Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Хохирогч М.Хүдэрбаатарын өмгөөлөгч О.Дүүриймаа /онлайн/

Хохирогч П.Бадамбаяр

Шүүгдэгч Н.Дамдинжавын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Л.Батзоригийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагаанхан овогт Наранбатын Дамдинжав, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргууд овогт Лхагвасүрэнгийн Батзориг нарт холбогдох эрүүгийн 2221002750007 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Урт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/271 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,

мөн Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж ялыг эдэлж байгаа, Дагаанхан овогт Наранбатын Дамдинжав /РД: ЖВ00280917/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнод гурил” ХХК-д өрөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 25-25 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Баргууд овогт Лхагвасүрэнгийн Батзориг /РД: ПВ00302716/.

Шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Урт” гэх газраас иргэн П.Бадамбаярын эзэмшлийн 10 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлж, бусдад 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн хээр халзан морь, шарга морийг уналганд ашиглаж Хэнтий аймгийн Норовлин сумын залгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр иргэн Х.Арандалын 3 тооны мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ буюу олон тооны малыг хулгайлж, 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Батзориг нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Агац 2 дугаар баг, “Улаалзаргана” гэх газарт нутаглаж байхдаа М.Хүдэрбаатарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхэр сүргийг маллах явцдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 5 тооны бярууг завшиж М.Бямбадоржид өгч явуулж хохирогч М.Хүдэрбаатарт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Дамдинжав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие найз Батзоригийн хамтаар 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр “Ажнай” гэдэг газраас Арандал гэх хүний 3 үхрийг уналга ашиглан тууж яваад Хэнтий аймгийн Норовлин суманд байх Мөнхбат гэх айлд аваачиж өгсөн. 02 дугаар сарын эхээр Батзориг надад нэг шар эрээн үнээг зарсан гээд Энхбат гэх хүнд миний дансыг өгч 1,000,000 төгрөг дансанд орж ирсэн. Намайг 2 дугаар сарын дунд үеэр Дорнод аймагт хөлөө хугалчихаад хэвтэж байхад үлдсэн үнээг Батзориг Хүдэрбаатар гэх хүнд зарж миний дансанд 2,000,000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирэхээр нь би Батзоригийн данс руу 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын эхээр Урт гэдэг газраас Бадамбаяр гэх хүний 10 тооны үхрийг уналга ашиглан бэлчээр дээрээс авч яваад Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар баг “Өвөр Улаалзаргана” гэх газар аваачиж Батзоригийн маллаж байсан малд нийлүүлсэн. 04 дүгээр сарын 10-ны орчим Дорнод аймгийн Баян-Уул сум руу явж Өлзийжаргал гэх малын ченжид 3 тооны үхрийг хөдөө бэлчээр дээр нь ажиллаад хүргэж өгсөн. 4 дүгээр сарын дунд үеэр 1 шүдлэн үхэр бие нь болохгүй байхаар нь үхэх нь гэж бодоод янзлаад идчихсэн. Мөн 04 дүгээр сарын 20-ны орчим Лхагвадорж гэх хүнтэй утсаар ярьж 2 бярууг зарж 5 дугаар сарын эхээр аваачиж өгсөн. 08 дугаар сард үлдсэн 3 үхрийг Дорнод аймгийн Баян-Уул сумын Цагдаагийн хэлтэстэй хамтран очиж хүлээлгэн өгсөн...” гэв.

Шүүгдэгч Л.Батзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Дамдинжавтай бүлэглэн Бадамбаяр, Арандал гэх хохирогч нарын үхрийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Бадамбаярын хохирлыг өөрийн зүгээс барагдуулаарай гээд улаан халзан тугалтай үнээг Дамдинжавт өгсөн. Мөн Арандал гэх хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулаарай гэж эр хязаалан үхрийг Дамдинжавт өгсөн. 10 тооны үхрээс 3 тооны үхрийг хүлээлгэн өгсөн нь үнэн. Бусад 7 үхрийн хохирол төлбөрийг төлөөгүй. Хүдэрбаатарын хохирол төлбөрт 5 бярууг Ганбаяр гэх дүүд нь хүлээлгэн өгсөн. Завших гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэв. 

Хохирогч П.Бадамбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би нийт 20 үхэр алдсан бөгөөд Дамдинжав, Батзориг нар 10 үхэр авсан гэж мэдүүлсэн. Алдсан 10 үхэрнээс Хүдэрбаатарын үхэрт байсан өөрийн 3 үхрийг эргүүлэн авсан. Үлдэгдэл 7 тооны үхэр, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 88,000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор Дорнод аймаг руу ирэхэд зарцуулсан шатахууны зардал 98,142 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч П.Бадамбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд манай 10 тооны том жижиг нийлсэн үхэр алга болсон учир манай хүү Б.Жаргалбат, Б.Жаргалбаяр нар үхрүүдээ явж болох бүхий л газруудаар хайгаад олоогүй. Эдгээр алга болсон үхрүүд дотор 2 эр хязаалан үхэр, 3 эр шүдлэн үхэр, 4 охин бяруу, 1 эр бяруу алга болсон байсан. Эдгээр үхрүүд маань бүгд улаан халзан зүстэй үхрүүд байсан. Манай үхрүүд бүгд 2 чих хойноосоо ухам имтэй, бага насны үхрүүд нь бүгд зүүн чихэндээ ногоон өнгийн бирктэй байгаа. ...энэ жил хавар мал их ядруу орсон тул манай зарим үхрүүд маань энд тэнд ус шаварт унаж үхсэн, зарим нь хэт ядраад бэлчээртээ үхсэн байсан тул зарим үхрүүдээ олохгүй болохоор 22 тооны үхэр олохгүй байгаа талаараа мэдэгдсэн байх. Энэ жил манай үхрээс 10 гаруй тооны үхэр үхсэн байсныг бид дараа нь нүх ухаж устгуулж булсан. Яг одоогоор хэдэн үхэр үхсэн гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна. Эдгээрээс 10 тооны үхэр цох дутаж алга болоод байна. Дээрх алга болоод олдохгүй байгаа үхрүүд ус шаварт унаж үхэхээргүй, тарга тэвээрэг сайтай үхрүүд байсан. ...Би үхсэн хорогдсоноо хасаад 10 тооны үхэр хулгайд алдсан гэж тооцож байгаа. ...Дамдинжав нь бусадтай нийлж хулгайлсан болохыг цагдаа нар тогтоогоод шалгаж байна. Алдсан үхрүүдийг маань Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багийн нутаг Өвөр улаалзаргана гэх газарт тууж аваачиж айлын үхэрт нийлүүлсэн байсныг цагдаа нартай хамт очиж хурааж  авсан. Үүнээс улаан халзан зүсмийн 3 настай 2 тооны эр үхэр, улаан халзан зүсмийн 1 тооны охин бяруу байсныг хураан авч надад хүлээлгэн өгсөн. ...Миний хувьд алдсан үхрүүдийнхээ хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 28-30/

Хохирогч Х.Арандал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын залгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас мухар халтар халзан үнээ, хар халзан үнээ, шар улаан эрээн үнээ алдсан. Би үхрээ алдаад гэрийнхээ ойр орчим 5 км зайд хайж явсан боловч үхэр олдоогүй. Тэгээд би хулгайд алдсан байна гэж бодоод эрлээ зогсоосон. Адсан гэх 3 тооны үхрээ олж авмаар байна. Өөр санал хүсэлт, гомдол байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 180-181/

Хохирогч М.Хүдэрбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Л.Батзориг гэх залуутай хөдөлмөрийн гэрээ байгуулан малаа маллуулахаар болсон. Би зөвхөн үхэр маллуулсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Батзоригт үхрээ тоолж өгөхөд 421 тооны үхэр байсан. ...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мал дээрээ ирж өөрийн малаа тоолоход үхэр 286 тоо толгой байсан. Би маш их гайхаж өөрийн малчнаасаа юу болсон талаар асуухад 20 тооны үхрийг хавар хорогдуулж үхүүлсэн гэж хэлсэн. Үлдсэн 79 тооны үхрийг яасныг би мэдэхгүй байна гэж хэлсэн. ...Батзориг манай үхрийг харах хугацаандаа өнгөрсөн 2022 оны хавар 5 тооны бяруу манай малаас завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн бяруунуудын зүсийг нь би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө цэвэр улаан ангус үйлдвэрийн бяруунууд байх ёстой. Монгол үхрүүд ч байгаа. Батзориг манайхаас завшсан 5 бярууныхаа оронд 5 бяруу авчирч өгсөн. Батзориг манайхаас дахин мал хулгайлсан болох нь тогтоогдож тэр нь Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа. Би Батзоригтой 2021 оны 08 дугаар сард үхэр маллах гэрээ байгуулсан. Батзоригийн дутаасан үхрүүдийг иргэний журмаар шүүхээр нэхэмжилнэ...” гэжээ. /2-р хх-ийн 129-133/

Иргэний нэхэмжлэгч Ж.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сард яг хэдний багцааг санахгүй байна. Батзориг над руу утсаар яриад надаас “сувай үнээ худалдаж авах уу, ээж рүү мөнгө явууулах гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа Батзориг манай гэрт 3 тооны үхэр тууж ирээд энэ үхрүүдээс авчих ... мөнгөний хэрэг гараад байгаа юм та авчих гээд гуйгаад байхаар нь ... 1,000,000 төгрөг өгөөд 1 үхрийг нь худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа Баян-Уул сумын цагдаа нар ирээд таны худалдаж авсан үхэр хулгайн үхэр байна гээд үхрийг аваад явсан. Би үхрийг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан учраас энэ мөнгөө авмаар байна...” гэжээ. /1-р хх-ийн 185-186/

Гэрч Б.Жаргалбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн аав, ээж, дүү нарын хамтаар амины 343 тооны үхрээ маллан амьдардаг. Энэ жил мал их ядарч орсноос болоод айлуудын олон үхэр мал хавар үхсэн. Манайх энэ жил 17 тооны үхрээ хавар үхүүлсэн. Үүнээс гадна 2022 оны 04 дүгээр сарын эхээр буюу 06-ны орчим манай үхрээс 10 орчим тооны үхрүүд маань алга болоод одоо болтол олдохгүй байгаа юм. Дээрх үхрүүд дотор хязаалан насны хоёр эр үхэр, шүдлэн насны 3 эр үхэр, 5 тооны бяруу алга болоод байгаа. Эдгээрээс 4 тооны  бяруу нь охин, 1 эр бяруу алга болоод олдохгүй байгаа бөгөөд би өөрийн дүү нарын хамтаар үхрүүдээ байж болох бүхий л газраар эрж хайгаад олдохгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 36-37/

Гэрч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надад Батзориг манай үхрийг хүлээлгэж өгөхөд 281 тооны үхэр байсан бөгөөд улаан халзан зүсмийн 2 үхэр заагаад “энэ үхрүүд хүний үхэр шүү, эзэн нь ирж авна” гээд тоонд оруулалгүй надад манай өөрийн 279 толгой үхэр хүлээлгэж өгсөн.

...Л.Батзориг, Н.Дамдинжав нар хээр халзан зүсмийн адуу, шарга зүсмийн адууг байнга л унаж хэрэглэдэг байсан. ...Шарга зүсмийн адуу нь миний эзэмшлийн адуу.

...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шинэ малчин болох Батзориг гэх хүнд 421 үхэр тоолж хүлээлгэн өгсөн. Сая 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тоолоход 421 үхрээс 99 тооны үхэр дутуу байсан. Өөрөөс нь шалтгааныг нь асуухад 20 тооны үхэр үхүүлсэн. 79 тооны үхрийг яасан шалтгаанаа хэлж чадаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 38-39, 209-210, 2-р хх-ийн 135-136/

Гэрч Б.Өлзийжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад тус сумын харьяат Дамдинжав гэх залуу ирээд “та мал авч байна уу” гэхээр нь “авч байна” гэхэд тэрээр “би танд үхэр зарах гэсэн юм” гэхэд нь би түүнд хандан чамтай наймаа хийхгүй гэхэд тэрээр “би Тунгаагийн хүү нь байна, та манай ээжтэй ярьчих, бид хэд банкны зээлтэй болохоор үхэр зарах гэж байгаа юмаа, ээж мэдэж байгаа” гэхээр нь би түүний ээж Энхтунгалагтай утсаар ярихад “манай хүү маань бүх амьдарлаа болгож явдаг, өөрөө мэдэж байгаа, та санаа зовох юмгүй, зарах үхэр байгаа” гэхээр нь итгээд түүнд 1,500,000 төгрөгийг Дамдинжавын ... тоот дансаар гүйлгээний утгыг нь “ADUU” гэж бичээд шилжүүлсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дамдинжав өөрийн ээж Энхтунгалаг болон бас нэг танихгүй залуугийн хамтаар надад 3 тооны үхрийн мах авчрахаар нь тухайн үед хиллэж үзээд 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцож аваад түүний дансанд дахин 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Дамдинжав, Энхтунгалаг нар надад үхрийн мах авчирч өгөхдөө арьс, толгойг нь авчраагүй, зургийг нь дараад авчирлаа гээд утсан дээрээсээ 3 тооны үхрийн арьс, толгойны зургийг харуулахад нь тэдгээр зургийг утсан дээрээ татаад авсан. Зурган дээрээс харахад дээрх үхрүүд гурвуулаа улаан халзан зүсмийн шүдлэн үхрүүд байсан...” гэжээ. /1-р хх-ийн 43-44/

Гэрч Д.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад буюу 2022 оны 04 дүгээр сарын эхээр тус сумын харьяат Дамдинжав гэх залуу над руу утсаар залгаад “ахаа дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та бяруу авах уу” гэхээр нь би “авна” гэхэд тэрээр надад “2 бяруу зарах гэсэн юм, та хэдээр авах вэ” гэхэд нь би түүнд “бярууг 500,000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Надад дансны дугаар өгөхөөр нь би өөрийн ... тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 хувааж 700,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бяруугаа авсны дараа өгье гэж тохирсон. 2022 оны 05 дугаар сарын 20-ны орчим эрээн нүүртэй улаан зүсмийн охин бяруу, мөн улаан эрээн нүүртэй өрөөсөн эвэргүй охин бярууг өгсөн. Дээрх хоёр бяруунууд нь хоорондоо их адилхан зүстэй охин бяруунууд байсан. Надад бяруу өгөхдөө өөрийнхөө бярууг гэж өгсөн болохоор би түүнээс гарал үүслийн бичиг гэж аваагүй...” гэжээ. /1-р хх-ийн 45-46/

Гэрч Б.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны орчим Булган аймаг яваад 2022 оны 07 дугаар сарын 20-ны орчим эргэж ирээд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Мэхээрч гэх газарт байх мал дээрээ ирэхэд миний аав болох Энхбат надад хэлэхдээ “02 дугаар сард худалдаж авсан улаан эрээн зүсмийн 1 тооны үнээ хулгайн мал юм байна, Баян-Уул сумаас цагдаа нар ирээд тухайн үнээний зургийг дараад явсан” гэсэн...” гэжээ. /1-р хх-ийн 204-205/

Гэрч Б.Ганболор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнээ гэх айл руу утсаар асуухад ус шавар ихтэй машин явахгүй байгаа гэхээр нь Хүдэрбаатарын үхрийг харж байсан Батзориг дүүд учир шалтгаанаа хэлж 5 бяруу түр авахаар болж Ариунболорын найзыг ирэхээр нь аваад тухайн үхрээс өгөөд явуулсан. Дараа нь Эрдэнээ ахынхаас бяруунуудыг авч ирж чадаагүй байхад Хүдэрбаатар ирж үхэр, малаа тоолсон. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хүдэрбаатарын ээж болон малчин Ганбаа нь тухайн 5 бярууг хүлээн авсан...” гэжээ. /2-р хх-ийн 142-143/

Гэрч Б.Ариунболор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхэн багцаанд М.Бямбадорж ирж 5 тооны бяруу авч явахдаа Батзоригийн харж байсан үхрээс манай эгч Ганболор нь Дадалаас 5 тооны бяруу иртэл 5 тооны бяруу зээлж өгч явуулсан гэж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 145-146/

Гэрч Т.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Авсан нь үнэн. Тэр бяруунуудыг манай эхнэр Ганболор Батзоригтой ярьж тохирсны үндсэн дээр авсан. Манай эхнэр Ганболор нь хүргэн дүү Батзоригоос 5 бяруу гуйж аваад Дорнод аймгийн Бямбаа гэх хүнд өгсөн. Манай эхнэр Ганболор Бямбаа гэх хүнтэй наймаа хийгээд Бямбаа нь 2022 оны 04 сард 5 бяруугаа авахаар ирэхэд нь Батзоригоос 5 бяруу авч өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 148-149/

Гэрч М.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн дансанд 1,200,000 төгрөг хийсэн. Тухайн мөнгөндөө 5 тооны тугал авахаар тохиролцсон. Би 2022 оны 04 дүгээр сар хавьцаа очиж авна шүү гэж хэлээд мөнгө өгсөн юм. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр очиж авахаар болсон. Тохиролцсон 5 үхрээ авахаар Ариунболор гэх хүнтэй ярихад нөгөө 5 бяруугаа манай ахын гэрээс очоод авчих гэж хэлсэн. Би ороод 5 бяруу авах юм гэж хэлэхэд чиний авах 5 бярууг одоо ирж байгаа хүн зааж өгнө хүлээж бай гэсэн. Тэгээд удалгүй нэг морьтой хүн ирээд 5 тооны бяруу зааж өгсөн. ...хар алаг зүсмийн бяруу, улаан алаг, ухаа бяруу 2 тооны, ногоон бяруу нийтдээ 5 тооны бяруу байсан...” гэжээ. /2-р хх-ийн 152-153/

Л.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 69-71, 85-87, 89-91, 243-245, 2-р хх-ийн 03-04, 165-166/

Н.Дамдинжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 76-78, 80-82, 234-235, 248-250, 2-р хх-ийн 100-101/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 13, 163, 2-р хх-ийн 123/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 14/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-19, 170-171/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-24/

Эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 173-174/

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 172, 175-177/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Р22-223 тоот, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р22-246 тоот үнэлгээний тайлан /1-р хх-ийн 49-56, 214-221/

“Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 47, 211/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДЦ-23-12 тоот дүгнэлт /1-р хх-ийн 224-227/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот дүгнэлт /2-р хх-ийн 158-160/

Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 13/

Н.Дамдинжавын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 113-137, 2-р хх-ийн 34-63/

Дорнод аймгийн Баян-Уул сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 96-97, 2-р хх-ийн 05/   

Н.Дамдинжавын мал тооллогын баримт /1-р хх-ийн 139-141/

Н.Дамдинжавын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 98-99/

Н.Дамдинжавын цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 100/

Н.Дамдинжавын ерөнхий боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 101-110/

Л.Батзоригийн ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 64-70/

Л.Батзоригийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 06/

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 92-98/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 93-95, 2-р хх-ийн 10-11/

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /1 хуудас/

Н.Дамдинжавын ялын тооцооны лавлагаа /1 хуудас/

“Төв түмэн сүрэг” ХХК-ийн тодорхойлолт /1 хуудас/

Л.Батзоригоос хохиролд 5 тооны бяруу хүлээлгэн өгсөн баримт /1 хуудас, гэрэл зураг 5 ширхэг/ болон шүүх хуралдаанд хохирогч П.Бадамбаяраас шинээр гаргаж өгсөн 98,142 төгрөгөөр шатахуун авсан тухай баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Дагаанхан овогт Наранбатын Дамдинжав, Баргууд овогт Лхагвасүрэнгийн Батзориг нар нь 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас хохирогч Х.Арандалын 3 тооны үхрийг уналга ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 3,900,000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Урт” гэх газраас хохирогч П.Бадамбаярын 10 тооны үхрийг бэлчээрээс нь уналга ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 8,400,000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Х.Арандалын “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын залгаа Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Ажнай” гэх газраас мухар халтар халзан, хар халзан, шар улаан эрээн үнээ алдсан. Би үхрээ алдаад гэрийнхээ ойр орчим 5 км зайд хайж явсан боловч олдоогүй. Тэгээд би хулгайд алдсан байна гэж бодоод эрлээ зогсоосон...” гэх, хохирогч П.Бадамбаярын “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд манай 10 тооны том жижиг нийлсэн үхэр алга болсон. Эдгээр алга болсон үхрүүд дотор 2 эр хязаалан үхэр, 3 эр шүдлэн үхэр, 4 охин бяруу, 1 эр бяруу байсан. Эдгээр үхрүүд маань бүгд улаан халзан зүстэй үхрүүд байсан. ...Дамдинжав нь бусадтай нийлж хулгайлсан болохыг цагдаа нар тогтоогоод шалгаж байна. Алдсан үхрээс 3 тооны үхрийг Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багийн нутаг “Өвөр улаалзаргана” гэх газарт тууж аваачиж айлын үхэрт нийлүүлсэн байсныг цагдаа нартай хамт очиж хурааж авсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатын “...2022 оны 01 дүгээр сард Батзориг над руу утсаар яриад надаас “сувай үнээ худалдаж авах уу, ээж рүү мөнгө явууулах гэсэн юм” гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа Батзориг манай гэрт 3 тооны үхэр тууж ирснээс 1,000,000 төгрөгөөр 1 үхрийг нь худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа Баян-Уул сумын цагдаа нар ирээд таны худалдаж авсан үхэр хулгайн үхэр байна гээд үхрийг аваад явсан...” гэх, гэрч Б.Энхбаатарын “...миний аав Энхбат надад хэлэхдээ 02 дугаар сард худалдаж авсан улаан эрээн зүсмийн 1 тооны үнээ хулгайн мал юм байна, Баян-Уул сумаас цагдаа нар ирээд тухайн үнээний зургийг дараад явсан гэсэн...” гэх, гэрч Б.Жаргалбатын “...2022 оны 04 дүгээр сарын эхээр буюу 06-ны орчим манай үхрээс 10 орчим тооны үхэр алга болоод одоо болтол олдохгүй байгаа юм. ...би өөрийн дүү нарын хамт үхрүүдээ байж болох бүхий л газраар эрж хайгаад олоогүй...” гэх, гэрч М.Ганбаатарын “...надад 281 тооны үхэр хүлээлгэж өгөхдөө улаан халзан зүсмийн 2 үхэр заагаад “энэ үхрүүд хүний үхэр шүү, эзэн нь ирж авна” гээд тоонд оруулаагүй...” гэх, гэрч Б.Өлзийжаргалын “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дамдинжав ээж Энхтунгалаг болон бас нэг танихгүй залуугийн хамт надад 3 тооны үхрийн мах авчрахаар нь тухайн үед хиллэж үзээд 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр тооцож аваад түүний дансанд дахин 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх, гэрч Д.Лхагвасүрэнгийн “...надад дансны дугаар өгөхөөр нь би өөрийн ... тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 хувааж 700,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бяруугаа авсны дараа өгье гэж тохирсон. 2022 оны 05 дугаар сарын 20-ны орчим эрээн нүүртэй улаан зүсмийн охин бяруу, мөн улаан эрээн нүүртэй өрөөсөн эвэргүй охин бярууг өгсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Р22-223 тоот, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Р22-246 тоот үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДЦ-23-12 тоот дүгнэлт, Н.Дамдинжав, Л.Батзориг нарын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Л.Батзориг нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Агац 2 дугаар багийн нутаг “Улаалзаргана” гэх газарт хохирогч М.Хүдэрбаатарын итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргийг маллах явцдаа 5 тооны бярууг завшиж, бусдад 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М.Хүдэрбаатарын “...Батзориг манай үхрийг харах хугацаандаа өнгөрсөн 2022 оны хавар 5 тооны бяруу манай малаас завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн бяруунуудын зүсийг нь би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө цэвэр улаан ангус үйлдвэрийн бяруунууд байх ёстой. Монгол үхрүүд ч байгаа. Батзориг манайхаас завшсан 5 бярууныхаа оронд 5 бяруу авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Б.Ганболорын “...Эрдэнээ гэх айл руу утсаар асуухад ус шавар ихтэй машин явахгүй байгаа гэхээр нь Хүдэрбаатарын үхрийг харж байсан Батзориг дүүд учир шалтгаанаа хэлж 5 бяруу түр авахаар болж Ариунболорын найзыг ирэхээр нь аваад тухайн үхрээс өгөөд явуулсан. Дараа нь Эрдэнээ ахынхаас бяруунуудыг авчирч чадаагүй байхад Хүдэрбаатар ирж үхэр, малаа тоолсон. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хүдэрбаатарын ээж болон малчин Ганбаа нь тухайн 5 бярууг хүлээн авсан...” гэх, гэрч Б.Ариунболорын “...2022 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхэн хавьд М.Бямбадорж ирж 5 тооны бяруу авч явахдаа Батзоригийн харж байсан үхрээс манай эгч Ганболор нь 5 тооны бяруу зээлж өгч явуулсан гэж байсан...” гэх, гэрч Т.Ганзоригийн “...Тэр бяруунуудыг манай эхнэр Ганболор Батзоригтой ярьж тохирсны үндсэн дээр авсан. Манай эхнэр Ганболор нь хүргэн дүү Батзоригоос 5 бяруу гуйж аваад Дорнод аймгийн Бямбаа гэх хүнд өгсөн. Манай эхнэр Ганболор Бямбаа гэх хүнтэй наймаа хийгээд Бямбаа нь 2022 оны 04 сард 5 бяруугаа авахаар ирэхэд нь Батзоригоос 5 бяруу авч өгсөн...” гэх, гэрч М.Бямбадоржийн “...Тохиролцсон 5 үхрээ авахаар Ариунболор гэх хүнтэй ярихад нөгөө 5 бяруугаа манай ахын гэрээс очоод авчих гэж хэлсэн. Би ороод 5 бяруу авах юм гэж хэлэхэд чиний авах 5 бярууг одоо ирж байгаа хүн зааж өгнө хүлээж бай гэсэн. Тэгээд удалгүй нэг морьтой хүн ирээд 5 тооны бяруу зааж өгсөн. ...хар алаг зүсмийн бяруу, улаан алаг, ухаа бяруу 2 тооны, ногоон бяруу нийтдээ 5 тооны бяруу байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нар нь уналга ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг буюу 13 тооны үхрийг хоёр удаагийн үйлдлээр хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Мөн шүүгдэгч Л.Батзориг нь бусдын малыг маллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Дамдинжав, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч Л.Батзориг, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Дамдинжавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч Л.Батзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батзоригт 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Батзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Н.Дамдинжав нь Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил 2 сарын хорих ялыг эдэлж байх хугацаанд түүний өмнө үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Дамдинжавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 14 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.Бадамбаяр 10 тооны үхрээ алдаж 8,400,000 төгрөгийн, хохирогч Х.Арандал 3 тооны үхрээ алдаж 3,900,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад 1,000,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Л.Батзоригийн ганцаараа үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогч М.Хүдэрбаатар 5 тооны үхрээ алдаж 3,500,000 төгрөгийн хохирол тус тус хүлээсэн байх бөгөөд шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч П.Бадамбаярын 10 тооны үхэр “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 8,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 тооны үхрийг буцаан авсан болох нь эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Тэрээр шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нараас алдсан 10 үхэрнээс буцаан авсан 3 тооны үхрийг хасаад үлдэгдэл 7 тооны үхрийн үнэ, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 88,000 төгрөг болон шүүх хуралдаанд оролцохоор Дорнод аймаг руу ирэхэд зарцуулсан шатахууны зардал 98,142 төгрөгийг тус тус нэхэмжилж байх бөгөөд хохирогч П.Бадамбаяр нь хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 88,000 төгрөгийг төлсөн болох нь “Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар, замын зардалд 98,142 төгрөгийг зарцуулсан болох нь түүний шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шатахуун авсан тухай баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нараас 7 тооны үхрийн үнэ 4,800,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг, шатахууны үнэ 98,142 төгрөг нийт 4,986,142 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 2,493,071 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бадамбаярт олгохоор тогтоов.

 Хохирогч Х.Арандалын хувьд хулгайд алдсан 3 тооны үхэр нь “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны үхрийг иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатаас авсан болох нь эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбат, гэрч Б.Энхбаатар нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нараас 2 тооны үхрийн үнэ 2,700,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг нийт 2,788,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 1,394,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Арандалд олгохоос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөгийг мөн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад олгох нь зүйтэй байна.

Гаргуулбал зохих хохирол төлбөрийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Н.Дамдинжаваас 4,387,071 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бадамбаярт 2,493,071 төгрөгийг, Х.Арандалд 1,394,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад 500,000 төгрөгийг, шүүгдэгч Л.Батзоригоос 4,387,071 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бадамбаярт 2,493,071 төгрөгийг, Х.Арандалд 1,394,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад 500,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Батзоригийн ганцаараа үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн улмаас хохирогч М.Хүдэрбаатар 5 тооны бяруугаар хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Батзориг нь уг 5 тооны үхрийн хохиролд ижил насны мөн тооны үхрийг өгсөн болох нь хохирол төлбөр хүлээлгэж өгсөн тухай баримт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Хүдэрбаатар, гэрч Б.Ганболор, Б.Ариунболор нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд хохирогч М.Хүдэрбаатарын өмгөөлөгч О.Дүүриймаа нь “Төв түмэн сүрэг” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн завшсан 5 тооны бярууг ангус үүлдрийн үхэр гэж үзэж нэг бүрийг нь 3,000,000 төгрөгөөр үнэлэн нийт 15,000,000 төгрөгөөс шүүгдэгч Л.Батзоригоос хүлээлгэн өгсөн 5 бярууны үнэ 3,500,000 төгрөгийг хасаж тооцоод 11,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.Батзоригийн хохирогч М.Хүдэрбаатараас завшсан 5 тооны бяруу нь ангус үүлдрийн үхэр байсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШД-413 тоот “бяруу 700,000 төгрөг, 5 тооны бяруу 3,500,000 төгрөг” гэж үнэлсэн дүгнэлтийг бүрэн бус эргэлзээтэй гэж үгүйсгэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Иймд хохирогч М.Хүдэрбаатарын нэхэмжилсэн 11,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Батзориг хохирогч М.Хүдэрбаатарт 5 тооны үхэр хүлээлгэж өгсөн, түүнд төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нарын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан 2 тооны морь бусдын эзэмшил, өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул  2 тооны адууны үнэ 2,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,300,000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан шарга морийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Л.Батзориг нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Дамдинжавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дагаанхан овогт Наранбатын Дамдинжавыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Баргууд овогт Лхагвасүрэнгийн Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Наранбатын Дамдинжавт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Лхагвасүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Лхагвасүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Дамдинжавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 14 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дамдинжавт оногдуулсан 14 жил 11 сар 24 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.Батзоригт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дамдинжавын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Н.Дамдинжаваас 4,387,071 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Пүрэвийн Бадамбаяр /РД: ЖВ59042417/-т 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийг, хохирогч ............ Арандал /РД: ЖВ80072630/-д 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ..........Энхбат /РД: ГЭ64052316/-д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Л.Батзоригоос 4,387,071 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Пүрэвийн Бадамбаярт 2,493,071 /хоёр сая дөрвөн зуун ерэн гурван мянга далан нэг/ төгрөгийг, хохирогч Хүрэлбаатарын Арандалд 1,394,000 /нэг сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Жамъяны Энхбатад 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Хүдэрбаатарын 11,500,000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 2,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Дамдинжав, Л.Батзориг нараас тус бүр 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шарга морийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Л.Батзориг нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Хүдэрбаатарт 5 тооны үхрийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Дамдинжавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА