| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 187/2017/0062/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 101
2020 1 21 2020/ДШМ/101
Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхболд,
шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Ариунаа,
шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Л.Ганчимэг,
шүүгдэгч Ч.Ч, У.Ж нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.О даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, Ч.Ч, У.Ж, шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нарт холбогдох 201526020982 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц овгийн Чын Ч, 1990 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, /РД:/,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;
2. Б овгийн Цны О, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ... сум, .. дугаар баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;
3. Р овгийн Т-ын Б, 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:.../,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
4. У овгийн Ж, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны тоотод оршин суух, /РД:.../,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /Queen/ Күйн баарны орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Амгалан, Т.Тэмүүлэн нарыг алгадах, цохих зэргээр амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Самсунг маркийн гар утас, бугуйн цаг, савхин куртика, пүүз, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж 385.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч У.Ж нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон байранд нэвтэрч Э.Одбаярын эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.Ч нь ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Уурхайчны 4 дүгээр гудамжны 8 тоотод байрлах И.Ганбазарын эзэмшлийн гражид хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, агуулахад нэвтэрч 1.175.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ц.О, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, У.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цагаангууд овгийн Чулуунбатын Ч, Булнай овгийн Цагаанчулууны О, Равдан овгийн Тамжавын Б, Ухаанууд овгийн Ундралын Ж нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, Цагаангууд овгийн Чулуунбатын Чыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд, Ухаанууд овгийн Ундралын Жийг “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч, Ц.О нарыг тус тус 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, У.Ж нарыг тус тус 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Чыг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жийг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чт оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.От оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Т.Бд оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч У.Жөд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ч.Чын урьд цагдан хоригдсон 313 хоног, шүүгдэгч Ц.О, Т.Б нарын цагдан хоригдсон 97 хоног, шүүгдэгч У.Жийн цагдан хоригдсон 120 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Жөөс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Одбаярт, шүүгдэгч Ч.Чаас 1.175.000 төгрөг гаргуулж хохирогч И.Ганбазарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заажээ. Миний бие Т.Б Күйн гэх бааранд орохоосоо гарах хүртэл дээрмийн үйл ажиллагаа хийх санаа зорилго агуулаагүй. Хэргийн газар очоод хохирогчийг алгадсан бөгөөд халаасыг нь ухаагүй, хувцас, пүүзийг нь өмсөөгүй байдаг. Энэ хэргийг дахин хянан шалгаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ч.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний цагдан хоригдсон хоногийг буюу 2015 оны 7 дугаар сарын 8-наас 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх нийт 92 хоногийг дутуу бодсонд гомдолтой байна. Миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, дутуу бодсон 92 хоногийг нэмж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч У.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн хулгайн хэрэг болон 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө үйлдсэн дээрмийн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Би тухайн үед найз Оыг хүнд зодуулсан гэдгийг мэдээд найзыгаа өмөөрч энэхүү гэмт хэргийг үйлдэх болсон бөгөөд гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч нарын эд зүйлийг дээрэмдсэн нь миний буруутай үйлдлээс болсон учир үүнийг одоо ойлгож маш их гэмшиж , буруугаа ухамсарлаж байна. Миний бие 1990 онд төрсөн, одоо 29 настай, эхнэр, 1 нас 9 сартай хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Мөнхтуяа нь хүүхдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Мөн өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй эх минь бид нартай хамт амьдардаг юм. Би барилгын туслах ажилтан хийж ар гэрээ тэжээн тэтгэж явсан. Энэхүү гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэгт огт холбогдоогүй бөгөөд цаашид хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ажил хийж заавал төлж барагдуулна. Дээрмийн гэмт хэргийн хохирогч нарт эд зүйлийн буцаан өгсөн, хохирол төлбөргүй байдаг. Иймд миний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон засарч хүмүүжих, ар гэрээ тэжээх, хохирлоо төлөх боломж олгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Ариунаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд “Хэдийгээр шүүгдэгч нар нь өөрийн найз Ц.Оыг зодсон хүмүүстэй хамт байсан хүмүүс гэж андууран хохирогч нарыг барьж авч зодсон байх ба энэ гэмт хэрэг санаа зорилгын хувьд танхайрах гэмт хэргийн шинжгүй, хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй хэдий ч хохирогч нарт гэмтэл тогтоогдоогүй тул хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэж Т.Бы хохирогч нарыг зодсон үйлдлийг дүгнэсэн атлаа үүнийгээ үгүйсгэж тогтоолын 13 дугаар хуудсанд “Шүүгдэгч нар нь зодох явцдаа хохирогч нарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Шүүхийн эхний дүгнэлт үндэслэлтэй болох нь хохирогч Б.Мөнх-Амгалангийн “...2 залуу орж ирээд цуг суучих уу сул ширээ алга гээд бид хоёртой хамт суусан. Тэгээд тэр хоёртой танилцсан чинь нэг нь Болдоо, нөгөөх нь Хашаа гэж хэлж байсан. Баарны гадаа үүдэн дээр тамхи татаад зогсож байхад тэнд зогсож байсан хүнтэй муудалцаж байснаа цохингуут нь би очоод боль гээд салгасан чинь нөгөө цохиулсан хүн нь хамраас нь цус гараад баар луу буцаж орсон. Тэгээд 3-4 хүнтэй хамт буцаж гарч ирэхэд манай ширээнд хамт сууж байсан хоёр залуу хойшоо зам хөндлөн гараад зугтаачихсан. Бид хоёр усан оргилуурын хажууд баригдсан. Намхан халзан футболкатай хүн нь би та нараас хариугаа авна гээд нүүр лүү цохиж авсан. Цэнхэр яактай, цагаан футболкатай ах нь наад пүүзээ тайл гээд өөрийнхөө пүүзийг надад өгөөд миний пүүзийг авсан. Энэ үед Тэмүүлэнгийн утас, цагийг бас авч байсан. Тэгээд манай найзыг зоддог хоёр найзыгаа олоод энэ найзынхаа утас руу залгаад эд нарыгаа аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон Тэмүүлэнгийн “...Бид хоёрыг нөгөө ширээнд хамт суудаг хоёр хүүхэдтэй хамт явж байсан гээд зодсон. Тэр ширээнд хоёр хүүхэд өөрсдийгөө Болдоо, Хашаа гэж байсан. Тэр бүдүүн ахыг цохидог нь Болдоо гэж байсан. Ээлжилж ирж цохиж байгаад нөгөө хоёрыгоо олж ирээд чи өөрийнхөө утас руу залгаад юмнуудаа ав гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон талаар: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, хохирогч, гэрчүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан таньж олуулах ажиллагаа хийгээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчин урьд нь бие биенээ огт танихгүй хүмүүс байтал зөвхөн хувцасны өнгөөр яллагдагч нарыг хэн ямар оролцоотой талаар хохирогч, гэрч нараас тулгаж хөтөлж мэдүүлэг авсан байх ба шүүх уг хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.
Уг зөрчлийг арилгуулахаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт хүсэлт, шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт, шүүх хуралдаан дээр нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй билээ.
Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар: Хохирогч Б.Мөнх-Амгалангийн “Б гэх залуу ирээд миний нүүр лүү нэг алгадчихаад цаашаа Тэмүүлэн рүү явсан чинь О ирээд намайг савхин куртикээ тайл гэж тайлуулж аваад байж байтал Ч гэх залуу ирээд чи пүүзээ тайл гээд би тайлахгүй гэсэн чинь нөгөө залуу тайлахгүй бол ална шүү гээд байхаар нь би пүүзээ тайлж өгсөн чинь өөрийнхөө пүүзийг тайлж өгөөд миний пүүзийг өмссөн. Тэгтэл Ж гэх залуу ирээд миний элгэнд гараараа 2-3 цохиод, найзын чинь гар утсыг авчихсан байгаа манай найзын хамрыг цохисон залуугаа олж найзынхаа утас руу залгаж ярьж ирээд эд зүйлсээ аваарай гэж хэлчихээд цаашаа бөөнөөрөө яваад өгсөн юм” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.Тэмүүлэнгийн “Ж гэх залуу намайг бариад Б гэх залуу миний хамар луу толгойгоороо нэг удаа мөргөөд би доошоо нүүрээ гараараа хаагаад тонгойсон чинь миний нуруу руу 1-2 удаа өшиглөсөн юм. Тэгтэл Баярбаатар гэх залуу нь миний гарнаас татаад нөгөө залуучуудаас холдуулаад чамайг одоо цохиулахгүй гээд байж байхад Ж гэх залуу нь намайг нааш ир гэж дуудаад миний халаасыг ухаж байгаад гар утас, цаг, гэрийн түлхүүр зэргийг аваад маргааш нөгөө найзыгаа олж ирээд энэ утас руугаа залгаж байгаад ирээд эд зүйлсээ аваарай гэж хэлчихээд яваад өгсөн юм. Б нь намайг нэг удаа мөргөсөн, Ж нь намайг элэгдэж цохиод байсан, бусад нь намайг цохиж зодоогүй. Миний эд зүйлсийг Ж л авсан” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Б нь өөрийн найз болох Оыг бусдад зодуулсан байхад нь өмөөрч хохирогч Б.Мөнх-Амгаланг нэг удаа алгадсан, хохирогч Т.Тэмүүлэнг нэг удаа нүүр лүү нь мөргөсөн, нуруу руу нь өшиглөсөн харин эд зүйлийг нь аваагүй талаар мэдүүлсээр байхад дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэн 3 жилийн хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулсан байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед гэмтэл учраагүй, эд зүйлд хохирол учраагүй атал яагаад Т.Бд ийм ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Шүүх Т.Быг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Л.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.От шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Миний хувьд Ц.От холбогдох хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Иймд надад гаргах санал хүсэлт байхгүй. Ц.От оногдуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Ч.Ч, У.Ж нарын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч У.Жийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Дээрмийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. У.Ж 1 нас 9 сартай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй эхнэрийн хамт амьдардаг. Өмгөөлөгчийн зүгээс У.Жийн гаргасан давж заалдах гомдолыг дэмжиж байна. Ч.Ч эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байгаа. Гэхдээ шүүхээс цагдан хоригдсон хоногийг зөв тоолсон гэж үзэж байна” гэв.
Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ хэргийг 5 жил гаруй хугацаанд шалгасан. А.Ариунаа өмгөөлөгч удаа дараа хүсэлт гаргасан. Тухай бүрт нь прокурорууд хүсэлтийг хангаж байсан. Шүүхээс хэрэг буцахдаа шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг бүрэн хийгээд дууссаны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн үйл явдлыг харсан 2 гэрч байдаг. Эдгээр гэрч нар нь тухайн хүмүүсийг ямар хувцастай, ямар үйлдэл хийснийг бүгдийг нь мэдүүлдэг. Гэрч Даваасүх нь өөрөө цагдаа дуудаад, тэр хүмүүс хаашаа ороод, ямар үйлдэл хийснийг мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Шүүгдэгч Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /Queen/ Күйн баарны орчим насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Амгалан, Т.Тэмүүлэн нарыг алгадах, цохих зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, Самсунг загварын гар утас, бугуйн цаг, савхин куртика, пүүз, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Мөнх-Амгалангийн “...намхан халзан цэнхэр футболктой хүн /Ц.О/ нь “би та нараас хариугаа авна” гээд миний нүүр рүү цохиж авсан. Тэгэхэд хажуунаас нь нэг цагаан футболктой, цэнхэр яактай /Ч.Ч/ нь бас ирж цохиж авсан. Тэмүүлэн цаахан талд зогсож байхад тэд нар бас барьж аваад цохиод байсан. ...цэнхэр яактай, цагаан футболктой /Ч.Ч/ нь “чиний халаасанд чинь юу байна” гэхэд нь “би юу ч байхгүй” гэхэд миний өмдний бүх халаас руу гараа хийж үзсэн. Юу ч байхгүй болохоор нь “наад пүүзээ тайл” гэхэд нь би тайлахгүй байсан чинь цагаан футболктой, гадуур нь саарал ноосон цамцтай, шорттой /Т.Б/ нь ирэнгүүтээ алгадаж аваад “наадахаа тайлаач” гэхээр нь би өөрийнхөө өмсөж байсан цэнхэр өнгийн 2К4 нэртэй NIKE пүүзээ тайлж өгсөн чинь тэр цэхнэр яактай нь /Ч.Ч/ өөрийнхөө өмсөж байсан цэнхэр пүүзийг тайлж өгсөн. Би бас дээгүүрээ богинохон эрэгтэй хүний савхин куртиктэй байсныг нөгөө хамар руугаа цохиулдаг /Ц.О/ нь “тайл” гэхээр нь тайлаад өгсөн чинь шууд аваад өмсчихсөн. Миний юмнуудыг авч байх үед Тэмүүлэнгийн утас, цагийг бас авч байсан. ...” /1хх 36-37/,
хохирогч Т.Тэмүүлэнгийн “...Надад үзүүлсэн этгээдүүдийн зургийг харлаа. 5 дахь залуу буюу цээж нүцгэн зургаа авахуулсан Ж гэх залуу нь намайг бариад 4 дэх залуу буюу ногоон шорттой Б гэх залуу нь миний хамар руу толгойгоороо нэг удаа мөргөөд, би нүүрээ гараараа хаагаад доошоо тонгойсон чинь миний нуруу руу нэг нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгтэл Ж гэх залуу нь намайг “нааш ир” гэж дуудаад миний халаасыг ухаж байгаад гар утас, цаг, гэрийн түлхүүрийг аваад явсан. ...” /2хх 76/,
гэрч Х.Даваахүүгийн “...хоёр залууг таван залуу бариад тавуулаа зам дагуу байсан моднуудын тэнд харанхуй газар аваачаад зодоод байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Би тэд нарыг холоос харж байхад эхлээд тэр хоёрыг зодож байснаа сүүлдээ тэр хоёрын пүүзийг тайлуулаад, утсыг нь аваад савхин куртикыг нь аваад байсан” /1хх 43/,
гэрч М.Дашпунцагийн “...шөнийн 01 цагийн үед дуудлага ирсэн. ...Төв зам руу орсон чинь 5 залуу хажуугаар өнгөрч байсан юм. Тэгэхэд нь эд нар байж магадгүй гэж бодоод машинаасаа буугаад тэр хүмүүсийг зогсооход цаад талаас нь нөгөө дуудлага өгсөн залуу нь ахаа наад хүмүүс чинь гэж хэлэхэд тэр 5 залуу шууд урагшаа байрнууд дундуур ороод зугтаасан. Тэгэхээр нь хойноос нь хөөж байгаад зугтааж байсан залуучуудын нэгийг нь бариад авсан. Дээрэмдүүлсэн гэсэн 2 залууг болон нөгөө зугтааж байгаад баригдсан нэг залууг суулгаад Өнөр хорооллын байрнууд дунд явж байхад нөгөө зугтаасан 4 залуу нь байрны дундаас гараад ирсэн. Тэд нарыг дуудахад өөрсдөө хүрээд ирсэн. Анх баригдсан залуу нь зодуулсан залуугийн савхин куртикийг нь өмсчихсөн байсан, сүүлд баригдсан хүмүүсийн нэг нь тэр хоёрын нэгийх нь пүүзийг солиод өмсчихсөн, бас гар утас, цагийг нь авчихсан байсан” /1хх 40/ гэх мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч У.Ж нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 17 тоот орон сууцны цонхоор нэвтэрч Э.Одбаярын эзэмшлийн эд зүйлийг хулгайлж 3.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Одбаярын “...гражид автомашинаа тавьж байхад манай эхнэр гэрт хулгай орсон байна, хурдан хүрээд ир, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би гэртээ орж ирээд эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд манай эхнэрийн 2 хос пүүз, миний 2 хос пүүз, эхнэрийн монетан ээмэг 3 хос, охины ээмэг 1 хос, монетан бөгж 1 ширхэг, монетан гинж 1 ширхэг, эмэгтэй хүний цаг 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, кулоны хамт, нөүтбүүк зэрэг эд зүйлүүд алдагдсан. Харин дараа нь эд зүйлүүдээ дахин бүртгэж үзэхэд Адидасын эмэгтэй хүний бор өнгийн цүнх, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Охины гацуур дээр байсан 3 ам.доллар, 10000 төгрөг зэрэг зүйлүүд манайхаас алдагдсан. ...” /2хх 31-32/,
гэрч М.Уянгын “...манай гэрт 2015 оны 12 дугаар сарын 25-ны орой 17 цаг 30 минутаас 18 цаг 45 минутын хооронд хулгай орж, том өрөөний жижиг ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй, хойд талын граж руу харсан жижиг өрөөний цонх онгорхой байсан. ....” /2хх 23/ гэх мэдүүлгүүд,
мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Жийн “2015 оны 12 дугаар сарын 25-ны согтуу явж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 64 дүгээр байрны 17 тоот айлын цонхыг хөшиж ороод 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 11/, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх 5/, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /2хх 28/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ч нь ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Уурхайчны 4 дүгээр гудамжны 8 тоотод байрлах И.Ганбазарын эзэмшлийн гражийн хаалганы цоожийг гараараа татаж онгойлгон ороод 1.175.000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны тэжээлийн ган утас, гагнуурын утас зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч И.Ганбазарын “2018 оны 5 дугаар сарын 26-ны өглөөний 9 цагийн орчим засварын газар дээрээ очоод ажиллах гэхэд манай засварын газар дотор байсан цахилгааны тэжээлийн зэс утас, гагнуурын утас зэрэг эд зүйлс алга болсон байсан. Улмаар би сахиул Д.Лхагвасүрэнг дуудаж уулзахад тэрээр “Орой шөнийн 00 цагийн орчим танай хойд талын хашаанд байх Баяраа /Ч гэх/ үл таних нэг залуутай хамт ирж худгаас чинь ус авъя гэж хэлээд засварын газар дотор байх худгаас ус авахаар дотогшоо орсон
бөгөөд тэр хоёрыг орсны дараа тог тасарсан. Тухайн үед би тог цаанаасаа тасарсан гэж бодон тоогоогүй бөгөөд тог ирэхгүй удаад байхаар нь засварын газар луу орж харахад цахилгааны шийд унтраасан байсан. Тухайн үед би цахилгааны утас алдагдсан талаар мэдээгүй” гэж надад хэлсэн.” /3хх 18/,
гэрч Д.Лхагвасүрэнгийн “Намайг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим гражны урд талд байх пиндээ байж байхад манай эхнэр Дарьсүрэнгийн төрсөн дүү Ч.Ч нэг үл таних залуутай хамт цэнхэр өнгөтэй усны савтай ирээд надаас “Танай худгаас ус авах гэсэн юм” гэж хэлэхэд би та 2 өөрсдөө ороод авчих гэж хэлсэн. Ч.Ч болон үл таних залуутай хамт граж руу ус авахаар орсоны дараа манай цахилгаан тасарсан бөгөөд би бодохдоо “Тог тасарчихсан байх” гэж бодоод тоогоогүй өнгөрсөн юм. Миний санаж байгаагаар Ч.Ч нь тэр үл таних залуутай хамт явсны дараа тог ирэхгүй удаад байхаар нь би граж руу ороход цахилгааны шийдийг унтраасан байсан.” /3хх 31/,
гэрч Н.Анхныбаярын “Би 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим засварын газар ирэхэд хойд талд байх айл гэрэлтэй байсан бөгөөд тус хашаанаас шатсан кабель үнэртэж байсан” /3хх 25/,
гэрч Р.Батсайханы “2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн орчим засварын газраас цахилгааны утас алдагдсан болохыг мэдээд энэ талаар И.Ганбазарт мэдэгдсэн” /3хх 26/ гэх мэдүүлгүүд,
мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чын “...би гэртээ архи ууж байгаад буцаж гараад Уурхайчин хороололд байдаг авто граж руу дахин ирээд хаалганых нь цоожийг гараараа татаж онгойлгоод дотогш орж гагнуурын аппаратанд залгаатай байсан хар өнгөтэй цахилгааны утсыг төмөрт хөшиж татаж байгаад салгаж авсан. Мөн газарт шалан дээр сул тавьсан байсан саарал өнгөтэй цахилгааны утсыг аваад гражаас гарч гэрийнхээ гадаа очиж хальсаж шатаагаад зэсийг нь гаргаж авсан” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 9/, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 12/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /3хх 13/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ч.Ч, Ц.О,Т.Б, У.Ж нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Жийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Чыг бусдын эзэмшлийн гражид нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Ж, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Ч, Ц.О нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, У.Жөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял тус тус оногдуулж,
У.Жөд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.Чт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч У.Жийн гаргасан “...хэргийг дахин хянан шалгаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү...”, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, шүүгдэгч Ч.Чын гаргасан “...цагдан хоригдсон хоногийг дутуу бодсон тул дутуу бодсон 92 хоногийг нэмж өгнө үү....” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан нь хуульд нийцнэ.
Түүнчлэн, шүүгдэгч У.Ж, Ч.Ч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хангасан байна.
Мөн Ч.Ч, Ц.О нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.3 дахь заалтыг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ч, Ц.О, Т.Б, У.Ж нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг, У.Жийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хуульд нийцсэн байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 518 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ч.Чыг 14 хоног /1хх 53/, мөн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 518а дугаартай шүүгчийн захирамжаар 48 хоног /1хх 55/, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 518б дугаартай шүүгчийн захирамжаар 30 хоног /1хх 58/ тус тус цагдан хоригдсон байх бөгөөд дээрх 92 хоногийг цагдан хоригдсон хоногт оруулж тооцсон байна.
Харин шүүгдэгч У.Жийн цагдан хоригдсон хоногийг тооцоход 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 92 хоног, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 40 хоног, нийт 132 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 120 хоног гэж дутуу тооцсон байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, Ч.Ч, У.Ж, шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч, Ц.О нарыг тус тус 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, У.Ж нарыг тус тус 3 жилийн хорих ялаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ч, Ц.О нарыг тус тус 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б, У.Ж нарыг тус тус 3 жилийн хорих ялаар...” гэж,
- 5 дахь заалтад “...шүүгдэгч У.Жийн урьд цагдан хоригдсон 120 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэснийг “....шүүгдэгч У.Жийн урьд цагдан хоригдсон 132 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, Ч.Ч, У.Ж, шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ