Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2020/00066/и |
Дугаар | 135/шш2020/00227 |
Огноо | 2020-02-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 135/шш2020/00227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00066/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЭҮ” ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... аймаг, ............ сум, ........... баг, ........., .......... байр, ......... тоотод оршин суух М овогт Б-н Т-т холбогдох
"Хохирол төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г-, Ч.С-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г-, Ч.С- нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“.......... аймгийн ......... сумын “ЭҮ” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд усалгаатай 10 га-д тэжээлийн вандуй тариалсан юм. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 30 минутын үед 58 ижилтэй адуу вандуй тариалсан талбайд орж, идэж, туучиж, талхалж байсныг гаргаж бригадын төвд хашаалсан болно. Тухайн үед хэн гэдэг айлын адуу болохыг мэдээгүй, маргааш нь өдрийн 13 цагт ........... аймгийн иргэн Б.Т- адуучинтайгаа ирээд өөрийнхөө адуу байсныг таниад тоо ёсоор нь хүлээн аваад явсан. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга агрономич Т.Б-, 1 дүгээр багийн засаг дарга М.Ж- нараар ахлуулсан ажлын комисс газар дээр нь ирж хэмжилт хийж, 50 м өргөнтэй 300 м урттай нийт 1,5 га талбайн ургац сүйтгэснийг тогтоосон. Усалгаатай талбайн 1 га-гаас 20цн ургац авахаар тогтоогдсон 3 тн вандуйг 1 тн-ыг нь 1,5 сая төгрөгөөр тооцож 4,5 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Иймд ............ аймгийн иргэн Б.Т-аас 4,5 сая төгрөгийн хохирлыг төлүүлж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Т- нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манайх адуу хашихад зориулсан төмөр хашаатай. 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан. Ингээд 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө 09 цагийн үед “ЭҮ” ХХК-ий хашаанд байгаа сураг гарч, очсон. Очтол Н захирал өөрөө байсан бөгөөд “ ...танай адуу манай пойлонд ордоггүй, өчигдөр орж ирэхээр нь хөөгөөд хашчихлаа, танайх маллагаатай, хашаатай, хурдан хурц адуу ихтэй учраас тоо ёсоор нь тоолоод ав, малаа хүлээж авсан бичиг хийлээ, энэ дээр гарын үсэг зурчих” гэхээр нь би 10 жилийн турш хамтран ажиллаж ирсэн учраас юу ч бодолгүй итгээд гарын үсэг зурсан. Би хараа муутай, тухайн үед нүдний шилгүй явсан учраас бичгийг нь гаргаж уншиж ч чадаагүй. Намайг хуурч гарын үсэг зуруулчихаад, мал орж ургац алдсандаа намайг буруутгаж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх тухайн нутагтаа Первоз буюу гатлах онгоц Орхон гол дээр ажиллуулдаг бөгөөд “ЭҮ” ХХК нь 2,300,000 төгрөгийн өртэй байгаа. Энэ өрөө төлөхгүй гэсэн л арга гэж үзэж байна.
2. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус гарсан. Учир нь ажлын хэсгийн ахлагч гэх Т.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан төрсөн дүүгийнхээ компани болох “НК” ХХК, “ЭҮ” ХХК-д хуурамч акт тогтоож хохирол гаргаж өгсөн байна. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр акт гаргахдаа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд шүүхэд хэргийн материалтай танилцахдаа олж мэдлээ. Түүнчлэн Ургацын хохирол тооцох акт гаргах комиссыг оролцуулалгүйгээр дур мэдэн ажлын бус өдөр буюу амралтын өдөр акт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг /цаашид ажлын хэсэг гэх/ хэрэгжүүлнэ. 3.2- “Ажлын хэсэг нь орон тооны бус байх бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно” гэж заасан байхад үүнийг зөрчиж ажлын хэсгийг оролцуулалгүй алан тушаалын байдлаа ашиглан садан төрлийн хамаарал бүхий хүмүүстэй акт тогтоосон байна. Мөн актыг 10 өдрийн дотор ажлын хэсгийн бүх гишүүдийг хуралдуулж, хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байхад амралтын өдөр мал орсон гэх өдрийн маргааш нь “НК” ХХК, “ЭҮ” ХХК-ний хүсэлтээр яаран сандран Т.Б- гэх хүн хууль бусаар акт тогтоож гаргасан. Хохирол тогтоож акт гаргаснаас хойш 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэхээр 3.8-д мөн заасан байтал энэ үүргээ ч биелүүлээгүйд гомдолтой байна.
3. “НК” ХХК, “ЭҮ” ХХК нь хөрш зэргэлдээ талбайтай бөгөөд урдуураа л хашаа, хаалгатай боловч торон хашаатай, хаалга нь салаад уначихсан онгорхой муу, хойд талаараа болон 2 хажуугаараа огт хашаагүй байдаг учраас гадны мал байнга орж байдаг. Үүнээс болж ургац алдсан хохирлоо надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Албан даалгавраар Газар тариалангийн ААН, тариаланчид Тариалангийн талбайг хашаажуулах ажлыг өөрсдийн санаачлагаар хийх даалгавар өгсөн байтал нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй.
Түүнчлэн Хушаат сумын нутаг дэвсгэрт багийн засаг дарга М.Ж- болон Тариалан эрхлэгч, мал бүхий багийн иргэний дунд Төмс хүнсний ногоо тариалангийн талбайг мал тэжээвэр амьтдаас хамгаалах гурвалсан гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний 2-т Тариалан эрхлэгчийн үүрэг хэсгийн 2-т “Тариалсан талбайн 500 га тутамд 1 морьт эргүүл байхаар тооцож эргүүлийг захирлын тушаалаар томилсон унаа холбооны хэрэгслээр ханган ажиллуулж, тарималын ургацыг байнгын эргүүл хамгаалалттай байлгана” гэж заасан байхад нэхэмжлэгч компани мөн энэ үүргээ биелүүлээгүйгээс талбай руу нь гадны мал орж ургац алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Гэтэл надад адуу байхгүй, харин хэдэн тооны үхэртэй 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус. Хэрэв адуу талбайд нь орсноос гэм хорын хохирол учруулсан тохиолдолд тухайн малын ашиг шимийг хүртдэг өмчлөгч эзэнтэй нь асуудал ярих ёстой. Ийм учраас намайг адуугаа талбайд нь оруулсан мэтээр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсхэгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь хариуцагч Б.Т-аас гэм хорын хохирол 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “...Манайх адуу байхгүй, хэдэн тооны үхэртэй, малын “А” дансны тооллогоор адуу тоологдоогүй. Тухайн адууны эзэн хохирлыг барагдуулах үүрэгтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаний вандуй тариалсан 10 га талбайд 2019 оны 10 сарын 05-ны өдөр 58 тооны адуу орж ургацыг гишгэж, идэж сүйтгэсний улмаас зохих хэмжээгээр ургац хураан авах боломжгүй болж 4,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хушаат сумын ажлын хэсгийн “Ургацын хохирол тооцсон акт” /хх-13/, зохигч талуудын хооронд бичгээр хийгдсэн “Мал хүлээлцсэн акт” болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ургацын хохирол тооцсон актанд “...ЭҮ ХХК-ний вандуй тариалсан 10 га талбайд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хушаат сумын иргэн Б.Т-ын 58 адуу орж вандуйн ургацыг гишгэж идэж сүйтгэсэн байсныг талбайн сахиул Б.Н-, “НК” ХХК-ны ажилтан П.А- нар гаргаж хашсан байна.
...Тариалангийн талбайд адууны мөр гарсан, вандуйн ургацыг гишгэж цайруулсан, 50 м өргөнтэй, 300 м урттай нийт 1,5 га талбайн ургацыг сүйтгэсэн байна. Ургац тогтоолтоор 1 га-гаас 20,0 цн ургац авахаар тогтоогдсон. ХХААХҮЯ, ХЗДХЯ, СЯ-ны сайд нарын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалан үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын дагуу хохирлыг тооцоход 1,5 га х 20,0 цн =30,0 цн = 3 тн вандуйн ургацыг сүйтгэсэн байна. 1 тн вандуйн үнэ 1,500,000 төгрөг гэж тооцоход 3 тн х1,500,000 төгрөг =4,500,000 төгрөгийг хохирол учирсан байна...” /хх-13/,
Мал хүлээлцсэн актаар “ЭҮ ХХК-ны вандуй тариалсан талбай болон НК ХХК-ны үр тариа тариалсан талбайд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 азарга 58 ижилтэй адуу орсныг хашсан. Хашсан адууг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эзэнд нь хүлээлгэн өгсөн болно. Хүлээлгэн өгсөн С.Н-, Б.Н-, Н.Ө-, хүлээн авсан Б.Т-, Ө.Б- гэж гарын үсэг зурж баталгаажуулсан” байна. /хх-14/
Хариуцагч Б.Т- нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “...Манайх адуугаа хашихад зориулсан төмөр хашаатай. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан. Ингээд 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө 9 цагийн үед “ЭҮ” ХХК-ний хашаанд байгаа сураг гарч очсон. Очтол Н захирал өөрөө байсан бөгөөд “...танай адуу манай пойлонд ордоггүй, өчигдөр орж ирэхээр нь хөөгөөд хашчихлаа, танайх маллагаатай, хашаатай, хурдан хурц адуу ихтэй учраас тоо ёсоор нь тоолоод ав, малаа хүлээж авсан гэсэн бичиг хийлээ, энэ дээр гарын үсэг зурчих” гэхээр нь гарын үсэг зурсан...” гэх тайлбар,
Мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2018, 2019 оны тооллогод Б.Т-ын өмчлөлд адуу тоологдоогүй талаарх баримт зэргээс үзэхэд хариуцагч Б.Т-ын нэр дээр адуу тоологдсон бүртгэл байхгүй боловч тухайн үед Б.Т- нь дээрх тооны адууг хариуцан өөрийн эзэмшилдээ байлгаж байсан болох нь хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Т- нь шүүхэд гаргасан тайлбартаа:...би хараа муутай, тухайн үед нүдний шилгүй явсан учраас бичгийг гаргаж уншиж ч чадаагүй, намайг хуурч гарын үсэг зуруулсан ...Ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ургац хохирол тооцсон акт нь хууль бус...гэх тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.2.1-т “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй”, Сэлэнгэ аймаг, Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврын Хоёрын 4-т “Тариалангийн талбайг хашаажуулах ажлыг өөрсдийн санаачилгаар хийх” үүргийг,
Хариуцагч Б.Т- нь 58 тооны адууг хариуцан эзэмшилдээ байлгаж байсны хувьд болон тариалангийн талбайн ойролцоо өвөлжиж, зусдагийн хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно”, Сэлэнгэ аймаг Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврын Гуравын 3 “малаа байнгын хариулгатай бэлчээж намарт адуу, үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх” гэж заасан үүргийг тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч Б.Т- нь уг учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгч “ЭҮ” ХХК-ийн тариалангийн талбайг хашаажуулаагүй дээрх болгоомжгүй үйлдэл, эс үйлдхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу учирсан хохирлыг 50 хувиар багасгаж буюу 2,250,000 төгрөгийг хариуцагч Б.Т-аас гаргуулан нэхэмжлэгч “ЭҮ” ХХК-д олгож, үлдэх 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-аас 2,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭҮ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 50,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭҮ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
М.ОЮУНЦЭЦЭГ