Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0202

 

 

 

 

 

 

 

 

 

2022 03 21 0202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Гуравдагч этгээд: К ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарын хоорондын Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14,15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар /zoom/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Хоёр: Маргааны үйл баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгч компаниас маргаан бүхий актуудыг Х аймаг дахь Захиргааны хэргийн шүүх дээр үүссэн К ХХК-ийн нэхэмжлэлтэй аймгийн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох үед буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж, Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлт гаргаж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариу авч, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1 Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14,15 дугаар шийдвэрүүдийг дараахь үндэслэлүүдээр хууль зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд:

1) Манай компани Х аймгийн М сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр захирамжаар үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 2000 га газрыг эзэмшиж, мөн 2015 оны А/38 дугаар захирамжаар 303,9 га, А/39 дүгээр захирамжаар 103 га, А/41 дүгээр захирамжаар 205 га, А/44 дүгээр захирамжаар 196.1 га, А/45 дугаар захирамжаар 354 га, А/46 дугаар захирамжаар 211.3 га, А/47 захирамжаар 178.8 га газруудыг хууль ёсоор эзэмшиж байгаад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар зарим газрын хэмжээ байршил өөрчлөгдөж 275 га, 172.5 га газрыг зориулалтын дагуу эзэмшиж байхад уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг давхардуулан олгосон нь асар их хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож байна гэж,

2) Аймаг, сумаас уул уурхай ашиглах талаар дэмжээгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдийг гаргасан нь нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хууль бус зөвшөөрөл олгосон гэж,

3) Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгохоор заасан гэжээ.

3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э ХХК-иас Х аймгийн М сумын Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорч М сумын Засаг даргын А/38 дугаар захирамж, А/39, А/41, А/44, А/45, А/46, А/47 дугаар захирамжийн дагуу тухайн нутаг дэвсгэрт үр тариа, газар тариалангийн зориулалтаар 2000 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшиж байсан. Газраа эзэмшиж байх хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эдгээр захирамжуудын гэрчилгээ шинэчлэгдэж олгогдсон. Гэтэл уг газраас А/40, А/42 дугаартай захирамжууд нь бусдын эзэмшил газартай давхцалтай гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар байршил өөрчлөгдөж олгогдсон.

3.3 Нэхэмжлэгч талаас уг газраа 2008 оноос эзэмшил, зориулалтын дагуу хуулийн дагуу эзэмшиж үр тариа тариалж байгаа. Гэтэл Т ХХК нь тухайн газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр 2005 оны 3 дугаар сарын 22, 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд Х аймгийн Засаг даргын дэмжих саналыг авсан байдаг. Энэ нь тухайн дуудлага худалдаа зохион байгуулахаас өмнө юм. 2005 оны 4 дүгээр сарын 05, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар авсан байдаг. Уг тусгай зөвшөөрлүүдээ сунгасан тухайгаа Х аймгийн Засаг даргад эрх бүхий этгээдүүдэд ирүүлээгүй байдаг. Ингээд Т ХХК-ийн гурван жилийн хугацаа дуусгавар болсон гэж үзсэн тул Х аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тухайн жилийн газрын төлөвлөгөөг баталж 2008 онд газрын дуудлага худалдааг зохион байгуулж манай нэхэмжлэгч компанийг сонгон шалгаруулсан.

3.4 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК-д 435, 436 дугаар шийдвэрүүдээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Энэхүү шийдвэрүүд нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 15 дугаар шийдвэрүүдээр К ХХК-д шилжин олгогдсон. Ингээд К ХХК-д шилжин олгогдсон газраас 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай гээд солбицолд нь өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хоёр компанийн газрууд давхцалтай болсон байгаа. Монгол Улсын Засгийн газраас газар тариаланг эрчимжүүлэх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх зорилгын дагуу 2016-2020 оны хооронд атрын гуравдугаар аяныг баталсан. Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Х аймгийн зарим бүс нутаг тэр дундаа манай Э ХХК-ийн эзэмшиж байгаа Х аймгийн М сумын нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүсээр тогтоосон байдаг.

3.5 2008 оноос хойш манай компани тухайн газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмын дагуу хуулийн дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаа. Энэ газрууд давхацсан тухай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрэг үүссэнээр манай компани гуравдагч этгээдээр оролцсоноор мэдэж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгохоор заасан байдаг. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэрүүд, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 14, 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 435 дугаар шийдвэрээр Тулгатай хоёр гэдэг нэртэй уурхайн эдэлбэр газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Х аймгийн М сумын Тулгатай гэх уурхайн эдэлбэр газарт ашиг малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус Т ХХК-д олгосон. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохицуулсан байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээд өөрийнхөө хайгуулын талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уг асуудлыг шийдвэрлэдэг.

4.2 Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан байдаг. Т ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тухайн өргөдлийг өргөдлийн бүртгэлд 25394, 25395 гэсэн дугааруудад бүртгэж өргөдөлд тусгагдсан талбайнуудад зураг зүйн шүүлт болон холбогдох бусад ажиллагааг хийсэн. Хуулийн бусад ажиллагаа гэдэг нь хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрх хайхыг хязгаарласан буюу хориглосон талбайнуудтай давхцалтай эсэх, улсын тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцалтай байгаа эсэхийг шүүж үздэг. Тухайн хүсэлтэд дурдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д заасан хориглосон болон хязгаарласан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй учир уурхайн талбай болгож тусгай зөвшөөрлийг олгосон.

4.3 Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай хэрэгцээнд авсан, нөөцөд авсан, хориглосон гэх мэт тохиолдлуудын нэгд нь хамаарагдаж байсан бол давхцуулж талбай олгохгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.3-д заасан давхцалууд байхгүй байсан. Бүх шүүлтүүрүүд хийгээд давхцал байхгүй болохоор олгосон. Хэрэв давхцал байсан, явцын дунд давхацсан байх боломжгүй. 2013 оны 10 дугаар сард маргаан бүхий хоёр акт гарахад нь зураг зүйн шүүлтэд давхцал байхгүй байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход давхцал байгаа бол үндэслэл шалтгааныг дурдаад өргөдлийг нь буцаадаг бөгөөд ийм шалтгаан байхгүй болоод хуулийн дагуу хоёр шийдвэр гараад ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байгаа.

4.4 Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Иймд маргаан бүхий 435, 436 дугаар шийдвэрүүд нь хуульд заасан хууль зүйн үндэслэлтэй хуулийн дагуу гарсан захиргааны актууд. 2016 оны 14, 15 дугаар шийдвэрээр Т ХХК-иас К ХХК-д шилжсэн. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх энэхүү ажлыг ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан үндэслэж шилжүүлдэг. Энэ ажиллагааг хуульд заасны дагуу хийсний дагуу дээрх хоёр тусгай зөвшөөрөл К ХХК-д шилжсэн. Энэ шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэрүүд юм гэв.

Тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Хариуцагчийн тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч хэлэхдээ 2008 оны 7 дугаар сард дуудлага худалдаагаар авсан гэж хэлсэн. 2008 онд дуудлага худалдаагаар авахдаа дуудлага худалдаа зохион байгуулахдаа М сумын Засаг даргад нь тухайн газар нь ямар нэгэн байдлаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай байгаа эсэхийг шалгалгүйгээр дуудлага худалдаа явуулсан. Ингэснээр манай компанийн эрх ашгийг хөндсөн. Өөрөөр хэлбэл Э ХХК-д эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарахаас өмнө 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байсан. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийг Т ХХК нь хүссэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтыг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй байдаг бөгөөд өөр этгээдүүд гаргах эрхгүй байдаг. Үүний дагуу Т ХХК нь өргөдлийг гаргаж 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаартай шийдвэрээр *******, 017429 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

5.2 Энэ шүүх хуралдааны өмнөх шүүх хурал нотлох баримт гаргуулах шаардлагатай гэх үндэслэлээр хойшилсон. Ингээд уг ирсэн нотлох баримтуудыг үзэхэд М сумын Засаг даргын тайлбар байдаг. Уг тайлбарт 2008 онд дуудлага худалдаагаар олгосон гэсэн тайлбар ирүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх хурал дээр уг газрыг 2005 оноос хойш эзэмшсэн гэж хэлсэн. Гэтэл ирсэн нотлох баримт үгүй гэдгийг нь нотолж байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотолгоогүй зүйл хэлсэн. Манай компанийг 2005 онд 3 жилийн хугацаатай уг тусгай зөвшөөрлийг аваад цааш нь сунгаагүй, сунгасан тухай мэдэгдлээ ирүүлээгүй гэж хэлсэн. Мэдэгдэл ирсэн ирээгүй гэдгийг би ч мэдэхгүй. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын газраас 2013 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох давуу эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон.

5.3 Э ХХК-ийн дуудлага худалдаагаар авсан талбай нь П ХХК-ийн талбайтай давхцаж байгаа учир талбайн хэмжээ байршил өөрчилсөн. А/40, А/42 дугаар захирамжууд нь Э ХХК-тай холбоотой захирамж биш юм. Учир нь нэхэмжлэгчийн хүсэлтээр Х аймгийн Газрын харилцааны ерөнхий газраас яг энэ асуудалтай холбоотой газрын хувийн хэргийг авсан байгаа. Энэ материалд Э ХХК-ийн газар эзэмших эрх яаж үүссэн бэ гэхээр 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 59 дүгээр захирамжаар үүссэн байдаг. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Э ХХК нь газрыг 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр захирамжаар газрыг эзэмших эрхтэй болсон байдаг. Үүнтэй холбоотой 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээ байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг А/40, А/32 дугаар захирамж нь энэ хэрэгтэй холбоогүй гэж үзэж байна. Энэ талаар нэхэмжлэгчийн өгсөн тайлбар нэхэмжлэлд тодорхой байгаа. Засаг даргаас дэмжсэн санал авсан гэж тайлбарласан.

5.4 Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт Засаг даргаас санал авах тухай заасан байдаг. Манай компани тухайн Засаг даргаас санал авсан. 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Х аймгийн Засаг даргын саналаар зөвшөөрч уг саналыг үндэслээд Т ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэдэн баримт байгаа. Э ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа. Энэ нь нийт 7 гэрчилгээ байдаг. Энэ гэрчилгээнд Х аймгийн М сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/38 дугаар захирамжийг үндэслээд 319 га, А/39, А/41, А/13, А/44, А/45, А/46, А/47 дугаар захирамжуудыг үндэслэж гарсан гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Т ХХК-д олгосон 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл гарснаас хойш гарсан гэрчилгээнүүд байгаа.

5.5 Э ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөөгүй, анхнаасаа гэрчилгээний эрх нь бусдын эзэмшил буюу Т ХХК-ийн эзэмшилд байсан. Энэ газраа Т ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон. Иймд Э ХХК-ийн эрх ашгаас илүү Т ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, тухайн эзэмшлийнх нь газар дээр давхцуулан бусдын газрыг олгосон байна гэж Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. М сумын Засаг даргын гаргасан захиргааны акт манай компанийн эрх ашигт нөлөөлж байна гэв.

5.6 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч өмгөөлөгч К.Б хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид хэзээ газар эзэмших эрх нь үүссэн юм бэ гэдэг тухай ярьсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа 2020, 2008 оны захирамжуудаар газар эзэмших эрхтэй болсон мэтээр тайлбарлаж байна. 2008 онд газар эзэмших эрх олгосон талаар ямар нэгэн шийдвэр захирамж хавтаст хэрэгт байхгүй. 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр захирамж байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын дотор 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дүгээр захирамжаар Э ХХК-д 2000 га газрыг эзэмшүүлсэн байдаг. 2008 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 59 дугаар Х аймгийн М сумын Засаг даргын захирамж байгаа. Уг захирамжид 2500 га газрыг Э ХХК болон өөр бас нэгэн компанид олгосон байдаг. Захирамжтай холбоотой нэхэмжлэгчийн хүсэлтээр Х аймгийн М сумын газрын харилцаа, газар зүйн газраас тухайн газартай холбоотой хувийн хэргийг авхуулсан байдаг. Дуудлага худалдаа шалгаруулсан, явуулсан, оролцсон, дуудлага худалдааны явцад хийсэн гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтууд ирсэн байгаа. Эдгээр баримтууд М сумын нутагт 2000 га талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар шалгаруулж олгосон, дуудлага худалдааны ялагч болох Э ХХК-тай гэрээ байгуулсан байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа.

5.7 Өмнөх хэргийн материалын 179-180 дугаар хуудаст 0099969 дугаар эрхийн гэрчилгээ байгаа. Уг гэрчилгээнд 2000 м.кв гэсэн байгаа боловч газрын байршил кадастрын нэгж талбарын дугаар, уг гэрчилгээний ард байгаа газар эзэмших гэрээ байгаа. Энэ гэрээнд 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 тоот шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулсан гэсэн байдаг. Шийдвэр нь 2000 га, 2500 га талбай дээр гарсан. Гэхдээ газрын гэрээг байгуулахдаа 358 га гэсэн гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд кадастрын зураг, нэгж талбарын дугаар байхгүй. Өөрөөр хэлбэл ямар байршилд, ямар газар олгосон гэдэг нь тодорхойгүй. Харин Т ХХК нь 2005 онд Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлт гаргасны дагуу хоёр байршилд хайгуулын лиценз эзэмших эрх авахаар өргөдөл гаргаж уг өргөдлийн дагуу тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Өргөдөл гаргаж байх хугацаанд Х аймгийн Засаг даргаас тодорхой байршилд санал авсан байдаг. 582 дугаар бичгээр Х аймгийн Засаг даргаас дэмжиж байгаа тухайгаа ирүүлсэн байдаг. Эдгээр санал болон холбогдох бусад баримтыг үндэслэж Ашигт малтмал газрын тосны газраас Т ХХК-д тухайн хоёр байршилд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.

5.8 Улмаар 2013 онд хуульд заасан эрхээ эдэлж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргаж тухайн газар дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасны дагуу ашиглалтын лиценз авсан байдаг. Энд ямар нэгэн байдлаар хууль зөрчигдсөн, бусдын эрх ашиг сонирхолд нийцээгүй зүйл байхгүй. Тухайн газар нь тусгай хэрэгцээний газар биш байсан бөгөөд бусдын эзэмшилд байсан газартай давхцалгүй байсан. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд давхцал байхгүй учир зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435, 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14,15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах гэж тодруулсан.

1.2 Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Анх Х аймгийн М сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр захирамжаар М сумын 5 дугаар багийн нутаг Ч*******ы уурхайн баруун талд 2500 га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар Э ХХК-д олгож, 2008 оны 9 дүгээр сарын19-ний өдөр 009967 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, мөн сумын Засаг даргын2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар Э ХХК-ийн дуудлага худалдаагаар авсан 492716,492717 дугаартай талбайгаас183 га талбай нь П******* ХХК-ийн талбайтай давхацсан тул уг хоёр талбайгаас 172.5 га газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээ дахин олгосон болох нь хавтаст хэрэг авагдсан М сумын Засаг даргын 2008 оны 59, 2015 оны А/121 дүгээр захирамжууд болон 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мөн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

3. Гуравдагч этгээд К ХХК-ийн тухайд анх Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр Х аймгийн Ж, М, Хэрлэн сумдын нутагт байрлах Т -2 нэртэй 26329.27 гектар талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Т ХХК-д олгож, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр 11690.18 гектар талбайд MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, мөн тус компанид Геологи, Уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр Х аймгийн М, Хэрлэн сумдын нутагт байрлах Т нэртэй 6726.63 гектар талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Х аймгийн М сумын нутагт 1762.3 гектар талбайд MV-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.

4. Тус компаниас ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт гаргасан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр Т -2 нэртэй 11690.18 га талбай бүхий MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг К ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж, мөн Т ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр түүний Т -2 нэртэй 1762 га талбай бүхий MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг К ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох болох Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын / хуучин нэрээр/ 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435 дугаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрүүдээр тогтоогдож байна.

5. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт болон Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн Э ХХК болон К ХХК-ийн газрын давхцал харуулсан зураглалаас үзвэл Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр Т -2 нэртэй 11690.18 гектар талбай бүхий MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай нэхэмжлэгч компанийн тариалангийн зориулалттай 9 нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрууд бүхэлдээ давхцалтай болох тогтоогдож байна.

6. Харин К ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 436 дугаартай, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр олгогдсон Т нэртэй 1762.30 гектар талбай бүхий MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь нэхэмжлэгч компанийн талбайтай давхцаагүй болох нь шинжээчийн дүгнэлтийн зураглал болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

7. Т ХХК-нд 2005 онд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгох үед кадастрын мэдээллийн санд хийсэн шүүлтээр Х аймгийн М сумын Засаг даргын захирамжаар газар тариалангийн зориулалтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлээгүй байсан, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй, мөн Х аймгийн Засаг дарга 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаартай саналаар дэмжсэн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 435 дугаартай, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 436 дугаартай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 14 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 15 дугаартай шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй , мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх, 26 дугаар зүйлийн 26.3.4-т ... ашиглалтын тусгай зөвшөөрөл авах  хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх-ээр заасныг зөрчөөгүй байна.

8. Нэхэмжлэгчээс Т ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 892 дугаар шийдвэрээр Х аймгийн Жаргалтхаан, М, Хэрлэн сумдын нутагт байрлах Т -2 нэртэй 26329.27 гектар талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон, мөн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр Х аймгийн М, Хэрлэн сумдын нутагт байрлах Т нэртэй 6726.63 гектар талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрүүдтэй маргаагүй болно.

9. Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 435 дугаартай, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 436 дугаартай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 14 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 15 дугаартай шийдвэрүүдтэй маргаж байгаа хэдий ч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай 436 дугаартай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай 15 дугаартай шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа газартай давхцалгүй байна.

10. Шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хянан шийдвэрлэх бөгөөд энэ хүрээнд, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

11. Иймд гуравдагч этгээд К ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий актууд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

12. Шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хянан шийдвэрлэх бөгөөд энэ хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.3.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 435 дугаар шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 436 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

   

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ