Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00383

 

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00921 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1034 дүгээр магадлалтай,

“К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“С С” ХХК, Л.Бнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 172,208,447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Э.Цэцэглэн, хариуцагч Л.Бат-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00921 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Лха овогт Л.Б/рд:ДЮ67070637, “Сектек Сервис” ХХК/рд:м............/ нараас зээлийн гэрээний үүрэгт 172,208,447 төгрөгийг гаргуулж, “К Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Л.Бат-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж 2А тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж 2А тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-............ дугаарт бүртгэгдсэн ............ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Сектек сервис” ХХК, Л.Бнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Бат-Өлзийгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол гудамж 108 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 109,21 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан 1,186,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,186,404 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1034 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00921 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 ...” гэсний дараа “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1” гэснийг хасч, “...Сектек Сервис” ХХК...” гэснийг “С С ХХК” гэж,

2 дах заалтын “...С СХХК ...” гэснийг “С С ХХК” гэж,

3 дах заалтын “... баримтлан ...” гэсний дараа “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн” гэж нэмж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ариунаа хяналтын гомдолдоо: Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн талаар: ...Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2017.05.23-ны өдрийн 3020-17/33 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр иргэн Л.Бат-Амгалангийн өмчлөлийн доорх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд: -Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид г-11 гудамж, 2а тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, -Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-............ дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ............ дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын г11 дүгээр гудамжны 2а тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 165 м.кв газар, Жич: Тус банк иргэн Л.Бат-Амгалангаас иргэн Л.Түмэнжаргалд олгосон 2017.05.08-ны өдрийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах, зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ....гэх мэт эрхүүдийг үндэслэн барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Мөн хариуцагч Л.Бнь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2017.05.23-ны өдрийн 3020-17/33-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр өөрийн өмчлөлийн доорх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд: Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж, 108-р байрны 5 тоот хаягт байршилтай, 109.21 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц.

Хоёр. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул доорх нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан болно. Үүнд: 1. Хариуцагч нараас 2017.05.23-ны өдрийн 3020-17/33 тоот Зээлийн гэрээний үүрэгт - Зээлийн үлдэгдэл төлбөрт: 124,706,481.00 төгрөг, - Хуримтлагдсан үндсэн хүүнд: 43,602,066.00 төгрөг; - Нэмэгдүүлсэн хүүнд: 3,899,900.00 төгрөг буюу нийт 172,208,447.00 төгрөг гаргуулах; 2. Хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан болно. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргасан.

Гурав. Шүүхийн шийдвэр болон магадлалын талаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 101/ШШ2020/00921 дүгээр шийдвэрээр хариуцагч нараас 172,208,447.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Л.Бат-Амгалангийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.........., Г-............ дугаарт тус тус бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Бат-Өлзийгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байсан тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Л.Бат-Амгалангийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.........., Г-............ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар давж заалдах гомдол гаргасан. 2020.05.13-ны өдрийн 1034 дүгээр магадлалаар Иргэний хуулийн 200, 201 дүгээр зүйлийн 201.1, 198 дугаар зүйлийн 198.1, 42 дугаар зүйлийн 42.6, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дах хэсгүүдийг тус тус үндэслэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

Дөрөв. Хяналтын гомдлын үндэслэл: Иргэн Л.Бат-Амгалангаас иргэн Л.Түмэнжаргалд олгосон 2017.05.08-ны өдрийн итгэмжлэлийн дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн доорх үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: 1. Иргэн Л.Бат-Амгалан нь 2017.05.08-ны өдөр иргэн Л.Түмэнжаргалд үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах, зээлийн барьцаанд тавих гэрээ байгуулах, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, ...” зэрэг эрхийг олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан байсан. 2. Түүнчлэн иргэн Л.Түмэнжаргал нь Л.Бат-Амгаланг төлөөлж “барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах” эрхийг хүлээн зөвшөөрч итгэмжлэлд гарын үсэг зурсан үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсныг илтгэж байна. 3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаас үзэхэд итгэмжлэлээр иргэн Л.Бат-Амгалан нь өөрийг нь төлөөлж “барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах” эрхийг иргэн Л.Түмэнжаргалд олгосон. 4. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, түүнчлэн эрх олгосон итгэмжлэлийг тус тус үндэслэн 2017.05.23-ны өдрийн 3020-17/33 тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-нд барьцаалуулагчийг төлөөлж Лханаагийн Бат-Амгалан гэсний доор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түмэнжаргал нь гарын үсэг зурсан болно. Түүнчлэн хуульд итгэмжлэл олгосон этгээдийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрийг бичиж доор нь гарын үсэг зуруулна гэсэн хэлбэрийн шаардлага огт тавигдаагүй болно. 5. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасныг үндэслэн Л.Бат-Амгалан нь өөрөө гарын үсгээ зурж чадахгүйн улмаас түүний өмнөөс гарын үсэг зурах итгэмжлэл биш байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүргэсэн байна. Хуульд өвчингүй болон бичиг үсэг мэддэг иргэн өөрийг нь төлөөлж хэлцэлд гарын үсэг зурахыг хориглоогүй болно. Өөрөөр хэлбэл итгэмжлэлээр өөрийн хүсэл зоригийг өөрийн сонгож авсан этгээдээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хуулиар хориглоогүй бүхий л үйлдлийг хийлгэж болно гэсэн үг юм. Барьцааны гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Бат-Амгалангийн гарын үсгийг бус өөрийн гарын үсгээ зурсан байхад шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Бат-Амгалангийн гарын үсгийг зурсан гэж үзсэн нь бодит үнэнийг мушгин гуйвуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зөрчигдөхөд хүргэсэн байна. Иймд шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д “шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.........., Г-............ дугаарт бүртгэгдсэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “К Б” ХХК нь хариуцагч “С С” ХХК, Л.Бнараас зээлийн гэрээний үүрэгт 172,208,447 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бат-Амгалан барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, маргажээ.

6. Талууд 2017.05.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, “К Б” ХХК нь 150,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, “С С” ХХК, Л.Бнар зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч нь 2017.05.26-ны өдөр 150,000,000 төгрөгийг “С С” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бол “С С” ХХК, Л.Бнар нь үндсэн зээлд 25,293,518 төгрөг, зээлийн хүүд 27,317,874 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,214,418 төгрөг буюу нийт 54,825,810 төгрөг төлж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 16-18-р 32 тал/ Мөн өдөр талууд №3020-17/33 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, иргэн Л.Бат-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-11 дүгээр гудамж 2а тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-............ дугаарт бүртгэгдсэн, 165 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, №3020-17/33-1 тоот гэрээ байгуулж, хариуцагч Л.Бат-Өлзийгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 108 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 109,21 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч нараас 172,208,447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйл болох Л.Бат-Өлзийгийн өмчлөлийн орон сууцаас үүргийг хангуулахаар шийдвэрлэж, Л.Бат-Амгалангийн өмчлөлийн хувийн сууц, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

8. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх үг, үсгийн алдааг зөвтгөсөн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

9. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нарын биелүүлэх үүргийг тодорхойлсон шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

10. Шүүх 2017.05.23-ны өдрийн Л.Бат-Өлзийтэй байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол Л.Бат-Амгалантай байгуулсан барьцааны гэрээнд Л.Бат-Амгалан  гарын үсэг зураагүй буюу гэрээ байгуулагдаагүй гэсэн агуулгатай дүгнэлт хийж, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Л.Бат-Амгалан нь 2017.05.08-ны өдөр Л.Түмэнжаргалд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах ....эрхийг итгэмжлэлээр олгохдоо /хх-20,21, 24/ 2 сарын хугацаатай олгосноос гадна Л.Түмэнжаргал нь зээлийг аваагүй, “С С” ХХК, Л.Бнарын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг байсан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлаас үзэхэд Л.Бат-Амгалангийн барьцааны эд хөрөнгөөс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийг зөрчөөгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД