Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч С.Батгэрэл,

Насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ч.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /1476/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйл аюуш овогт Чулууны Баярсайханд холбогдох эрүүгийн 201626022458 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарь фрезерчин  мэргэжилтэй, “Энх Орд Эрдэнэс” ХХК-д өрмийн машины мастераар ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, СВД 3 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, МЮ73032913 регистрийн дугаартай,  Бэйл аюуш овогт  Чулууны Баярсайхан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Баярсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, СВД 3 дугаар байрны 40 тоотод өөрийн дагавар хүү хохирогч О.Хатантөмөрийн толгойн тус газар нь төмөр лантуугаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баярсайхан мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд нийт 1,800,000 төгрөг өгсөн гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Хатантөмөрийн мэдүүлсэн:

Би гомдол саналгүй. Миний биеийн байдал гайгүй байгаа. Хичээлдээ явж байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгийн мэдүүлсэн:

Манай хүү одоо мэдрэлийн эмчийн хяналтанд байгаа. Эмчилгээ хангалттай хийгдсэн гэж эмч хэлсэн. Гэхдээ тархи толгойны гэмтлийн хор уршиг хожуу илэрдэг гэж байсан. Баярсайхан өмнө нь хүүхэддээ гар хүрч байгаагүй. Бид хоёрын дунд маргах зүйл байсан. Баярсайхан улирлын чанартай ажил хийдэг. Байнга архи уудаггүй. Би явуулын ажил хийдэг. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Хойшид гарах эмчилгээний зардалаа баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Баярсайханы яллагдагчаар өгсөн:

“... Хатантөмөрийг  айлгах санаатай, уг гар утсыг эвдлэх гэж байгаа юм шиг харагдах санаатай гаднаас юм хийж байсан төмөр лантуугаа оруулж ирээд, уг утсыг нь орон дээр тавьчихсан байхад нь хоёр талд нь хоёр удаа хий цохиход, сүүлийн цохилтон дээр манай хүү миний ард зогсож байгаад хажуугаар орж ирээд, утсаа авах гэж байгаад толгойруугаа цохиулчихаад, толгойноос нь цус гараад, би байрныхаа дээд давхарт байдаг Отгонсүрэнгийнд орж түргэн тусламж дуудаад өг гэж хэлчихээд, гэр рүүгээ орсон... гэмтлийн эмч үзээд манай хүүгийн тархи нь цөмөрчихсөн байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Хатантөмөрийг санаатай цохисон зүйл байхгүй, санамсар болгоомжгүй л цохичихсон. Уг хэрэг их хурдан болж өнгөрсөн. Би лантууг далайгаад цохиж байхад л Хатантөмөр миний ар талаас зүүн суган доогуур ороод цохиулчихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/  

           

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөрийн өгсөн:

“... аав намайг “гар утсаа өгч байдаа” гэхээр нь найз Оюун-Эрдэнийн гар утсыг аваад өгсөн чинь аав “энэ чиний утас биш байна” гээд уурлахаар нь би сандарсандаа “миний утас мөн” гэж хэлсэн чинь аав “би утас мэднэ, энэ чиний утас биш байна” гэж уурлаад, гарч яваад, харанхуй өрөөнөөс төмөр лантуу барьж орж ирээд, яахаараа надад худлаа яриад байдаг юм бэ? гээд шал руу нэг удаа, ор руу нэг удаа лантуугаараа хий цохьчихоод, дахиад ор руу цохих гээд далайхад нь орон дээр Оюун-Эрдэний утас байсан ба уг утсыг цохих гэж байхаар нь би утсыг амжаад шүүрч авах гэж байгаад аавын ор руу цохиж байсан лантуун доогуур нь ороод, толгойн баруун дээр орой хэсэг рүүгээ цохиулчихсан...Би гар утсаа ломбарданд тавьчихаад аавдаа Оюун-Эрдэний гар утсыг өөрийнхөө гар утас мөн гэж хэлсэн чинь худлаа ярилаа гээд л уурлаад намайг айлгах гээд л хий лантуугаар цохиж байхад нь, хий цохилтонд нь Оюун-Эрдэний гар утсыг оногдох гэж байхаар нь би өөрөө авах гэж дундуур нь ороод л цохиулчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгийн өгсөн:

“... 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 08 цаг 30 минутад ажилдаа яваад ажил дээрээ цэвэрлэгээ хийж хоночихоод байж байтал өглөө 09 цагийн үед манай нөхөр Баярсайхан над руу залгаад “Хатантөмөр урьд шөнө Саппорогоос гэр рүүгээ ирж яваад хүнд зодуулчихсан байна, гэмтлийн эмнэлэгт би сахиж хонолоо, одоо гайгүй санаа зоволтгүй” гэж ярьсан. Би ээлжээ ирэхээр очино гэж бодоод ээлжээ хүлээгээд байж байтал манай байрны Отгонсүрэн надруу утсаар залгаад чи гэмтлийн эмнэлэг дээр хурдан очоорой, хүүхэд чинь бие нь муу, гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн, би гэмтлийн хүлээн авах дээр нь хүргэж өглөө гэж ярьсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очиход миний хүү гавалын яс цөмөрсөн оноштойгоор гавал тархины тасагт хэвтсэн байсан...миний ойлгосноор Баярсайхан Хатантөмөрийг санаандгүй цохисон байсан. Хатантөмөрийн яриагаар бол Оюун-Эрдэний гар утсыг Баярсайхан лантуугаар цохих гэж байхад нь дундуур нь ороод л цохиулчихсан гэж ярьсан ...уг асуудлаас болоод Баярсайханаас салсан, Баярсайханаас эмчилгээний зардалд 1 сая төгрөг авсан, Хатантөмөрийн эмчилгээ бүрэн хийгдэж дуусаагүй, цаашид гаргах зардлыг Баярсайханаар гаргуулах саналтай байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюун-Эрдэний өгсөн:

“... 2016 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед байсан байх манай Баянгол дүүргийн 20 дугаар хороо СВД 3 дугаар байрны 1 дүгээр давхарт амьдардаг найз манай Хатантөмөр манай гэрт орж ирээд, намайг утсаа түр өгч байгаач гээд миний LG жи-3 маркын гар утсыг гуйгаад аваад гарсан юм. Тэгээд тэрнээс хойш 1 цагийн дараа байх Хатантөмөрийн аав нь болох Баярсайхан ах орж ирээд, түргэн тусламж дуудаад өгөөч гэсэн юм. Манай аав Баярсайхан, ээж Отгонсүрэн хоёр Баярсайхан ахын араас нь гэррүү нь орсон. Би бас араас нь Баярсайхан ахын гэррүү ортол Хатантөмөр толгойгоо гараараа барьчихсан толгойноос нь цус гараад, толгой  гар нь цус болчихсон орныхоо хажууд газар сууж байсан. Тэгээд би Хатантөмөрын орон дээр нь миний утас байхаар нь авч гараад, өөрийн 95634544 дугаарын гар утаснаас 103 дугаарын утсанд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонсүрэнгийн өгсөн:

“...2016 оны 9 дүгээр сарын 08 орой хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Би гэртээ нөхөр Баярсайхан охин Оюун-Эрдэнэ нарын хамт байж байтал манай хаалгыг нэг хүн хүчтэй нүдсэн. Манай охин хаалга онгойлгож өгтөл Баярсайхан түргэн дуудаад өгөөрэй, би Хатантөмөрийг цохьчихлоо гэж хэлчихээд буцаад гүйгээд яваад өгсөн. Манай нөхөр охин хоёр түрүүлээд Баярсайханы араас яваад, би араас нь Баярсайханы гэрт нь орход Хатантөмөр толгойгоо алчуураар дарчихсан, толгойн баруун дээд хэсгээс нь цус гарчихсан орон дээрээ сууж байсан. Тэгээд би Батсайхан мөн үү? гараач чи түргэн дуудаж ирээч гэхэд Баярсайхан яанаа яанаа гээд л сандраад гүйгээд байсан...би Баярсайханы Хатантөмөрийг зодож гэмтээж байсан талаар харж байгаагүй ”...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нямсүрэнгийн  өгсөн:

“...Баярсайхан тэр шөнө нь над руу утсаар яриад өөрийн хүү Хатантөмөртэй утаснаас болж муудалцаад хүүгийнхээ утсыг цохих гэж байгаа дүр үзүүлэх гэж байтал Хатантөмөр дундуур ороод цохиулчихлаа, одоо гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, би яах учраа олж чадахгүй байна, хүрээд ирээч гэж ярьсан... Би тухайн үед очиж чадалгүй маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр очиход Хатантөмөрийг хагалгаанд оруулна гэж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №13063 дугаартай:

            1. Хатантөмөрийн биед зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархи дарагдал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, хуйхны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх зулай ясны цөмөрсөн ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

         4. Цаашид гавал тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна ...”  гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

- Хохирогч О.Хатантөмөрийн эмчилгээний 672,080 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөрийн нас тоолсон тухай “О.Хатантөмөр нь гэмт хэрэг үйлдэгдэх үед арван зургаан нас, арван нэгэн сар долоо хоногтой байсан” гэх тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,

- Хохирогч О.Хатантөмөрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 62-74 дүгээр хуудас / болон,

шүүгдэгч Ч.Баярсайханы хувийн байдалтай холбоотой:

мөрдөн байцаалтад гэрч П.Цэцэгбалын өгсөн:

“... Би 6 хүүхэдтэй юм. Баярсайхан айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. ... Баярсайхан нь Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр сургуулийн  8 дугаар ангийг 1989 онд төгсөөд налайх дүүргийн Мэргэжил сургалтын төвд токер презирчин мэргэжлээр 1991 онд төгсөөд, Сэлэнгэ аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт засварын цехийн гагнуурчнаар ажиллаж байгаад 1993 оноос эхлэн хувиараа түүхий эд авдаг бизнес хийж байсан ба ... одоогоор Баярсайхан нь гүний худгийн компанид өрмийн мастер хийдэг. Баярсайхан зан байдлын хувьд их цайлган сэтгэлтэй хар буруу санаа байхгүй, хүн их тусархуу, тамхи татдаг архи уудаг эсэхийг н мэдэхгүй байна. миний хажууд бол архи дарс хэрэглэж байгаагүй. Баярсайхан нь жаахан огцом ууртай, нэг уурлаад л зүгээр болчихдог бусдад хар буруу санаад байдаггүй хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар  хуудас/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/,

- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 53/,

- Фрезерчний мэргэжлийн зэргийн үнэмлэхийн хуулбар /хх-н  /,

- Энх Орд Эрдэнэс ХХК-ийн тодорхойлолт /хх-н 58/,

  - Ч.Баярсайханы “АСАП” сангийн лавлагаа /хх-н 59-61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Ч.Баярсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, СВД 3 дугаар байрны 40 тоотод өөрийн дагавар хүү хохирогч О.Хатантөмөрийн толгойн тус газар нь төмөр лантуугаар цохиж,  бие махбодид нь зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархи дарагдал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, хуйхны язарсан шарх бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь:

           

           Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Баярсайханы мэдүүлсэн “... Хатантөмөрийг  айлгах санаатай, уг гар утсыг эвдлэх гэж байгаа юм шиг харагдах санаатай, гаднаас юм хийж байсан төмөр лантуугаа оруулж ирээд, уг утсыг нь орон дээр тавьчихсан байхад нь хоёр талд нь хоёр удаа хий цохиход, сүүлийн цохилтон дээр манай хүү миний ард зогсож байгаад хажуугаар орж ирээд, утсаа авах гэж байгаад толгойруугаа цохиулчихсан ...  гэмтлийн эмч үзээд манай хүүгийн тархи нь цөмөрчихсөн байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

        

           насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөрийн мэдүүлсэн“... орон дээр Оюун-Эрдэний утас байсан ба уг утсыг цохих гэж байхаар нь би утсыг амжаад, шүүрч авах гэж байгаад аавын ор руу цохиж байсан лантуун доогуур нь ороод, толгойн баруун дээр орой хэсэг рүүгээ цохиулчихсан ... Би гар утсаа ломбарданд тавьчихаад аавдаа Оюун-Эрдэний гар утсыг өөрийнхөө гар утас мөн гэж хэлсэн чинь худлаа ярилаа гээд л уурлаад намайг айлгах гээд л хий лантуугаар цохиж байхад нь, хий цохилтонд нь Оюун-Эрдэний гар утсыг оногдох гэж байхаар нь би өөрөө авах гэж дундуур нь ороод л цохиулчихсан. Одоо гомдол саналгүй ... гэх,

            насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгийн мэдүүлсэн “... Баярсайхан Хатантөмөрийг санаандгүй цохисон байсан. Хатантөмөрийн яриагаар бол Оюун-Эрдэний гар утсыг Баярсайхан лантуугаар цохих гэж байхад нь дундуур нь ороод л цохиулчихсан гэж ярьсан. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Хойшид гарах эмчилгээний зардалаа баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилнэ ...” гэх мэдүүлгүүд,

          мөрдөн байцаалтад гэрч Б.Оюун-Эрдэний өгсөн “... 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед ... Хатантөмөр манай гэрт орж ирээд, намайг утсаа түр өгч байгаач гээд миний LG жи-3 маркын гар утсыг гуйгаад аваад гарсан.  Тэрнээс хойш 1 цагийн дараа байх Хатантөмөрийн аав нь болох Баярсайхан ах орж ирээд түргэн тусламж дуудаад өгөөч гэсэн ... Баярсайхан ахын гэр рүү ортол Хатантөмөр толгойгоо гараараа барьчихсан толгойноос нь цус гараад, толгой гар нь цус болчихсон орныхоо хажууд газар сууж байсан ...” гэх,

          гэрч Д.Отгонсүрэнгийн өгсөн “... 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орой ... Баярсайхан түргэн дуудаад өгөөрэй, би Хатантөмөрийг цохьчихлоо гэж хэлчихээд, буцаад гүйгээд явсан ...  Баярсайханы гэрт нь ороход Хатантөмөр толгойгоо алчуураар дарчихсан, толгойн баруун дээд хэсгээс нь цус гарчихсан, орон дээрээ сууж байсан ...” гэх,

 

          гэрч Н.Нямсүрэнгийн өгсөн “... Баярсайхан тэр шөнө нь над руу утсаар яриад өөрийн хүү Хатантөмөртэй утаснаас болж муудалцаад хүүгийнхээ утсыг цохих гэж байгаа дүр үзүүлэх гэж байтал Хатантөмөр дундуур ороод цохиулчихлаа одоо гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна би яах учраа олж чадахгүй байна хүрээд ирээч гэж ярьсан... би тухайн үед очиж чадалгүй маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр очиход Хатантөмөрийн хагалгаанд оруулна гэж байсан”... гэх мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн №13063 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөрийн Гэмтэл согог судлалын гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Ч.Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Баярсайхан хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөр болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ талаар маргаагүй учир шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Баярсайханд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Баярсайханд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.               

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 294, 297, 298, 299,  дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Бэйл аюуш овогт Чулууны Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярсайханыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Баярсайханд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Насанд хүрээгүй хохирогч О.Хатантөмөр болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Баярсайханд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр лантууг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Баярсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ