Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 135/шш2020/00136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01194/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХААИС-ийн УГТХ-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, ......... сум, .......... баг, ........ багт оршин суух Б овогт Ж-ийн Ц-д холбогдох

 

"Хохирол төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, иргэдийн төлөөлөгч О.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААИС-ийн УГТХ- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Ж.Ц- нь элит үр үржүүлгийн талбайд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 300 орчим бог мал өдрийн цагаар хариулгагүй орхисон шалтгаанаар оруулж их хэмжээний хохирол учруулсан. Уг асуудлаар ажлын хэсэг томилогдон ажиллаж хохирлыг тооцон мэдэгдэх болон торгуулийн хуудсыг малчинд хүргэж төлбөрийг барагдуулах талаар ярилцсан хэдий ч өнөөдрийг хүртэл уулзахгүй үл хүндэтгэн явж ирсэн тул 2,000,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ж.Ц- нь шүүхэд  ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 “....Нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. Мал орсныг нотлох баримт байхгүй, талбайн гадаа байгаа малын зураг хэрэгт байгаа. Ж.Ц-ын мал гэж харагдах зураг байхгүй байна. Ж.Ц- малгүй, “А” данс  байхгүй, малгүй. Мөн нэхэмжлэгч тал өөрсдөө тариа тарьсан байж талбайгаа хашаажуулж, харуул хамгаалалтай байлгах ёстой гэтэл ийм зүйл огт байхгүй байдаг. Талын толгойн тариалалт гэж яриад байгаа, Хонгор сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар захирамж, энэ захирамжид тариалангийн болон бэлчээрийн талбай хамгаалах гэж байгаа, энэ дээр талын толгойг хамгаалж хамгаалалтад авсан зүйл байхгүй. Мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаар захирамж гэж байгаа тариалангийн талбай хамгаалах гэж. Ийм тариалалттай холбоотой Хонгор сумын Засаг даргын 2 захирамж байгаа, хэрэгт нотлох баримтаар малын бэлчээр хамгаалах гэсэн ямар ч ач холбогдолгүй, хамаагүй хөндлөн баримт явуулсан байсан үүнийг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байсан. Мөн хохирол тооцсон гэдэг. Гэтэл хохирол тооцох аргачлал гээд гурван сайдын тушаалаар батлагдсан акт байдаг. Энэ аргачлалын 3-т хохирол тооцох ажиллагааг хаанах яаж хохирол тооцох вэ гээд тодорхой заасан байгаа. Энэ байгууллага хохирол тооцох эрх бүхий субьект биш. Сумын засаг даргын тамгын газар ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг хариуцаж хийхээр журамласан байдаг. Гэтэл энэ комиссоор тогтоолгоогүй, өөрсдөө дур мэдэн дотроо комисс байгуулж, хохирол тооцож гаргасан байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хуулийн дагуу бүрдүүлээгүй гэж үзэж байна. Мөн торгуулийн хуудас гэж өгсөн байдаг, ийм торгуулийн хуудсаар хохирол төлөхгүй, хохирол тооцсон баримт хэрэгт байхгүй байна. Тийм учраас хууль зөрчиж бүрдүүлсэн баримтууд байгаа учраас Иргэний хуулийн 501-р зүйлийн 501.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад    

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААИС-ийн УГТХ- нь хариуцагч Ж.Ц-оос гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...Өөрсдөө дур мэдэн хохирол тооцсон, хууль журам-д заасны дагуу хохирлыг тооцоогүй...“гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ХААИС-ийн УГТХ-   супер элит үр үржүүлгийн талбарт торгон сортын улаан буудайг эрдэм шинжилгээний зориулалтаар тариалж байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Ж.Ц- нь  нэхэмжлэгч байгууллагын дээрх элит үр үржүүлгийн талбайд 300 орчим тооны бог малыг өдрийн цагаар хариуллагагүй орхисны улмаас талбайд мал орж, хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Ж.Ц-ын талбай руу орсон малыг тууж буй үйл баримтыг бэхжүүлсэн гэрэл зураг, гэрч Б.О-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримт, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын гаргасан “...манай тариалангийн талбай руу 300 орчим бог мал орсон. Дээрх бог малыг хариуцагч Ж.Ц- тууж явсан...” гэх, “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн өдөр Ж.Ц- нь дээрх 300 тооны малыг хариулах үүрэг хүлээсэн байсан...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч тал нь ХААИС-ийн УГТХ-гийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А-33 дугаартай тушаал,  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-49 дугаартай “хохирлын үнэлгээ тогтоох ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалаар дээрх талбайд мал орсны улмаас өөрт учирсан хохирлыг тогтоохоор ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийн тогтоосон дүгнэлтээр хохирлын хэмжээгээ тогтоосон байна.

Ажлын хэсгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Хохирлын акт тогтоосон дүгнэлтэд: “1. Иргэн Ж.Ц-ын 300 хонь торгон үрийн 20 га талбайн баруун хойд булангаас 134 м өргөн, 150 м урттайгаар нэвтэрч тариаг туучин налуулж идсэн ба улмаар хураах боломжгүй болгосон байна.

2. Мал идсэн талбайг тооцож үзэхэд 2.01 га болсон ба га-гийн ургац 10ц/га-аар тооцоход 2 тн элит үр үйлдвэрлэх боломжоо алдсан байна.

3. Элит үрийн тариаланд учруулсан хохирлыг ХХААХҮЯамны сайд, ХЗДХЯамны сайд, Сангийн Яамны сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, тариалан эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-аар бодоход 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоолоо” гэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч УГТХ- нь учирсан хохирлоо өөрсдөө дээрх байдлаар тодорхойлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцон  шаардсан болно.

Хариуцагч тал ...мал талбай руу ороогүй, талбайн захад байсан, хохирлын үнэлгээ бодитой биш гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг нотлосон үйл баримт хэрэгт байхгүй, мөн нэхэмжлэгч талын хохирлоо тодорхойлсон хэмжээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг 2,000,000 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Тариалангийн тухай хуулийн 7 дугаар 7.1-т “Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.2.1-т “тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч  өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй”, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 4-т “Тариалангийн талбайг хашаажуулах, байнгын харуул хамгаалалттай болгох, арга хэмжээ авч ажлуулахыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгохоор“ заасан үүргийг,

Хариуцагч тал нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж заасан үүргийг тус  тус  биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч Ж.Ц- нь уг учирсан  хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгчийн дээрх эс үйлдэхүй нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу учирсан хохирлыг 50 хувиар багасгаж буюу 1,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Ц-оос гаргуулан нэхэмжлэгч ХААИСургуулийн УГТХ-д олгож, нэхэмжлэгчийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Ц-ыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан бөгөөд зохигч талууд тухайн хэрэгт гэрчийн хувиар оролцох боломжгүй тул шүүх хуралдаанаас нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Ц-оос 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААИС-ийн УГТХ-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Ц-оос улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА

 

          ШҮҮГЧИД                              Д.ОЮУНДАРЬ

 

                                                            М.ОЮУНЦЭЦЭГ