Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2022/0010

 

 

 

 

 

 

 

 

                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Л.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Б-н нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 7-н өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Л.Б би тус шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага бүхий бүх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн Л.Б-с Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар 1-ний өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

            2. Уг хэргийн маргаан бүхий актын тухайд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай” 32/05 дугаар актаар хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 51 иргэдийн мэдээллийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, уг иргэдийн мэдээллийг тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж, холбогдох байцаагч нарт танилцуулсан акт гарсан байна. Дээрхи 32/05 дугаар актын нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосны 40 дүгээрт иргэн Л.Б /Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу материал бүрдүүлж өгөхдөө бичсэн өргөдөл, шүүхийн шийдвэр зөрсөн/ багтжээ.

3. Улмаар дээрх актын дагуу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/578 дугаар албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичгийг үндэслэн Л.Б-н өндөр насны тэтгэврийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон үйлдэлд холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Б-с  2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 32/05 дугаартай актын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 109/ШЗ2022/0012 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б-н гомдлыг хангахгүй орхисон болно.

5. Ийнхүү шүүх нэхэмжлэгч Л.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэхээр 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр шүүх хуралдааныг товложээ.

            6. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч Л.Б-с нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Б би тус шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага бүхий бүх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

            7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

8. Иймд нэхэмжлэгч Л.Б-г Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

9. Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Л.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн Л.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5., 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА