| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/00783/И |
| Дугаар | 138/ШШ2019/00829 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2019/00829
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж шүүх хуралдааны В танхимд явуулж,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* Хувьцаат компанид холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговорт 11 001 677 /арван нэгэн сая нэг мянга зургаан зуун далан долоон/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлүүлж, эрүүл мэндийн дааатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Ш.*******, хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ХК-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захирлын туслахын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлаар ажиллах болсон. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар гэнэт ажлаас халсан. Энэ талаар шүүхэд хандсаны дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр давж заалдах шатны шүүхээр хянагдан улмаар Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 429 дүгээр тогтоол гарч шийдвэр хүчин төгөлдөр болсон. ******* ХК-ийн гүйцэтгэх захирал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр биелүүлэх газар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж намайг ажилд авах тухай Б/65 тоот тушаалыг гаргуулсан. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Үүний дагуу миний бие тооцоолол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч байгууллагын над руу шилжүүлсэн 9 929 347 төгрөгийг хасч, ажилд авах тушаал гарах өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны үлдэгдэл цалин 11 001 677 төгрөгийг нэхэмжилж байна. ******* ХК өөрсдийн тооцоогоор бодож дутуу цалин олгосон. Энэ талаар хэлэхэд хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэр гарсан боловч 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл намайг ажилд аваагүй. ...Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлүүлж, эрүүл мэндийн дааатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ш.*******тэй 19/128 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ******* ХК-ийн захирлын тушаалаар *******г төлөвлөлт хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн авсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэрээр олгох ёстой 2 433 840 төгрөгийн олговрыг оролцуулан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны хувь хүний орлогын албан татвар болон бусад шимтгэлийг хасч тооцон 9 929 347 төгрөгийг Ш.*******гийн Хаан банкны данс уруу шилжүүлсэн. Манай байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Ш.*******д 12 181 696 төгрөгийн цалин хөлс олгосон ба хувь хүний орлогын албан татвар, шимтгэлийг суутгаад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрх мөнгийг шилжүүлсэн. Ш.*******д 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн цалинг олгосон байтал 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойших цалинг дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нийтээр амрах амралтын өдрийг ажлын хоногт тооцсон байна. Тухайлбал: 2018 оны 11 дүгээр сард ажлын 20 өдөр байсныг ажлын 22 өдөр, 2019 оны 02 дугаар сард ажлын 17 өдөр байсныг ажлын 20 өдөр, 2019 оны 3 болон 7 дугаар сард ажлын 20 өдөр байсныг ажлын 21 хоног байсан гэж ажлын хоногийг илүү тооцсон байна.
Мөн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Ш.*******гийн гомдол нь шүүхээр шууд шийдвэрлэх хэрэг маргаан биш байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь манай байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст цалин хөлстэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүртэл хандаагүй. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ш.*******гийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж заасан байдаг. Ш.*******гийн гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсан байна. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр татвар, шимтгэл хассан 1 жилийн цалин болох 9 929 347 төгрөгийг өөрийн Хаан банкны данс уруу авсан боловч тухайн үед цалингийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд холбогдох байгууллагад гомдол гаргаагүй. Ш.******* эрх нь зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй байна. Иймд Ш.******* нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлаагүй бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол хийхдээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Дорнод аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн цалингийн тооцооллыг үндэслэл болгосон. Тус шийдвэр нь хөдөлмөрийн маргаан бүхий үеийн цалин хөлсийг тооцсон байгаа. Тухайн шийдвэр нь маргаан бүхий хугацаанд хамаарах ажлын өдрөөр тооцож 2 433 840 төгрөг олгохоор заасан. Өнөөдрийн маргааныг тухайн үеийн тооцооллоор бодож гаргах нь хууль хэрэглээний болоод тооцооллын хувьд алдаатай болно. Дундаж цалин хөлс бодох аргачлалын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр буюу 2019 оны 7-9 сарын цалингийн дундажаар тооцох ёстой. Иймээс нэхэмжлэгчид олговол зохих сүүлийн 3 сарын цалинг тооцож, маргаан бүхий хугацааны ажлын хоногтой уялдуулан тооцоолол хийвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин үнэн бодит гарна гэж үзэж байна. ...Нэхэмжлэгч өөрийнх нь дансанд орж ирсэн 9 929 347 төгрөгийг ямар учиртай болохыг мэдэхгүй гэж хэлж байна. ******* ХК нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 3 089 551 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн үндсэн цалин 810 000 төгрөг байсан бөгөөд үр дүнгийн шагнал нь тодорхой хувиар тооцогдохоор байсан. 2019 оны 05 дугаар сарын байдлаар 891 000 төгрөгийг үр дүнгийн шагнал гэж олгосон. Үндсэн цалин 10 530 000 төгрөг, үр дүнгийн шагнал нийт 2 673 000 төгрөг, нийт олговол зохих цалин 12 181 696 төгрөг болсон. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1 362 050 төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэл хассан, мөн 10 819 000 төгрөгөөс хүн амын орлогын албан татвар болох 890 299 төгрөгийг хуулийн дагуу хасч 9 929 347 төгрөг олгосон. Шүүхийн шийдвэрт тусгасан тооцооллоор 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцсон нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа 11 001 677 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгийг хасах ёстой. Мөн ажлын өдрийг тооцохдоо алдаатай буруу тооцсон нь харагдаж байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 4 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговрын үлдэх хэсэг болох 11 001 677 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд үгүйсгэж буй үндэслэлээ ...Ш.*******д 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12 181 696 төгрөг олгохоос хүн амын орлогын албан татвар, шимтгэлийг хасч 9 929 347 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн, ...нийтээр амрах 7 хоногийг ажилласан хугацаанд оруулан тооцсон, ...нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг үндэслэн нэг өдрийн цалингийн дундажаа тооцоолсон нь үндэслэлгүй, дундаж цалин хөлс бодох аргачлалын дагуу нэхэмжлэгчид олговол зохих сүүлийн 3 сарын цалин буюу 2019 оны 7-9 сарын цалингийн дундажаар тооцоолох ёстой, ...хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагыг буруу тодорхойлж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, ...гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тус тус тайлбарладаг.
Нэхэмжлэгч Ш.******* нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ******* ХК-д захирлын туслахаар ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Төлөвлөлт, хангамж хариуцсан дэд захирлаар томилогдон ажилласан байна. ******* ХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.8, 12.1, 12.2.5, 12.2.6, 12.2.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож, ДБЭХС ТӨХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээг удаа дараа санаатайгаар тасалдуулж, хамт олны дунд таагүй уур амьсгал бий болгосон гэх зөрчлийг гаргасан гэж үзэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 сарын 21-ний өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлжээ.
Дээрх хөдөлмөрийн маргааныг нэхэмжлэгч Ш.*******гийн гомдлоор шүүх хэлэлцэн Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/00664 дүгээр шийдвэрээр Ш.*******г ******* ХК-ийн Төлөвлөлт, Хангамж хариуцсан дэд захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Зохигчийн гомдлоор уг шийдвэр дээд шатны шүүхээр хянагдсан байх бөгөөд Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2018/00029 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00429 дугаартай тогтоолоор хэвээр батлагдан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилжээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 11 001 677 төгрөг нэхэмжилсэн. Тодруулбал: 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 20 931 024 төгрөг нэхэмжлэхээс хариуцагч байгууллагын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 9 929 347 төгрөгийг хасч, үлдэх цалин 11 001 677 төгрөг нэхэмжилжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/00664 дүгээр шийдвэрээр хариуцагч ******* ХК-иас 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 2 433 840 /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж Ш.*******д олгохоор шийдвэрлэсэн тул энэ шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх үндэслэлгүй юм.
Харин 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс /7 сарын 19-ний өдрийн цалин өмнөх шийдвэрт тооцогдсон/ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй эсэхийг шүүх дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч тал хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэх харьяаллын талаар маргадаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ. Нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөрийн маргаан нь дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны олговортой холбоотой маргаан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна. Иймд хариуцагч талын хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах маргаан гэж үзсэн тайлбар үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХК-ийн захирал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан албадан ажиллагаа явуулж ажилдаа 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр орсон талаар тайлбарладаг бөгөөд хариуцагч тал дээрх тайлбарыг үгүйсгээгүй болно.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь нотлогдож байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй.
Хариуцагч тал нь дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэрийг үндэслэн тодорхойлох нь үндэслэлгүй, тус шийдвэр нь хөдөлмөрийн маргаан бүхий хугацаанд хамаарах ажлын өдрөөр тооцож 2 433 840 төгрөг олгохоор заасан, дундаж цалин хөлс бодох аргачлалын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 2019 оны 7-9 сарын цалингийн дундажаар тооцох ёстой... гэж маргадаг.
Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох нэхэмжлэгчийн цалин хөлсний цэсийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлдог.
Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаагүй байх тул Ш.*******гийн ажиллаж байсан сүүлийн сарууд болох 2018 оны 2, 3, 4 дүгээр саруудын дундажаас нэг өдрийн цалингийн дундажийг бодож гаргасан шүүхийн шийдвэрээр тогтоосон дундаж цалинг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Ш.******* нь ажилгүй байсан хугацааг 344 хоногоор тооцсон байх бөгөөд үүнээс өмнөх шүүхийн шийдвэрээр тооцсон 40 хоног, нийтээр амрах амралтын 7 хоногийг ажлын өдрөөр тооцсоныг зөвтгөн хасахад нийт ажлын 297 хоног гарч байна.
Шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн дундаж цалин хөлс болох 60 846 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 297 хоногоор үржүүлэхэд нийт 18 071 262 төгрөг гарч байна. Үүнээс хариуцагч байгууллагын нэхэмжлэгчид төлсөн 9 929 347 төгрөгийг хасч тооцон нийт 8 141 915 төгрөгийг ******* ХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2 859 762 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 8 141 915 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 3 089 551 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн 11 хуудас бичгийн баримт болох Ш.*******гийн авсан шатахууны үнэ гэх төлбөрийн даалгаврууд, дотоод шилжүүлгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул энэ талаар шүүх үнэлж дүгнээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 8 141 915 /найман сая нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 895 762 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******д олгох 8 141 915 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг ******* ХК-д үүрэг болгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 976 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 145 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ