Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 124/ШШ2022/0022

 

        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... айлын ... тоотод оршин суух Т овгийн Ж-ийн Б,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... айлын орон сууцны ... тоотод оршин суух, иргэн З овгийн Г-ын А,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, иргэн Б овгийн Б-ын Б,

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн “Ж.Б-ын 10-р багт эзэмшиж буй 823 мкв газрыг Г.А-т шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Г.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн “Ж.Б-ын 10-р багт эзэмшиж буй 823 мкв газрыг Г.А-т шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай захирамжаар 10-р багийн нутагт Ж-ийн Б-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа 823 мкв газрыг Г-ын А-т шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ж.Б нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 30 хоногийн дотор Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/264 дугаартай албан бичгээр “гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хариуг авч 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр буюу  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Б миний бие газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний дагуу Улаангом сумын 9-р багийн 6-21 тоот байршилтай 840 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хууль ёсоор эзэмшиж, ашигладаг. Уг газарт Ж.Б миний гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах хашаа, амбаар бий.

Гэтэл Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжавын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжаар Ж.Б миний дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг Г.А-т шилжүүлсэн нь дараах эрх зүйн алдаа, зөрчилтэй, хууль бус захиргааны акт байна. Үүнд:

Нэг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”

38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт", 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт" гэжээ.

Гэтэл Ж.Б миний бие Г.А-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, албан татвар төлөөгүй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хуульд заасан дээрх баримт бичиг байхгүй байхад Улаангом сумын Засаг дарга нь Ж.Б миний газар эзэмших эрхийг дур мэдэн Г.А-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасныг зөрчиж байна.

Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилжээ.

Ж.Б миний эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хэмжээ нь “840 мкв”, байршил нь “Улаангом сумын 9-р багийн 6-21 тоот” байхад Улаангом сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжид хаягийг “10-р баг” гэж өөрчилж, хэмжээг нь “823” мкв болгон бууруулжээ.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан бичгээр гаргасан захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг зөрчиж байна.

Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилжээ. Улаангом сумын Засаг даргаас Ж.Б миний газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.А-т шилжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх Ж.Б надад болон манай гэр бүлийн бусад гишүүдэд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчиж байна.

Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэжээ. Гэтэл Улаангом сумын Засаг дарга нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжаа Ж.Б надад мэдэгдээгүй бөгөөд миний бие уг захирамжийг тус сумын Засаг даргын Тамгын газраас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуулбарлуулан авч танилцсан.

Тав. Улаангом сумын 9-р багийн 6-21 тоот байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 мкв газрын өмчлөгч нь төр. Харин Ж.Б би Засаг даргын төрийн төлөөлөгч болох Улаангом сумын Засаг даргаас олгосон зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр уг газрыг тодорхой хугацаагаар эзэмшиж буй эзэмшигч юм. Ийм байхад Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийн дор дээрх газрыг Засаг даргын зөвшөөрөлгүйгээр үнэлгээ тогтоолгож, худалдан борлуулсан нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга дээрх газрын эзэмших эрхийг Г.Ат шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасныг зөрчиж байна. Улаангом сумын Засаг даргын дээрх захирамжийн улмаас Ж.Б миний Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т заасан “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” эрх зөрчигдөж байна.

Ж.Б миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар шилжүүлэн авсан Г.А гэгч нь дур мэдэн хашаанд өөр айл буулгаж, амбаарын цоожийг эвдэлж, устган дураар аашилж байгаа талаар холбогдох эрх бүхий байгууллагад хандах болно.

Иймд Ж.Б миний Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийг гаргахын өмнө Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад гомдол гаргаж, албан бичгээр хариу авсан болно” гэжээ.

5. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2020 оны 06 сарын 22-ны өдрийн "Хөрөнгө шилжүүлэх тухай" 2/961 албан тоот ирсний дагуу судлан үзэхэд 2020 оны 04 сарын 24-ны өдрийн Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын тушаалаар дуудлага худалдаа зохион байгуулах ажлын комисс байгуулагдан ажиллаж 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэр гарсан. Үүний дагуу албадан дуудлага худалдааг 2020 оны 06 сарын 08-ны өдөр зохион байгуулсан байсан.

Дуудлага худалдаанд Капитал банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А оролцож хамгийн өндөр үнэ болох 4525000 /Дөрвөн сая таван зуун хорин таван мянга/-н төгрөгийн үнийн санал гаргаж ялагч болж тухайн газрыг эзэмших эрхтэй болсон.

Ж-ийн Б /ОЭ81122504/-нь Капитал банканд 12530270 /Арван хоёр сая таван зуун гучин мянга хоёр зуун далан/ төгрөгийн өртэй байсан ба тухайн 840 м/кв газраа барьцаалж зээл авсан байсан ба зээлээ төлөхгүй байсны улмаас тухайн газрыг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулан зарсан байна.

Иймд миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоол шийдвэрийг харгалзан 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжаар Г.А-т шилжүүлсэн болно” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...  Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 342 дугаартай шийдвэрээр Т овогт Ж-ийн Б-аас 12.530.270 төгрөг гаргуулж, Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, 0260586 дугаар бүхий гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 мкв газрыг  2020 оны 6 угаар сарын 08-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад Капитал банкны эрх хүлээн авагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А ялагч болсон. Иймд  албадан дуудлага худалдааны ялагч болсон Г.А-ын нэр дээр уг газрыг шилжүүлж өгнө үү  гэсэн  цагдан хорих ангийн байрны дарга  дэслэгч Ганзориг гэх хүсэлт ирсэн. Мөн Капитал банкны эрх эрх хүлээн авагчаас  Увс аймаг дахь ГХБХБГазарт уг газрыг барьцаанаас чөлөөлж, шилжүүлэх тухай  2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2179 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт “Зээлдээгч Ж.Б нь Капитал банкны 2014 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 203004278 дугаартай  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээл  авсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах,  840 м.кв талбайтай эзэмших эрхтэй гэр хашааны зориулалттай   газрыг барьцаанаас чөлөөлж Г.А-ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн гаргаж өгнө үү” гэсэн байсан. Эдгээр хүсэлтүүдийг судалж үзээд Улаангом сумын Засаг дарга 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамжийг гаргасан. Уг шийдвэрийг гаргахдаа эрх бүхий албан тушаалтнаар кадастрын зургийг шинэчлэн гаргуулж, мөн холбогдох баримтыг үндэслэн хаягийн бүртгэлийг өөрчилсөн” гэжээ.

7. Гуравдагч этгээд Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Капитал  банкны эрх хүлээн авагчийн зүгээс олгосон итгэмжлэлийн дагуу 2020.06.08-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан Увс аймаг Улаангом сум 9-р баг, 6-21 тоот хаягтай газар эзэмших эрхийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож уг газрыг худалдан авч, өөрийн нэр дээрээ эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох байгууллагад хүсэлт гаргаж авсан. Банкны эрх хүлээн авагчийн өмнөөс худалдан авсан тул тухайн газрыг худалдан борлуулахаар зар байршуулж иргэн Б.Б нь уг газрыг худалдан авч  гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлэн авсан болно. Уг газар одоо иргэн Б.Б-ын эзэмшилд байна” гэжээ.

8. Гуравдагч этгээд Г.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би тухайн үед Капитал банкны Увс аймаг дахь орон нутгийн эрх хүлээн авагчаар ажиллаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.Б-ын барьцаалсан хөрөнгийг битүүмжилж хураасан. Ингэхдээ үнэлгээ дээр 2 тал тохиролцоогүй учир  хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэж 5.050.000 төгрөгөөр үнэлсэн. Хуулийн дагуу албадан дуудлага худалдаанд нэг хоёр дахь удаагаа оруулсан. Капитал банкны эрх хүлээн авагч нь хуулийн дагуу дуудлага худалдаанд орох бүрэн эрхтэй байдаг учраас итгэмжлэлээр оролцож тухайн хөрөнгийг худалдаж аваад буцааж худалдах ажиллагаа хийлгэхээр намайг томилсон. 2 дахь албадан дуудлага худалдаанд орж ялагчаар тодорч гэрчилгээ миний нэр дээр шилжих үед Увс аймгийн фэйсбүүк группүүдэд зар тавиад Б.Б надтай холбогдож дуудлага худалдааны 2 дахь үнээр худалдаж авахаар тохиролцож мөнгөө Капитал банкны эрх хүлээн авагчийн дансанд байршуулж, гэрээгээ нотариатаар батлуулаад ГХБХБГазарт хүсэлтээ өгсөн. Тухайн процессын явцад татвар болон бусад төлбөрийг төлж барагдуулсан” гэжээ.

9. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа: “Увс аймаг дахь Капитал банкны эрх хүлээн авч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-аас манай банкинд хураагдсан хашаа гэсэн мэдээллийн дагуу 10-р багийн 732 тоот хашааг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Г.А хашааг зарахдаа 21 хоногийн дотор тухайн хашааг чөлөөлж өгнө гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр бүрэн гарсан зарах боломжтой гэж хэлсний үндсэн дээр дээрх хашааг худалдан авсан. Тэгтэл шүүхийн тодорхой шийдвэр өгөхгүй өдийг хүрсэн. Б.Б миний эзэмшлийн хашаа болсон байхад Ж.Б гэгч эмэгтэй удаа дараа ирж бид бүхнийг хэл амаар доромжлон ёс зүйгүй зан гаргаж байгаад гомдолтой байна. Иймд дээрх асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

10. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн  хүсэлтийн дагуу түүний  эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж,  урьд нь шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.

12. Нэхэмжлэгч Ж.Б нь “Миний бие Г.А-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй байхад Улаангом сумын Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг  зөрчиж хашааны газар эзэмших эрхийг Г.А-т шилжүүлсэн, миний ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг   гаргахдаа надад урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй”  гэж маргажээ.

13. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга “Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх   газар болон Капитал банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн хүсэлт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шийдвэрийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Г.Ат шилжүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр сууриа илэрхийлжээ.

14. Гуравдагч этгээд Г.А-ын зүгээс “Миний бие Капитал банкны эрх хүлээн авагчийн хувьд хуулийн дагуу албадан дуудлага худалдаанд итгэмжлэлээр оролцож уг хашааг худалдан авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох байгууллагад хүсэлт гаргаж өөрийн нэр дээрээ авсан. Банкны эрх хүлээн авагчийн өмнөөс худалдан авсан тул тухайн хашааг худалдан борлуулахаар зар байршуулж иргэн Б.Б хуулийн дагуу худалдан авсан” гэж тайлбараа гаргажээ.

15. Гуравдагч этгээд Б.Б “Би тухайн газар, хашааг Капитал банкны эрх хүлээн авагч Г.А-аас худалдаж авч газар эзэмших эрхийг шилжүүлж авсан” гэжээ.

16. Маргаан бүхий захиргааны акт болох  Улаангом сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай  “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх, 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтуудыг баримтлан Улаангом сумын 10 дугаар багийн нутагт Ж.Б-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа 823 м/кв газрыг Г.А-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

17. Уг шийдвэрийг үндэслэн Улаангом сумын газрын даамал Капитал банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.А-т Увс аймгийн Улаангом сумын 10 -р баг Тээврийн гудамжны 712 тоотод байрлах, нэгж талбарын 8516013544 дугаар бүхий 823  м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1520001068 дугаарт бүртгэж гэрчилгээ  олгосон байна.

18. Дараа нь Улаангом сумын Засаг дарга гуравдагч этгээд болох Г.А болон  Б.Б нарын хооронд байгуулагдсан  худалдах худалдан авах гэрээ, тэдгээрийн газар эзэмших эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах  тухай хүсэлтийг үндэслэн  2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/297 дугаартай захирамжаар Улаангом сумын 10 дугаар багийн нутагт Г.А-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа 823 м.кв газрыг Б.Б-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба үүнийг үндэслэн Улаангом сумын газрын даамал  2020 оны 10 дугаар 12-ны өдөр  Б.Б-д 823 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

19.  Хариуцагч ийнхүү маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ хаягийн шинэчилсэн бүртгэл, кадастрын зургийг үндэслэн шийдвэрээ гаргасан талаар тайлбарласан болно.

20.  2016 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 342  дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг  12.423.407,59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Б хүлээн зөвшөөрснийг баталж, гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох иргэн Ж.Б-ын 0260586 тоот гэрчилгээ бүхий  Увс аймгийн Улаангом сумын 9-р  баг,  6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  840 м.кв газрыг  албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлага хангуулахаар  шийдвэрлэжээ.

21. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Ж.Б-ын төлбөрт хураагдсан Улаангом сумын 9-р баг, 6-21 тоот байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай  840 м.кв газар, хашааг  хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан  хоёр дахь дуудлага худалдаагаар уг барьцааны зүйлийг Капитал банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.А 4.225.000 төгрөгөөр худалдан авах үнийн саналаар ялагч болсон  тул 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр    дуудлага худалдааны ялагчаар тодорсон Г.А-т газрыг  шилжүүлж өгөхийг хүссэн албан тоот бичгийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна.

22. Уг барьцааны зүйлийг үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч Ж.Б эс зөвшөөрч  Увс аймаг дахь шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2020.04.13-ний өдрийн Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газар, хашааг үнэлсэн  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 сарын 22-ны өдөр гаргажээ.

23  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хяналтын шатны шүүх шийдвэр магадлалыг хянаад “Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Ж.Б-ын эзэмшлийн Увс аймаг Улаангом сумын 9-р баг, 6-21 тоотод байрлах , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 840 м.кв газрыг битүүмжлэн хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан, мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хуульд заасан аргачлалаар зөв тогтоосон” гэж дүгнэж , анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалын тогтоох хэсэгт хуулийн зүйл заалт, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

24. Хууль тогтоогч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр    газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлэх харилцааг зохицуулсан ба тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг , нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

25. Дээрх шүүхийн шийдвэр, баримтуудаас үзэхэд иргэн Ж.Б нь өөрийн эзэмшлийн газар, 4 талт хашааг банкинд барьцаалснаар эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу уг эрх нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжиж, тус байгууллага нь албадан дуудлага худалдаагаар барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Энэ тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүсэлт, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, холбогдох бусад баримтуудыг үндэслэн дуудлага худалдааны ялагч болсон этгээдэд  газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна.

26. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны хүрээнд хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ж.Баас Капитал банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэсэн байх тул  тус захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны   зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах,  мөн захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хийх шаардлагагүй юм.

27. Иймд  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг бусдад  шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн “Ж.Б-ын 10-р багт эзэмшиж буй 823 мкв газрыг Г.А-т шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

28. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх,  38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын шүүхэд гаргасан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугар “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжийн “Ж.Б-ын 10-р багт эзэмшиж буй 823 мкв газрыг Г.А-т шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1 дэх, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.            

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Т.ОЮУНГЭРЭЛ