Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/273

 

 

 

 

 

 

2023         07        20                               2022/ШЦТ/273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч Ч.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ч-гийн Л-д холбогдох эрүүгийн 2225003100022 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Ч-ийн Л- /РД:хх0000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” зочид буудлын 7 тоот өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд нэвтэрч тус өрөөнд унтаж байсан Оросын холбооны улсын иргэн А.В.Ний эзэзмшлийн Самсунг А-51 загварын гар утас, бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг нийт 1,009,600 төгрөг, А.И.О-ийн эзэмшлийн бугуйн цаг, повер банк зэрэг нийт 320,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 1,329,600 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-шүүгдэгч Ч.Л- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

-хохирогч А.В.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлын найз А.И.О-ийн хамт ОХУ-аас өөрийн тээврийн хэрэгслээр Монгол улсад ирсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум О багийн 0-0-р байранд байрлах ХХХ буудалд байрласан юм. Ажил эхлээгүй байсан учир хэд хоног буудлаас гараагүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө №7 буудалдаа унтаж байгаад өөрийн орны хажууд тавьсан байсан Самсунг А51 загварын гар утас, орны доод хөлний хэсэгт газарт тавьсан байсан цамцны халаасанд түрийвчин дотор байсан 8000-10000 рубль, 300,000 төгрөг, найз А.И.О-ийн гар утас цэнэглэдэг 2 ширхэг цэнэг хураагч, бугуйн цаг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ОХУ-аас 2021 оны 10 дугаар сарын сүүлээр 200,000 рублээр худалдаж авсан Самсунг А51 нь цагаан өнгийн, А.И.О-ийн бугуйн цаг нь Таlant брендийн хар өнгийн цаг байсан, 2 цэнэг хураагч нь хоёулаа хар өнгөтэй байсан, Монголд ойролцоогоор 1 ширхэг нь 70,000 төгрөгийн үнэтэй байна лээ. Гэм буруутай этгээдийг олж тогтоон бидэнд учирсан хохирлыг маань барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...ОХУ-аас томилолтоор ирсэн А.И.О-, Н.А.В нар 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Ө сум, З- багт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” дэн буудлын 7 тоот өрөөнөөс Самсунг А-51 маркийн гар утас, бугуйн цаг, гар утас, цэнэглэгч, бэлэн мөнгө зэргээ хулгайд алдсан. Тухайн хүмүүс нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад томилолтын хугацаа нь дуусаж буцаад ОХУ-руу явсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буудлын өрөөнөөс хулгай хийсэн эрэгтэй надтай холбогдож хулгайлсан Самсунг А-51 маркийн гар утас, бугуйн цаг, гар утас цэнэглэгч зэргийг буцааж өгөөд миний данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн. Би дараа нь дээрх зүйлсийг нь А.И.О-, Н.Апександр Васильеивч нар руу явуулсан. Би 2022 оны 08 дугаар сараас хойш А.И.О-тэй холбогдож над руу итгэмжлэл хийгээд нотариатаар батлуулаад явуулчих, энд байгаа хэрэг дээр таниас мэдүүлэг авах шаардлагатай гээд байна гэж удаа дараа хэлж мэдэгдсэн боловч “би гомдол саналгүй, мөн оршин суугаа газар нь нотариат байхгүй, нотариат орсон ч мөнгөөр батлуулдаг учраас боломжгүй байна. Цагдаа дээр очоод Н.А.В бид хоёрт гомдол санал байхгүй, итгэмжлэл хийлгэж Монгол руу явуулах боломжгүй байна” гээд хэлчих гэсэн ба энэ оны 09 дүгээр сараас хойш заримдаа холбогдохоор итгэмжлэл хийж өгч явуулахгүй, чадахгүй гээд тоохгүй, надтай холбогдохоо больчихсон. Дээрх ОХУ-н хоёр иргэн нь өөрсдөө гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба Монгол улсад дахин ирж томилолтоор очихгүй гэж хэлсэн....Талант загварын 1 ширхэг эрэгтэй цаг, утас цэнэглэгч буюу повер банк 2 ширхэгийг алдсан. Үнэлгээний байгууллага бугуйн цагийг 160.000 төгрөгөөр, харин повер банкны нэг бүрийн үнэлгээг 80,000 төгрөгөөр буюу 2 ширхэгийг 160,000 төгрөгөөр үнэлсэн. Хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ нийт 320,000 төгрөг болсон. 2022 оны 09 дүгээр сард санагдаж байна Ч.Л- гэх эрэгтэйгээс А.И.О- /паспортны дугаар:00000/-ын талант загварын бугуйн цаг болон 2 ширхэг повер банк зэргийг хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн гүйцэт хүлээж авсан. Би Л- гэх эрэгтэйгээс өөрийн дансаар дамжуулан авсан мөнгөө валютын данстай хүнээр А.И.О-ийн данс руу шилжүүлүүлсэн. Мөн хулгайд алдсан гар утас, утас цэнэглэгч, бугуйн цаг зэргийг нь Л- гэх эрэгтэйгээс аваад тухайн үед каргогоор А.И.О- руу явуулсан. Гаргах гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй... Мөн төгрөгөөр бэлэн 260,000 төгрөг, 8000 рублыг тухайн хулгайд мөнгө алдсан үеийн рублын ханшаар бодож үзээд 305,760 төгрөг, мөн 2 удаа үнэлгээний байгууллагаар тус бүр 20,000 төгрөгөөр эд зүйл үнэнүүлсэн 40,000 төгрөг зэргийг нэмээд нийт 600,000 төгрөгөөр надтай тохиролцож миний Хаан банкны 000000000 тоот данс руу 000000000 тоот данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х, 22х, 26х/,

 -гэрч А.И-О- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Орос улсын иргэн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймагт А.В-ийн хамт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Ил уурхай”-д эскаватор задлах томилолтоор ирсэн юм. Ингээд 2022 оны 04 сарын 04-ний өдөр З- багийн нутаг дэвсгэрт байрлах 1-12 дугаар байранд байрлах “ХХХ” зочид буудлын 07 тоот өрөөнд А.В-н хамт орсон юм. Зочид буудалдаа 2022 оны 04 сарын 08-ны орой ажпаа тараад амарч байхдаа пиво уугаад шөнийн 03 цаг хүртэл юм ярьж хэвтэж байгаад унтаж амарсан юм. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд А.В- өөрийнхөө гар утсаар ярих гээд хайтал алга больчихсон байхаар нь би өөрийнхөө эд зүйлийг шалгаад үзтэл миний бугуйн цаг болон, Самсунг маркийн утас цэнэглэгч 2 ширхэг алга болсон байсан. Ингээд би өөрийн хариуцсан орчуулагч Бат-Эрдэнэ рүү утсаар яриад болсон асуудлыг хэлсэн. Миний хувьд бугуйн цаг, повер банк хоёрыг алдсан юм. Миний алдсан гэх бугуйн цагийг Оросын холбооны улсаас 2021 онд Талант загварын хар өнгийн оосортой, нүүр хэсэгт нь алтадсан хүрээтэй цаг 6000 рубелээр худалдаж авсан, Монгол мөнгөөр 250,000 төгрөг, повер банк буюу утас цэнэглэгчийг 2020 онд 2 ширхэгийг нэг бүрийн үнэ нь 2,000 рубель монгол мөнгөөр 80,000 төгрөг нийлээд 160,000 төгрөг, багтаамж нь 10м багтаамжтай байсан. Би унтахаасаа өмнө орныхоо толгой хэсэгт байрлах тавиур дээр цаг болон цэнэглэгчээ тавиад унтсан байгаа. Бид 2 унтахаасаа өмнө өрөөнийхөө хаалга үүдийг цоожлоогүй унтсан. Тухайн үед бид хоёр ядраад унтчихсан байсан. Өрөөнд хүн орж ирснийг мэдээгүй. Алдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

-гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2022 оны 04 сарын 08-ны өглөө ажилдаа яваад орой 16 цаг 30 минутад ажлаасаа буугаад гэртээ байж байхад орой 23 цагийн үед миний танил Л над руу яриад гэрийн гадна байна гараад ир гэж ярихаад нь би гарсан. Ингээд бид З- багийн нутаг дэвсгэрт байрлах Сет бааранд орж Л бид хоёр хүн тус бүр 2, 2 пиво авч уугаад хэсэг сууж байгаад ...Барилгачидын талбайн хажуу талын хүнсний дэлгүүрт орж 1 шил 0,7 граммын архи, 1 кола ундаа аваад тэндээсээ шууд “ХХХ” буудал руу явсан ба би эхлээд буудал руу орж ...Чинбат ах Л- бид 3 “ХХХ” буудлын мухарын өрөөнд орсон ба би жижүүр эгчээс утасны цэнэглэгч аваад өрөөндөө орсон. Ингээд Л, Ч, ах бид 3 гар утсаар онлайн покор тоглож байх хоорондоо дэлгүүрээс авсан 1 шил архиа тойруулаад уусан байгаа. Би өглөө “ХХХ” буудалд ганцаараа сэрсэн ба өглөө босоод тэндээсээ шууд ажилдаа явсан байгаа... Би уг хяналтын камерийн бичлэгийг үзлээ. Уг бичлэг дээр байгаа саравчтай малгайтай залуу би мөн байна. Надтай хамт явж байгаа богино пальтотой залууг Л- гэдэг залуу байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43х/,

-гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тэр өдөр З- багт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” нэртэй дэн буудалд 24 цагаар жижүүрээр ажиллаж байсан. Тэр өдрийн шөнө цагийг нь сайн санахгүй байна 23 цаг өнгөрч байх үед өөрийгөө Л- гэх эрэгтэй хоёр эрэгтэйн хамт манай буудлын 4 тоот өрөө рүү орсон. Энэ үед Л- гэх эрэгтэй өөрийгөө хх0000000 регистрийн дугаартай, 00000000 дугаарын утастай гэж бүртгүүлсэн... Үүнээс хойш 1 цаг орчмын дараа байх 50 орчим насны эрэгтэй хамт явсан хоёр эрэгтэйгээ 4 тоот өрөөнд үлдээгээд ганцаараа гадагш гарч явсан. Би тэр үед 50 орчим насны эрэгтэйгээс буудлын өрөөнийхөө тооцоог хийж дуусга гэхэд өрөөнд байгаа нөгөө хоёр буудлын өрөөний мөнгө өгнө та айлтгүй гэж хэлсэн. Би үүнээс хойш 30 орчим минутын дараа 4 тоот өрөө рүү орж үлдсэн хоёр эрэгтэйгээс өрөөний тооцооны үлдэгдэлийг авсан. Тэр хоёр эрэгтэйгээс өрөөний мөнгө авах гээд 4 тоот өрөө рүү ороход ширээн дээр 1 шилтэй архи байсан, би тэр хоёрт хандан та нар архи ууж болохгүй шүү гэж хэлээд гарч явсан... Миний санаж байгаагаар хамгийн сүүлд шөнийн 04 цаг 25 минутын орчим тэкний дэргэд гар утсаараа хүнтэй маргалдаад байсан эрэгтэй гарч явсан. Өөрийгөө Л- гэх эрэгтэйгийн буудлаас гарч явсан цагийг сайн санахгүй байна. Л-г буудлаас гарч явах үед архи дарс бараг биенээс нь үнэртээгүй эрүүл шахуу байсан бөгөөд надад хандан эгчээ гарчихаад ирье гэж хэлсэн...Миний санаж байгаагаар 7 тоот өрөөнд хоёр эрэгтэй Орос иргэн байсан. 4 тоот өрөө нь гадна хаалгаар орж ирэнгүүт яг өөдөөс нь харсан өрөө, харин 7 тоот өрөө бол жижиг булан тойрч очдог. Хоёр өрөө хоорондоо зайтай учраас хүмүүс андуураад байдаггүй. Мөн тэр өдрийн орой 20 цагаас хойш 7 тоот өрөөнд байсан хоёр Орос иргэн гаднаас хайрцагтай зүйл оруулж ирээд өрөөндөө архи ууж шөнө маш их согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/,

-гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ”...Үүний дараа бид гурав З- багт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүр рүү ороод нэг шил архи, ундаатай аваад “ХХХ” буудал руу орсон. Би буудал руу тэр хоёрын араас орсон учраас хэнийг нь жижүүрт бичиг баримтаа үзүүлж орсон гэдгийг мэдэхгүй байна. Бид гурав буудлын 1 ортой булангийн өрөөнд орсон. Дотор ороод Т надад архи хийж өгөхөөр нь би машин барьж байгаа гээд хальт архинаас нь амсчихаад уулгүй буцааж өгсөн. Тэр хоёр гар утсаараа онлайн покер гэдэг зүйл тоглоод байсан ба би хэсэг хугацаанд тэр хоёрыг харж байгаад гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3708 дугаартай “...Талант загварын бугуйн цаг 160,000 төгрөг, повер банк 2 ширхэг 160,000 төгрөг нийт 320,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 56-59х/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3709 дугаартай “...Самсунг А-51 маркийн гар утас 450,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 66-69х/,

-шүүгдэгч Ч.Л-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” дэн буудлын 07 тоот өрөөнд ороход 2 хүн унтаж байсан. Тэгэхээр нь би тус өрөөн дотроос Талант загварын 1 ширхэг бугуйн цаг, 2 ширхэг повер банк, Самсунг загварын А-51 маркийн гар утас, бэлэн 260,000 төгрөг, 8000 рубль зэргийг хулгайлсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй 95342605 дугаарын утсаар холбогдож уулзаад өөрийн хулгайлсан Самсунг загварын А-51 маркийн гар утас, Талант загварын 1 ширхэг бугуйн цаг, 2 ширхэг повер банк зэргийг буцаан өгсөн. Харин бэлэн 260,000 төгрөг, 8000 рубль, үнэлгээний 40,000 төгрөгийг нийтэд нь 600,000 төгрөгөөр тохирч би Б гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86х/,

 -“ХХХ” зочид буудлын жижүүрийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 124-125х/

 -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны 000000000 дугаар дансны хуулга /хх-ийн 128х/,

-Шүүгдэгч Ч.Л- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай гар бичвэр /хх-ийн 129х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Л-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Ч.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын 0- багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” зочид буудлын 7 тоот өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд нэвтэрч тус өрөөнд унтаж байсан Оросын холбооны улсын иргэн А.В.Ний эзэзмшлийн Самсунг А-51 загварын гар утас, бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг нийт 1,009,600 төгрөг, А.И.О-ийн эзэмшлийн бугуйн цаг, повер банк зэрэг нийт 320,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.В.Ний...2022 оны 04 дүгээр сарын 08-09- нд шилжих шөнө 7 тоот буудалдаа унтаж байгаад өөрийн орны хажууд тавьсан байсан Самсунг А51 загварын гар утас, орны доод хөлний хэсэгт газарт тавьсан байсан цамцны халаасанд байсан түрийвчин дотор байсан 8000-10000 рубль, 300000 төгрөг зэргийг хулгайд алдсан... гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ий ...ОХУ-аас томилолтоор ирсэн А.И.О-, Н.Александр Васильеивч нар 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, З- багт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” дэн буудлын 7 тоот өрөөнөөс Самсунг А-51 маркийн гар утас, бугуйн цаг, гар утас, цэнэглэгч, бэлэн мөнгө зэргээ хулгайд алдсан. Тухайн хүмүүс нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад томилолтын хугацаа нь дуусаж буцаад ОХУ-руу явсан... гэсэн,

гэрч А.И-О-ийн ...Тэгээд өглөө 08 цагийн үед сэрээд А.В- өөрийнхөө гар утсаар ярих гээд хайтал алга больчихсон байхаар нь би өөрийнхөө эд зүйлийг шалгаад үзтэл миний бугуйн цаг болон, Самсунг маркийн утас цэнэглэгч 2 ширхэг алга болсон байсан. Ингээд би өөрийн хариуцсан орчуулагч Бат-Эрдэнэ рүү утсаар яриад болсон асуудлыг хэлсэн...гэсэн,

гэрч Т.Т ...Чинбат ах Л- бид 3 “ХХХ” буудлын мухарын өрөөнд орсон ба би жижүүр эгчээс утасны цэнэглэгч аваад өрөөндөө орсон. Ингээд Л- Ч ах бид 3 гар утсаар онлайн покер тоглож байх хоорондоо дэлгүүрээс авсан 1 шил архиа тойруулаад уусан байгаа... Би уг хяналтын камерийн бичлэгийг үзлээ. Уг бичлэг дээр байгаа саравчтай малгайтай залуу би мөн байна. Надтай хамт явж байгаа богино пальтотой залууг Л- гэдэг залуу байна...гэсэн,

гэрч Ж.Д-ийн...Би тэр өдөр З- багт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” нэртэй дэн буудалд 24 цагаар жижүүрээр ажиллаж байсан. Тэр өдрийн шөнө цагийг нь сайн санахгүй байна 23 цаг өнгөрч байх үед өөрийгөө Л- гэх эрэгтэй, хоёр эрэгтэйн хамт манай буудлын 4 тоот өрөө рүү орсон...гэсэн мэдүүлгүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ622/3708 дугаартай хохирлын үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3709 дугаартай хохирлын үнэлгээ, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зочид буудлын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Л- нь үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Л-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Ө сумын З- багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” зочид буудлын 7 тоот өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд нэвтэрч тус өрөөнд унтаж байсан Оросын холбооны улсын иргэн А.В.Ний эзэзмшлийн Самсунг А-51 загварын гар утас, бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг нийт 1,009,600 төгрөг, А.И.О-ийн эзэмшлийн бугуйн цаг, повер банк зэрэг нийт 320,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 1,329,600 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ”үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг болох нь нотлогдож тогтоогдсон тул, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Хохирогч А.В.Ний Самсунг-А51 загварын гар утас, А.И.О-ийн Талант загварын бугуйн цаг, 2 ширхэг гар утас цэнэглэгч биет байдлаар нөхөн төлөгдөж, хохирогч А.В.Нинд учирсан хохирол болон бэлэн мөнгө 260,000 төгрөг, 8000 рубль зэрэг төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тухай баримт хавтаст хэрэгт тус тус авагдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ч.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч: “...Миний бие нь 3 сараас хойш хоригдсон маш их зүйлийг ойлгож ухаарсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

  Шүүгдэгч Ч.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ч.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон  түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.Л-гийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 127 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “сиди”-г хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураадаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Ч-йн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч-ийн Л-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-гийн цагдан хоригдсон 127 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Л- нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.НАРМАНДАХ