Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2020/00077/И |
Дугаар | 001/ХТ2022/00402 |
Огноо | 2022-03-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2022/00402
“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01049 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1299 дүгээр магадлалтай,
“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Н.С, Х.Знарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 77,261,934 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзяаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Х Б” ХХК нь Н.С, Х.Знарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,261,934 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01049 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.С, Х.Знараас үндсэн зээл 60,319,843.13 төгрөг, хүү 16,921,097 төгрөг, нийт 77,240,940 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С, Х.Знар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан хариуцагч Н.Сгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаарт бүртгэлтэй, .......... дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/1 дүгээр байр 17 тоот хаягт байршилтай, 51.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 544,155 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1299 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 101/ШШ2020/01049 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “77 240 940 төгрөг” гэснийг “32 389 958 төгрөг”, “20 995” гэснийг “44 850 982” гэж,
-тогтоох хэсгийн 3 дахь заалтын “544 155” гэснийг “319 900” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа хяналтын гомдолдоо: Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгч “Х Б” ХХК эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: Талууд зээлийн гэрээний 2.2-т 2015.09.28-ны өдрөөс 2016.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү жилийн 16,5 хувь байхаар тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлаж 16,5 хувийн хүүг 3 сар 4 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх аль аль нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны зорилго, эдийн засгийн үндэслэл нь зээлийн хүүгийн орлого олох явдал байхад давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд 2015.09.28-ны өдөр байгуулагдсан 1090025626 дугаартай Зээлийн гэрээний 2.2-т заасан “Банк нь зээлдэгчид 61,213,000 (тоогоор) жаран хоёр сая хоёр зуун гучин хоёр мянган төгрөг (үсгээр)-ийн зээлийг 240 сарын хугацаатай олгоно. Зээлийн жилийн буюу 365 хоногийн хүү нь: Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2016.01.01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ нь 19,5 хувь байна” гэх нөхцөлийг талуудын гэрээ байгуулах үедээ харилцан илэрхийлсэн хүсэл зоригоос гадуур тайлбарлаж хариуцагч нар 16,5 хувийн хүүг 3 сар 4 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний дагуу 61,213,000 төгрөгийн зээлийг нийт 240 сарын хугацаагаар, хугацааны эцэс буюу 2035.09.18-ны өдрийг хүртэл сар бүр үндсэн зээлийг, банкны төгрөгийн тухайн жилийн суурь хүү дээр 3 хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээний хувьсах хүүгийн төлбөрийн хамт хэсэгчилж эргэн төлөх үүрэг хүлээж буйгаа ойлгосны үндсэн дээр гарын үсэг зурж гэрээ байгуулсныг нотлох баримт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарь, түүнийг үндэслэн хариуцагч нарын үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан 1090025626 дугаартай дансны хуулга хэрэгт авагдсан болно. Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хувь, хэмжээ нь банкны төгрөгийн тухайн жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй холбоотойгоор хувьсах хүүтэй байхаар заасан боловч нэхэмжлэгч нь зээлийн хүүг жилийн 18 хувийн тогтмол хүүтэй болгож 1,5 хувиар бууруулсан, үүнийгээ зээлийн хувь, хэмжээний өөрчлөлт хэсэгт тэмдэглээгүй хэдий ч ийнхүү бууруулсан нь хариуцагч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, сөргөөр нөлөөлөөгүй, тэдгээрийн хувьд ашигтай нөхцөл байдал байсан тул нэхэмжлэгч нь 2017.07.18-ны өдрөөс хойшхи хүүгийн төлбөрийг бууруулсан хэмжээгээр тооцон шаардсаныг анхан шатны шүүх хуульд нийцсэн гэж үзэж шийдвэр гаргахдаа үндэслэсэн болно. Давж заалдах шатны шүүх зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг бичгээр байгуулаагүй тул хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж дүгнэж буй бол зээлийн хүүгийн хувь, хэмжээг өөрчлөгдөөгүй гэж үзэж талуудын анх тохиролцсон хувь, хэмжээгээр буюу 19,5 хувиар тооцон гаргуулан шийдвэрлэх ёстой байсан. Зээлийн төлбөрийг төлөх огноо, үндсэн зээл, хүүгийн хэмжээ, хүүг тооцох аргачлал, тухайн жилд төлөх зээлийн үндсэн төлбөрийн хэмжээг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт тодорхой заасан бөгөөд уг хавсралтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар үнэлэлгүй, эргэн төлөлтийн хуваарь тодорхойгүй тул хариуцагч нарыг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм гэж дүгнэсэн байх атлаа анхан шатны шүүх урт хугацаатай гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч нар зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөнтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцлаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн нь учир зүйн хувьд ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч Н.С, Х.Знарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,261,934 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Х.Ззээл авах хүсэл зориг байгаагүй, гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийг авч ашиглаагүй гэж, хариуцагч Н.С орон сууцны 8 хувийн зээлд он гараад хамруулна гэсэн тул өндөр хүүтэй түр гэрээ байгуулж, төлөлт хийж байсан, нийт 33,423,205 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлд 891,492 төгрөг хасагдаж, хүүд 32,423,205 төгрөгийг тооцсон байгааг зөвшөөрөхгүй, зээлийн эдийн засагч нь бусадтай хуйвалдан зээлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн намайг хохироосон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч нараас 77,240,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 32,389,958 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх зээлийн хүүг үндэслэлтэй тодорхойлж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөсөн боловч зээлийн хүү тооцох гэрээний хугацааг зөв тодорхойлоогүй байна.
8. Хоёр шатны шүүх гэрээг цуцлах үндэслэл, журам, хамтран зээлдэгчийн үүрэг, барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээг зөрүүтэй тодорхойлсон байх ба шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх зээлийн хүүгийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөсөн боловч зээлийн хүү тооцох хугацааг анхаараагүй, залруулах боломжтой гэж үзэв.
9. Н.С, Х.Знар “Х Б” ХХК-с 2015.09.28-ны өдөр 61,213,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 16,5 хувийн хүүтэй авахаар зээлийн гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.Сгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 13/1 байр 17 тоот хаягтай, 51,44 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан, барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., 166 дугаар зүйлийн 166.1, 242 дугаар зүйлийн 242.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3., 24 дүгээр зүйлийн 24.3. дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
“Х Б” ХХК нь Н.Сгийн дансанд 61,213,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар ашигласан зээлийн хэмжээнд үүргээ биелүүлэх ёстой тул эрүүгийн журмаар шалгаж байгаа банкны зээлийн эдийн засагчийн илүү мөнгө авсан үйлдэл зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.
9. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2-д зээлийн хүүгийн хэмжээг тогтоохдоо “Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүү байна” гэсэн нь зээлдэгч ойлгосон эсэх нь эргэлзээтэй, тодорхой бус гэж үзэж, Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлаж, жилийн хүүг 16,5 хувийн хүү гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Гэрээний 2.3-т зааснаар зээлийн хүүг талууд бичгээр өөрчилсөн нь тогтоогдоогүй.
Харин гэрээний 2.2-д “2016.01.01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь хэмжээ 19.5 хувь байна” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх “талууд гэрээндээ 2016.01.01-ний өдрийг хүртэлх хугацаанд жилийн 16,5 хувийн хүүг тогтоосон байна” /хх12/ гэж үзэж, хүүг 3 сар 4 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй гэж тайлбарласан нь гэрээний агуулга, нөхцөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Зээлийн хүүг 3 сарын хугацаагаар 1 удаа төлөхөөр тохирсон гэж зохигчийн хэн аль нь маргаж, мэтгэлцээгүй бөгөөд гэрээний талууд ямар үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д нийцэх юм.
Талууд зээлийн хүүг сар бүр төлөхөөр тогтоосон гэрээний нөхцөлийг маргаагүй, харин ямар хэмжээгээр буюу хувьсах хэмжээг хэрхэн тодорхойлох талаар маргасан байна.
Гэрээнд зааснаар зээлдэгч нар нь зээлийг ашигласны хүүг сар бүр төлөх үүрэгтэй бөгөөд гэрээг цуцлах хүртэл хугацааны хүүг төлөх ёстой, зээлийн жилийн хүү 16,5 хувиас сар бүрийн хүүгийн хэмжээг тодорхойлж, гэрээг цуцлах хүртэл хугацаанд төлөх хүүг тооцож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой байна.
10. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн төлбөр, хүү эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтад сар, жилээр тодорхойлжээ.
Хариуцагч нар гэрээг цуцлах хүртлэх хугацааны хүүд 31,460,000 төгрөг, үндсэн хүүд 6,146,316 төгрөг, үндсэн зээлийн дутуу 59,962,058 төгрөг нийт 97,568,374 төгрөгийг төлөхөөс 31,460,000 төгрөг төлснийг хасвал 66,108,374 төгрөгийг төлөх ёстой байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1299 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01049 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.С, Х.Знараас 66,108,374 төгрөгийг гаргуулж “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,188,587 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “544 155” гэснийг “488,491” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.30-ны өдөр төлсөн 382,205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД