Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2022/0014

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: “М” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгч: С.Э

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.О

            Хариуцагч: “Э” ТӨҮГ, ТҮХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.П, Н.Г нарын хоорондын ““ТҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт, “Э” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг  тус тус хүчингүй болгож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах” маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК “Э” ТӨҮГ болон ТҮХ-нд холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгох, Тендерт оролцогчийн тендерийн баримт бичиг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож, захиалагч гэрээ байгуулах эрх олгохоор даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.

2. “М” ХХК нь “Э” ТӨҮГ-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хүчний трансформатор”-ыг нийлүүлэх нийлүүлэлтийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 тоот нээлттэй цахим тендерт оролцжээ.

3. Хариуцагч “Э” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “М” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тендерт шалгараагүй гэж ҮХ дүгнэснийг мэдэгдсэн байна.

4. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 19.1 а болон захиалагчийн тодорхойлолтын 31 дэх шаардлагыг бүрэн хангасан тендерийн баримтыг бүрдүүлж, шаардлагыг хангасан байгаа талаар Монгол Улсын Сангийн яам дүгнэснийг анхаарч үзэлгүй шаардлага хангаагүй мэт дахин тухайн асуудлаар дүгнэлт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж тодорхойлжээ.

6. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани тендерт бэлтгэж  оролцсон. Бэлтгэж оролцсон материалд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ҮХны шийдвэр гарч шаардлага нийцсэн тендер ирүүлээгүй гэж тухайн тендерийг үндэслэлгүй болгосныг хууль бус гэж үзэж байгаа тул ҮХны дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТҮХ-оос шаардлагад нийцсэн гэж шалгуулсан үнэлгээний дүгнэлтийг дахин үнэлгээ хийсэн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтүүдийг хууль бус гэж тогтоож гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаас шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож захиалагчтай гэрээ байгуулах эрх олгохыг даалгасан акт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тайлбар өгсөн байгаа.” гэв.  

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Э” ТӨҮГ-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс  хойш нэхэмжлэгчид ямар нэгэн мэдэгдэл ирэхгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр та тендерт шалгараагүй байна гэж ҮХ дүгнэснийг мэдэгдэж байна гэдгийг хүлээж авсан. Сангийн яаманд гомдол гаргасан. Тухайн мэдэгдэлд бичсэн зүйлүүд болох тусгавал зохих зүйлүүдийг тусгасан байна гэж 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгож байгааг Сангийн яам мэдэгдсэн.  Мэдэгдэхдээ дахин үнэлгээ хийе гэж, бид дахин үнэлгээ хийх саналд гомдол гаргаагүй, яагаад гэвэл тухайн баримт бичгүүдийг бүрэн үзэж хараагүй, тухайн тендерийн баримт бичгүүд ил тод болоогүй байсан. ҮХ 3 удаа шийдвэр гаргасан байсан. 3 шийдвэр гаргасан талаар мэдээгүй байсан учраас дахин үнэлгээ хийхийг Сангийн яам зөвшөөрч дахин үнэлгээ хийх асуудлыг шийдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үнэлгээ хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдлийг хүлээн авсан. Мэдэгдлийг хүлээн авахдаа ҮХ дахин хуралдсан. Дахин татгалзсаныг захиалагчаас ирүүлсэн. Сангийн яам руу энэ асуудлаар гомдол гаргасан боловч Сангийн яам өмнө нь шийдвэрлэсэн учраас энэ гомдлыг хуулийн дагуу хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн тул бид шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа бид 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэл хууль бус байна хүчингүй болгох шаардлага тавьж байсан бол холбогдох бичиг баримтыг ирүүлснээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендерээр ҮХ үнэлсэн дүгнэлтийг үзэж харсан, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Тодруулсан шаардлагын хувьд тухайн нэхэмжлэлийн шаардлагад бид гэрээ байгуулах эрхийг шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгасан шаардлагыг агуулгаараа гаргасан байсан. Тийм учраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүчний трансформатор нийлүүлэх сонгон шалгаруулах нээлттэй ТҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний дүгнэлтүүд, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай актууд хууль бус болохыг тогтоож захиалагчтай гэрээ байгуулах, эрх олгох шийдвэр гаргаж түүнд мэдэгдэх, гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь нэхэмжлэлийн гол үндэслэл болсон хууль зүйн талаасаа тайлбарыг гаргахад ҮХ дүгнэлтүүд гаргаад түүнийхээ зохих журмын дагуу ажиллаагүй юм байна. Захиалагчийн шийдвэрүүд хууль бус байсан байна гэх үндэслэлүүдээр гаргаж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ҮХ шийдвэрээ гаргаж захиалагчид 2 хоногийн дотор хүргүүлж захиалагчаас 2 хоногийн дотор тухайн шийдвэрийг хүлээн авч байгаа эсхүл хүлээн авахгүй байгаа тухайгаа мэдэгдэх ёстой, үүний дагуу ҮХ 2 хоногт шийдвэр гаргаж өгөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл захиалагчийн хүсэлтийг хүлээн авлаа эсхүл хүлээж авахгүй гэсэн шийдвэр нь ҮХ-ны зохион байгуулалт үйл ажиллагааны урамшууллыг зохицуулах, ҮХ-ны бүрэлдэхүүнд орох мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар энэ үйл ажиллагаа явагддаг юм байна. Тэгэхээр энэ зарчим алдагдсан. Яагаад гэвэл 2022 оны 01 дүгээр сарын 07-нд мэдэгдэл өгсөн. Үүний өмнө хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалт боллоо гэсэн мэдэгдлийг хүргүүлээгүй, мэдэгдээгүй , хүлээн авахгүй байгаатай холбоотой ажиллагаа болж байгаа гэдгийг тендерт оролцогч мэдээгүй мэдэх боломж олгоогүй, энэ хүнтэй харилцаагүй. Тэгтэл тухайн ҮХ-ны үйл ажиллагааны хурлын тэмдэглэлд ҮХ энэ хугацаанд тендерт оролцогчдод мэдэгддэггүй юм аа гэхэд энэ хугацаанд хуульд нийцсэн нийцээгүй талаарх санал хүсэлтэй хүргүүлэх ёстой байдаг. Тэгтэл хүргүүлсэн баримт байдаггүй. Шийдвэрээ гаргахдаа ҮХ-г дахин хуралдуулъя гэсэн шийдвэр гарсан байдаг. ҮХ-г дахин хуралдуулъя гэсэн шийдвэр нь байхгүй байж үнэлгээний  хороо дахин хуралдахаар болсон байдаг. ҮХ дахин хуралдах шийдвэр нь юу байсан бэ гэхээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мониторингийн дүгнэлт гэдгийг барьж ҮХ дахин хуралдах болсон байдаг. ҮХ мониторингийн дүгнэлтийг барьж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага мөн юм уу, өөрөөр хэлбэл хөдлөнгийн этгээд буюу Б, О гэсэн тамга гарын үсэгтэй хөндлөнгийн хүний бичгийг үнэлж ҮХ үнэлгээг дахин хийх шийдвэр гаргасан байдаг. Энэ тендерийн үйл ажиллагаа тендерийн оролцогчид хөндлөнгийн этгээд оролцохгүй гэж хуулиар зохицуулж оруулж өгсөн байхад яагаад тэр байгууллагын мониторингийн дүгнэлт холбогдох зүйлийг оруулж ирэх болсон юм бэ гэхээр захиалагчийн хүсэлтээр гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хамгийн сайн гэж үнэлсэн ҮХ-ны шийдвэр гарахад захиалагчид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн тухай ҮХ-ны тайлбарт гарч ирдэг. Тэгэхээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр үнэлсэн байхад захиалагчид хэзээ хэдэн сард хүлээн авч зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар явуулсан юм бэ гэхээр баримт бичиг нь гарч ирэхдээ он сар өдөр байхгүй, Ү гэх хүн тэгш байдлын зарчмаар хандах мөн зарчмын хувьд дахин үнэлгээ хийх шаардлагатай гэсэн бичиг байдаг. Энэ бичгийг үнэлж мониторингийн дүгнэлт гаргуулж энэ дүгнэлтээ үндэслэж үнэлгээ хийсэн байдаг. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  мониторингийн дүгнэлтийг үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ зөв гэж шийдсэн байж 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ямар баримт бичгийг үнэлж үнэлгээ хийж хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй болсон. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойгүй бус байдлыг сангийн яам судалж үзэн үндэслэлгүй байна гэж шийдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 21-нд хуралдахдаа дахин мониторингийн дүгнэлт гаргасан. Мониторингийн дүгнэлт нь техникийн үзүүлэлтүүдээр биш, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаал байгаа, үүнд үндэслэсэн зүйл байхгүй, хуучин ҮХ-ны ажиллах журмын холбогдох заалтыг барьж мониторингийн дүгнэлт гаргасан. Бид яагаад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хүсэлт тавьж байна гэхээр 2022 оны 01 дүгээр сарын 21-нд мониторингийн дүгнэлтийг дахин уншуулж аль дүгнэлт гэдгийг мэдэхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг уншихаар хоёр хөндлөнгийн гэрч нь орсон харагддаг. Аль дүгнэлтийг уншиж, дүгнэж байгаа нь тодорхойгүй. Мониторингийн дүгнэлтийн юуг уншсаныг мэдэхгүй, ямар ч байсан уншин ҮХ шийдвэр гаргахдаа хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж шийдвэр гаргаж явсан. Шийдвэр гаргахдаа хоёр асуултыг тавьсан байдаг. Нэг нь 57-д зөрчил байгаа эсэхийг хянуулъя гэж, тэгтэл 57-д зөрчил байхгүй байдаг. Тэгтэл 31-д хэн ч ямар ч хариулт өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл тендерийн хорооны бичиг баримтад заасан нөхцөл байдлыг хангасан уу, динамик болон дулааны үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн тооцоог ирүүлсэн үү, ирүүлээгүй юу гэдэгт хэн ч санал хэлээгүй байдаг. Санал хэлээгүй байхад 100% татгалзаж байна гэж явсан дүгнэлт байдаг. Тиймээс ҮХ-ны дүгнэлт нь санаатай юм уу зориуд үйлдлээр явуулсан байна гэж харагддаг. ҮХ үнэлж юу нь шаардлагад нийцэхгүй байгаа юм. Энэ бүгдийг хэлэлцээгүй байж бүгд татгалзаж байна гэсэн саналыг гаргасан. ҮХ-ны 4 дэх заалтад заасан мөн 4.11-т ҮХ-ны тендер шалгаруулалтыг оролцогчдод тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлтүүд шаардлагын талаар санал гаргахдаа тухайн зах зээлийн тооцоо судалгаанд үндэслэж тухайн бараа үйлчилгээ гүйцэтгэлтэй холбоогүй шалгуур үзүүлэлтэд шалгуур үзүүлэлт тавихгүй гэж заасан, тиймээс шалгуур үзүүлэлтэд шаардлагыг тавьж байгаа юм уу эсхүл шалгуур үзүүлэлтэд байхгүй асуудлаар шаардлага тавиад байгаа юм уу энэ хурлын тэмдэглэлээс огт ойлгомжгүй маш тодорхой болсон. Энэ тодорхойгүй асуудалд энэ хорооны үнэлэлт дүгнэлт зөв шийдвэр гаргасан юм байна гэж үзэх боломжгүй болсон. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мониторингийн үнэлгээнд шалгуур үзүүлэлтүүд дутуу байна гэж байхгүй. Харин шалгуур үзүүлэлтүүд нь тусгагдсан байна. Үүнийг нягталж дүгнэлтээ гарга гэсэн байдаг. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нягталж үзэж, харж шаардлагад нийцсэн байна, хамгийн сайн тендер байна гэж дүгнэж үзсэн. Энэ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүгнэж үзсэн шийдвэрийг ямар үндэслэлээр үгүйсгэж няцаах үндэслэл бүхий баримт бичиг хэрэгт байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуулийн хугацаа болчхоод байхад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэй тендер нээгдсэн тухай тендерт оролцогч маань мэдсэн байдаг. ҮХ-нд захиалагчийн хууль бусаар нөлөөлсөн хэлбэр гэж үзэж байна. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан “ ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг  зохицуулах, ҮХ-ны бүрэлдэхүүн орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх”  журмын 4, 5 дах заалтад ҮХ-ны 5.7.2 дахь хэсэгт захиалагчийн ирүүлсэн шаардлага үндэслэлгүй гэж үзвэл захиалагчийн хүсэлттэй холбогдуулан тайлбар ирүүлж өмнөх үнэлгээний дүгнэлтийг дахин үүрэгжүүлэх, мэдэгдэх гэж заасан, энэ холбогдох зүйлүүдийн аль нэгийг гаргаж захиалагчид хүргүүлсэн гэдэг нь тодорхойгүй байхад дахин үнэлгээ хийж шийдвэр гаргаж байгаа асуудал нь хууль зөрчжээ гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж оруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийг хууль бус байна гэж Сангийн яам тогтоосон учраас бид нотлох баримт байна гэж үзэж оруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрт дахин үнэлгээ хийхдээ өмнөх гаргасан захиалагчид хүргүүлж байсан саналаас эсрэг буюу хууль зөрчиж гаргаж оруулж ирсэн учраас хууль бус болохыг тогтоож 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгох мөн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгох, ингэснээр бид нарт гэрээ байгуулах эрх олгох буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сайн тендер байна гэж үнэлсэн үнэлэлт дүгнэлтийг хэвээр байна гэж үзсэн учраас тухайн шийдвэрийг гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байгаа.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. “Э” ТӨҮГ-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТҮГ/202102919 тоот цахим тендерийг зарлаж тендерийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нээсэн бөгөөд тус тендерт “Э” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “Э” ХХК, “Н” ХХК-нууд цахим тендер ирүүлсэн. Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ҮХ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тендерт оруулагч компануудын тендерийг үнэлж “Э” ХХК, “М” ХХК-нуудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг шалгаруулъя гэдэг томъёоллоор ҮХ-нд оролцсон гишүүдийн 88%-ийн саналаар “М” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шийдвэрлэсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт захиалагч ҮХ-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн хэсэгт нь хяналт тавьж гарсан зөрчлийг арилгуулах эрхтэй,  мөн Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн журам шинэчлэн батлах тухай 212 дугаар тушаалаар батлагдсан “ҮХ-ны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журам”-ын 6.2 дахь заалтад “Захиалагч ҮХ-ны дүгнэлт нь хууль тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн болохыг  захиалагч олж тогтоосон” мөн журмын 7.3 дахь “захиалагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд үнэлгээний аль ч шатанд ҮХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж болно.” гэсэн дээрх заалтуудын дагуу захиалагч ҮХ-ны шийдвэрийг дахин үнэлүүлэх шаардлагатай гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Э” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газраас мониторинг хийж тендерийг дахин үнэлэх шаардлагатай гэж үзэж мониторингийн дүгнэлтийг ҮХ-нд ирүүлсэн байдаг. Үүний дагуу ҮХ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөн хуралдаж тендерт дахин үнэлгээ хийсэн бөгөөд “М” ХХК-ний ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үнэлсэн. ҮХ-ны шийдвэрт захиалагч дахин үнэлэх шаардлагатай гэж дээрх хууль, ҮХ-ны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журамд заасан эрхийн дагуу дахин үнэлгээ хийлгэхээр даалгаж, хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бодлогын газраас мониторинг хийсний дагуу ҮХ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин хуралдаж үнэлгээ хийж захиалагчийн шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзсан шийдвэрийг гаргасан бөгөөд “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  ДҮ-112/12/64 тоот албан бичгийг “М” ХХК-д хүргүүлсэн байдаг. Тендерт оролцогч “М” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзэж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гомдол хянасан тухай 1/242 тоот албан бичгийг “Э” ТӨҮГ-т ирүүлсэн байдаг. Сангийн яамны албан бичигт  захиалагч “М” ХХК-ний тендерээс баталгаажуулж ирүүлсэн үйлдвэрлэгчийн техник тодорхойлолт, захиалагчийн тодорхойлолтын 13-т  “РПН хүчдэл тохируулгын төрөл, RS-ийг сонгох, сонгосон РПН-ийн төрөл загварт стандарт болон үйлдвэрлэгчийг тодорхой заах, IEC 60214, стандартыг хангах” үзүүлэлт тусгагдаагүй, шаардлага хангахгүй гэж татгалзсан байна. Иймд захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ДҮ-112-12/64 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээ хийхийг мэдэгдье.” гэж тус тус заасан. Үүний дагуу ҮХ Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/242 тоот албан бичгийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж тендерийг дахин үнэлсэн. Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн, ҮХ-ны шийдвэр нь хууль холбогдох журамд нийцсэн гэж үзэж байгаа тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиалагчийн тендерийн баримт бичгийн 19.1-т тендерт оролцогчдод өгөх зөвлөмж гэж байгаа. “М” ХХК нь үйлдвэрлэгчийг заагаагүй байсан. Мөн энэ үнэлгээг хийхэд захиалагчийн тендерийн тодорхойлолтын 31-т шалгаруулалтын үед денамик болон цахилгааны дулаан тэсвэрлэгчийн тооцоог ирүүлэх ёстой байсан. Тооцоог бүрэн ирүүлээгүй гэж үнэлсэн. Мөн 19.1а-д заасан байгаа. Захиалагчийн тендерийн тодорхойлолтын 14, 15, 16, 17, 18-д заасан мэдээллүүд нь ирүүлсэн баримт бичигт огт тусгагдаагүй ирсэн учраас шаардлага хангахгүй байна гэж үнэлсэн.” гэв.

Гэрч Шийдвэрийг сайн мэдэхгүй. Техникийн талаас нь сонгосон RS нь нийцэж байна уу гэдгийг материалыг нь авч тайлбарыг судалж үзсэн. Манай техникийн тодорхойлолтод үйлдвэрлэгчийн баталгаажсан техникийн тодорхойлолтод тухайн тоног төхөөрөмжийг бүрэн өгөх ёстой гэсэн агуулгатай шаардлага байгаа. Үүний дагуу RS төрлийн загвар нь дотроо 3 баазын цаашлаад үзвэл хэдэн пааз тавигдах уу, ямар гүйдэлтэй байх уу? энэ бүхнийг нь бүрэн бичих, техникийн тодорхойлолтод бид нарын шаардсан зүйл нь төрөл загвар, дэд стандартыг нь бүрэн бичиж ирүүлнэ үү, манай зэрэгцээ ажиллаж байгаа трансформатортой шаардлага нийцэж байна уу гэдэг талаас нь шаардлага тавьсан. Ерөнхийд нь би боловсруулсан байгаа. Техникийн тодорхойлолт МНС 0719 гэсэн стандартын дагуу бэлтгэгдсэн техникийн тодорхойлолт, үүнд бичих тохируулгын байгууламжийг РС-ийг шаардсан, 2 төрлийн загвар байдаг, “М” ХХК-ний техникийн тодорхойлолтыг харахад дутуу зөвхөн стандартын РС гэж бичсэн байсан. Энэ нь шаардлага хангахгүй байсан. “М” ХХК-ний тавьсан тоног төхөөрөмж нь манай шаардлагыг хангахгүй байсан.” гэв.

10. Гэрч Н.Ч шүүх хуралдаанд гарсан мэдүүлэгтээ: “Э-ийн трансформаторын хамгийн гол зүйл нь шууд трансформатор байгаа. Э-ийн одоогийн ажиллаж байгаа трансформатор нь 40 хэдэн жил болсон Орос улсад үйлдвэрлэгдсэн, анх 1978 онд тавигдсан байдаг. Чадлыг нэмэх зорилгоор 81 болгож захиалж байгаа, манайх трансформаторын ашиглах үйлчилгээ бүх зүйлийг нь хариуцаж ажилладаг, тэгэхээр захиалагчийн үүргээр оролцож байгаа, техник талаас нь ямар трансформатор байх ёстойг  МНС 0719 стандартын дагуу техникийн тодорхойлолтыг боловсруулсан юм. “М” ХХК нь үйлдвэрээс ямар трансформатор, түүний ямар тоног төхөөрөмж тавих талаарх мэдээллийг бүрэн авч, харьцуулалтын хүснэгтэд техникийн тодорхойлолтод зааснаар яг адилхан бичиж ирүүлэх үүрэгтэй байсан. ҮХ-ны шийдвэрт нь дутуу бичсэн гэж бичсэн байсан. Үйлдвэрлэгчээс ирсэн тодорхойлолтод тавих гэж байгаа RS-ийн хэдэн фазыг тавиагүй, загварыг бүрэн гүйцэд бичээгүй байсан. “М” ХХК-нд харьцуулалтын хүснэгтийг өгч байгаа, үүнд ийм RS-ыг тавина гэж, харьцуулалтын хүснэгтэд 1 фазын  1200 ампертай  сэлгэн залгуулагч буюу хүчит тохируулгыг тавина гэж өгсөн байгаа. Энэ 2 хоорондоо зөрж байгаа. Яагаад гэвэл 3 фазын трансформатор, фаз фаз дээр тавих нь нэг өөр, манай нөхцөлд трансформатор маш бага байдаг, үйлдвэрлэгчээс ирүүлсэн тодорхойлолт болон “М” ХХК-ний харьцуулалтын хүснэгт 2 зөрж байгаа юм. “М” ХХК-аас ирүүлсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн тодорхойлолт нь манай техникийн шаардлагыг хангахгүй байсан. “М” ХХК гол хариуцах юм нь үйлдвэрлэгчээс бүрэн мэдээлэл авах ёстой байсан. “М” ХХК RS-ыг сонгосон, гэхдээ буруу сонгосон. Манай техникийн тодорхойлолтод төрөл загвар сонгосон стандартыг ирүүлнэ үү гэж шаардсан. Тэгтэл “М” ХХК нь үйлдвэрлэгчийн тодорхойлолтод зөвхөн загвараа бичиж тавьсан. “М” ХХК-ний ирүүлсэн харьцуулалтын хүснэгт байгаа. Үүнийг буруу сонгосон. 9.3 гэж тоо байх ёстой. Харьцуулалтыг зурахдаа буруу зурсан. Манайх 630 ампер дээр 3 фазыг тавих ёстой юм. Дулаан тэсвэрлэлтийн тооцоог дутуу хийсэн. Бид техникийн нөхцөлд шаардсан, ороомгийг зэс хөнгөн цагаанаар хийж байгаа, зэсээр хийгдэх ёстой, дулаан даах чадварыг хийж байгаа, механик тооцоо хийж байгаа, тооцоо маш хялбар.” гэв.    

Гэрч Л.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Хүчний тарнсформатор” нийлүүлэх ҮХ-нд би ажилласан. Олонхын саналаар “М” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзсэн. Тухайн үнэлгээг харьцуулалтын тал дээр дүгнэсэн. Мэргэжлийн 3 хүн байсан. Техникийн тодорхойлолтыг хангаагүй гэж ҮХ шийдвэр гаргасан.  Төрлийг тухайн үед мөн гэж үзэж байсан боловч нарийвчлан заах ёстой гэдгийг би сүүлд мэдсэн. Хэдийгээр би цахилгааны инженер мэргэжилтэй боловч нарийвчилсан ийм зүйлийг би мэдэхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ, ТҮХ-нд холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгох, Тендерт оролцогчийн тендерийн баримт бичиг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоож, захиалагч гэрээ байгуулах эрх олгохоор даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба

“2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ТҮХ-ны дүгнэлтийг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТҮХ-ны дүгнэлтийг, “Э” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг  тус тус хүчингүй болгож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах“ гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулсан болно.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

“2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТҮХ-оос “Шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэлгүйгээр ҮХ дахин үнэлгээ хийсэн учраас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний дүгнэлтүүд хууль бус” гэж

“М” ХХК-ийн тендер, тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг хангасан ба Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 19.1 /а/, /в/, Захиалагчийн техникийн тодорхойлолтын 31-д заасан шаардлагыг бүрэн хангасан учраас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот мэдэгдэл үндэслэлгүй ” гэж тодорхойлсон. 

 3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

4. “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны   03 дугаар сарын 11-ний өдрийн А/116 дугаартай “ТҮХ-д байгуулах тухай”   тушаалын 63 дугаар хавсралтаар ”Хүчний трансформатор” /ЭҮТӨҮГ/202102919/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ҮХ-г байгуулсны дагуу ТҮХ 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.

5. ТҮХ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тендерийг үнэлж, “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮХХК/202102919 тоот тендерт ҮХ-ны гишүүдийн олонхийн саналаар шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 8.584.514.400.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж шийдвэрлэсэн байна.

-дээрхи ҮХ-ны дүгнэлтэд захиалагчийн зүгээс “хуулийн дагуу дахин үнэлгээ хийх”, “мониторинг хийж танилцуулах” гэж шийдвэрлэжээ.

-захиалагчийн шийдвэрийн дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн материал, ҮХ-ны дүгнэлтэд мониторинг хийж “...тендерт ирүүлсэн материалуудын саналын зөрүүтэй үнэлгээний талаар болон ТОӨЗ-ын 12.1 /ё/-д заасан заалтыг хангахгүй байгаад холбогдох байгууллагаас чиглэл авч, түүнд үндэслэн дахин үнэлгээ хийлгэх санал байна.” гэж дүгнэсэн,

-ҮХ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин хуралдаж, тендерийг үнэлсэн ба ““Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮХХК/202102919 тоот тендерт ҮХ-ны гишүүдийн олонхын саналаар шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 8.584.514.400.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэв.” гэж  шийдвэрлэсэн.

-Үнэлгээний  хорооны 12/27-2919 дугаар дүгнэлтэд захиалагчийн зүгээс “ ..Хуулийн дагуу ирүүлсэн материалуудад адил тэгш хандах зарчмаар дахин үнэлэх шаардлагатай”, “ҮХ-ны ирүүлсэн дахин дүгнэлтийг нягталж, үр дүнг танилцуулах” гэж шийдвэрлэн ба 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Хүчний трансформатор /ЭҮТӨҮГ/202102919/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд хийсэн мониторингийн дүгнэлт”-ыг гаргасан байна.

6. Захиалагчийн гаргасан дээрх шийдвэрүүдийн дагуу мониторинг хийлгэж дахин үнэлгээ хийж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “ҮХ-ны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.

- мөн Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 6.2 “Захиалагч ҮХ-ны дүгнэлт нь хууль, тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон бол ҮХ-ны дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг ҮХ-нд бичгээр мэдэгдэнэ.” 6.3-д “ҮХ нь мэдэгдлийг хүлээн авсан даруй буюу ажлын 3 хоногт багтаан хуралдан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, захиалагчид хүргүүлнэ.”, 6.3.1-д “захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлтэй бол түүнийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулж, захиалагчийн шийдвэрийг үндэслэн дахин дүгнэлт гаргах” гэж журамласны дагуу ҮХ үйл ажиллагаагаа явуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

7. ТҮХ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тендерийг үнэлж, захиалагчийн шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзсан шийдвэрийг гаргасан ба “М” ХХК  захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6-1/242 дугаар албан бичгээр “...”М” ХХК-ийн техникийн тодорхойлолтод RS төрөл IEC  60214, PПН-ийн струйны реле, РПН байрлал заах, РПН хөтлүүрийн тэжээлийн хүчдэл, техникийн тоон утгууд IEC стандартын шаардлага хангасан гэх мэт үзүүлэлтүүд тусгасан байх тул тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлт бүрээр тус компанийн санал болгосон бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтийг нягталж үзэх шаардлагатай байна.

Иймд захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн ДҮ-112-12/64 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. ...” гэсэн хариуг хүргүүлжээ.  

8. Сангийн яамны албан бичгийн дагуу ТҮХ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн тендерыг а. “Захиалагчийн техникийн тодорхойлолтын 13-д “РПН хүчдэл тохируулгын төрөл, RS-ийг сонгох, сонгосон РПН-ийн төрөл, загвар, стандарт болон үйлдвэрлэгчийг тодорхой заах. IEC  60214 стандартыг хангах” гэж заасан бол үйлдвэрлэгчийн баталгаажуулан ирүүлсэн техникийн тодорхойлолтод үйлдвэрлэгчийг тодорхой заасан мэдээлэл ирүүлээгүй”,  б. “динамик болон дулаан тэсвэрлэлтийн тооцоог дутуу ирүүлсэн”, в. “Захиалагчийн техникийн тодорхойлолтын 14-д РПН-ийн зөвшөөрөгдөх сэлгэн залгалтын тоо 1000000-с багагүй байх, 15-д РПН төхөөрөмжийн сэлгэн залгалтын тоо 50000-аас багагүй байх, 16-д Эхний тохиргоо шалгалт хийх хүртэл сэлгэн залгалтын тоо 250000, 17-д РПН-ийн тавилын тоо +/-9, 18-д РПН тохируулгын хязгаар 1.78% гэж заасан бол үйлдвэрлэгчийн баталгаажуулан ирүүлсэн техникийн тодорхойлолтод РПН-ийн зөвшөөрөгдөх сэлгэн залгалтын тоо 1000000-аас байгагүй байх, РПН төхөөрөмжийн сэлгэн залгалтын тоо 50000-с багагүй байх, эхний тохиргоо шалгалт хийх хүртэл сэлгэн залгалтын тоо 250000, РПН-ийн тавилын тоо +/-9, РПН тохируулгын хязгаар 1.78% талаар мэдээлэл тусгагдаагүй” байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “шаардлагад нийцээгүй” тендер гэж дүгнэн, шаардлагад нийцээгүй бүх тендерээс татгалзсан, энэ тухай нэхэмжлэгч “М” ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн  байна.

9.“Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202102919 дугаартай “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай дүгнэлтийг  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

-Нэхэмжлэгч ҮХ-ны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч, хянан үзээд Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6-1/242 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж зааснаар тус ҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгосон бөгөөд үүнийг ҮХ хүлээн авч дахин үнэлгээ явуулсан.

- Энэ нь  Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасанчлан нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус болсон захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй, үр дагавар үүсэх боломжгүй үндэслэлээр ҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

10. “ҮХ-ны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21-2919 дугаартай  дүгнэлтийг  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

 -ЭҮТӨҮГ/202102919 дугаартай “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ нь 2022 оны 01 дүгээр сарын  21-ний өдөр хуралдаж, ““Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүчний трансформатор” /ЭҮХХК/202102919/  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” асуудлыг дахин хэлэлцсэн болох нь тус өдрийн 01/21-2919 дугаартай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

-Тус хурлаар тендерт оролцогч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд “ТОӨЗ 19.1/а/, 19.1./в/, захиалагчийн техникийн тодорхойлолтын 31-д заасан шаардлагыг тус тус хангаагүй гэдэг үндэслэлээр ҮХ-ны гишүүдийн олонхын саналаар нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж бүх тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооноос гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.”, 47.8 “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.”,  Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Журам шинэчлэн батлах тухай 212 дугаар тушаалаар баталсан “ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.2 “ҮХ-ны хуралдаан ҮХ-ны дарга, ҮХ-ны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонхи буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно.” гэж зохицуулжээ.

-Дээрхи хууль, журмын заалтын дагуу ҮХ 88.8 хувийн ирцтэйгээр хуралдаж, ҮХ-ны дүгнэлтдээ холбогдох бүх мэдээллийг агуулж, хорооны гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь ҮХ-ны дүгнэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ .. ҮХ-ны ирц дутуу, дүгнэлт шаардлага хангаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.  

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заажээ.

-Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд ТҮХ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг хангаж байгаа тендерийг л үнэлэх үүрэгтэй байна.

- ТҮХ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн тендерийн баримтыг хянан үзжээ.Тендерийн баримт бичгийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны “В. Тендерт бэлтгэх” гэсэн хэсгийн 19-д “Нийлүүлэх бараа нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж буйг нотлох баримт” гэсний 19.1 /а/-д “барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт” гэж,

-“ТОӨЗ 19.1 /в/ “нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрчсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдэл” гэж,

-“Захиалагчийн техникийн тодорхойлолт”-ын 31-д “Динамик болон дулаан тэсвэржилтийн тооцоог ирүүлэх”  гэж” тус тус заасан.

-Тендерийн баримт бичгийн 19.1-д “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотлох баримтыг тусгайлан бэлтгэж тендерт ирүүлнэ.” гэж заасан ба захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтын “РПН хүчдэл тохируулгын төрөл” гэсэн 13 дугаарт “ RS-ийг сонгох, Сонгосон РПН-ийн төрөл загвар стандарт болон үйлдвэрлэгчийн тодорхой заах, IEC 60214 стандартыг хангах”, “РПН-ийн зөвшөөрөгдөх сэлгэн залгалтын тоо” гэсэн 14 дугаарт “ 10000000-с багагүй байх”, 15 дугаарт “250000”, “Эхний тохиргоо шалгалт хийх хүртэлх сэлгэн залгалтын тоо” гэсэн 16 дугаарт “50000-с багагүй байх”, 31 дугаарт “Шалгаруулалтын үед динамик болон дулаан тэсвэржилтийн тооцоог ирүүлэх”-ийг тусгайлан заажээ.

- Нэхэмжлэгч талаас тендерийн материал, болон түүнд бүрдүүлэн ирүүлсэн “техникийн тодорхойлолтууд”, “SC нөхцөл дэх динамик ба дулааны тогтворжилтын тооцоо HV-LV”, “Техникийн тодорхойлолтын харьцуулалтын хүснэгтээр тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангасан гэж тайлбарласан боловч “Техникийн тодорхойлолт”-ын 13 дугаар заасан “RS”-ийн нарийвчилсан төрлийг техникийн тодорхойлолтдоо /хавтаст хэргийн 24 хуудас/ сонгож заагаагүй атлаа “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт”-ийн 13-т /хавтаст хэргийн 26 хуудас/   “RS”-ийн төрлийг “RS 9.3 гэж 1 фазын 1200 ампертай гэж сонгосон нь  зөрүүтэй байгааг, “дулааны тогтворжилтын үзүүлэлтүүд гэсэн хүснэгтийн /ХХ-24 хуудас/ “QO:Ороомгийн анхны температур  С”-ний өндөр хүчдэлийн ороомог 105, нам хүчдэлийн ороомог 105 гэсэн тооцооллын задаргааг хийгээгүй болох нь гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Харин ТҮХ-ны шийдвэрт тусгагдсан “Захиалагчийн техникийн тодорхойлолтын 14, 15, 16-д заасан шаардлагуудыг нэхэмжлэгч байгууллага хангасан гэж гэрч Н.Ч мэдүүлсэн болно.

-“Э” ТӨҮГ-аас тендерийн баримт бичгийг боловсруулахдаа захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотлох баримтыг тусгайлан ирүүлэх шаардлага тавьсан байхад энэхүү шаардлагыг тендерт оролцогч “М” ХХК  хангаж ирүүлээгүй бөгөөд энэ нь тендерт оролцогч тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг  хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

-Иймд ҮХ нь “М” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт”,  27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;”, 27.3-д  “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж тус тус заасныг зөрчөөгүй.

11. “Э” ТӨҮГ-аас зарласан “Хүчний трансформатор" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 дугаартай ТҮХ-нд “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах” нэхэмжлэлийн тухайд:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх”,  28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрүүдийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж зааснаар ҮХ гаргаж, захиалагчид шийдвэрээ хүргүүлэх зохицуулалттай.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд заасан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг  бичгээр мэдэгдэнэ.” гэж, ҮХ-ны “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрийг үндэслэн захиалагч мөн хуулийн 29.2-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж зааснаар гэрээ байгуулах эрх үүснэ.

-Хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан, ҮХ-ны шийдвэр хууль зөрчөөгүй, хууль бус болох нь тогтоогдоогүй тул энэхүү даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

12. “Э” ТӨҮГазрын  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  “М” ХХК-д ирүүлсэн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

ЭҮТӨҮГ/202102919 дугаартай “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21-2919 дугаартай хурлын дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаагүй учраас уг хурлын дүгнэлтийг хүргүүлсэн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт “ шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэснийг захиргааны байгууллага зөрчөөгүй,    нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

13.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар баталсан “ҮХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, ҮХ-ны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-аар уг ТҮХ-ны үйл ажиллагаа зохицуулагдах ёстой гэж тайлбарласан боловч уг 103 дугаар тушаалыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Иймээс шүүх энэхүү маргаанд Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаартай тушаалаар баталсан журмыг хэрэглэсэн болохыг дурдлаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХ-нд холбогдуулан гаргасан “ ТҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай  дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийн хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6,  27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХ-нд холбогдуулан  гаргасан “ТҮХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21-2919 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох”, “Хүчний трансформатор" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 дугаартай ТҮХ-нд “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах”, ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА