Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Н-о ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаар шийдвэртэй

Н-о ХХК-ий нэхэмжлэлтэй

ЗДТГт холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Эгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Н-О ХХК нь 2015.12.01-ний өдөр ЗДТГтай гүний цооног өрөмдөх СУД-01/15 тоот гэрээг байгуулсан. Орос улсын Сибирийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгаагаар Эрдэнэбулган сумын ойролцоо гүний цооногийг 450 метр өрөмдсөнөөр 60 градусын халуун ус гарах магадлалтай гэсэн. Үүний дагуу гүний цооногийг 450 метр өрөмдсөнөөр 60 градусын халуун ус гарах юм бол аймгийн төвийг халуун усаар хангана гэж үзээд 2014 онд зарласан тендерт Н-О ХХК оролцсон. Аймгийн Засаг даргын 2015.12.01-ний өдрийн а/468 тоот захирамжаар энэ ажлыг гүйцэтгүүлэхээр Н-О ХХК-тай 131 000 000 төгрөгийн гэрээ байгуулахыг Хөгжлийн бодлогын хэлтэс /Д.Оюунчимэг/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Гүрсүрэн/, Байгаль орчин, аялал зуучлалын газар /С.Сарантуяа/ нарт үүрэг болгосон. Энэ захирамжийн дагуу Н-О ХХК-тай гэрээ байгуулсан. Н-О ХХК нь анх тендерт оролцохдоо 140 000 000 төгрөгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэхэд аймгийн Засаг дарга 131 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэ гэсэн. Н-О компани 2016.01.01-2016.01.16-ны өдрийг хүртэлх хугацаанд 180 метр гүн цооног өрөмдсөн. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс болж техник ажиллахаа больсон. Тэгэхээр нь гэрээнд хяналт тавьж ажиллаж байсан усны мэргэжилтэн  Н.Чимэгбаярт “байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж техник ажиллах боломжгүй байна, гэрээгээ сунгах шаардлагатай байна” гэж хэлсэн. Усны мэргэжилтэн Н.Чимэгбаяр газар дээр нь ирж үзээд ерөнхий инженер Ж.Баярсайханд гэрээ сунгахыг зөвшөөрч 2016.01.16-2016.03.08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээг зогсоосон. Н-О ХХК нь 2016.03.08-ны өдрөөс ажлаа үргэлжлүүлэхдээ “2016.01.01-2016.01.16-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 54 000 000 төгрөгийг авъя” гэхэд ЗДТГ мөнгө өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. ЗДТГ мөнгөө өгөөгүй учраас Н-О ХХК нь бараа материал татах мөнгөгүй болж ажлаа зогсоосон. 2016.03.22-ны өдөр Н-О ХХК-ий дансанд 54 430 294 төгрөгийг гүнийн дулааны эх үүсвэрт төрийн сангаас шилжүүлсэн. Н-О ХХК нь энэ мөнгөөр бэлтгэл ажлаа хангаж 2016.04.01-ний өдрөөс дахиж ажилдаа орсон. Ажлаа үргэлжлүүлэн гэрээнд заасан үндсэн үүрэг болох 450 метр гүн цооногийг ухахад 15 градусын халуун ус гарсан. Үүнийг Архангай аймгийн Засаг дарга болон тэнд ажиллаж байсан бүх бүрэлдэхүүн мэдсэн. Түүнээс хойш захиалагчийн зүгээс  хийлгэсэн ажлын хөлсөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Н-О ХХК нь гэрээнд заасан хугацааны календарийн хоногоор 2015.12.01-2016.06.16-ны өдрийг хүртэлх 130 хоногоос 123 хоногт нь багтааж ажлаа гүйцэтгэсэн. Иймд гэрээний төсвийн нийт 131 000 000 төгрөгөөс урьдчилгаа 70 000 000 төгрөгийг хасч төлөгдөөгүй  үлдэгдэл 61 000 000 төгрөг, алданги 30 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг, бүгд 97 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээг анх байгуулахад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зураагүй, Засаг дарга нь Тамгын газрын төсвийг зарцуулдагтай маргахгүй. Аймгийн Засаг дарга гэрээ байгуул гэсэн байдаг.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт:

“Нэхэмжлэгч Н-О ХХК нь Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 дугаартай Архангай аймгийн Сангийн толгойн  газрын гүний  дулааны эх үүсвэрийг  судлах цооногийн  өрөмдлөгийн ажлын гэрээг  байгуулсан байдаг. Гэрээ ёсоор  Н-О ХХК нь ажлын гүйцэтгэлийг захиалагчид 2016.04.10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч 2016.06.16-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын  гүйцэтгэлийг хийж захиалагч талд шилжүүлсэн бол санхүүжилтийг тухайн үед нь гаргуулан авах боломжтой байсан. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүйн улмаас Архангай аймгийн  Засаг даргын Тамгын  газраас гэрээгээр тохирсон  санхүүжилтийг олгоогүй байна. Монгол Улсын хэмжээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийн зардал нь 2018 оны төсөвт тусгагдаагүй байх тул 97 500 000 төгрөг нэхэмжилсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын гүний дулааныг судлахад үе шаттайгаар актаар санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа. Гэрээний 6 дугаар зүйлийн санхүүжүүлэх журамд “70 хувийг гүйцэтгэлээр, 30 хувийг актаар хүлээлцсэнээр санхүүжүүлнэ” гэж заасан. 2017 оны орон нутгийн санд 61 000 000 төгрөгийн санхүүжилт суугдаж, 16 500 000 төгрөг хасагдсан. Энэ мөнгийг авахын тулд улсын комиссын актыг өгөх ёстой байсан. Гэтэл энэ актаа өгөөгүй учраас манайх санхүүжүүлэх боломжгүй байсан. Аймгийн Засаг даргын шийдвэрээр Тамгын газрын төсөв зарцуулагддаг.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 97 500 000 төгрөг гаргуулах тухай Н-о ХХК-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Эгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Нэхэмжлэгч Н-о ХХК нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа гэрээний оролцогч нь ЗДТГ биш болох нь тогтоогдож байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

1. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 дугаар өрөмдлөгийн гэрээг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн зөвшөөрч аймгийн Засаг дарга баталж гарсан үсэг зурсан, мөн тус гэрээний 1 дүгээр зүйлийн 3-д “нэг талаас ЗДТГ” /цаашид захиалагч гэх/” гэж зааж өгсөн.

2. Гэрээнд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гарын үсэг зураагүй ч тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гарын үсэг зурсныг буруу гэж мэдэгдэж байгаагүй төдийгүй ажлын гүйцэтгэлийг хүлээн авч эхний гүйцэтгэлд 2016.03.22-нд 54 430 294 төгрөг, 2016.06.11-нд 15 563 706 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

3. Хариуцагч ЗДТГ нь нэхэмжлэлийн хариу тайлбартаа гэрээг байгуулсан эсэхэд маргаангүй, гэрээний гүйцэтгэл, төлбөрийн талаар маргаантай байгаагаа дурдсан.

4. ЗДТГ нь гүйцэтгэгч талд гэрээний оролцогч биш гэдгээ 2015.12.01-ний өдрөөс хойш өдийг хүртэл мэдэгдэж байгаагүй юм.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн СУД-01/15 дугаартай Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажлын гэрээний оролцогч нь ЗДТГ мөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н-о ХХК Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хөлсний үлдэгдэл 61 000 000 төгрөг, алданги 30 500 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 6 000 000 төгрөг, нийт 97 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх гэрээний оролцогчийг зөв тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Гэрээний 1.3-д нэг талаас ЗДТГ /цаашид захиалагч гэх/, нөгөө талаас Н-о ХХК /цаашид гүйцэтгэгч гэх/ нар Архангай аймгийн Сангийн толгойн газрын гүний дулааны эх үүсвэрийг судлах цооногийн өрөмдлөгийн ажлыг 2015.12.01-2016.04.10 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээг байгуулсан талаар заажээ. Ийнхүү гэрээнд захиалагчийг тодорхой заасан байхад анхан шатны шүүх ЗДТГ хариуцагч биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаа хэтрүүлж ажлыг гүйцэтгэсэн боловч цаг агаарын эрс хүйтрэлтийн улмаас талууд актаар 2016.01.16-2016.03.08-ны өдрийг хүртэл ажлыг түр зогсоохоор тохиролцсон бөгөөд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь ажил гүйцэтгэгчээс шалтгаалахгүй өөр хүчин зүйлээс болсон байх тул ажил гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн явдалд буруугүй гэж үзнэ.    

 

Иймд хариуцагчийн “Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүйн улмаас аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээгээр тохирсон санхүүжилтийг олгоогүй байна”  гэсэн тайлбар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч ЗДТГ нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгч Н-о ХХК-ийг ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэл заасан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажлын үр дүнг хүлээн авах нь захиалагчийн үүрэг гэж зохицуулсан бөгөөд гэрээний 6.1-д зааснаар ажлын үр дүнг актаар хүлээн авсаны дараа үлдэгдэл 30 хувийн хөлс төлөхөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь гэрээний энэ заалтын дагуу хийсэн ажлын үр дүнг хариуцагчид 2016.10.14-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй тул Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний дагуу ажлын хөлсний дутуу 61 000 000 төгрөгийг гаргуулах нь хуулийн энэ зохицуулалтад нийцнэ гэж үзнэ. Хариуцагч нь хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 5.1-д заасны дагуу анз төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч өмгөөлөгчид 6 000 000 төгрөг төлсөн нь хариуцагч үүргээ зөрчсөнөөс үүссэн шууд хохирол биш гэж дүгнэн Н-о ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажлын хөлсний дутуу 61 000 000 төгрөг, алдангийг нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн 2016.10.14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018.01.08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 61 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги 30 500 000 төгрөг, нийт 91 500 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 450 төгрөгөөс гомдлыг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд оногдох хэсгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2018/00198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 91 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-о ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 615 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 450 төгрөгөөс 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 615 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН