Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 0028

 

 

 

 

 

 

 

Ч.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

Прокурор                                                         Н.Д

Шүүгдэгч                                                          Ч.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Б

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Лгийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Лд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө овогт Ч-н Л,

 

Ч.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ         аймаг      сумын       багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын   тоот өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд нэвтэрч, тус өрөөнд унтаж байсан Оросын холбооны улсын иргэн А-н эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утас, бэлэн мөнгө 260.000 төгрөг, 8.000 рубль зэрэг нийт 1.009.600 төгрөг, Аб-н эзэмшлийн бугуйн цаг, повер банк зэрэг нийт 320.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 1.329.600 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ч.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ө овогт Ч-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй,битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Л  давж заалдах гомдолдоо:

 

... би 2022 оны 04 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө тус аймгийн      багт байрлах Т буудалд Ц.Ч, Т.Т нарын хамт миний нэрээр бүртгүүлээд орж 4 тоот өрөөг хөлслөн авч орсон ба өрөөндөө 1 шил архи, пиво уусан тухайн үед Ц.Ч нь түрүүлж явсан ба би Т.Т-н хамт үлдсэн. Би шөнийн 04 цагийн үед бие засахаар өрөөнөөсөө гарсан, тус зочид буудал нь өрөөн дотор бие засах өрөө байдаггүй ба нийтийн бие засах өрөөтэй, уг өрөө нь хонгилын үзүүрт буюу битүү байрлалаар байдаг.

Би бие засах өрөөнд орчихоод өөрийнхөө өрөөг андуурч 07 тоот өрөө лүү орсон, тухайн үед надад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт бол байгаагүй өөрийнхөө хөлсөлсөн өрөө гэж андуурч орсон, тус өрөөнд 2 хүн унтаж байгааг хараад өөрийгөө өрөө андуурч орсноо мэдээд гарах үедээ ширээн дээр байгаа түрийвч, гар утсыг хараад хулгайлж авах санаа сэдэлт төрсөн. Тухайн үед би түрийвчинд байсан 1.000 рубль, гар утсыг аваад, өрөөнөөс гарахдаа повер банкийг хамт аваад гарсан.

Надад бусдын амарч байгаа өрөө лүү нэвтэрч орох хулгай хийх гэсэн санаа зорилго сэдэлт огт байгаагүй бөгөөд өрөөнд орсны дараа ширээн дээр байгаа эд зүйлсийг хараад гэнэт хулгай хийх санаа төрсөн. Намайг улсын яллагч Эрүүгийн хуулийн 17.1 зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж байгааг үндэслэлгүй гэж үзэж шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хамт дүгнэлт, мэдүүлгээ өгсөн.

Хүн байнга амьдрах орон байр гэдэгт хүн байнга амьдрах зориулалтай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр урц, зэргийг ойлгоно, харин түр амьдрах зориулалтай барьсан урц, майхан түр амьдарч буй зуслангийн байр, зочид буудал, агуй, эмчилгээ сувилгаа хийлгэж буй эмнэлэг амралт сувиллын газар орон байранд хамаарахгүй гэж эрүүгийн эрх зүйд тайлбарладаг.

Эрүүгийн хуульд байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрснийг нэвтрэлттэй хулгай гэж үзэхээр хуульчилсан харин түр амьдрах зориулалттай байранд нэвтэрснийг нэвтрэлттэй хулгайн гэмт хэрэг гэж үзэхгүйгээр 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлээр зүйлчлэхээр хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон эсэхийг нарийн тогтоох шаардлагатай байхад анхан шатны шүүх энэ тал дээр дүгнэлт хийсэнгүй.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. /УДШ-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны №570 тогтоол/

Тиймээс би өөрийнхөө өрөөнд орж байгаа гэж андуурч 7 тоот өрөө рүү орж байгаа нь хууль бус нэвтрэлт гэж буруутган хүндрүүлэн зүйлчилж, ял оногдуулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. /УДШ-ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны №511 тогтоол/

Миний хувьд бусдын амарч байсан өрөөний хаалга цоожийг эвдлээгүй түлхүүр багаж хэрэгсэл ашиглаагүй бөгөөд өөрийнхөө өрөө гэж бодож андуурч орж байгаа нь хууль бус нэвтрэлт гэж үзэх боломжгүй юм. Иймд надад оногдуулсан зүйлчлэлийг бууруулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ял оногдуулж өгнө үү гэж хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах үндэслэлээр ноцтой байдлаар зөрчсөн байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Б.Б гэгч цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргажээ. Б.Б-д Н 2022 оны 06 дугаар сарын 28-нд итгэмжлэл өгсөн, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчийг төлөөлөн бүх шатны шүүхэд төлөөлөх эрхийг олгосон. Гэтэл уг эрүүгийн хэрэгт хэнийг ч иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. Б.Б-г 2022 оны 10 дугаар сарын 20-ны, 2023 оны 01 дүгээр сарын 15, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг авсан.

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н-с гэрчийн мэдүүлэг авахдаа Б.Б-н хамт мэдүүлэг өгөх эсэхийг тодруулаад өгнө гэснээр мэдүүлэг авсан. Тухайн үед орчуулагчаар оролцуулж байгаа бол орчуулагчид хууль сануулах ёстой ба орчуулагчийг зохих мэдлэг чадвартай эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно”, мөн хуулийн 10.10 дугаар зүйлийн 10.т “Мэдүүлэг авахад орчуулагч, хэлмэрч оролцуулах бол түүнд эрх, үүргийг тайлбарлан, санаатайгаар худал орчуулах, эсхүл хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэж заасныг мөрдөгч зөрчиж орчуулагч Б.Б-д хууль тайлбарлаагүй, орчуулагчаар томилохгүйгээр мэдүүлэгт оролцуулсан.

Мөн өдөр А-г гэрчээр мэдүүлэг авахдаа мөн адил хэлмэрчээр оролцуулсан дээрх зөрчлийг гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н-с хохирогчоор мэдүүлэг авахдаа орчуулагчгүй мэдүүлэг авсан. Мэдүүлгийг хэн авсан нь тодорхойгүй. А-г хохирогчоор огт мэдүүлэг аваагүй байхад хохирогчоор тооцож шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.10 дугаар зүйлийн 1.д “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, түүнчлэн орчуулга хийж, хэлмэрчилж болохгүй бусад байдал илэрвэл орчуулагч, хэлмэрчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй” мөн хуулийн 10.1 зүйлийн 1.д “Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй: 1.1.оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол” орчуулагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй гэж заасныг мөрдөгч зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн.

Эндээс дүгнэхэд хохирогчийн мэдүүлэг, орчуулагч, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж орчуулагчаар томилоогүй мөртлөө хэрэгт оролцуулан, хууль тайлбарлахгүй мэдүүлэг авсан, орчуулагчгүй мэдүүлэг авсан, орчуулагчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон зэрэг ноцтой гэж хэлж болохоор процессын зөрчлүүд гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1.д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг мөрдөгч зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн хулгайн гэмт хэрэг гарсан тохиолдолд хэргийн газрын үзлэгийг заавал хийх ёстой хэргийн газрын үзлэгээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ул мөр, учирсан хохирол, эвдрэл гэмтэл зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлдэг. Хэргийн газарт үзлэг хийгдээгүйгээс үүдэн хохирогч нарын байрлаж байсан өрөөний хаалга эвдлэгдсэн эсэх, хууль бус нэвтрэлт үүссэн эсэх, хаалга цоожлогдсон эсэх, өрөөнд байсан эд зүйлс архи тамхины хэрэглээний нөхцөл байдал, согтуурлын хэр хэмжээ, алдагдсан гэх рубль, цаг нь өөр газарт байсан эсэх зэргийг тогтоох боломжтой байсан.

Шүүгдэгчийн хувьд цаг монгол төгрөгийг аваагүй гэдэг ба 8.000 биш 1.000 рубль авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад хохирогч нарт тийм хэмжээний рубль монгол төгрөг байсан эсэхийг огт шалгаагүй байна. Түүнчлэн хяналтын камерт хийсэн үзлэгийн тэмдэглэлд        тоот өрөө рүү нэг удаа орсон талаар дурдсанаас үзэхэд би өрөөгөө андуурч ороод орсны дараа хулгайн гэмт хэргээ үйлдсэн болохыг нотолж байна.

Гэмт хэргийг зүйлчлэхдээ эрх зүйн онолын ойлголт субьектив шинжийг удирдлага болгож хэргийн үйл баримтыг нарийн анхаарч үзэх нь маш чухал. Хэрэв би анхнаасаа төлөвлөж хохирогчийн өрөө лүү орж түрийвч гар утас зэргийг хулгайлсан бол энэ нь маргах аргагүй хүндрүүлэх шинжтэй хулгайлах гэмт хэрэг болно.

Харин тухайн цаг үед хулгай хийх санаа зорилгогүйгээр өрөө андуурч орсныг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, өрөөнд андуурсны улмаас орсны дараа ширээн дээр байсан эд зүйлсийг хараад гэнэт төрсөн шунахайн сэдлийг анхнаасаа хулгай хийх гэж орсон сэдэлт зорилготой жишиж хамаатуулж, хэргийг ерөнхий нуруугаар нь шийдвэрлэх нь буруу, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан эрх зүйн онолтой зөрчилдсөн явдал гэж үзэж байна.

Надад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж харьцуулан шинжилж, хохирогч шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин агуулгыг үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг ба шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг баримтлан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан надад оногдуулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож зохих ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Л тайлбартаа: Би өрөө андуурч орсон, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ... Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Ч.Лг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ        аймгийн        сумын       багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын       тоот өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04 цаг 25 минутаас 04 цаг 35 минутын хооронд нэвтэрч, тус өрөөнд унтаж байсан нэр бүхий иргэдийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 1.329.600 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Лгийн гэм бурууг хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч “... зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ...” гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Лгийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.Л нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй “ ... өрөө андуурч орсон ... бугуйн цаг болон монгол мөнгийг аваагүй” гэсэн мэдүүлэг, тайлбарыг гаргаснаас гадна өөрт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан болно.

 

Дээрх нөхцөл байдлууд нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Лыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх талаар шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийлгүйгээр “... хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлтэй ...” гэж дүгнэсэн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ч.Лгийн давж заалдах гомдолд дурдсан “... мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн ...” гэсэн хэсгийн тухайд мөрдөгч нь Оросын Холбооны улсын иргэн Н-г 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа орчуулагчаар Б.Б-г оролцуулжээ.

 

Түүнээс гадна дээрх хохирогч нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.Б-д өөрийн өмнөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан эрх эдлэх, 8 дугаар бүлэгт заасан үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг олгож итгэмжлэл хийлгэсний дагуу мөрдөгч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б-г томилж, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан байна.

 

Мөн А-н 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт /хх 132/-ийг үндэслэн мөрдөгч нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б-г томилж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлажээ.

 

Хэдийгээр Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу орчуулагч, хэлмэрчээр томилогдоогүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н, гэрч А нар нь Б.Б-г оролцуулж мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн түүнийг Н-с хохирогчоор мэдүүлэг авахдаа орчуулагчаар, А-с гэрчийн мэдүүлэг авахдаа хэлмэрчээр тус тус оролцуулсны дараа хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байх тул дээрх нөхцөл байдлуудыг шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

 

Оросын Холбооны улсын дээрх иргэд нь монгол улсын хилээр гарсан талаарх  Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /хх 144/ хэрэгт авагдсанаас гадна хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй учир шүүх хуралд суухгүй” гэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Лд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Лгийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ