Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 142/2020/00372/И |
Дугаар | 001/ХТ2022/00360 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00360
“,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Орхон салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
Зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү, нийт 5,389,335.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбат, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн батлан даалтын гэрээний үүрэгт 5,389,335.47 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 461 дүгээр зүйлийн 461.1-д заасныг баримтлан хариуцагч Сайхан овогт ,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,наас 3,663,465.72 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,725,870.47 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,179.37 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамж 73,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хаянхярваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 78 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Шүүхээс магадлалын үндэслэлээ: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг тухайн үед өөрийн ирээдүйд авах цалингаа барьцаалан цалингийн зээл авсан байхад түүний ах ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр, мөн батлан даалтын гэрээ давхар байгуулж үүрэг хүлээлгэсэн нь буруу болжээ гэж тайлбарласан. Шүүх цалингийн зээлд хамтран хариуцагч батлан даалтын гэрээ байгуулж болохгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу, нэг талыг барьж тайлбарласан хэрэг болсон. Яагаад гэвэл хувийн байдалтай салшгүй холбоотой гэдэг агуулга нь илүү өргөн ойлголт буюу энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Энэхүү харилцаа нь зээлийн гэрээний харилцаа бөгөөд хуулиар зээлд түүний үүргийг батлан даахыг хориглосон зохицуулалт байхгүй. Мөн шүүх зээлдэгчийн хүсэл зоригийг үл хүндэтгэн нэг талыг барьсан тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх банкийг зээлээ буцаан авах боломжгүй буюу зээлдэгч нь нас барсан үндэслэлээр хохироод үлд гэсэн агуулгаар тайлбарлах нь ёс зүйд нийцэхгүй бөгөөд нэг талыг барилгүйгээр харилцагчид хэрэгтэй үед нь зээл олгосон банкны эрх ашгийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Гэрээний харилцааг талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулдаг. Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь цалин орлого олох боломжгүй буюу нас барсан учир зээл төлөгдөх боломжгүй болж дуусгавар болсон.
4.2. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус зээлийг ашиглаагүй гэж тайлбарлах боловч банктай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, батлан даалтын гэрээний 4.1-д “Энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр буюу үүрэг гүйцэтгэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл хангагдсанаар дуусгавар болно” гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталж, батлан даалтын гэрээ байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад түүний гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы авах цалин байна. Харилцагч банкнаас зээл авч зээлээ өөрийн цалингаараа төлөх талаар харилцан тохиролцсон. Банк энэхүү зээлийг зээлдэгч ямар нэгэн байдлаар төлөх боломжгүй болох нөхцөлийг тодорхойлж үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож батлан даалтын гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь мөн батлан даагч болохоо хүлээн зөвшөөрч банктай гэрээ байгуулсан. Хуульд батлан даалтын гэрээ байгуулахыг хориглосон зохицуулалт байхгүй. Зээлийн гэрээ бүрт зээл нь банкны “Цалингийн зээл” төрлийн бүтээгдэхүүн болох талаар тодорхой заасан байна. Бусдын цалингийн зээлийн гэрээнд банкны шаардлагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан явдал нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, төлбөр төлөгч гэж үзэх үндэслэл биш. Ирээдүйд авах хөдөлмөрийн хөлсөөр төлбөр хийхээр банктай тохиролцсон зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг тухайн цалинг авдаггүй этгээдэд хамруулах боломжгүй учир банк батлан даалтын гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилсэн.
4.3. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан учир банк зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон этгээд байхгүй үндэслэлээр батлан даалтын гэрээний 2.1-д “Батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч, ,,,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017.12.14-ний өдөр байгуулагдсан ЗГ4025101493-Б тоот цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 4,065,789.67 төгрөгийн зээл, үүний дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно” гэж заасны дагуу батлан даагчаас төлбөрийг шаардаж буй хэрэг юм. Иргэний хуулийн 460, 461 дүгээр зүйлд батлан даагчийн хариуцлага болон эрх, үүргийн талаар заасан. Банк ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай 2017.12.14-нд байгуулсан БГ4025101493-Б тоот гэрээний 3.1 болон 3.2-т батлан даагчийн үүрэг хариуцлагын талаар тодорхой зааж өгсөн. Өв залгамжлах хөрөнгө байхгүй учраас өв залгамжлал тогтоогоогүй гэдэг тайлбараа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, анхан шатны шүүх хуралд хэлсэн. Банкны хувьд өв залгамжлах үл хөдлөх хөрөнгө байгаагүй учраас өв залгамжлал тогтоогоогүй тул батлан даагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хариуцна гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т энэ талаар заасан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан батлан даалтын гэрээнд ч энэ талаар тодорхой заасан байдаг. Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Орхон салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн батлан даалтын гэрээний үүрэгт 5,389,335.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 3,663,465.72 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,725,870.47 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2016.04.07-ны өдөр ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1,300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй цалингийн зээл, 2017.02.16-ны өдөр үлдэгдэл зээл дээрээ нэмж 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, 2017.12.14-ний өдөр 2,065,789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2,000,000 төгрөг, 36 сарын хугацаатайгаар нэмэлт зээлийн гэрээ байгуулж, хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагчаар оролцсон. 3Г4025101493 тоот зээл нь 2020.01.31-ний өдрийн байдлаар 599 өдрийн хугацаа хэтэрсэн, үндсэн зээл 3,663,465.72 төгрөг, хүү 1,647,057.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,812.12 төгрөг байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч нь зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 5,389,335.47 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 101,179.37 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэнд,
хариуцагч “...2018.09.17-ны өдөр “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас миний талийгаач болсон дүүгийн минь нэр болон намайг оролцуулан 4,607,240.35 төгрөгөөр банкийг хохироосон тул даруй түргэн шийдэж өгнө үү гэсэн нэхэмжлэл ирж байсан. Шат шатны шүүх хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж тус банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-аас 5,490,514.84 төгрөгийн нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан байна. ... “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, миний ямар тоот дансанд мөнгө шилжүүлж миний бие хэзээ, ямар байдлаар захиран зарцуулсан тухайг нотлох шаардлагатай байх... Би “Хас банк” ХХК-д цалингийн зээлтэй. Гэтэл зээлийн төлөв байдлаа харахаар “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ХХК-д 3,663,465.72 төгрөгийн зээлтэй байна гэсэн мэдээллийг шууд оруулаад ирсэн байдаг. Банк хэнээр өр төлүүлэх вэ гэдгээ тогтоолгохын тулд нэхэмжлэл гаргасан. Цалингаас өөр орлогогүй миний эрхийг шууд зөрчсөн... Би тус банкнаас зээл хүссэн болон хүсэлтээ шийдүүлсэн, миний нэр дээрх дансанд зээлийн мөнгө орсон, тухайн мөнгийг шууд хэрэглэсэн тохиолдол үгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон батлан даалтын гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2018.06.02-03-нд шилжих шөнө нас барсан болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон этгээд байхгүй үндэслэлээр батлан даалтын гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталж зээлдэгч буюу нэхэмжлэгчтэй батлан даалтын гэрээ байгуулсан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Харин зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсон буюу зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг мөн дуусгавар болсон, түүнийг нас барсны дараа хуулийн дагуу өв нээгдэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдох хуулийн хугацаа болоогүй зэрэг шалтгаанаар зээлийн гэрээний төлбөр хугацаандаа төлөгдөөгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч буюу батлан даагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчаар зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг нас барсан өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх үндэслэлгүй юм.
10. Гэтэл давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр байхад энэ талаар огт дүгнэхгүйгээр “... анхан шатны шүүх хариуцагчаар зээлийн гэрээний үндсэн үүрэг 3,663,465.72 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд нийцээгүй, нэхэмжлэгч нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг тухайн үед өөрийн ирээдүйд авах цалингаа барьцаалан цалингийн зээл авсан байхад түүний ах ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр, мөн батлан даалтын гэрээ давхар байгуулж үүрэг хүлээлгэсэн нь буруу...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
11. Учир нь, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы үүрэг дуусгавар болох нь хамтран зээлдэгч буюу батлан даагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д хамааралгүй буюу түүний үүрэг дуусгавар болохгүй юм. Түүнчлэн, хариуцагч нь зээлийн болон батлан даалтын гэрээний аль алинд нь (сайн дурын үндсэн дээр) гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчээс батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
12. Иймд, “...Зээлдэгч нас барсан учир зээл төлөгдөх боломжгүй болж гэрээний үүрэг дуусгавар болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы байгуулсан батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр байгаа... Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-ийн дагуу банк зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нас барсан, түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон этгээд байхгүй тул батлан даалтын гэрээний 2.1-д заасны дагуу батлан даагчаас төлбөрийг шаардаж буй юм. Иргэний хуулийн 460, 461 дүгээр зүйлд батлан даагчийн хариуцлага болон эрх, үүргийн талаар заасан, гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
13. Хариуцагч өөрийн дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ы зээлийн гэрээний үүргийг “батлан дааж” гэрээ байгуулсан тул “тухайн зээлийг аваагүй, захиран зарцуулаагүй” гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нь уг маргаанд ач холбогдолгүй юм.
14. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 73,565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ