Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/00762

 

      2020         03          27

                           181/ШШ2020/00762

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Н

Хариуцагч: П.А

Хариуцагч: Д.Б

Хариуцагч: П.С

Хариуцагч: Б.П

зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүрэгт 319.696.373,32 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Б.П, П.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр П.Н, П.А нар нь Г-тай ЗГ2505105075 тоот зээлийн гэрээ байгуулан 250.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25,20 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ2505105075-1, ЗБ2505105075-2, ЗБ2505105075-3 тоот ипотекийн гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

            1.Иргэн П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003085 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот хаягт байрлах 48м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

            2. Иргэн П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004047 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 52,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

            3.Иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030944 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот хаягт байрлах, 54,27м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

            4. Иргэн Б.П ын Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг болно.

            Зээлийн гэрээний 2.1.1.-д зээлийн хүүг 25,2% гэж 3.2.1.-д зээлийн хүүг 22,8% гэж заасан нь 2 өөр төрлийн хүү тооцохоор хийсэн гэрээ биш юмаа. Зээлдэгч нар зээлийн гэрээний 3.1.-т заасан нөхцлийг биелүүлсэн тохиолдолд 3.2.1.-д зааснаар хүүг 22,8% гэж тооцож болох нөхцлийг тохирсон, зээлдэгч нар гэрээнд заасан нөхцлийг биелүүлээгүй учраас зээлийн хүү 25,2% гэж тохирсоноор бодогдоно.

            П.А, П.Н нар нь ЗГ2505105075 тоот зээлийн гэрээнээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 456 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна.

            Зээлдэгч П.А, П.Н нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг удаа дараа зээлдэгч нарт хүргүүлж амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.

            Зээлдэгч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ЗГ/2505105075 дугаартай Зээлийн гэрээг цуцлаж, гэрээний төлбөрт 235.715.415,70 төгрөг, хүүний төлбөрт 51.363.289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.444.338.,87 төгрөг нийт 290.523.043,57 төгрөгийг гаргуулж барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллаггааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 162 хоногийн хугацаа өнгөрөөд байна.

Энэхүү хугацааны алдагдал нь нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэгч Гнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарт зүйлийн 26.2-т заасаны дагуу үндсэн хүүд 26.363.962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.809.367,74 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна.

Иймд ЗГ2505105075 тоот зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 235,715,415.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 77,727,251.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,253,706.61 төгрөг, нийт 319,696,373.32 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд гаргуулж, хариуцагч П.А, П.Н, П.С, Д.Б, А.П нартай байгуулсан ЗБ2505105075-1, ЗБ2505105075-2, ЗБ2505105075-3 дугаартай Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Н, А.Пнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа П.А, П.Н нарын Голомт банктай байгуулсан ЗГ2505105075 дугаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 290,523,043.57 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, хүү тооцооллын хүснэгт гэх баримтыг хавсаргасан байна. Уг хүүний тооцооллыг хэрхэн яаж гаргасан, ямар журам, зааврын үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Зээлийн гэрээний 2.1.1.-д зээлийн хүүг 25,2% гэж 3.2.1.-д зээлийн хүүг 22,8% гэж хоёр өөрөөр тусгасан мөртлөө шүүхэд хамгийн ихээр нь буюу 25,2%-иар тооцож нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн уг хүү тооцооллын хүснэгтэд дурдсанаар хариуцагч нийт 51 007 912.04 төгрөг төлсөн байх бөгөөд уг дүнг үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс тус тус хасч тооцоолсон байгаа нь хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Тиймээс хариуцагчийн төлсөн зээлийн төлбөрийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл үнийн дүнгээс хүүг тооцож үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч ямар үндэслэлээр гэрээг цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.

2018 оны 03 сарын 07-ны өдрийн ЗГ2505105075 дугаар Зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар 250.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр, гэрээний хавсралтаар эргэн төлөх хуваарийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээний хавсралт №1-д зээлийг эргүүлэн төлөх эцсийн хугацааг 2021 оны 03 сарын 12-ны өдөр гэж тодорхойлсон.

Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөренгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээлийг буцаан төлөх чадваргүй болсон, эд хөрөнгийн хзмжээ багассан, хөрөнгөгүй болсон зэрэг үүргийг хугацаанаас өмнө буцаан шаардах хуульд заасан үндэслэлүүд бий болоогүй байх тул зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө бүхэлд нь шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж уг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч шүүхэд хэрэг хянагдаж байх явцад нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэгдүүлсэн шаардлага болох үндсэн хүүд 26.363.962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.809.367,74 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний төлбөрт 290.523.043,57 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд ийнхүү зээлдүүлэгч 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ЗГ2505Ю5075 тоот зээлийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ цуцлагдсанаар уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болж гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхгүй.

Талуудын хооронд байгуулсан ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээ нь хуульд нийцээгүй төдийгүй зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж буй ЗГ2505105075 тоот зээлийн гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч П.Н, П.А нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Учир нь Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като нь тус банкны эрсдэл хариуцсан захирал Н.Оюунхандад итгэмжлэл олгохдоо өөрөө тушаал гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээх тухай заагаагүй байхад Н.Оюунханд нь Б.Батхишигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээх эрхийг олгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч П.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие П.А 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нарантуул захын Голомт банкны тооцооны төв дээр очиж, тус төвийн захирал Б.Баясгалан, зээлийн эдийн засагч Баянзул, Наранцэцэг гурвыг сууж байхад захирлын өрөөнд очиход 250.000.000 төгрөгийн зээл бүтсэн, та гэрээтэйгээ танилцаж гарын үсгээ зурна уу гэж тулгасан.

Би тус гэрээтэй танилцаж 1 нөхцөлтэйгөөр гарын үсгээ зурна гэж хэлсэн. Уг нөхцөл нь 250.000.000 төгрөгийн зээл авч чадахгүй, учир нь ийм их хэмжээний мөнгийг төлж чадахгүй учраас 1 дүгээр хорооллын байрыг хасаад уг байрыг тус банк 70.000.000 төгрөгөөр үнэлснийг хасаад 180.000.000 төгрөгийг авахаар захирал Б.Баясгалантай тохиролцсон болно. Уг мөнгөнөөс миний бие 1 төгрөг ч захиран зарцуулаагүй нь үнэн болно гэжээ.

Хариуцагч Д.Б, П.С нар шүүхэд ирүүлсэн болон П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Пүрэвжав овогтой Содномцэрэн миний бие Пүрэвжав овогтой Наранцэцэгийн төрсөн дүү ба 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хүн болох Д.Б бид хоёр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо баян соёмбо хотхон 65-в-41 тоот дахь 54,27 м.кв 2 өрөө орон сууцаа итгэмжлэл хийж зээлийн барьцаанд тавиулсан.

Уг зээл авахаас өмнө Хаан банканд 150.000.000 төгрөгийн бизнесийн зээлний барьцаанд тавиулж байсан. Тухайн үед Голомт банкинд зээлийн барьцаанд тавих гэж байхад хэдэн төгрөгөнд манай орон сууцыг үнэлж, хэдэн төгрөгийн зээл авч байгааг мэдээгүй.

Иймд бидний орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү. Бид энэ зээлээс мөнгө төгрөг авч хэрэглээгүй болно. Бид өмнө нь зээлийн барьцаанд тавиулж байсан болохоор итгэсний үндсэн дээр итгэмжлэл хийж зээлийн барьцаанд тавиулсан болно.

Банк манай байрыг 81.400.000 төгрөг гэж үнэлээд тултал нь зээл олгосон байгаа, ингэж зээл олгох хэрэгтэй байсан юм уу. Би өөрөө бас ийм ажил хийж байсан. Зээлдэгч нарыгаа сайн судлахгүй их хэмжээний зээл олгосныг гайхаж байна. Зээл олгохдоо П.Нийн Хаан банкны дансны хуулгыг ашигласан байдаг гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ГХХК нь хариуцагч П.Н, П.А, Д.Б, П.С, А.Пнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 319.696.373,32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ГХХК, хариуцагч /зээлдэгч/ П.Н, П.А нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2505105075 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

            1. Зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003085 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

            2. Зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004047 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 52,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

            3. Иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030944 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот хаягт байрлах, 54,27м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

4. Иргэн Б.Пын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207002318 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, ЗГ2505105075 дугаартай Зээлийн гэрээ, ЗГ2505105075-1, ЗГ2505105075-2, ЗГ2505105075-3 дугаартай Ипотекийн гэрээнүүд, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөнгө шилжүүлсэн баримт, ГХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-39-р хуудас /

Дээрх зээлийн гэрээгээр ГХХК нь 250.000.000. /хоёр зуун тавин сая/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч П.Н, П.А нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 10-16-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

            Мөн дээрх зээлийн барьцаанд зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот, 4 өрөө орон сууц, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот, 2 өрөө орон сууц, иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот, 2 өрөө орон сууц, иргэн Б.Пүрэвжавын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот, 2 өрөө зэргийг барьцаалан ЗГ2505105075-1, ЗГ2505105075-2, ЗГ2505105075-3 дугаартай гэрээнүүдийн зүйл болон Ипотекийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

ГХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 10-16, 35, 36-р хуудас, 37-р хуудасны ар талын нүүр/

Дээрх гэрээнд заасан үүргээ ГХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч П.Н, П.А нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний нөхцлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлээ бага багаар төлж байгаад 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлээ огт төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 104-106-р хуудас/

Талуудын хооронд байгуудагдсан Зээлийн гэрээний 5.2.-т Дараах тохиолдолд Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй.

5.2.1.-т Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй,

5.2.9.-д Энэ гэрээний 2.12.-т заасан нөхцлийг онцгой нөхцөл гэж үзэх бөгөөд зээлдэгч тухайн зүйлд заасан үүргээ зөрчсөн, ... /тус гэрээний 2.12.-т Зээлдэгч энэхүү зээлийг зориулалтын дагуу дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд: зээлийг энэхүү гэрээний 2.1.3-т заасан зориулалтын дагуу ашиглана, нийт орлогын 50%-иас дээш Голомт банкны дансаар дамжуулж байх/ ... зэрэг тохиолдолд

банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 13-р хуудас/

Зээлдүүлэгч ГХХК-нь зээлдэгч П.Н, П.А нарыг дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2019 оны 3 дугаар сарын 26, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, удаа дараа шаардсаар байхад зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардан, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. /хх-ийн 1-3, 10-16, 51-53-р хуудас/

Өөрөөр хэлбэл зээлдэгч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч анхааруулж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх үндэслэлээр зээлийн гэрээнээс татгалзан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа /хүү 26.363.962 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 2.809.367,74 төгрөгөөр/ нэмэгдүүлсэнийг хангах үндэсгүй байна. /хх-ийн 114-р хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч /зээлдэгч/ П.Н, П.А нар нь ЗГ2505105075 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 235.715.415,70 төгрөг, зээлийн гэрээний хүүд 51.363.289 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.444.338,87. төгрөг, нийт 290.523.043,57 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч /зээлдэгч/ П.Н, П.А нараас зээлийн гэрээний үүрэгт 290.523.043,57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ГХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.173.329,75 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч П.С, Д.Б, А.Пнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан ипотекийн гэрээ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой. Энэ зорилгоор хариуцагч П.С, Д.Б, А.Пнарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дээрх зээлийн гэрээний барьцаанд байршуулж уг хөрөнгүүдийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлтэй нийцэж байна. /хх-ийн 21, 25, 32-р хуудас/

Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон барим бичиг /гэрээ/ үйлдэж хуульд заасан журмын дагуу барьцааг бүртгүүлсэн гэж үзнэ.

Иймд хариуцагч П.Н, П.А нар нь зээлийн гэрээний дагуу дээрх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.

Мөн ГХХК-ийн гүйцэтгэх захирал Норихико Като нь өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд тус банкны эрсдэл хариуцсан захирал Н.Оюунхандад Голомт банкийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 257 дугаартай тушаал гаргажээ. /хх-ийн 5-7-р хуудас/

Дээрх тушаалын дагуу Н.Оюунханд нь хариуцагч П.Н нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох итгэмжлэлийг Б.Батхишигт олгосон нь хууль зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ГХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Н, П.А, П.С, Д.Б, А.Пнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Б, П.А нарыг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдэгджээ. /хх-ийн 126 р хуудас/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч Д.Б, П.А нарт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буюу тэднийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч Д.Б, П.А нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Н, П.А нараас 290.523.043,57 /хоёр зуун ерөн сая таван зуун хорин гурван мянга дөчин гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан, ГХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.173.329,75 /хорин есөн сая нэг зуун далан гурван мянга гурван зуун хорин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч П.С, Д.Б, А.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

            а.Зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003085 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 313 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

            б. Зээлдэгч П.А, П.Н нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207004047 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 77 дугаар байрны 28 тоот хаягт байрлах 52,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

            в. Иргэн П.С, Д.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030944 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 65в байрны 41 тоот хаягт байрлах, 54,27м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

г. Иргэн Б.П-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207002318 дугаартай Налайх дүүргийн 5 дугаар хороо, 75 дугаар байрны 51 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ГХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.914.381,87 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.610.565,22 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ГХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО