Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2019/00664

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

тус компанийн н хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 4749367 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ХХК-д 2011 оны 9 сард нягтлан бодогчоор ажилд орж 8 жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд алдаа зөрчил гаргаж байгаагүй, ажлаа чин шударгаар хийж ирсэн. Компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, дотоод журам гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж явсан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдөр тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Шалтгаан нь эмэгтэйчүүдийн амрах байранд хонож компанийн нэр хүндэд хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оноос миний гэр бүлийн байдал маргаантай болж улмаар ******* ХХК-д ажилладаг гэдэг эмэгтэйтэй дотно харилцаатай 5 жил болсон. Бидний дундаас 2016 оны 3 сарын 19-ний өдөр нэртэй охин төрсөн. Энэ талаар компанийн ажилчид, удирдлагууд, манай гэр бүлийн хүн ч мэддэг байсан. Иймд гэр бүлийн хувьд байнгын хэрүүл маргаантай, уучлал гуйгаад ч нэмэргүй болсон учир 2 хүүхдээ байр орон сууцтай болгоод сална гэж шийдсэн байсан. Сүүлийн 2 сар буюу 2019 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байсан. 2019 оны 5 сарын 24-ний шөнө эхнэр маань харуул хамгаалалттай, гаднын хүн нэвтрүүлдэггүй байранд буюу бид 2-ын унтаж байсан нийтийн байранд орж ирж хэрүүл маргаан хийсэн. Үүнээс шалтгаалан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Ийм нөхцөл байдал хүний амьдралд тохиолддог. Энэ бол хөдөлмөрийн харилцааны асуудал биш. Надад ямар нэгэн байдлаар сануулах, цалингийн хувь хасах зэрэг арга хэмжээ авалгүй шууд ажлаас халсан. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4749367 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар тушаалаар Э.*******ийг ажлаас халсан. ******* нь ******* ХХК-д 2011 оны 9 сард нягтлан бодогчоор ажилд орсон. ******* нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний шөнө тус компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж эмэгтэй ажилчдын амрах байранд ажилтан тай хамт хоносон байдаг. Үүнийг *******ийн хууль ёсны эхнэр нь мэдэж байгаа газар нь очиж, гар утсаараа *******ийн хагас нүцгэн зургийг дарж, ******* компанийн 1024 дагагчтай Facebook хуудсанд нийтэлсэн байсан. Энэ нь ******* ХХК-ийн нэр хүнд, ёс зүй болон бусад байдалд сөргөөр нөлөөлөхөөр үйл явдал болсон. ******* ХХК-ийн ажилчид 20 хоног ажиллаж, 10 хоног амардаг. ******* компанийн ажилчид ёс суртахуунгүй, гэр бүлээ хуурдаг юм байна, энэ байдлыг нь компанийн удирдлагууд таслан зогсоохын оронд улам дэлгэрүүлдэг гэсэн ойлголт хүмүүст төрүүлэхээр сөрөг нөхцөл байдал үүсээд байна. 2019 оны 05 сарын 30-ны өдөр *******ийн эхнэр нь болон ******* нарыг ажлаас халж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, бүх баримтаа гаргаж өгсөн. ******* ХХК нь байгуулагдсан үеэсээ л хосуудын өрөөтэй байсан. Нэг гэр бүлийн хүмүүс тус компанид хамт ажиллаж байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж хосын өрөөнд байрлах боломжтой байдаг. Одоогоор ******* ******* ХХК-д 25 хосын өрөө байгаа. Гэтэл , ******* нар нэг ч удаа хосын өрөөнд байрлах хүсэлтээ өгч байгаагүй. Компанийн дотоод журам гэдэг нь ажилчдын ажиллах таатай нөхцөлийг хангахад чиглэдэг. ******* ХХК нь 500 гаруй монгол ажилчидтай. Эдгээр ажилчид хоорондоо хувийн харилцаа тогтоовол компанид сөрөг нөхцөл байдал үүснэ. Тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т нэг гэр бүлийн гишүүд болон компанийн албан ажил гүйцэтгэхээс бусад тохиолдолд эмэгтэй ажилтан эрэгтэй ажилтны амрах байранд, эрэгтэй ажилтан эмэгтэй ажилтны байранд хонох, байрлах-ыг хориглодог. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах талаар харилцан тохиролцсон байдаг. Тухайн үед болсон үйл баримтууд нь Цагаан сор харуул хамгаалалтын газрын харуулын илтгэх хуудас, зөрчил бүртгэсэн анкет, цахим хуудсанд тавигдсан нотлох баримтууд, зөрчлийн хэргийг шалгасан байцаагчийн мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд үүнийг үндэслэн *******ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Компанийн эрх бүхий албан тушаалтан тухайн үйл явдлыг илрүүлээгүй, харин *******ийн хууль ёсны эхнэр нь өөрөө илрүүлж, гомдол шаардлагаа гаргасан байдаг. *******ийн эхнэр нь компанийн удирдлагуудад гомдол бичиж, хүний нөөцийн ажилтан руу байнгын захидал бичиж, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус бусад байгууллагад гомдол гаргана гэж байнгын дарамт шахалтад оруулж байсан. Энэ үйл явдал нь ******* ХХК-ийн харъяалах нутаг дэвсгэрт болсон учир компани өөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус компанийн н хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 4749367 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн харьяаллын талаар маргаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгчийн гаргаж буй ажлаас буруу халсан тухай маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдлоор хэлэлцэх хэрэгт хамаарах учир мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар шийдвэр гаргасан албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гомдлоо гаргах ёстой, ******* ХХК-ийн ерөнхий захиргаа нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Ногоон урлан хотхоны 10а байранд байдаг, шийдвэр гаргасан гүйцэтгэх захирал LI ZHENG нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул тус шүүхээр маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй... гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1-д ...шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заажээ.

Шийдвэрийг албан тушаалтан гаргасан боловч түүний ажил, албан үүрэгтэй нь холбоотой шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа учир хуулийн этгээд нь хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан харьяаллын дагуу гомдлоо гаргах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн ажил хэргээ байнга явуулдаг газрын шүүх болох Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасныг харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Э.******* нь ******* ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 399 дүгээр тушаалаар тус компанийн н нягтлан бодогчийн ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Дээрх үйл баримтын талаар, ******* ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 399 дүгээр тушаал, ******* ******* ХХК-ийн ерөнхий захирлын 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 536 дугаар тушаал, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ тус тус хэрэгт авагджээ.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлаас халсан тушаал дээр тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т заасныг баримталсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтад хамаарахгүй, Э.******* нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Э.******* нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т заасан зөрчлийг гаргасан нь нотлох баримтаар батлагдсан учир ажлаас халах үндэслэл болно... гэж маргадаг.

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12 дугаар зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2 дугаар зүйлийн 8.2.3, хүний нөөцийн хэлтсийн даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Э.******* нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний шөнө эмэгтэйчүүдийн амрах байранд хонож компанийн нэр хүндэд хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэсэн... гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй. Гэхдээ ажилтны гаргасан сахилгын зөрчлийг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой тусгасан байна.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх нөхцлийг шаарддаг.

******* ******* ХХК-ийн ажилтан Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний аравдугаар хэсгийн 10.3.2.5-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор заажээ. Дээрх ноцтой зөрчилд тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.28.12-т заасан нэг гэр бүлийн гишүүд болон компанийн албан ажил гүйцэтгэхээс бусад тохиолдолд эмэгтэй ажилтан эрэгтэй ажилтны амрах байранд, эрэгтэй ажилтан эмэгтэй ажилтны байранд хонох, байрлахыг хориглосон заалт хамаарахгүй байна. Иймд Э.*******ийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болохгүй байх тул тус компанийг Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зөрчиж цуцалсан гэж шүүх дүгнэж байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ******* ХХК-ийн н хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Э.******* нь ажилгүй байсан бүх хугацааны буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 4749367 төгрөг нэхэмжилсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тодорхойлжээ.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй байна.

Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох нэхэмжлэгчийн цалин хөлсний цэсийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлов.

Нэхэмжлэгчийн 2019 оны 3, 4, 5 сарын дундаж цалингаас /3 сарын цалин 3306000 төгрөгийг ажлын 58 хоногт хувааж/ нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 57000 төгрөг гарч байна. Үүнийг 2019 оны 6 сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 70 хоногоор үржүүлвэл нийт 3990000 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу Э.*******ийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг ******* ХХКомпанийн н хүний нөөцийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ******* ХХкомпаниас ажилгүй байсан хугацааны олговор 3.990.000 /гурван сая есөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 759367 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******т олгох 3990000 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* ХХК-д үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78790 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ