| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2020/00088/И |
| Дугаар | 001/ХТ2022/00358 |
| Огноо | 2022-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00358
К БХХК дахь БЭХАийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00603 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1080 дугаар магадлалтай,
К БХХК дахь БЭХАийн нэхэмжлэлтэй
“Б У Ш Ж Х” ХХК, “Н Б” ХХК-д тус тус холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,374,604,855 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярсайханы гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00603 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Б У Ш Ж Х” ХХК-иас 687,287,677 төгрөг, нотариатчийн хөлс 14,750 төгрөгийг, хариуцагч “Н Б” ХХК-иас 687,287,677 төгрөг, нотариатчийн хөлс 14,750 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К БХХК дахь БЭХАид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д заасныг баримтлан хариуцагч “Б У Ш Ж Х” ХХК, “Н Б” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох “Б У Ш Ж Х” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/379 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байршилтай, орон сууцны зориулалттай, нэгж талбарын ......./........., ................дугаар бүхий 80.000 м.кв газрыг 2.9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газар, компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмжүүдийн хамт, мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 27-06-418/70 дугаар гэрчилгээтэй, “Б У Ш Ж Х” ХХК-ийн NZS 120 маркийн 1 ком бетон зуурмагийн машиныг дуудлага худалдаагаар худалдаж, олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч К БХХК дахь БЭХА нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б У Ш Ж Х” ХХК-иас 3.594.462 төгрөгийг гаргуулан, хариуцагч “Н Б” ХХК-иас 3.594.462 төгрөгийг тус тус гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1080 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б У Ш Ж Х” ХХК-иас төлсөн 3 594 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярсайхан хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байдлыг тодруулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч талын хувьд “Зээлийн гэрээ”-ий хувьд 2015.09.14-ний өдөр 40 сарын хугацаатай, сарын жилийн 9 хувийн хүүтэй байгуулсан байдаг. Энэхүү гэрээний хувьд хариуцагч нар нь “К Б” ХХК-тай анх байгуулсан бөгөөд тухайн уед тус банк нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Харин “К Бдахь БЭХА”-тай гэрээ байгуулаагүй атал шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсан байна. Анхан шатны шүүхийн “Үндэслэх” хэсэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаал, А-97 дугаар тушаалаар “Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар “К Б” ХХК-г албадан татан буулгаж, БЭХАаар М.Адилбишийг 2019.04.08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу БЭХА нь уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй талаар дурьдсан байна. Гэтэл Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “БЭХА нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.” гэж заасан бөгөөд БЭХА нь “К Б”-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдолд бүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрх нь Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт нийцсэн байна гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2015.09.14-ний өдрийн 41 дүгээр “Зээлийн гэрээ”-ий хүүгийн тооцоолол нь илт үндэслэлгүй байх бөгөөд зээлийн хүүгийн үлдэгдэл 345,606,006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 33,987,956 төгрөг нийт 379,593,962 төгрөгийн хүүнээс хариуцагч компаний хэдэн төгрөг төлөхийг шүүхээс тодорхойлоогүй. Нэхэмжлэгчийн гаргасан хүүгийн тооцоолол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг талууд харилцан тохиролцоогүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа нь илт хууль зөрчсөн байна. Иймд шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн илт үндэслэлгүй зээлийн гэрээний хүү 379,593,962 төгрөгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
5. Нэхэмжлэгч К БХХК дахь БЭХА нь хариуцагч “Б У Ш Ж Х” ХХК, “Н Б” ХХК-д холбогдуулан тус бүрээс нь зээлийн үүрэгт 687,287,677 төгрөг, нотариатын зардал 29,500 төгрөг нийт 1,374,604,855 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч тус бүрээс 687,302,427 төгрөгийг адил тэнцүү гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015.09.14-ний өдрийн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулж, уг гэрээгээр “К Б” ХХК нь 1,000,000,000 төгрөгийг, сарын 0.75 хувийн, жилийн 9 хувийн хүүтэй, 2019.02.14-ний өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлэх, “Б У Ш Ж Х” ХХК, “Н Б” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн, “К Б” ХХК нь 2015.10.12-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг “Б У Ш Ж Х” ХХК-ийн шилжүүлсэн байна. /хх-ийн 29-32, 41-44-р тал/
Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “Б У Ш Ж Х” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байршилтай, орон сууцны зориулалттай, нэгж талбарын ......./........., ................дугаар бүхий, 80,000 м.кв газар, компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмжүүдийн хамт, мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, 27-06-418/70 дугаар гэрчилгээтэй, NZS 120 маркийн, 1 ком бетон зуурмагийн машиныг барьцаалжээ. /хх-ийн 34-39-р тал/.
Зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан журмын дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг харилцан тохиролцсон, хариуцагч нар үндсэн зээлд 5,018,606 төгрөг, зээлийн хүүд 31,068,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 533,500 төгрөг, нийт 36,620,599 төгрөгийг төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. БЭХА нэхэмжлэл гаргах эрхтэй талаар шүүх Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч нь зээлийн хүүгийн тооцооллыг шүүх буруу дүгнэсэн гэж гомдол гаргахдаа хэрхэн буруу тооцсон үндэслэлийг заагаагүй, гэрээний 3.1.3-т нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирсон байх тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй байв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1080 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 2,056,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ