Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2020/00488

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

 02 сар      07  р                                               184/ШШ2020/00488

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД:/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Их тойруу

Хариуцагч: А овогт Э.Х /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Баянхошуу дүгээр гудамж, тоот

Хохиролд 12,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.А, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                          

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Хүдэрмөнх” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн өдрөө “Х” ХХК-ийн захирлын №85/18 дугаартай тушаалаар авто засварчнаар ажилд орсон. Э.Х тус компанийн “А” засварт засварчнаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн Ланд круйзер 200 маркийн 19 УББ улсын дугаартай автомашины тосыг сольж байхдаа цаасан маслын шүүрний тогтоогч гол төмрийг унагасныг анзаарахгүй боосноос машин асахад маслын шүүрт өндөр даралд өгч цаасан маслын шүүр нь мушгираад масло нь эргэх боломжгүй болж мотор нь цохиж эвдэрээд ашиглах боломжгүй болсон тул мотор худалдан авч сольж өгөхөөс өөр аргагүй болсон. Улмаар ажилтан Э.Х-ийн буруугаас үйлчлүүлэгчийн автомашинд учирсан хохирлыг арилгахаар “Х” ХХК нь иргэн Г.Х гэх хүнээс 14,000,000 төгрөгөөр мотор худалдан авч, бусад сэлбэг хэрэгслийг байгууллагаас гаргаж, хоёр хүнд 3,000,000 төгрөгийн хөлс төлж засварлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК нь ажилтан Э.Х-тэй “Хохирол барагдуулах тухай” баримт үйлдэж 14,500,000 төгрөгийн хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 29 сарын хугацаатай сар бүр 500,000 төгрөг төлүүлэхээр тохиролцсон, хохирол барагдуулах хугацаанд Э.Х өөрийн нэр дээрх автомашиныг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Ш.Е-ийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэв. Төлбөр төлөлтийн 5 дахь сараас эхлэн цалингийн зээл авах эрх үүсэх боломжтой болсон тохиолдолд цалингийн зээлээр барагдуулж болно” гэсэн баримт үйлдсэн. Гэвч Э.Х нь тохиролцсон ёсоор өөрийн нэр дээрх автомашинаа захирал Ш.Е-ийн нэр дээр шилжүүлээгүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 2,400,000 төгрөг цалингаасаа суутгуулаад 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс ажлаа хаяаад явсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 20-нд 50,000 төгрөг төлсөн.

Иймд Э.Х нь хөдөлмөрийн гэрээ байгуулан “Х” ХХК-д ажиллаж байхдаа ажлын алдаа дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулсан тул үлдэгдэл 12,050,000 төгрөгийг Э.Х-ээс гаргуулж “Х” ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Х” ХХК-ийн хороолол салбарт байрлах “А” засварт засварчнаар ажиллаж байх үедээ 19 УББ улсын дугаартай V8 дизель хөдөлгүүртэй цагаан өнгийн Land Cruiser 200 маркийн автомашины моторын тосыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр солих үед машины эзэн Б гэх залуу миний дэргэд байсан бөгөөд шүүрний гол гарч ирээгүйг нүдээрээ харсан. Гол гарч ирээгүй гэдгийг би анхааруулж хэлсэн. Машины эзэн ямар ч тайлбар хэлээгүй шинэ масло, шүүр надад авч өгөөд би маслыг сольж дуусаад машиныг өргөгч рүү оруулан шпилк сольсон. Ингээд масло, хойд дугуйны шпилкийг солиод ахлах механикч Н.Б-тэй хамт шалгаж үзээд явуулсан. Машины эзэн ахлах механикч Н.Б-ын сайн найз нь бөгөөд өдөр нь ирээд ажил ихтэй байх үед хүлээж байгаад орой ээлж солигдох үед надаар солиулсан. 19 УББ улсын дугаартай Land Cruiser 200 маркийн автомашины эзэн 3 хоногийн дараа ирж найз Н.Б-тэй уулзаж Төв аймгийн Заамар сум руу явж байгаад мотор цохисон гээд машинаа авч ирсэн. Ингээд “А” засвар дээр ахлах механикч Н.Б машиныг өргөж байх зуур машины эзэн шүүрний голыг тосны тосгуураас оллоо гэж ирсэн. Н.Б машиныг буцаан буулгаж тэр хоёр яаж засах талаар ярихаар гарч явсан. Уг сервис өглөө орой бүр цэвэрлэгээ хийдэг, тосгуур болон ойр орчинг тогтмол цэвэрлэдэг бөгөөд анх солиход байсан шүүрний гол олдох үндэслэлгүй худал зүйл гэж үзэж байна. Ахлах механикч Н.Б компани руу утсаар ярьж Их засаг салбар руу автомашиныг авч явахаар болсон. Би Н.Б-ээс юу болсон талаар асуухад санаа зовох зүйлгүй, ажлаа хий би зохицуулна гэж хэлээд явсан. Уг машин юунаас болж эвдэрсэн ямар засвар орох, мөн ямар нэг техникийн дүгнэлт мэдээлэл надад өгөөгүй. Улмаар 9 хоногийн дараа “Х” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Е намайг дуудаж Г.Х гэх хүнээс 14,000,000 төгрөгөөр мотор авсан. Чи байгууллагад 14,500,000 төгрөгийн хохирол учруулсан үүнийг төл гэсэн. Миний зүгээс төлөх боломжгүй, миний буруу биш гэдгээ хэлэхэд цалингаас суутгахаар хохирол барагдуулах баримт үйлдэн албадан гарын үсэг зуруулсан. Цалингаас албан хүчээр мөнгө авдаг бөгөөд зарим тохиолдолд суутгаж авсан мөнгөний баримт өгдөггүй байсан ба удаа дараа ерөнхий нягтлан бодогч Ж.Б-ээс нэхэхэд угаасаа хасагдсан шаардлагагүй гэдэг байсан. Уг машины эзэн н.Б, ахлах механикч гэх Н.Б, мотор зассан Г.Х болон компанийн удирдлагууд бүгд бие биенийгээ таньдаг түншүүд. Иймд нэхэмжлэлийн шаардлага 12,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.    

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Э.Х-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа  байгууллагад учруулсан хохирол 12,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, компанийн захирлын мөн өдрийн 85/18 дугаар тушаалаар  “А” засварын газрын Үйлчилгээний албанд засварчнаар ажилд орж, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ажиллаж байсан тухайд талууд маргахгүй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч нь ажилтны цалинг тогтмол 300,000 төгрөг, тос сольсны 3 хувь, ажлын хөлсний 20-30 хувийг нэмж өгөх, хөдөлмөрийн нөхцөл хэвийн байхаар тохиролцжээ. /хх-ийн 7,11/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч /ажилтан/-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үйлчлүүлэгчийн 19 УББ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашины мотор цохисон, моторыг солиход гарсан зардлыг төлүүлнэ гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ миний буруугаас болсон нь тогтоогдоогүй байхад шууд тулгаж цалингаас 2,400,000 төгрөг суутгасан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Хэргийн үйл баримтын тухайд хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 УББ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашины моторын тосыг сольсон байх бөгөөд тосоо солиулснаас хойш тодохой хугацааны дараа автомашины мотор цохисон, нэхэмжлэгч нь иргэн Г.Х-ээс моторыг 14,000,000 төгрөгөөр худалдан авсан байна.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Х” ХХК-ийн захирал Д.Е-ээс Г.Х-д моторын үнэ 14,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, талуудын тайлбараас үзэхэд мотор нь цохисон 19 УББ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, сольсон гэх мотор нь 2013 оных болох нь тогтоогдсон.

Тосыг сольсноос хойш  хэдий хугацааны дараа автомашины мотор цохисон тодорхойгүй,  мотор цохисон шалтгаан нөхцлийг тогтоосон акт үйлдээгүй, хохирлын  үнэлгээ хийлгээгүйгээс байгууллагад хэдий хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгүүдэд  ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Хуулийн дээр дурдсан зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа хохирол учруулсан нь тогтоогдох, мөн ажилтны буруутай үйл ажиллагаанаас уг хохиол учирсан байхыг шаардаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.4 дэх хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлуудыг, мөн ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан  хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг тусгайлан заагаагүй, ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй байна.

“Х” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 147/18 дугаартай “Хохирол барагдуулах тухай” гэх агуулгатай тушаал  нь  ямар баримтыг үндэслэсэн, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж байгаа эсэх, цалингийн хэдэн хувийг суутгаж байгаа нь тодорхойгүй тул хариуцагч Э.Х-ийг уг хохирлыг хүлээн зөвшөөрсөн, төлөх тухай харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд “Х” ХХК-ийн хариуцагч Э.Х-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохирол 12,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага уг шийдвэрийн дагуу хариуцагчаас 2,400,000 төгрөг суутган авсан, мөн ажилтны сарын цалингийн хэмжээ дунджаар 500,000 төгрөг байдаг тухайд талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Х-ээс 12,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 207,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.БАТСҮХ