Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/00327

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ё.Т-ын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Х.Б-д  холбогдох,

3 762 500  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Т, хариуцагч Х.Б,, хариуцагчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул  нар оролцов.                                               

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Т-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 07-нд хариуцагч Х.Б  нь зээлийн гэрээ байгуулаад 3 500 000 төгрөгийг авсан. Хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0,05 хувийн алданги тооцно гэж заасан. 08 дугаар сарын 07-нд төлж дуусгахаар гэрээнд заасан байсан. Би 01 дүгээр сарын 08-нд дүүгийнхээ данснаас Х.Б-ийн гэрээнд заасан ХААН банк дахь 5075359669 тоот данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Энэ мөнгийг өгсөн зорилго нь Х.Б надад Солонгос улс руу гэрээт ажилчнаар гаргах виз гаргаж өгнө гэсний дагуу би өгсөн. Хариуцагч өөрөө мөнгөө өгсөн гэдэг баталгаатай болгож зээлийн гэрээ байгуулж байгаа гээд  надтай зээлийн гэрээ байгуулсан. Би мөнгөө зээлүүлээд буцааж авах гэсэн зорилго байгаагүй. Надтай Х.Б  л уулзаж ярилцаж байсан, “Амгалан агада” гэдэг компанийг би мэдэхгүй, тус компанийн бүртгэлийн ажилтан гэж өөрийгөө эхлээд хэлж байсан. Би Х.Б-д мөнгөө өгсөн учраас түүнээс л мөнгөө нэхэмжилж байгаа. Тэгээд хугацаандаа мөнгө өгөөгүй учир  гэрээний дагуу алдангид 262 500 төгрөг нэмж нэхсэн. Би нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

 

Хариуцагч Х.Б-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би 2018 онд Бат-Амгалан гэдэг хүнтэй хамтарч ажилласан ба надад Солонгос улс руу  явуулах гэрээт ажилчдын бүртгэл хийх саналыг тавьсан. Ингээд 12 дугаар сараас нь эхэлж хүмүүсийг бүртгэж аваад ажиллагааг эхэлсэн. Тухайн үед Бат-Амгалан ах “одоо ийм хүн очно шүү, чи зээлийн гэрээ хийчих би амжихгүй байна” гээд хүмүүсийг явуулж байсан. Энэ нэхэмжлэгчийн хувьд өөрөө надтай уулзсан, маргааш нь бид нотариат дээр очиж зээлийн гэрээг хийсэн. Би тухайн үед нь “энэ зээлийн гэрээний үндсэн үүргийн дагуу үүрэг хүлээж гэрээ хийгээгүй шүү, та нарт найдвартай гэдэг үүднээс л зээлийн гэрээ хийж байгаа шүү” гэж хэлж байсан.  Өөрөө мэдэж л байгаа. 2019 оны 04 дүгээр сард гэрээт ажилчдыг Халамж үйлчилгээний төвд бүртгүүлсэн. Энэ бүртгэлд Ё.Т  орсон байсан. Ингээд 06 дугаар сард Ё.Т-ыг шалгалтанд оруулж явуулах байсан боловч амжаагүй бөгөөд 08 дугаар дахин бүртгэл болно гэж Бат-Амгалан захирал хэлсний дагуу би мөн нэхэмжлэгчид  дамжуулан хэлсэн. 08 дугаар сард бүртгэл хийгдсэн ба түүнд Тайванбаатар хамрагдсан. Бат-Амгалан захирал шалгалтанд орох шаардлагагүй, бүх зүйлийг цаанаас нь зохицуулна гэж хэлсэн. 10 дугаар сард Бат-Амгалан захирал өөрөө Тайванбаатарыг дуудаж уулзаж байсан, он гартал хүлээе гэж байсан. Тэгээд Бат-Амгалан захиралтай  12 дугаар сард, 2019 оны 02 дугаар сард  уулзсан. Бат-Амгалан захирал өөрт нь “энэ асуудал удаашралтай байна, чи яаруу гэвэл Солонгос улс руу 3 сарын дотор аяллын виз гаргаж явуулж болно” гэж хэлэхэд нь Т  “би ар гэрийнхэнтэйгээ  ярилцана” гэсэн. 3 хоногийн дараа “би явах боломжгүй боллоо, мөнгөө авъя” гэсэн. Ингээд Т  нь Бат-Амгалан захиралтай уулзсан байх. Бат-Амгалан захирал холбогдохгүй 30 орчим хоног болсон бөгөөд тэгтэл цагдаад баривчлагдсан байсан. Ингээд би нэхэмжлэгчид “чи бусад хүмүүстэйгээ хамтраад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй байх” гэдгийг хэлсэн.

Иргэн Э.Санчир, Э.Эрдэнэбулган нар мөн Т-тай ижил нөхцлөөр мөнгөө шилжүүлсэн, тэд нар цагдаад хандсан, одоо эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байгаа.

Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэг мөр цагдаагийн байгуллагад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний дансанд 3 500 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Би тэр мөнгийг шилжүүлсэн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-нд Бат-Амгалангийн данс руу шилжүүлсэн байгаа. Энэ нь дансны хуулгаар тодорхой харагдаж байна. Би уг мөгийг өөртөө авч хэрэглээгүй учраас хариуцах ёсгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас түүнд нэгтгэгдэн шалгагдаж шийдвэрлэхдэх нь зөв.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:   

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  С.Т  нь хариуцагч Х.Б-ээс Солонгос улсад гэрээт ажилчнаар ажиллах виз гаргуулахаар өгсөн 3 500 000 төгрөг, гэрээний дагуу алдангид 262 500 төгрөг, нийт 3 762 500  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Х.Б  нь “БНСУ руу гэрээгээр явуулж өгнө, баталгаа гаргаж өгөх үүднээс зээлийн гэрээ хийж баталгаажуулж өгье” гээд зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээг виз гаргуулах зорилгоор л байгуулсан нь үнэн, гэрээний дагуу 3 500 000 төгрөгийг дүү Ё.Азжаргалын данснаас Х.Б-ийн зээлийн гэрээнд  бичсэн данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан.

Хариуцагч  Х.Б   нь  “Амгалан агада” ХХК-ийн бүртгэлийн ажилтнаар түр ажиллаж байхад захирал Г.Бат-Амгалан “одоогоор зуучлалын гэрээ байхгүй тул бүртгүүлж буй хүмүүстэй түр зээлийн гэрээ байгуул” гэсний дагуу Ё.Т-тай зээлийн гэрээг байгуулсан, миний данс руу 3 500 000 төгрөг шилжүүлснийг тэр өдөр нь би Г.Бат-Амгалан захирлын данс руу шилжүүлсэн.

Солонгос улс руу гэрээт ажилчин бүртгэх бүртгэл нь хойшилсонг нэхэмжлэгчид хэлэхэд он гартал хүлээе гэсэн, мөн 3 сарын аяллын виз санал болгоход гэрийнхэнтэйгээ ярилцъя гэсэн. Үүнтэй яг адил шаардлагаар цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа учраас би нэхэмжлэлийг хариуцахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг үл зөвшөөрөн маргаж байна.

Нэхэмжлэгч Ё.Т  нь БНСУ руу гэрээт ажилчнаар явахын тулд тус улсад оршин суух зөвшөөрөл гаргуулах зорилгоор 3 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, ингэхдээ баталгаа болгож зээлийн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлэг, хариуцагч Х.Б-ийн ХААН банк дахь 5075359669 тоот дансны хуулга, талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д  зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

Гэтэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д зааснаар талууд хэлцлийн гол нөхцлийн талаар буюу дээрх зээлийн гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 3 500 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн зээлүүлсэн, хариуцагч нь тодорхой хугацааны дараа уг мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн  гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч БНСУ-д амьдрах, оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулахаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул  талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Х.Б  нь гадаадад ажиллах хүч гаргах, оршин суух зөвшөөрөл олгох ямар нэгэн эрхгүй, боломжгүй атлаа БНСУ руу гэрээт ажилчнаар явах, оршин суух зөвшөөрөл /виз/ гаргаж өгөхөөр нэхэмжлэгээс 3 500 000 төгрөгийг авсан нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдаагүй зээлийн гэрээний  хариуцлагад 262 500 төгрөгийн алданги  нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч тал нь иргэн Э.Эрдэнэбулган, Э.Санчир нараас гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаарх эрүүгийн 201100120,  201100121 дугаартай “Хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолууд, хохирогч Э.Эрдэнэбулган, Э.Санчир нарын, гэрч Г.Бат-Амгалан, Х.Б  нарын мэдүүлгийг нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн боловч дээрх баримтууд нь нэхэмжлэлтэй хамааралгүй байна.

 Түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Монголын төлөө багшил” ТББ, Ё.Тайванбаатар нарын хооронд байгуулсан гэх “Суралцагчтай байгуулах гэрээ”-нд “Монголын төлөө багшил” ТББ-ыг төлөөлж хэн гэрээг байгуулсан нь тодорхойгүй, хэний хооронд байгуулагдсан гэрээ болох нь тодорхойгүйн дээр эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас гадаад улсад гэрээгээр ажиллахын тулд виз гаргуулах зорилгоор өгсөн 3 500 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байх тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70 950  төгрөгийг гаргуулж нэхэмжжлэгчид олгох хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Х.Б-ээс 3 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Т-т олгож, нэхэмжлэлээс 262 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                                                                                        

                            ДАРГАЛАГЧ                                 Ж.БАЙГАЛМАА