Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 07

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолтой, Г.М холбогдох 1928002550158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Г.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, “Монголын алт” ХХК-нд байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, ял шийтгэлгүй

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 16.1 дэх хэсэгт “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан заалтуудыг заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Дөлгөөн дэлгүүрийн хойд талын засмал зам дээр явган зорчигч З.Д мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Г.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч  Г.М Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Од оршуулгын зардал болон бусад хохирол төлбөрт нийт 18.600.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,  шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар  хасах ялыг  2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцсын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди-г тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Мы В, С ангиллын жолоочийн 1201954 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн 152 тоот шийтгэх тогтоолыг гардан аваад хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна. Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 34-72 ГСА улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Дөлгөөн дэлгүүрийн хойд талын засмал зам дээр явган зорчигч З.Дг мөргөж амь насыг хохирсон. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 152 тоот шийтгэх тогтоолоор Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоолгох, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлуулан хэргийг шийдвэрлүүлэх. Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргаж улмаар осол гаргасан даруй эмнэлэг цагдаа гэх мэт эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад мэдэгдэж, осолд өртсөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээг цаг тухайд  нь авсан ч эрдэнэт хүний амь нас хохирсон.

Өмгөөлөгчийн зүгээс болон Г.М хувьд энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонтой ямар нэгэн байдлаар маргаж мэтгэлцээгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэргээ тууштайгаар хүлээн мэдүүлсээр ирсэн болохыг юуны өмнө илэрхийлэн бичиж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Г.М гэм бурууг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэм буруутайг тогтоосныг өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна.

Харин шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан Г.М 2 жил 5 сарын хорих ял оногдуулсан хэдий ч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байгаа учир нь: Г.М заавал нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулснаар нийгэмших хүний нэг биш юм. Хамт олныхоо дунд нийгэмших боломжтой залуу юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан заалтын хүрээнд гомдлоо холбон тайлбарлавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй, болгоомжгүй байдлаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар үйлдсэн.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Энэ нь хэргийн 61 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6165 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Мөн хүний амь насыг санаатайгаар мөргөж хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй, анхаарал болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг анхааран үзнэ үү.

Хамт олныхоо дунд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөж, нэр хүндээ өсгөж яваа залуу боловсон хүчнүүдийн нэг, залуу эцэг, дээд боловсролтой, Экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ “Монгол алт” ХХК-нд байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байсан компанийн зүгээс Г.М гэмт хэрэгт холбогдсон гэдэг шалтаг шалтгаанаар ажлаас чөлөөлж халсан зүйл байхгүй, харин ч залуу боловсон хүчнээ шүүхээр хэрэг нь шийдэгдээд хорих ял шийтгэл оногдуулаагүй бол ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах бүрэн боломжтой, зан төлөвшил, хамт олныхоо дунд нэр хүндтэй, ажил үүргийг сайн биелүүлдэг болохыг дарга Д.Баярсайханы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 445/19 тоот ажил байдлын тодорхойлолтоор нотлогдоно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ял сонсгох байцаалтын үе, шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн мэдүүлэг өгөхдөө тухайн болсон хэрэг учралын талаар үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн.

Мөн хүний амь нас хохирсонд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хандан харамсаж буйгаа илэрхийлсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид оюутан хүүхдийнх нь сургалтын төлбөр, байрны зардал гэх мэт зардлыг бүрэн хариуцаж, дээд боловсрол эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлж, бага ч гэсэн тусламж өгөхөө харилцан ярилцаж тохиролцож мэдэгдсэн. Шүүх хуралдаанд ч энэ байдлаа илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг илүүтэйгээр анхааран үзэж өгнө үү.

Цаашид Г.М нь дахин гэмт хэрэгт холбогдохгүй явж чадах, алдсан алдаагаа ухамсарлах ухамсар төлөвшил бүрэн. Түүнд итгэл хүлээлгээд хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр шийтгэж нийгэм, хамт олон, найз нөхөд гэр бүлийнх дунд нь нийгэмшүүлэхэд эрхэм шүүгч та бүхний итгэлийг алдах хүн биш. Хувь хүнийхээ зүгээс даруу төлөв зантай, ажилч, зарчимч, муу зуршилгүй, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, гэр бүлдээ үнэнч, хайр халамжтай...зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан шүүхээс оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.М нь давж заалдах гомдолдоо “Г.М би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон улмаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 152 тоот шийтгэх тогтоолоор 2 жил 5 сарын хорих ял шийтгүүлсэн.

Г.М би  хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл биш харин оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Би анхан шатны шүүх хуралдаан болсон цагаас хойш шүүхээс хорих ял оногдуулж улмаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж өнөөдрийг хүртэл цагдан хорих байранд хоригдож байна.

Цагдан хорихоос өмнө болон хойших хугацаанд өөрт холбогдсон хэрэгтээ маш их харамсаж байгаа. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн надад оногдуулсан хорих ялыг өөрчлөн тэнсэж өгнө үү гэж хүсэж байна.

Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, маш их хичээн амьдрах ба хамт олонтойгоо мөр зэрэгцэн алхаж ажил хөдөлмөрөө эрхэлж, хохирогчийн үр хүүхдэд тусалж явахаа дахин дахин амлан илэрхийлж байна.

Мөн залуу насандаа болгоомжгүй байдлаар бусдын амь насыг хохироож, хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох миний хувийн байдалтай холбоотой нотолгоо, албан газрын тодорхойлолт, аав, ээж, ах дүү нарын минь гаргасан тодорхойлолт, учруулсан мөнгөн хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдлуудыг эрхэм шүүгч та бүхэн анхааран үзэж надад итгэл үзүүлэн хуулийн энэрэнгүй зарчмыг баримталж хорих ялыг минь өөрчилж өгнө үү” гэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.М холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О би давж заалдах гомдолтой холбогдуулж хүсэлтийг гаргаж байна. Г.Мд анхан шатны шүүхээс 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Учир нь би нхан шатны шүүх хуралдаан дээр сэтгэл хямарч, хэргийн материалтай танилцаад сэтгэл санааны хүнд байдалд ороод гомдолтой гэж илэрхийлж байсан.

Шүүх хуралдааны танхимаас Г.М цагдан хорихоор авч явахад нь мөн сэтгэл санаа зовж ээжийгээ алдсан ч гэсэн ахиад өөр хүмүүсийн санаа сэтгэлийг зовоож, үр хүүхэд, хань ижлийг нь гомдоогоод яах вэ гэдэг бодол надад төрсөн. Энэ залууд хүнд хорих ял оногдуулсан ч гэсэн ээж минь босоод ирэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ би гэмт хэрэгт холбогдсон Г.М одоо уучилж, уучлалтыг хүлээн авсан. Миний төрсөн дүү оюутан, ээж маань оюутан дүүгийн минь бүхий л төлбөрийг хариуцаж явж байсан. Би одоо түүний зардал мөнгийг хариуцах хүн нь бид байгааг дор бүрнээ амьдарлаа авч яваа бидэнд хүндхэн ачаа үүрэх болсон. Тэгэхлээр төрсөн дүүгийн маань сургалтын зардал төлбөрийн мөнгийг Г.М зүгээс бүрэн төлж дэмжлэг үзүүлсэн байгаа.

 Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь өмгөөлөгчийн үгэндээ сүүлчийн төлбөрийг Г.М зүгээс хариуцаж тусална гэдгээ илэрхийлж байсны дагуу тусламж бидэнд үзүүллээ. Мөн оршуулах зан үйлтэй холбоотой зардлаас гадна мөнгөн тусламж үзүүлсэн. Би ах дүү нартайгаа ярилцсаны үндсэн дээр доорх хүсэлтийг та бүхэнд гаргаж байна. Г.М оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр шийтгэж гэр бүл, ажил, хамт олных нь хүрээнд хүмүүжиж нийгэмшүүлэхэд гомдолгүй, хорихоос өөр төрлийн шийтгэлийг оногдуулж өгнө үү. Мөн нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргах гомдол, саналгүй болохоо илэрхийлж байна. Энэ залуу хүүхдийн мууг бид үзмээргүй байна. Алдаагаа ойлгож зөв амьдрах байх гэж итгэж байна” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй. Гэсэн хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн төрсөн охин Д.Од гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн байна. Шийтгэх тогтоол гарснаас хойш гэм хорын хохирол буюу талийгаачийн төлдөг байсан хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн байна гэж ойлголоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн зүгээс Г.М гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа Г.М уучилсан, хорих ялыг өөр төрлийн ялаар сольж хамт олных нь дунд хүмүүжүүлж, нийгэмшүүлэхэд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргах гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхэд хохирогч болон шүүгдэгч нарын саналыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдал, ял шийтгэлийг дээрдүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж оролцож байна. Учир нь миний хувьд анхан шатны шүүх хуралд хэлсэнчлэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байгаа. Гэсэн хэдий ч надад 2 жил 6 сарын хорих ял оногдуулсанд би өөрийн хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч маш их харамсаж одоог хүртэл гашуудаж байна. Эрхэм шүүгч та бүхнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу надад оногдуулсан ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр хамт олон, гэр бүлийнх нь дунд нийгэмшүүлэх хуулийн зохицуулалт байгаа учир та бүхэн харгалзан үзэж миний хорих ялыг тэнсэж өгнө үү гэж хүсэж байна. Миний гэр бүлийг элэг бүтэн амьдруулж өгөөч гэж би хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоол болон гэм буруугийн тал дээр тууштай хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг оногдуулах, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх гэсэн зүйл заалтаар өөрчлүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тэнсэж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдлоо гаргаж байна.Тухайн өдөр осол болонгуут энэ хүн хэргийн газраас зугтаж яваагүй байдаг. Эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол болсон газрын ул мөрийг хөдөлгөөгүй байранд нь байлгаж байсан.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр хэсгийг 1.3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсгийн заалтыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Г.Мы өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж зөвшөөрч байна. Бид нар залуу хүмүүс, хэн нь яаж явах юм билээ, дээрх асуудал ч гэсэн болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэдгийг ухаарч ойлгож байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэгэхдээ эрдэнэт хүний амь нас гэдэг бол юу юунаас илүү чухал учраас цаашдаа аливаа юманд болгоомжтой хянамгай хандаж яваарай гэж захиж хэлмээр байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү. Цаашид нэхэмжлэх зүйлгүй хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Баярмаа нарын бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед 34-72 ГСА улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 16.1 дэх хэсэгт “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Дөлгөөн дэлгүүрийн хойд талын засмал зам дээр явган зорчигч З.Д мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт хавтас хэрэгт авагдсан гэрч Б.Ариунтунгалаг /хх-44/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О /хх-39-40/ нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолоочийн үнэмлэх,  Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт /хх-66/, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны  өдрийн цогцост хийсэн 132 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-47-48/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6164, 6165 дугаартай дүгнэлт /хх-50-51, 61-62/, жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-118/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан хорих ял нь “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.М өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.О нь “Г.М анхан шатны шүүхээс 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү,  нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргах гомдол, саналгүй болохоо илэрхийлж байна” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр эрх хасах ялын хугацааг  багасган, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.        

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудыг давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэл болгоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Мд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй” гэж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Г.М анхааруулсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.

4. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох нь хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт 40 /дөч/ хоног цагдан хоригдсон, давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжиж ирэхээс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Од 20000000 /хорин сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                    

                                         ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                                

                                                                                               Т.БЯМБАЖАВ