуцагч Т.Б анхан шатны  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Б.Ц-ын 5800153053 тоот данснаас 110,000,000 төгрөг авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Бид хамтран амьдарч байхдаа уг дансыг гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд ашиглаж байсан. Би 2014 оноос 2016 оны хооронд гэр бүлийн “Эрчис баялаг” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Б.Ц ч гэсэн надтай амьдарч байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хувийн болон төрийн байгууллагад ажиллаж цалин авч орлого олдоггүй байсан. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлого Б.Ц-ын нэр дээрх 5800153053 тоот дансаар орж гардаг байсан ба түүнээс би нэг ч төгрөг авч хувьдаа завшаагүй. Өмнө нь гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхдээ Б.Ц нь намайг “Э.Б” ХХК-д ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж тодорхойлсныг шүүх хүлээж авч компанийг гэр бүлийн дундын өмчлөлөөс хасаж шийдвэрлэсэн байдаг. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлэх болохоор “Эрчис баялаг” ХХК нь ямар ч хөрөнгөгүй, орлогогүй, ашиггүй ажиллаж байсан гэж тайлбарладаг хэрнээ гэр бүлийн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж надад Б.Ц-оос 36,500,000 төгрөг олгохоор шийдвэрлэсний дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь надад өгөх 36,500,000 төгрөгийг төлөхгүй гэсэн арга юм. Иймд Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Б-т холбогдох 110,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

         Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

       Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсгийг орхигдуулсан гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Т.Б-т холбогдуулан шүүхэд анх 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 30,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 110,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

        Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Т.Б нар 1997 онд гэр бүл болж хамт амьдарсан, гэрлэлтээ 1999 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 3 хүүхэд төрсөн, тэд хувийн таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаад Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

ХААН банкин дахь хугацаагүй хадгаламжийн  5800153053 тоот данс эзэмшигч Б.Ц нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Т.Б-ийг уг дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлж, 2016 оны 12 дугаар 31-ний өдөр хүртэлх хугацаанд дансыг ижил тэгш эрхтэйгээр эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан ХААН банкны Увс салбарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 878 дугаар албан тодорхойлолт /хх-ийн 32-р тал/ -оор нотлогдсон байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт: “Хадгалуулагч нь мөнгөн хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар  дансаа хамтран эзэмшсэн  нь хууль ёсны бөгөөд энэ тохиолдолд тухайн дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх талуудад адил тэгш байна.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Т.Б нь надтай гэр бүл болж амьдарч байх үедээ буюу 2014-2016 оны хооронд ХААН банкны 5800153053 дугаар хугацаагүй хадгаламжийн дансыг хамтран эзэмшиж байх хугацаандаа  миний данснаас 110,000,000 төгрөгийг миний итгэлийг далимдуулан хууран мэхлэх, залилах замаар найз нөхөд, танилын холбоотой хүмүүсийнхээ дансаар дамжуулан шилжүүлэх зэрэг арга замаар өөртөө авсан байна” гэж тайлбарласан байх боловч энэ нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна. Тухайлбал, хариуцагч Т.Б нь  итгэл эвдэх, хууран мэхлэх, хуурамч баримт бичиг ашиглах зэрэг хууль бус аргаар Б.Ц-ын данснаас мөнгө авсан, завшсан, ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц-ын хүсэлтээр Т.Б-тэй танил, найз нөхдийн холбоотой гэх Т.Б, Б.О, Д.Т  нарыг гэрчээр асуусан байх эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр Т.Б нь тэдний данс уруу мөнгө шилжүүлэх замаар өөртөө авч ашиглаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан Увс Финанс аудит ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Б.Ц-ын хугацаагүй хадгаламжийн 5800153053 тоот данс болон Т.Б /данс хамтран эзэмшигч Б.Ц/-ийн хугацаагүй хадгаламжийн 5819128335 тоот дансны 2014-2017 оны хоорондох орлого, зарлагын гүйлгээг түүвэрлэж, энэ хугацаанд Б.Ц-оос Т.Б-ийн дансанд нийт 176,632,640 төгрөг, Т.Б-ийн данснаас Б.Ц-ын дансанд 78,205,780 төгрөг тус тус шилжүүлсэн гэх тооцооллыг гаргасан байх бөгөөд энэ нь Т.Б-ийг нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг өөртөө ашигласан, завшсан гэх үндэслэл болохгүй юм. Учир нь талууд  данс хамтран эзэмшиж байсан тухайн цаг хугацаанд гэр бүлийн гишүүн буюу эхнэр, нөхөр байсан байх ба өөрсдийн хүсэл зориг, харилцан зөвшөөрсний үндсэн дээр банкин дахь данс хамтран эзэмшиж, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад адил эрхтэй оролцож байсан байна. Нөгөөтэйгүүр дээрх шинжээчийн дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгч хариуцагчийн хамтран эзэмшиж байсан дансаар хийсэн гүйлгээг түүвэрлэсэн байх тул дан ганц уг баримтыг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг  хууль бусаар авсан, ашигласан гэж үзэх хуульзүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Б.Ц-ын : “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсгийг орхигдуулсан гэж үзэж байна. Иймд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Учир нь: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Т.Б хэн аль нь дээрх үндэслэлээр шаардлага гаргах эрхтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Т.Б гэр бүлийн хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, ашиг орлогоо нуун дарагдуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон талаархи баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, нотлох  үүрэгтэй талаар танилцуулсан баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болох хуулийн  үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ц-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707950 /долоон зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ц-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707950 /долоон зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.