Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2020/00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.А--ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: "ЭХҮҮТП" ОНӨААТҮГ-т холбогдох,

            Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны авах ёстой цалинд 5 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-нд хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбат,     Г.Болор-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Амгалан, гэрч А.Анхзаяа,  А.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                       

Нэхэмжлэгч  Э.А-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа:  Э.Ар нь 2017 оны 02 дугаар сарын 10-наас эхлэн тус газарт дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2018 оны 04 дүгээр сард жирэмсний амралтаа авсан. Ингээд хүүхэд харах хүнтэй учраас 2018 оны 11 дүгээр сараас ажилдаа орох хүсэлтийг байгууллагадаа гаргасан. Энэ үед байгууллагын дарга нь орон тоо байхгүй гэсэн шалтгаан хэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг зөрчиж өөр хүнийг ажиллуулсан байсан. Ингээд 2019  оны 06 дугаар сарын 05-нд  Б/15 тоот тушаал гаргаж Э.А-г ажилд нь томилсон ба 06 дугаар сарын 10-нд Б/17 тоот тушаалаар олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Ингээд ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс астма өвчин нь хүндэрч эмчид үзүүлэн өвчтэй байсан бөгөөд 09 дүгээр сарын 19-нийг хүртэл эмчлүүлэх шаардлагатай болж эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг  нөхөр Х.Г байгууллагадаа хүргүүлсэн.

Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 07-нд шалтгаангүйгээр ажил тасалсан гээд өвчтэй байх хугацаанд нь 2019 оны 09 дүгээр сарын 17-нд ажлаас нь халсан байна. Бид энэ талаар дээд шатны албан тушаалтан  болох Нийслэлийн Засаг дарга, өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Ингээд бид нийтдээ 3 удаа нэхэмжлэлээ шүүхэд гаргасан бөгөөд 2 удаа хүлээн авахаас татгалзсан. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 19-нд нэхэмжлэлээ гаргаснаар иргэний хэрэг үүсгэн шалгасан. Одоо нэхэмжлэгч Э.Ариунтуяа нь урьд эрхэлж байсан олон нийт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан  2019 оны 09 дүгээр сарын 17-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг тооцон гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулах, 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос ажилд томилсон 2019 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэл 7 сарын аваагүй цалинд 5 750 000 төгрөг нэхэмжилж байна.

Э.Ариунтуяаг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон, тушаалдаа ажлаас чөлөөлсөн үндэслэлээ заагаагүй. Дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлаас олон нийт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд томилохдоо хэдийгээр цалин ижил ч өөрөөс нь саналыг нь асуугаагүй шууд томилсон,  шинээр хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй.

Хэрэгт байгаа хөдөлмөрийн гэрээ нь шинээр томилогдсон ажилтай нь хамааралгүй байна.  Хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажлын байрны тодорхойлолт ч байхгүй үед ажилтныг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн хувьд эмчийн магадлагаатай байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн учраас тушаал буруу болсон гэж үзэж байна.  Нэхэмжлэгч нь 5 750 000 төгрөгийг 7 сарын хугацааны аваагүй цалин гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн нэхэмжилж байгаа.  Иймд  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Амгалангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 07-нд ажилдаа орох хүсэлтээ гаргасан юм. Гэвч тухайн үед өөрийнх нь гүйцэтгэж байсан ажилд байгууллагын өмнөх даргын тушаалаар А.Анхзаяаг жинхэнэ ажилтнаар томилсон байсан хүндрэл гарсан тул Э.А-г ажилд нь шууд томилох боломжгүй байсан юм. Нэхэмжлэгч 7 сарын хугацааны  авах ёстой байсан цалинд 5 750 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 17-нд нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул үндэслэлгүй байна. Э.А нь нялх хүүхэдтэй гэдгийг байгууллага ойлгож мэдэж, түүнд хүлээцтэй хандаж байсан.

Э.А нь 2019 оны 06 дугаар сард 77 минут, 07 дугаар сард 238 минут, 08 дугаар сард 618 минут ажлаас хоцорч ажлын цагийг тасалсан байгаа нь цаг бүртгэлийн төхөөрөмжийн бүртгэлээр нотлогдож байгаа. Энэ талаар удирдлагаас өөрт нь сануулж, 2019 оны 08 дугаар сард олгох цалингаас нь дотоод журмын дагуу хасч тооцон цалинг нь олгосон байдаг. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 07-ныг хүртэл ажлын 5 өдөрт л гэхэд 75 минут мөн л хоцорсон бүртгэлтэй байсан.  Мөн өдөр нь хагас сайн өдөр байсан боловч Засгийн газрын тогтоолоор ажлын өдөрт шилжүүлсэн байсан. Бүх ажилчид өглөө ажилдаа ирсэн, Э.А ч ирж цагаа бүртгүүлсэн атлаа тус өдөр ажлын байран дээрээ байгаагүй, ажлаа огт хийгээгүй гараад явсан  нь нэг өрөөнд хамт ажилладаг гэрч А.Анхзаяа, А.Гантулга нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайн үед манай байгууллагад архивын улсын үзлэг хийх гээд ажил маш ихтэй байх үед ажлаа тасалж алга болсон.  2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 19-нийг хүртэл хугацаанд эмнэлэгийн магадлагаатай байсан гэдэг, энэ магадлагааг 16-ны өдөр л авчирч өгсөн. Уг нь өвчтэй байгаа бол эмчийн магадлагааг аль эрт байгууллагадаа авчирж бүртгүүлэх ёстой. Эмнэлэгийн магадлагааг хуурамч гэж үзэж байна.  Өвчтэй байсан гэх өдрүүдэд буюу 2019 оны 09 дүгээр сарын 10-нд Э.Ариунтуяа нь Ховд аймгийн Булган сумын нутагт байгаа талаараа хамт ажиллаж байсан хүмүүст фэйсбүүкээр бичлэг явуулж байсан.

Э.Ань Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчлийг гаргасан.  Хөдөлмөрийн дотоод журмын  7.4,  хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т заасныг зөрчсөн учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон.

Э.А-г гадаад харилцааны мэргэжилтнээр томилохдоо хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, цалин хөлс нь ижил, гол нөхцлүүд нь ижил учраас заавал шинээр байгуулах шаардлагагүй. Өмнөх хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд үйлчилж байсан гэж үзэж болно. Ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч "ЭХҮҮТП" ОНӨААТҮГ-т холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 07-нд ажилдаа орох хүсэлт гаргаснаас  хойш ажилд эгүүлэн томилсон 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 5 250 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь үл зөвшөөрч, ажилтан Э.А нь 2019 оны 09 дүгээр сарын 07-нд ажилдаа ирсэн боловч ажлаа хийгээгүй бүтэн өдөр ажил тасалсан, 09 дүгээр сарын 09-нөөс 19-нийг хүртэл хугацаанд эмнэлэгийн магадлагаа байгаа ч үүнийгээ хугацаанд нь ирүүлээгүй, уг эмнэлэгийн хуудас нь  хуульд нийцээгүй, хуурамч баримт,  2019 оны 06 дугаар сард 77 минут, 07 дугаар сард 238 минут, 08 дугаар сард 618 минут тус тус ажлаас хоцорсон зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 7.4, хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т заасан хөдөлмөрийн гэрээг зогсоох ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон, байгууллагын даргын Б/35 тоот тушаал хууль үндэслэлтэй,  авах ёстой байсан цалинд 5 250 000 төгрөг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Э.А нь 2017 оноос эхлэн "ЭХҮҮТП" ОНӨААТҮГ-т дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 07-нд хүүхэд асрах чөлөөний хугацаагаа үргэлжүүлэхгүйгээр ажилдаа орох  хүсэлтийг ажил олгогч байгууллагад гаргасны дагуу хариуцагч байгууллагаас түүнийг 2019 оны 06 дугаар сарын 05-нд дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажилд нь  томилсон байна. Үүний дараа ажил олгогч нь 2019 оны 06 дугаар сарын 10-нд Э.А-г олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр  буюу өөр ажилд шилжүүлэн томилсон байх бөгөөд уг ажлыг гүйцэтгэж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгджээ.

Дээрх үйл баримт нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 тоот, 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/17 тоот Э.А-г ажилд эгүүлэн томилох, ажилд түр томилох тухай тушаалууд, мөн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Э.Ариунтуяа болон хариуцагч байгуллагын хооронд  2017 оны 02 дугаар сарын 10-нд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 01302926 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

Хэрэгт Э.А-ийн хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд асрах чөлөө олгуулах тухай хүсэлт, ажил олгогчоос уг хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр зэрэг баримтууд авагдаагүй ч  нэхэмжлэгч Э.Ариунтуяаг  хүүхэд төрүүлсэн, хүүхэд асрах чөлөөтэй байсан, түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 07-нд ажилдаа орохоор хүсэлт  гаргаж байсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Ажил олгогч байгууллага нь Э.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35  тоот “ Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т заасныг тус тус үндэслэн  олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагч байгууллага нь дээрх  нэхэмжлэгч Э.А-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ заагаагүй байх бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ нотолж хөдөлмөрийн дотоод журам, хавсралтууд, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "ЭХҮҮТП" ОНӨААТҮГ-ын нийт ажилчдын хурлын протокол, Э.А-ийн ажлын цаг ашиглалтын талаарх  илтгэх хуудас, шүүхээс үзлэг хийж  баталгаажуулсан 27 секундын яриа, дүрс бүхий бичлэгтэй сиди зэргийг баримтаар гарган, гэрч А.Гантулга, А.Анхзаяа нарын мэдүүлгээр гэрчлүүлэн мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 07-нд ажилдаа орохоор хүсэлт  гаргасан боловч ажил олгогч байгууллагаас уг хүсэлтийг шийдвэрлээгүйгээс 2019 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй болж авах ёстой цалингаа аваагүй байсан нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос хойш 2019 оны 02 дугаар сарын 07-ны хооронд дээрх хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжилсэн, ажил олгогчоос шаардсан баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 05-наас хойш ч энэ талаар шаардлага  гаргаагүй байна.

 Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос хойш 2019 оны 06 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд авах ёстой цалинг олгуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх ямар нэгэн баримтгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь 7 сарын хугацаанд авах ёстой байсан цалинд 5 250 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.А нь 2019 оны 09 дүгээр сарын 07-нд /энэ өдөр нь  бямба гариг байсан боловч Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 340 дугаар тогтоолоор 09 дүгээр сарын 03-ны ажлын  өдрийг  07-ны амралтын өдөрт шилжүүлсэн/  өглөө 09:39 цагт ажилдаа ирсэн нь цагийн бүртгэлээр нотлогдсон бөгөөд гэрч А.Анхзаяагийн “...Э.Ариунтуяа нь тус өдөр өглөө ажилдаа ирж бүртгүүлээд буцаад явсан байдаг, өрөөндөө орж ирж харагдаагүй учир сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр тус өдөр Э.Ариунтуяаг ажил тасалсан гэж үзэх боломжгүй.

Хариуцагч байгууллагын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нийт ажилчдын хурлаар Э.А-г 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 16-ны өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан гэж дүгнэсэн байх боловч 2019 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 19-нийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Э.А нь өвчний улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь “Энх сүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн “Эмнэлгийн магадлагаа”, 2019 оны 09 дүгээр сарын 19-нд олгогдсон  1349862 тоот эмнэлгийн хуудас зэрэг баримтаар нотлогдсон бөгөөд уг баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэх хариуцагч талын тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч байгууллагын 2018 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын захиргаанд албан ёсоор мэдэгдэхгүйгээр 1 өдөр таслах” гэсэн зөрчлийг ажилтан  гаргавал дүрмийн 7.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байх ба  хариуцагч байгууллагад  мөрдөж хэрэгжүүлдэг хурууны хээ уншдаг цаг бүртгэлийн төхөөрөмжийн  бүртгэлээр нэхэмжлэгч нь  2019 оны 06 дугаар сард  77 минут, 07 дугаар сард 238 минут, 08 дугаар сард 618 минут, 2019 оны 09 дүгээр сарын 07-ныг хүртэл хугацаанд 75 минут  тус тус ажлын цагаас хоцорсон үйл баримт тогтоогдсон,  үүнийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй байна.

Гэвч нэхэмжлэгч Э.А-г 2019 оны 06 дугаар сарын 10-нд тус газрын олон нийт, гадаад харилцааны мэргэжилтнээр буюу өөр ажилд шилжүүлэн томилсоны дагуу түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, ямар ажил үүргийг хариуцуулахаар тодорхойлсон тухай ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1., 21.7.-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасан үүргээ  зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл тус байгууллагын дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалын хувьд Э.А-тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 10-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа нь түүнийг өөр ажилд шилжүүлэн томилсноор дуусгавар болсон, энэ гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Иймд хариуцагч байгууллага нь ажилтан Э.А-тай олон нийт, гадаад харилцааны мэргэжилтний албан тушаалтай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа уг ажил үүргийг гүйцэтгүүлж байсны зэрэгцээ 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 16-ныг хүртэл ажил тасалсан, 2019 оны 06, 07, 08 дугаар саруудад, 09 дүгээр сарын 07-ныг хүртэл ажлын цагаас байнга хоцорч ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/35  тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.3., 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөрчжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай  хуулийн 24  дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээний талууд, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолтыг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 805 303 төгрөгөөр тооцож  ажилгүй байсан 2019 оны 09 дугаар сарын 16-наас  2020 оны 02 дугаар сарын 12-ныг хүртэл ажлын 103 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3 857 963 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргаж олгох нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн ажил олгогч байгууллага нь нэхэмжлэгч Э.Ариунтяаг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний  ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 857 963  төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс  7 сарын цалинд 5 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэлээ.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйли йн 46.1., 46.2.-д зааснаар  нэхэмжлэгчид олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогын данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-г "ЭХҮҮТП" ОНӨААТҮГ-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 857 963 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5 250 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад  даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон,   хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ж.БАЙГАЛМАА