Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00361

 

                                  “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-ийн Дорноговь салбарын

                                      нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                 тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2020/000138 дугаар шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн 202/МА2020/00014 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-ийн Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,982,901.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будсүрэн, Б.Мөнгөнзул, П.Отгонтуул, хариуцагч ,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагч ,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-ийн Дорноговь салбар нь хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,982,901.74 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ,,,,,,,,,,,,, зээлийн 50 хувийг төлнө гэж, хариуцагч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

2. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2020/000138 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Хас банкны Дорноговь салбар, ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1020028795 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулан Хас банкны Дорноговь салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 277,864 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн 202/МА2020/00014 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2020/00138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.1. Хариуцагч ,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.01-ний өдрийн 136/ШШ2020/000138 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.14-ний өдрийн 202/МА2020/00014 дүгээр магадлалыг хууль буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй.

4.2. Хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан хамтран хүлээх үүргийн талаарх холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь нийт үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүсдэг онцлогтой. Зээлийн хувьд үл хуваагдах шинжтэй гэж үзэж болохгүй юм. Хэд хэдэн үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгүүлэгчийн нэг ашиг сонирхлыг хангах үүрэгтэй бол уг үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвхөн нэг удаа л хүлээн авах ёстой бол эдгээр үүрэг гүйцэтгэгчдийг заавал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж нэрлэхгүй. Гэтэл хоёр шатны шүүх дүгнэхдээ хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид байна гэж дүгнэн хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,982,901.74 төгрөгийг гаргуулахаар ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан бөгөөд дээрх хоёр хариуцагчийн тухайд хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм.

4.3. ,,,,,,,,,,,,, 2018.06.13-ны өдөр “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-тай зээлийн гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалан 24,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нэрээр (зээлдэгч)-ээр ,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан үйл баримтын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин уг 24,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-аас үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,,,,гийн дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,,, уг мөнгөнөөс ,,,,,,,,,,,,,д 2,000,000 төгрөгийг өгсөн, хариуцагч ,,,,,,,,,,,,, нь 2,000,000 төгрөгийг 2018 оны 12 сард өөрт нь (,,,,,,,,,,,,,д) буцаан шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Эндээс хариуцагч ,,,,,,,,,,,,, зээлийн үүргийг банкинд төлөх ёстой эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлага үүсч байна. Хэрэв зээлийн төлбөрийг төлөх ёстой гэж үзвэл тэрээр өөрийн авсан 2,000,000 төгрөг, түүнд ногдох хүүг төлөх үүрэг үүснэ. Банк, эрх бүхий этгээдээс зээлдэгчтэй байгуулж буй зээлийн гэрээний хувьд “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог...” онцлогтой бөгөөд хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр байгаа боловч шүүхээс хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг тус бүрт нь тооцох замаар (хэн нь хэдэн төгрөгийг төлөх) үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан боловч давж заалдах шатны шүүх үүнийг залруулаагүй.

4.4. Шүүх шийдвэртээ ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь буруу бөгөөд хэн нь хэдэн төгрөгийг төлөх талаар үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас гаргуулна гэхээр хариуцагч нарын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг хуваан төлөх агуулга байгаа тул хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг тодорхой болгох ёстой. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэн нь хэдэн төгрөг төлөх нь тодорхой байх ёстой, яагаад хариуцагч нараас гэж шийдвэрлэж байгаа талаар тодруулахад хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар ажиллагаа хийх нь тусдаа асуудал гэж тайлбарласан нь буруу юм. Хариуцагч тус бүр нэхэмжлэлээр шаардсан мөнгийг төлөх, эсхүл тэнцүү хуваан төлөх талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулахгүй болно. Энэ хэргийн тухайд хоёр хариуцагчтай бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах ёстой байсан боловч огт тодруулаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-ийн Дорноговь салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,982,901.74 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс  “... Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,, нар нь 2018.06.13-ны өдөр “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-тай 1020028795 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 24,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр авсан... 2019 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд 2019.05.14-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй. 2020.01.28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 20,835,536.37 төгрөг, хүү 3,081,693.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,672 төгрөг, нийт 23,982,901.74 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэсэнд,  

хариуцагч ,,,,,,,,,,,,, “... Нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрч байна. “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-аас 24,000,000 төгрөгийн цалингийн зээлийг би үндсэн зээлдэгч болж ,,,,,,,,,,,,,г хамтран зээлдэгчээр тогтоож зээлж авсан... ,,,,,,,,,,,,,д бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн... Энэ 24,000,000 төгрөгийг эхнэр, дөрвөн хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулсан. ,,,,,,,,,,,,, мэдэж байгаа. ... ,,,,,,,,,,,,, нь одоо энэ зээл надад хамаагүй гэдэг юм. Өмнө нь зээлсэн Голомт банкнаас авсан цалингийн зээлээр тухайн үед гэртээ цахилгаан хэрэгсэл авч байсан... Иймд тухайн зээлийн 50 хувийг хүлээн зөвшөөрч байна...” гэж,  

хариуцагч ,,,,,,,,,,,,, “... 2018.06.13-ны өдрийг хүртэл ,,,,,,,,,,,,, нь надтай хамтран амьдарч байхдаа “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,”  ХХК-аас цалингийн зээл авч өөрийн дансанд нь орсон. Тухайн зээлээс надад 2,000,000 төгрөгийг өгсөн, түүнийг нь 2018.05.03-ны өдөр ,,,,,,,,,,,,,гийн харилцах дансанд шилжүүлсэн... Миний хувьд хөдөлмөрийн чадвар 70 хувиар буурсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй... Би энэ зээлийг авч хэрэглээгүй, надад хамааралгүй үүнийг төлөх төлбөрийн чадвар байхгүй...” гэж тус тус маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, зээлийг шилжүүлсэн, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй, нэхэмжлэгчээс энэ талаар удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй, иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж нэхэмжлэл гаргасан нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах агуулгатай байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран гүйцэтгэгч байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу “үүрэг гүйцэтгүүлэгч банк өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна”, иймээс хариуцагч нарын тайлбарт үндэслэн тэдний хүлээх үүргийг тус бүрт тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм.

10. Иймд,  “... хоёр шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан хамтран хүлээх үүргийн талаарх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ,,,,,,,,,,,,, зээлийн үүргийг банкинд төлөх ёстой эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай, хэрэв зээлийн төлбөрийг төлөх ёстой гэж үзвэл өөрийн авсан 2,000,000 төгрөг, түүнд ногдох хүүг төлөх үүрэг үүснэ, шүүхээс хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг тус бүрт нь тооцох замаар (хэн нь хэдэн төгрөгийг төлөх) үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх боломжтой, шүүх шийдвэртээ ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь буруу бөгөөд хэн нь хэдэн төгрөгийг төлөх талаар үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийх шаардлагатай, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах ёстой байтал шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй болсон...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч нарын үүргийг хэсэгчлэн заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй (дээр дурдсанаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т зааснаар хариуцагч нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийн бүхэлд нь шаардах эрхтэй), мөн шүүх хариуцагч нарын хүлээх үүргийг хэсэгчлэн тодорхойлоогүй нь буруу гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШШ2020/000138 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн 202/МА2020/00014 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 206,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ