Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 136/ШШ2020/00138

 

 

 

 

 

 

2020 04 01 136/ШШ2020/000138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг 2 дугаар багт оршин байрлах Хас банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1-р баг, 7 дугаар хэсэг, 40-03 тоотод оршин суух Зүүн хондого овогт Бямбадоржийн Мөнхнасан /РД:ХД79102171/,

 

Дорноговь аймаг, Сайншанд сумын 6-р баг, Шинэ-зуун гудамж, 28-р байр, 61 тоотод оршин суух, Дархан овогт Балсандоржийн Насанбуян /РД:ЕЛ76052505/-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,982,901.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонцэцэг, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Б.Н, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н нар нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хас банктай 1020028795 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 24 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл бол гэрээний нэгдүгээр хавсралтад зааснаар хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2019 оны 03 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 20 835 536.37 төгрөг, хүү 3 081 693.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 672 төгрөг нийт 23 982 901.74 төгрөгийг хариуцагч Б.М, Б.Наас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэйгээр шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хүлээн зөвшөөрч байна. Хас банкнаас 24 000 000 төгрөгийн цалингийн зээлийг би үндсэн зээлдэгч болж Б.Нг хамтран зээлдэгчээр тогтоож зээлж авсан. Тухайн зээлийг авах болсон шалтгаан нь Б.Н нь дэлгүүртэй бараа татах шаардлагатай мөн ангийн нийллэгэнд явах мөнгө хэрэгтэй байна гэх шалтгаануудыг тоочиж байгаад зээл авч, бусад банкуудын хүүг судал гэж ятгасны эцэст Голомт банк дахь цалингийн зээлээ Хас банк руу шилжүүлж тухайн зээлийг авсан байдаг. Тухайн зээлний зарцуулалт нь урьд зээлсэн Голомт банкнаас авсан цалингийн зээлний үлдэгдэл 14 000 000 төгрөгийг төлж хаасан. Энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Мөн Б.Нд бэлнээр 2 000 000 төгрөг өгсөн. Мөн Хас банкин дахь Сийлэгмаа, Сүндэръяа, Хишигжаргал гэсэн гурван охины хадгаламжийг барьцаалж зээл авсан байсан үүнийг төлж хаасан. Энэ 24 000 000 төгрөгийг эхнэр дөрвөн хүүхдийн ирээдүйн сайн сайханы төлөө зарцуулсан. Тухайн мөнгөнөөс ах, дүү, хамаатан, садандаа нэг ч төгрөг өгөөгүй. Манай гэр бүлийн сайн сайханы төлөө л зарцуулагдсан. Тухайн 24 000 000 төгрөгийг яаж зарцуулагдсаныг Б.Н мэдэж байгаа. Манай хадам аав дархан хүн намайг очих бүрт зэс захидаг. Тухайн үед дээрх зээл авсан мөнгөнөөс 560 000 төгрөгөөр Эрээнээс уртаашаа 1 метр, өргөн нь 50 см, зузаан нь 3мм зузаантай хавтгай лист зэс авч өгсөн. Одоо хадам аав маань 70 гарсан хүн байдаг. Үүнийг Б.Н нь аав тэр зэсээр чинь одоо юм хийж чадахгүй буцааж ав гэж шаардлага тавьдаг. Б.Н нь одоо энэ зээл надаа хамаагүй гэдэг. Урьд зээлсэн Голомт банкнаас авсан цалингийн зээлээр тухайн үед гэртээ цахилгаан хэрэгсэл авч байсан. Энэ тухай нотлох баримт хэрэгт хавсаргасан байхад надад хамаагүй гэж яриад байгаа нь эргэлзээтэй байна. Ийм учраас тухайн зээлний 50 хувийг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс нарийн тооцвол тус зээлийг ам бүлийн хүнд нь хувааж надад оногдох хэсгийг төлж болно гэвч би үр хүүхдэдээ өр үлдээмээргүй байгаа учраас тал хувийг төлнө гэж байна гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Б.М нь надтай хамтран амьдарч байхдаа Хас банкнаас цалингийн зээл авч өөрийн дансанд нь орсон. Тухайн зээлнээс надад 2 000 000 төгрөгийг өгсөн. Би тухайн мөнгийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Мгийн харилцах дансанд шилжүүлсэн. Хас банкнаас авсан зээлээрээ урьд нь Голомт банкнаас авсан цалингийн зээлээ төлж барагдуулсан. Анх Голомт банкнаас авсан зээлээрээ машин авч, мөнгөө төлсөн. Үлдэгдэл мөнгөөр нь төмөр замын сургуульд орох үед шалгалтандаа тэнцээгүй хээл хахуулиар орсон түүнийг мөнгө, тухайн сургуулийн төлбөр, дүрэмт хувцсаа захиалсан мөнгө гэх мэт урсгал зардлуудыг тухайн зээл авсан мөнгөнөөс гаргасан байдаг. Мөн тухайн үед Энхмөнх гэх хүнийг зодож, гэмтэл учруулсны улмаас хохирол барагдуулахаар мөнгө өгч байсан ингэснээр эрүүгийн хариуцлага хүлээгээгүй энэ мэт зарцуулагдсан. Дээрх баримт нь надад одоо байна. Би Б.Мтай хамтран амьдарч байх үедээ Хас банкнаас гурван зээл авсан байдаг. Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл, бизнесийн зээлийг 2 удаа авсан тухай бүрт би өөрөө төлж барагдуулсан энэ нэг ч төгрөг өгч байгаагүй. Нэг зээл нь 2019 оны 12 дугаар сард дууссан. Мөн саяхан өөр банкнаас зээл авсан одоогийн байдлаар би 3 зээлтэй дээрх зээлүүдийг төлөөд явж байна. Би энэ хүнтэй хамтран амьдарч байх хугацаандаа биедээ маш их гэмтэл авсан. Тухайн үед хамар хугарч, сар хүнд танигдахааргүй хөх, няц нүүртэй явж эмчилгээнд явж эмчийн хяналтад хянагдаж байгаад 2020 оны 03 дугаар сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон байгаа. Миний хувьд хөдөлмөрийн чадвар 70 хувиар буурсан. Энэ хүнд зодуулж гэмтсэнээс болж өдөр болгон даралт ихсэж, зүрх өвддөг энэ болгонд эм уудаг. Миний хувьд одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Б.М нь миний аавын тухай ярьж байна. Одоо аав маань 81 настай хөлөө тайруулсан тахир дутуу хүн байгаа. Тухайн үед зэс авч өгсөн үнэн. Тэр зэс анх авсан хэвээрээ, аав маань одоо хэрэглэж, ашиглах ямар боломжгүй хэвтэрт байгаа. Би жижиг хүнсний дэлгүүртэй ч сарын эхэнд бараагаа татах гэж бусад дэлгүүрээс зээл авч бараа татаж мөнгийг нь сарын сүүлээр төлдөг. Одоо сүүлийн сард дэлгүүр маань зогссон. Одоо миний хувьд гэртээ, группын мөнгө авч амьдрах байх. Хариуцагч Б.Мгий яриад байгаа цахилгаан бараа нь Голомт банкнаас авсан өмнөх зээлээрээ авсан зүйл юм. Би тэр эд зүйлээ ав гэж хэлдэг. Би цаашид эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсныг хуулийн байгууллагад хандана. Мөн Б.М нь миний охидуудын Хас банк дахь Ирээдүй саятан хадгаламжийг барьцаалж бүх мөнгийг нь авч хэрэглэсэн үүнийгээ дараа нь төлсөн. Тухайн мөнгийг хүүхдүүдийнхээ цаашид суралцах сургалтын төлбөрийг бэлдэж байсан. Үүнийг би Б.Мгаас дараа нь нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүхдүүдийнхээ хадгаламжид буцааж хийлгэнэ. Би энэ зээлийг авч хэрэглээгүй. Тухайн үед надад өгсөн 2 000 000 төгрөгийг харилцах дансанд нь хийсэн учраас надад хамааралгүй үүнийг төлөх төлбөрийн чадвар ч байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Дорноговь салбар нь хариуцагч Б. Мөнхнасан, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,982,901.74 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.М зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 50 хувийг төлнө гэж, хариуцагч Б.Н зээлийн гэрээнд гарын үсэг л зурсан, зээлийг хамтран зээлдэгч Б.М ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж маргасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцоолол дээр маргаагүй.

 

Б.М, Б.Н нар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хас банктай 1020028795 тоот зээлийн гэрээ байгуулж, 24 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 15.6 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зохиулалтаар зээлсэн болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-4-7/

 

Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч тал гаргаагүй боловч хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах агуулгатай байна гэж үзэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлдэгч зээлээ төлөөгүй, гэрээний үүргийн биелэлт зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх талаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр мэдэгдэх хуудсаар, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шаардах хуудас хүлээлгэн өгч, удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоосон байна. /хх-9-10/

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч банк өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд буюу хэсэгчилэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж хуульчилсан.

 

Зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан.

Мөн хариуцагч нарын тайлбарт үндэслэн тэдний хүлээх үүргийг тус бүрт тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1020028795 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,982,901.74 төгрөгийг хариуцагч Б.М, Б.Н нараас гаргуулж, Хас банкны Дорноговь салбарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Хас банкны Дорноговь салбар, Б. Мөнхнасан, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1020028795 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.М, Б.Н нараас 23,982,901.74 төгрөгийг гаргуулан Хас банкны Дорноговь салбарт олгосгугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 277,864 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА