Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 10

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгч Т.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Г давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1928002890172 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 44 настай, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан

Шүүгдэгч Т.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 1-58 тоотод гэртээ эхнэр С.Б зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч Т.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.          

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Т.Г заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Т.Г надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 тоот шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан талаарх байдлыг дурдсан ба уг дурдсан нотлох баримтууд гэх шийтгэх тогтоолын 2 дахь хуудасны 4 дэх догол мөрнөөс эхлэн бичигдсэн:...Шүүх сэтгэцийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: шинжлүүлэгч Т.Г сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.

Шинжлүүлэгч Т.Г хэргийн талаар өөрийн сэтгэхүйн хэмжээнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч нь Т.Г хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 40-42-р хуудас/ гэж бичигдсэн байгаа нь миний хувийн байдлыг дордуулан эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцийн эмчид үзүүлж ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байхад шүүхээс миний сэтгэцийн талаар хэрэгт нотлох баримт байгаа мэт сэтгэцийн эмгэгтэй гэж дүгнэлт хийсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хувьд сэтгэхүйн хувьд эрүүл, харин биеийн эрүүл мэндийн хувьд өвчтэй байдаг. Иймээс  шүүгч та бүхэн үндэслэлгүй дүгнэлт хийсэнг анхааран үзнэ үү.

Нөгөөтээгүүр шүүхээс надад холбогдуулсан хэрэгт нийтэд тустай ажил хийлгэхээр ял шийтгэл оногдуулсанг өөр төрлийн ял шийтгэл оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.

Учир нь миний бие 2013 оноос элэгний хавдар гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хавдар бага зэрэг буурч эдгэрсэн ч өнөөдрийн байдлаар элэгний өөрчлөлттэй, С вирустэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.

Энэ өвчний хор уршиг нь бүх биеэр цэврүүтэй тууралт өгч улмаар уг тууралт хатаж эдгэхдээ тав болон сорвитой үлддэг, тууралт байнгын өгч бие эрхтэн маш их зовуурьтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.

Мөн 2 бөөрний үйл ажиллагаа муудаж бөөр өвчтэй тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг болсон. Энэ өвчний байдлаас улбаалан гадаа хүйтэнд болон өөр бусад хүнд хүчир ажил төрөл хийхэд хэцүүхэн байгаа тул эрхэм шүүгч та бүхэн миний биеийн эрүүл мэндийн өвчтэй байдлыг харгалзан торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Торгуулийн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд би дархан хүн учир торгуулиа төлөх боломжтой юм.

Анхан шатны шүүхээс намайг өрхийн орлого болон өөрийн орлогыг нотолсон баримт байхгүй, торгуулийн ял шийтгэл оногдуулавал гэр бүлийн эдийн засгийн байдалд бэрхшээл учруулах нөхцөл байдал тогтоогдож байна гэж тус тус дүгнэсэн.

Энэ дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад торгуулийн ял шийтгэл оногдуулахад гэр бүлийн эдийн засагт бэрхшээл учрахгүй. Дархан хүнээр хүмүүс аливаа эд зүйл хийлгэчхээд үйлчилгээний төлбөрөө бэлнээр өгдөг учир дансаар байнгын орлого хийгдэхгүй байдаг талтай.

Эрхэм шүүгч та бүхэн миний дээрх бичсэн нөхцөл байдлыг анхааран үзэж шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг өөрчилж торгуулийн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү. Цаашид би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадахаа амлаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэжээ.

Хохирогч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нөхрөө уучилж эвтэй, сайхан амьдарч байна. Шүүгч та бүхэн нөхрийн маань эрүүл мэндийн байдал, манай ахуй амьдралыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Г 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 1-58 тоотод гэртээ эхнэр С.Б зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Б /хх-14-15/, шинжээч эмч С.Шүрцэцэг /хх-20/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 689 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж  анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохироогүй байна гэж үзэж, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал, гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж гэмшихгүй байгаа байдал, түүний өрхийн болон сарын орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг харгалзахын зэрэгцээ эхнэр нь нялх хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан, түүнд торгох ял оногдуулах нь гэр бүлийн эдийн засгийн байдалд бэрхшээл учруулах нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн, түүний ялыг гэр бүлийн гишүүдэд нь халдаахгүй байх нь зохистой гэж үзэн Т.Г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс Т.Г оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.Г сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна гэж хэрэгт авагдаагүй шинжээчийн дүгнэлтийг бичсэн тул шүүгдэгчийн гомдлын энэ хэсэг  үндэслэлтэй боловч уг дүгнэлтийн талаар шийтгэх тогтоолд нэрлэн зааснаар өөрөөр бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлээгүй, түүнчлэн уг нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, шүүгчийн туслах нь шийтгэх тогтоолын төслийг бичихдээ өөр шүүгчдэд холбогдох хэргийн шийтгэх тогтоолоос хуулж бичсэн тайлбарыг гаргасан /хх-69/ байна.  Мөн энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц байдал бий болсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, шүүхийн дүгнэлтээр тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч Т.Г “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой талаар гаргасан баримтыг дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. Үүнд: татвар төлөгчийн дэвтэр гэх баримт нь хэнийх болох нь тодорхойгүй байна.

Банкны харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь төлбөр тооцооны баримтаар нотлогдох бөгөөд төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна” гэж заасан. Иймээс “банкны депозит дансны хуулга” гэх “теллер” гэх тэмдэгтэй баримтыг төлбөр тооцоо хийсэн эх баримт гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Г “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх тухай”  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                         

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                    

                                         ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                                

                                                                                               Т.БЯМБАЖАВ