Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00385

 

“Г.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаар магадлалтай,

“Г.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

П.Н, П.А, Д.Б, П.С, Б.П нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 319,696,373.32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, хариуцагч Д.Б П.С, хариуцагч П.Н, Б.Пнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Н, П.А нараас 290.523.043.57 /хоёр зуун ерөн сая таван зуун хорин гурван мянга дөчин гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан, Г.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.173.329.75 /хорин есөн сая нэг зуун далан гурван мянга гурван зуун хорин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч П.С, Д.Б, Б.Пнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох а. Зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-................ дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, б. Зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-................дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 52,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, в. Иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-................ дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот хаягт байрлах, 54,27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, г. Иргэн Б. Пүрэвжавын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-................дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.914.381,87 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.610.565,22 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00762 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...290 523 043,47 төгрөг” гэснийг “...288 933 146 төгрөг” гэж, “...29 173 329.75 төгрөг” гэснийг “...30 763 226 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг “...1 914 381.87 төгрөг” гэснийг “1 602 615.73 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 242 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал хяналтын гомдолдоо: ...Шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. ...Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байх ба давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хариуцагч П.Нийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. 1. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд: Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан. Гэвч 2018.03.07-ны өдрийн ЗГ2505105075 дугаар Зээлийн гэрээний 4.1.13-т “...зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан боловч тус гэрээний 2.1.1-т Зээлийн жилийн хүү-25.2%, 3.2.1-т Хөнгөлөлттэй жилийн хүү-22.8% гэж тус тус хүүгийн хэмжээг ялгаатай тодорхойлсон байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан бөгөөд зээлийн гэрээнд хоёр төрлийн хүү тогтоосон нь нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн хүүгийн хэмжээний тодорхойгүй байдлаас зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж талууд нэмэгдүүлсэн хүүний тухай тохиролцсон гэж үзэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулсан нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,432,064 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлал нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

5. Нэхэмжлэгч “Г.Б” ХХК нь хариуцагч П.Н, П.А, Д.Б, П.С, Б.Пнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 319,696,373 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч П.Н, Б.Пнар зээлийн тооцоолол тодорхой бус, гэрээг цуцалсан тул нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч П.А зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийг авч захиран зарцуулаагүй гэж, хариуцагч Д.Б, П.С нар хэдэн төгрөгийн зээлд орон сууцыг барьцаалж байгааг мэдээгүй, манай байрыг тултал нь үнэлээд зээл олгосон нь эргэлзээтэй гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч П.Н, П.А нараас 290,523,043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 288,933,146 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээнд 2 өөр тогтоосон зээлийн хүүгийн хамгийн бага буюу 22,8 хувиар хүүг тооцож, хариуцагч нарын үүргийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Г.Б” ХХК болон П.Н, П.А нарын байгуулсан 2018.03.07-ны өдрийн зээлийн гэрээгээр 250,000,000 төгрөгийг, жилийн 25,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр тохирсон, гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн байна. Уг гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно. Зээлийн үүргийг хангуулахаар П.Н, П.А нарын өмчлөлийн 2 орон сууц, Д.Б, П.С нарын өмчлөлийн орон сууц, Б.Пүрэвжавын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

“Г.Б” ХХК нь 2018.03.17-ны өдөр зээл 250,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нар 14,284,584 төгрөгийг буцааж төлжээ.

8. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар зээлдүүлэгчээс зээлдэгчид сануулсан бичмэл баримтыг гэрээг цуцлахыг мэдэгдсэн агуулгатай, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Шүүх гэрээг цуцлах гэрээний нөхцөл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан “ Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсэн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн, гэрээг цуцалсан тул гэрээг цуцалснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

9. Зээлийн гэрээний 2.1.1-т зээлийн жилийн хүүг 25,2%-иар, гэрээний 3.2.1-т хөнгөлттэй жилийн хүү 22,8% гэж заасан нөхцөлийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасны дагуу тайлбарлаж, 22,8 хувиар зээлийн хүүг тооцоолсон байх тул “...зээлийн хүү ойлгомжгүй, тодорхой болгоогүй гэж, нэмэгдүүлсэн хүү 3,432,064 төгрөгийг хасуулах”-ыг хүссэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1250 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 69,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД