Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 121

 

У.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар магадлалтай, 1708005350017 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт У-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох гэрлэлтээ цуцлуулсан эхнэр болон хүүгээ байнга зодож тэдэнтэй харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос У.Б-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, У.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Б гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлахгүйгээр ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ оногдуулсан ялыг хүндрүүлсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан байна. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болсон нэг үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж 2 жилийн хорих ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хүүхдийнхээ эдийн засгийн байдалд анхаарал хандуулж байгаа болон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. У.Б-ийн өөрийн төрсөн хүү Б.Т-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж 2 жил хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Хавтаст хэрэгт авагдсан цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогчийг байнга зоддог байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчиж хэргийг буруу зүйлчилсэн. Иймд У.Б-өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж өгөхийг хүсч байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “У.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон. У.Б нь Б.Т-ийг 2006 оноос 7 настай байхаас нь байнга зодсон үйлдлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаанд тогтмол үргэлжлүүлсэн ба 2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлтээр орсон 1201 дүгээр зүйлийн 1201.2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн заалт хэрэгжиж эхэлсний дараа 2017 оны 04 дүгээр сард зодсон байдаг. У.Б-ийн Б.Т-ийг зодсон үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн У.Б-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Б-ийг эхнэр асан Д.Н-ийг зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин прокуророос шүүгдэгч У.Б-ийг өөрийн төрсөн хүү Б.Т-ийг 2008 оноос эхлэн байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-14 тоотод түүнийг мөн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргүүдэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх зарим үйлдлийн нотлогдсон байдалд дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг буруу зүйлчилжээ.

Тухайлбал шүүгдэгч өөрийн хүү Б.Т-ийг 2008 оноос эхлэн зодсон талаар шалгалт хийгдээгүй байхад ямар нотлох баримтад тулгуурлан байнга зодсон гэх байдлыг тогтоосон нь тодорхойгүй, энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгч У.Б нь хүү Б.Т-ийг 2017 оны 04 дүгээр сард нэг удаа зодсон нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзвэл 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөн зодож хөнгөн гэмтээсэн үйлдэл нь хоёр дахь удаагийн үйлдэл болох бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан боловч давтамжийн хувьд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” хэмээх шинжийг хангахгүй болно.

Иймээс шүүгдэгч У.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэрэг бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг хөнгөн гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн тохирох ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Б нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-14 тоотод өөрийн төрсөн хүү Б.Т-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасах”-аар хуульчилсны дагуу шүүгдэгч У.Б-ийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход түүний цагдан хоригдсон 121 хоног нь 968 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байх тул шүүгдэгчийг оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож, нэн даруй суллах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гомдол үндэслэлтэй тул хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар магадлалд:

“Шүүгдэгч У.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 720  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй”,

“Шүүгдэгч У.Б-ийн цагдан хоригдсон 121 хоног нь 968 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэж байх тул оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож, нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт заалтуудыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                      

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН