| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 106/2019/1026/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 116
2020 01 23 2020/ДШМ/116
Л.Л-ид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 76 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Л.Л-ид холбогдох 1905036150951 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Л-ын Л-, Дархан-Уул аймагт 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 0 дугаар гудамжны задгайн 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй,
1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч суллагдсан. /регистрийн дугаар: 000000000/
Л.Л- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшлийн 3-11 тоотод Б-ын цээжний зүүн дээд хэсэгт хайчаар дүрж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Л.Л-ид холбогдох хэргээс үзвэл хэргийн үйл баримтыг дутуу үнэлж дүгнэсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Тухайлбал, шүүгдэгч Л.Л-ийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1988 тоот дүгнэлтэд “... Шүүх химийн шинжилгээгээр цусанд 5 промилл спиртийн агууламж илэрсэн байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна ...” гэжээ. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдгийг ... хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүйг хамааруулна” гэж тайлбарласан байдаг.
Харин дээрх байдлыг шалган тогтоохын тулд шүүх химийн шинжилгээг гаргасан шинжээчээс байцаалт авах, талийгаач Б- яг хэдэн цагийн үед нас барсан, түүний биеэс цусны шинжилгээг ямар хугацаанд авсан зэргийг нэг мөр тодруулбал зохино.
Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэж тодорхойлсноос биш яг хэдэн цагийн орчим талийгаач нас барсан талаар тодорхой бичээгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Л.Л- нь анх цагдаад баригдахдаа толгойн хэсэгтээ гэмтэл авсан байдалтай байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 190504315 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ Л.Л-ийн мэдүүлгийг үндэслэн тухайн үед болсон үйл явдал, байсан хүмүүсийг нэр заан бичжээ. Гэтэл уг тогтоолд дурьдсан хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, нэг цаг хугацаанд болсон эсэх асуудлыг эцэслэн шалгалгүй орхигдуулсан ...” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5067 тоот дүгнэлт болон шүүх химийн шинжилгээгээр талийгаач Б-ын цусанд 5 промилл спиртийн агууламж илэрснийг шүүх үндэслэн “... хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ... алсан” гэж дүгнэн зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх...” шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Мөрдөн байцаалтын явцад талийгаач Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө Л.Л-, н.Отгоо, н.Батнасан, н.Энхцэцэг нартай уулзаж согтууруулах ундаа хэрэглэж байхдаа шүүгдэгч Л.Л-той “... архиа ганцаараа уух гэлээ...” гэж маргалдаад үд дундын үед салж явсан байдаг. Улмаар нар жаргах үеэр 18-19 цагийн хооронд шүүгдэгч Л.Л- нь талийгаач Б-ын гэрт очсон нь насанд хүрээгүй гэрч Д.Чингүүн, гэрч С.Дэлгэрмаа нарын мэдүүлгээр давхар нотлогдсон.
Харин шүүгдэгч Л.Л-ийг гэрт орж ирэхээс өмнө талийгаач Б- нь бусадтай харьцаж, хоол идэж, зурагт үзэж байсныг гэрч С.Дэлгэрмаа, Л.Л- нар мэдүүлсэн. Талийгаачийн цээжний зүүн хэсэгт хайчаар хатгасны дараа талийгаач гэрээсээ гарч ирээд хашаанд унасан талаар насанд хүрээгүй гэрч Д.Чингүүн мэдүүлсэн зэргээс үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед талийгаач нь биеэ хамгаалж чадахааргүй байдалтай гүн согтсон, орчиндоо харьцаагүй бус харин энгийн байдалтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч биеэ авч явах чадвартай байсан нь нотлогдож байна.
Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, улмаар 20 цагийн үед нас барсан болох нь тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр яллагдагчийн хийсэн үйлдлийн улмаас Б- нас барсан шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх нь нотолгооны хувьд ач холбогдолгүй. Шүүх талийгаачийн нас барсан цаг, цусны шинжилгээг ямар хугацаанд авсан зэрэг асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл шинжээч эмч болон химийн шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авч тодруулах боломжтой байхад нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж асуулгах нь хуульд нийцэхгүй юм.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч мөн адил хүнд зэргийн согтолттой байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5067 тоот дүгнэлтээр тогтоогдсон байхад “...амь хохирогч, шүүгдэгч хоёрын спиртийн агууламж их бага байгаагаар буюу өөрөөр хэлбэл 2.7 промилли спиртийн агууламжтай согтсон этгээд нь 5 промилли спиртийн агууламж бүхий согтолттой этгээдийг бодвол ухаан санаа нь эрүүл, аливаад ач холбогдол бүхий дүгнэлт хийх чадвартай, өөрийнх нь эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэж илэрхий бодож, ухамсарлана ...” гэж таамаглаж дүгнэсэн болох нь харагдаж байна. Мөн согтолт нь тухайн хүний бие, физилогийн шинж байдал, биеийн эрүүл мэнд, согтууруулах ундаа хэрэглэх давтамжаас хамаараад харилцан адилгүй үйлчилж, биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байдаг байхад талийгаачийн хүнд зэргийн согтолт нь нөлөөлж шүүгдэгчийн эсрэг үйлдэл хийх чадваргүй гэж дүгнэх нь буруу юм.
Тус прокурорын газраас шүүгдэгч Л.Л-ийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 14 дугаартай тогтоолд заасан “...Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж...” гэдэг тайлбартай нийцүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “...Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй...” гэх зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Л-ийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа тохиолдолд 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 14 дугаартай тайлбарыг хэрэглэхээр байна.
2.2. Шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэх байтал хавтас хэрэгт хамтад нь шалгаагүй, шүүгдэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэргийг шалгуулахаар буцааж байгаа нь хянан хэлэлцэх хэмжээ хязгаарыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.
Тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “... иргэн Л.Л-ид хөнгөн хохирол учирсан ...” гэх үйл баримтад эрүүгийн 190504315 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч дээрх хэрэгт хэн нэгэн хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.” гэж заасан нь гэмт хэргийн шинжтэй тухайн үйл баримтад тодорхой цаг хугацаагаар ажиллагаа явуулсны дараагаар хэргийг шийдвэрлэх зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл Л.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нэр бүхий хүнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоохоор ажиллагаа явуулж байгааг шууд уг хүнийг алсан гэмт хэрэгтэй нэгтгэн шалгуулахаар холбож үзэх боломжгүй юм. Эрүүгийн 190504315 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэгдээгүй болон уг хэргийг шийдвэрлэх нь хүнийг алах хэрэгт хамааралгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэлгүйгээр буцааж байгаа шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалттай нийцэхгүй байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 76 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугийн шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн биед хөнгөн гэмтэл учирсныг шүүгдэгч мэдүүлэхдээ амь хохирогч учруулсан гэдэг. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрдөггүй. Мөн шүүгдэгч Л.Лхагдоржийн мэдүүлээд байгаа Батаа, Отгоо, Энхцэцэг нартай холбоотой ажиллагаа хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг зөрчиж байна. Хохирогчоос 5 промилл спирт илэрсэн байхад шинжээчээс асууж тодруулсан зүйл байхгүй. Үүнийг тогтоож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгах шаардлагатай тул анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... прокурорын эсэргүүцлийг дэмжиж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. Хохирогч хэдэн цагийн үед нас барсныг шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж тодоруулах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Л.Л-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх тул хэрэгт цугларсан нотлох баримтууд болон яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Л.Л-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэдэгт хохирогч хүчтэй согтуурсан, мансуурсан байдал хамаарна.
Гэвч хүний бие махбодийн онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан согтууруулах ундааны үйлчлэл харилцан адилгүй нөлөөлдөг учраас дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэн биеэ хамгаалах чадваргүй байдлын талаар дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Нөгөө талаар хүнийг алах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэгт “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж ... хүчтэй согтуурсан, мансуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна.” гэснээс үзэхэд хүчтэй согтуурсан, мансуурсан байдал нь дангаар хүндрүүлэх шинж болж чадахгүй. Харин үүний улмаас өөрийгөө хянах, биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалд орсон, үүнийг гэмт этгээд мэдсээр байж хохирогчийг алсан байдал нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Иймээс хохирогч согтолтын улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан эсэх, үүнийг гэмт этгээд мэдэж байсан эсэхийг хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж тогтоох байтал анхан шатны шүүх хохирогчийн согтолтын зэргийг шинжилсэн биохимийн шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Түүнчлэн хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл авсан болон нас барсан цаг хугацааны талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Л-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ба хүнийг алах гэмт хэргийн талаар шүүхээс хууль ёсны тогтоол гарахад энэхүү байдал нь ноцтой нөлөөлөхөөргүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар хүрээнд Л.Л-ид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шинээр Эрүүгийн хуулийг батлахдаа хууль буцаан хэрэглэх зарчмаас үүдэн өмнөх Эрүүгийн хуулийг хүчингүй болгодоггүй онцлогтой. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид уламжлан, гэмт хэрэгт тооцож хуульчилсан тохиолдолд тухайн гэмт хэргийн шинжийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар хоёр хуулийн хэрэглээнд нэгэн адил үйлчилнэ. Гэтэл прокуророос “... 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг хэрэглэсэн нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн зөрчил болно ...” хэмээн эс зөвшөөрсөн нь үндэслэл муутай болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 76 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Л-ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Л.Л-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН