Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2020/00224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2020/00073/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........... аймаг, ............. сум, .......... баг, ......... хаягт байрлах “НК” ХХК /РД:................/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ........... аймаг, ........... сум, ......... баг, ............ гудамж, 4 тоотод оршин суух Б овгийн Т-ын Тө /РД:............, утас: ..........., ............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... аймаг, .......... сум, ........... баг, ........... байр, ........ тоотод оршин суух М овгийн Ба-ийн Төм /РД:............, утас: ............, ............../-т холбогдох,

“...Компанийн улаанбуудай тариалсан талбайд 58 тооны адуугаа оруулан тариаг идэж сүйтгэн, хөлөөрөө гишгэж цайруулан, талбай тахалснаас 1,650,000 төгрөгийн хохирол учруулсныг төлүүлэх тухай...” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Тө-, хариуцагч Б.Төм-, Иргэдийн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НК ХХК-ийн төлөөлөгч Т.Тө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“....... аймгийн .......... сумын НК ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд усалгаатай 110 га-д улаанбуудай тариалсан юм. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 30 минутын үед 58 тооны ижилтэй адуу улаанбуудай тариалсан талбайд орж идэж, туучиж, талхалж байсныг гаргаж “ЭҮ-” ХХК-ийн бригадын төвийн хашаанд хашаалсан болно. Тухайн үед хэн гэдэг айлын адуу болохыг мэдээгүй, маргааш нь өдрийн 13 цагт ....... аймгийн иргэн Б.Төм- адуучинтайгаа ирээд өөрийнхөө адуу байсныг таниад тоо ёсоор нь хүлээн аваад явсан. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед сумын ХАА-н тасгийн дарга, агрономич Т.Б-, 1 дүгээр багийн засаг дарга М.Ж- нараар ахлуулсан ажлын комисс газар дээр нь ирж, хэмжилт хийж 2 га газрын тариаг идэж, гишгэлж, талхалж сүйтгэснийг хэмжиж, 1 га-аас 15 цн ургац авахаар тогтоогдсон талбайд 1,650,000 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон.

Иймд ............. аймгийн иргэн Б.Төм-аас 1,650,000 төгрөгийн хохирлыг төлүүлж өгнө үү...” гэв.

Хариуцагч Б.Төм- нь шүүхэд хариу тайлбар гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...1. Манайх адуугаа хашихад зориулсан төмөр хашаатай. 2019.10.05-ны өдөр орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан. Ингээд 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө 9 цагийн үед “ЭҮ” ХХК-ийн хашаанд байгаа сураг гарч очсон. Очтол н.Н- захирал өөрөө байсан бөгөөд “...танай адуу манай пойлонд ордоггүй, өчигдөр орж ирэхээр нь хөөгөөд хашчихлаа, танайх маллагаатай, хашаатай, хурдан хурц адуу ихтэй, учраас тоо ёсоор нь тоолоод ав, малаа хүлээж авсан гэсэн бичиг хийлээ, энэ дээр гарын үсэг зурчих...” гэхээр нь би 10 жилийн турш хамтран ажиллаж ирсэн учраас юу ч бодолгүй, итгээд гарын үсэг зурсан. Би хараа муутай, тухайн үед нүдний шилгүй, явсан учраас бичгийг нь гаргаж уншиж ч чадаагүй. Намайг хуурч, гарын үсэг зуруулчихаад, мал орж ургац алдсандаа намайг буруутгаж, хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. 2019.10.06-ны өдрийн №10 дугаартай, Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус гарсан. Учир нь ажлын хэсгийн ахлагч гэх Т.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан төрсөн дүүгийнхээ компани болох “НК” ХХК болон “ЭҮ” ХХК-д хуурамчаар акт тогтоож, хохирол гаргаж өгсөн байна.

2019.10.06-ны өдөр акт гаргахдаа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд шүүхэд хэргийн материалтай танилцахдаа олж мэдлээ. Түүнчлэн Ургацын хохирол тооцох акт гаргах комиссыг оролцуулалгүйгээр дур мэдэн ажлын бус өдөр буюу амралтын өдөр акт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХХААХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018.08.20-ны өдрийн А-136, А-158, А210 дугаар тушаалаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэр эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг/цаашид ажлын хэсэг гэх/ хэрэгжүүлнэ”, 3.2-т “Ажлын хэсэг нь орон тооны бус байх бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно” гэж заасан байхад үүнийг зөрчиж ажлын хэсгийг оролцуулалгүй албан тушаалын байдлаа ашиглан садан төрлийн хамаарал бүхий хүмүүстэй акт тогтоосон байна.

Мөн актыг 10 өдрийн дотор ажлын хэсгийн бүх гишүүдийг хуралдуулж, хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байхад амралтын өдөр мал орсон гэх өдрийн маргааш нь “НК” ХХК болон “ЭҮ” ХХК-ийн хүсэлтээр яаран сандран Т.Б- гэх хүн хууль бусаар акт тогтоож гаргасан. Хохирол тогтоож гаргаснаас хойш 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэхээр 3.8-д мөн заасан байтал энэ үүргээ ч биелүүлээгүйд гомдолтой байна.

3. “НК” ХХК болон “ЭҮ” ХХК нь хөрш зэргэлдээ талбайтай бөгөөд урдуураа л хашаа, хаалгатай боловч торон хашаатай, хаалга нь салаад уначихсан, онгорхой муу, хойд талаараа болон 2 хажуугаараа огт хашаагүй байдаг учраас гадны мал байнга орж байдаг. Үүнээс болж ургац алдсан хохирлоо надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

****** аймгийн ****** сумын Засаг даргын 2019.05.28-ны өдрийн 01 дугаартай албан даалгавраар Газар тариалангийн ААН, тариаланчид Тариалангийн талбайг хашаажуулах ажлыг өөрсдийн санаачилгаар хийх даалгавар өгсөн байтал нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн ******* сумын нутаг дэвсгэрт багийн засаг дарга М.Ж- болон Тариалан эрхлэгч, мал бүхий багийн иргэний дунд Төмс, хүнсний ногоо тариалангийн талбайг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах гурвалсан гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний 2-т Тариалан эрхлэгчийн үүрэг хэсгийн 2-т “Тариалсан талбайн 500 га тутамд 1 морьт эргүүл байхаар тооцож, эргүүлийг захирлын тушаалаар томилсон унаа холбооны хэрэгслээр ханган ажиллуулж, таримлын ургацыг байнгын эргүүл хамгаалалттай байлгана” гэж заасан байхад нэхэмжлэгч компани мөн энэ үүргээ биелүүлээгүйгээс талбай руу гадны мал орж, ургац алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НК” ХХК хариуцагч Б.Төм-аас гэм хорын хохирол 1,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “58 тооны адуугаа хүлээн авсан нь үнэн. Манайх адуу байхгүй, хэдэн тооны үхэртэй, малын “А” дансны тооллого 2018, 2019 онд адуу тоологдоогүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “НК” ХХК нь газар тариалангийн чиглэлээр ........... аймгийн ........... суманд үйл ажиллагаа явуулдаг ХХК бөгөөд усалгаатай 110 га улаан буудай тариалсан тариалангийн талбайд 2019 оны 10 дугаар сард 58 тооны адуу орж талхалснаас зохих хэмжээгээр ургац хураан авах боломжгүй болсноос 1,650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* сумын ажлын хэсгийн “Ургацын хохирол тооцсон акт”-д “НК” ХХК-ийн улаан буудай тариалсан талбайд Б.М-ын адуу орж ургацыг гишгэж, идэж, 2 га-гийн ургацыг сүйтгэсэн байна. Ургацын тогтоолтоор 1 га-гаас 15.0 цн улаан буудайн ургац авахаар тогтоогдсон. Ургацын хохирол /2га*15*550,000/ 1,650,000 хохирол учруулсан байна гэснээр тогтоогдож байна.

“НК” ХХК-ийн тариа тариалсан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 азарга 58 ижил зүсний адуу орсныг хашсан. Хашаалсан адууг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эзэнд нь тоогоор хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Б.Төм-, малчин Ө.Б- гэсэн мал хүлээлцсэн актад дурдсан үйл явдлын талаар хариуцагч Б.Төм- шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Манайх адуугаа хашихад зориулсан төмөр хашаатай. 2019.10.05-ны өдөр орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан. Ингээд 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө 9 цагийн үед “ЭҮ” ХХК-ийн хашаанд байгаа сураг гарч, очсон” гэсэн тайлбар, “тухайн өдөр адуу 1 цаг орчим буюу 18 цагийн үед байхгүй байсан. Манай малчин Ө.Б-ийн болон хүү, манайх гэрээ барьж байсан. Адуугаа хүлээн авлаа гэсэн бичиг дээр хуурч гарын үсэг зуруулчихаад хохирол нэхэж байна.” гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартай тохирч байна.

Нэхэмжлэгч “НК” ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврыг нэгийн 4-т “Тариалангийн талбайд гарсан зөрчил учруулсан ургацын хохирлыг тухай бүрт нь ХХААХҮЯамнаас баталсан аргачлалын дагуу тооцож, акт үйлдэх гэсний дагуу гарсан ургацын хохирол тооцсон, дүгнэлтээр хохирлын 1,650,000 төгрөг” гэж тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “НК” ХХК нь учирсан хохирлоо дээрх байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийн үнийг 1,650,000 төгрөгөөр тооцон шаардсан болно.

Хариуцагч тал “...мал талбай руу ороогүй, талбайн захад байсан, хохирлын үнэлгээ бодитой биш...” гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг нотолсон үйл баримт хэрэгт байхгүй, мөн нэхэмжлэгч талын хохирлоо тодорхойлсон хэмжээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг 1,650,000 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “НК” ХХК нь Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.2.1-т “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй”, ******* аймаг, ******* сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврын Хоёрын 4-т “Тариалангийн талбайг хашаажуулах ажлыг өөрсдийн санаачилгаар хийх” үүргийг, Хариуцагч Б.Төм- нь 58 тооны адууг хариуцан эзэмшилдээ байлгаж байсны хувьд болон тариалангийн талбайн ойролцоо өвөлжиж, зусдагийн хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” , ******* аймаг ******* сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврын Гуравын 3 “малаа байнгын хариулгатай бэлчээж намарт адуу, үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх” гэж заасан үүргийг тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч Б.Төм- нь уг учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгч “НК” ХХК-ийн тариалангийн талбайг хашаажуулаагүй дээрх болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу учирсан хохирлыг 50 хувиар багасгаж буюу 825,000 төгрөгийг хариуцагч Б.Төм-аас гаргуулан нэхэмжлэгч “НК” ХХК-д олгож, үлдэх 825,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Төм-аас 825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төм-аас улсын тэмдэгтийн хураамж 24,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНДАРЬ

 

                ШҮҮГЧИД                                             Д.НЯМБАЗАР

                            

                                                                                                                       Д.АЛТАНТУЯА