Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 118

 

                                                 Л.М-д холбогдох эрүүгийн

                                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч Л.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1831 00397 0001 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын дохиолол холбооны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................... оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: МЙ87032914/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Л.М нь:

1. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Жайка” олон улсын байгууллагаас Ерөө суманд хоёр иргэнийг төсөлд хамруулах нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Х.М, Д.Б нараас тус бүр 190.000 төгрөг, Х.Д-с 80.000 төгрөг, нийт 460.000 төгрөгийг,

2. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “Төмөр замд кассчинаар сургаж ажилд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, иргэн А.Б-с 666.620 төгрөгийг,

3. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “... “Оюу толгой” ХХК-д тогооч нягтлан бодогч ажилд авна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, иргэн Б.С-с 195.000 төгрөгийг,

4. 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Жайка” олон улсын байгууллагаас төсөлд хамруулна гэж зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Ц.А-с 490.000 төгрөгийг,

5. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Хүмүүнлэгийн байгууллагаас ярьж байна, нэг өрөө байр танд өгөхөөр болсон” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Д.Х-с 373.600 төгрөгийг,

6. 2018 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд “Хүүхдийн хөгжлийн сангаас танайд 67.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, иргэн Н.Н-с 1.075.000 төгрөгийг,

7. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Жайка” олон улсын байгууллагаас төсөлд хамруулах гэсэн нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, иргэн Ц.О, Б.М, Ц.Д нараас тус бүр 180.000 төгрөгийг,

8. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын “Жайка” байгууллагын нэрийг ашиглан иргэн Ч.Т-г “орон сууцны тусламжид хамруулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 210.000 төгрөгийг,

9. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын “Жайка” байгууллагын нэрийг ашиглан иргэн Э.Д-г “орон сууцны тусламжид хамруулна” гэж хуурч мэхлэн 90.000 төгрөгийг,

10. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын “Жайка” байгууллагын нэрийг ашиглан иргэн Б.Н “хүүхдийн сургуулийн төлбөрийг даана” гэж хуурч мэхлэн 120.000 төгрөгийг,

11. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Нийгмийн даатгалын сангаас буцалтгүй тусламж олгоно” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Б-с 220.000 төгрөгийг,

12. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн буцалтгүй мөнгөн тусламжид хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, иргэн О.Б-с 260.000 төгрөгийг,

13. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “... “Жайка” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Энхбаатар байна, амьжиргааны түвшин дээшлүүлэх төсөлд хамруулж өгнө” гэж хуурч мэхлэн иргэн Н.О, А.Ч нараас тус бүр 85.000 төгрөгийг,

14. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 94066007 гэсэн дугаарын утаснаас 99358930 дугаарын утас руу залгаж өөрийгөө “Улаанбаатар төмөр зам гэх газар программистаар ажилладаг Итгэл гэдэг хүн байна, танд байр авч өгнө” гэж хуурч мэхлэн Г.О-с 240.000 төгрөгийг,

15. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “... “Шинэ Амьдрал” төсөл хэрэгжүүлнэ. Танай аймагт зурагт радиогийн хүмүүстэй хамт төслийн багийнхан очно, бэлэг дурсгалын зүйл бэлдэх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, иргэн В.Ц-с 195.000 төгрөгийг,

16. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл иргэн Ё.А рүү 94066007 дугаарын утсаар холбогдож, “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ амьдрал” төсөлд хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 523.000 төгрөгийг,

17. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Х.А-г “СӨХ-ны мөнгө нь 200.000 төгрөг гарсан байгаа, чи төлөөд өгвөл би нөгөөдрөөс зараад чамд 10.000.000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 200.000 төгрөгийг,

18. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Эрдэнэт Улаантолгой өртөөний зөрлөгийн дарга Д.М-г “16.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийн төсөлд хамруулна” гэж хуурч мэхлэн 160.000 төгрөгийг,

19. 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.М-тэй холбогдон, “Жайка” олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулж өгөх нэрээр зохиомол байдлыг зориуд бий болгож, Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар техник импорт хувьцаат компанийн урд, Голдон төвд байрлах бэлэн мөнгөний машиныг ашиглан иргэн Б.Э-с 260.000 төгрөгийг,

20. 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг дарга Д.М-тэй холбогдон “... “Жайка” олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулж өгнө” гэх нэрээр зохиомол байдлыг зориуд бий болгож, Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар Техник импорт хувьцаат компанийн урд, Голден төвд байрлах бэлэн мөнгөний машин ашиглан иргэн Ч.П-с 260.000 төгрөгийг,

21. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н.С-г “байр өгнө” гэж хуурч мэхлэн 990.000 төгрөгийг,

22. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сангийн яамнаас “Шинэ айл төсөл хэрэгжүүлж байна” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Ц.Э-с 1.222.000 төгрөгийг,

23. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэн А.Э, Г.П нарыг “Жайка олон улсын байгууллагын ахлах мэргэжилтэн” гэж хуурч мэхлэн, нийт 520.000 төгрөгийг,

24. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Л.Ц, Л.С нараас “Сангийн яамнаас ярьж байна, тусламж үзүүлнэ” гэж хуурч мэхлэн, тус бүр 470.000 төгрөг, нийт 940.000 төгрөгийг,

25. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын иргэн Б.Н-г “Сангийн яамнаас ярьж байна. Залуу гэр бүлийг дэмжих зээлд хамрагдахаар болсон” гэж хуурч, 380.000 төгрөгийг,

26. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсролын их сургуулийн орчим, иргэн А.Ч-д “төслийн батламж өгнө, уг арга хэмжээний мөнгө өг” хэмээн хуурч мэхлэн, 470.000 төгрөгийг,

27. 2018 оны 7 дугаар сард “Улаанбаатар төмөр замын билетийн касст ажилд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн, иргэн Ц.Т-с 45.000 төгрөгийг, М.З-с 80.000 төгрөгийг, П.З-с 60.000 төгрөгийг, Д.Ө-с 80.000 төгрөгийг, У.Ч-с 45.000 төгрөгийг,

28. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “... “Шинэ амьдрал” нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж байна. ...буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж хуурч мэхлэн, иргэн Л.Д-с 350.000 төгрөгийг,

29. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Шинэ амьдрал нэртэй төсөл хэрэгжүүлэх гэж байна. ...буцалтгүй тусламж үзүүлнэ” гэж хуурч мэхлэн, иргэн Г.Г-с 350.000 төгрөгийг,

30. 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын иргэн Б.С, Б.С нарыг “3асгийн газарт ажилладаг Ганбаатар гэж хүн байна, төсөл хөтөлбөрт хамруулж өгнө” гэх нэрээр зохиомол байдлыг зориуд бий болгож, 5071111429, 5907089778, 5003406036 дугаарын данс руу шилжүүлүүлэн 540.000 төгрөгийг,

31. 2018 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны хооронд “зээлийн төсөлд хамруулах” нэрээр иргэн Ж.Ц-с 510.000 төгрөгийг, нийт 31 удаагийн үйлдлээр 43 хохирогчоос 12.550.220 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Л.М-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-н цагдан хоригдсон 310 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар Л.М-с нийт 13.290.220 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.М-д 190.000 төгрөг, Д.Б-д 190.000 төгрөг, Х.Д-д 80.000 төгрөг, А.Б-д 666.620 төгрөг, Б.С-д 195.000 төгрөг, Ц.А-т 490.000 төгрөг, Д.Х-д 373.600 төгрөг, Н.Н-д 1.075.000 төгрөг, Ц.О-д 180.000 төгрөг, Б.М-д 180.000 төгрөг, Ц.Д-д 180.000 төгрөг, Ж.Т-д 210.000 төгрөг, Э.Д-д 90.000 төгрөг, Д.Н-д 120.000 төгрөг, Э.Б-д 220.000 төгрөг, О.Б-д 260.000 төгрөг, Н.О-д 85.000 төгрөг, А.Ч-д 85.000 төгрөг, Г.О-т 240.000 төгрөг, В.Ц-т 195.000 төгрөг, Ё.А-т 523.000 төгрөг, Х.А-т 200.000 төгрөг, Д.М-д 160.000 төгрөг, Б.Э-д 260.000 төгрөг, Ч.П-д 260.000 төгрөг, Н.С-т 990.000 төгрөг, Ц.Э-т 1.222.000 төгрөг, А.Э-д 260.000 төгрөг, Г.П-т 260.000 төгрөг, Л.Ц-т 470.000 төгрөг, Л.С-д 470.000 төгрөг, Б.Н-д 380.000 төгрөг, А.Ч-д 470.000 төгрөг, Ц.Т-д 45.000 төгрөг, М.З-д 80.000 төгрөг, П.З-д 60.000 төгрөг, Д.Ө-д 80.000 төгрөг, У.Ч-т 45.000 төгрөг, Л.Д-т 350.000 төгрөг, Г.Г-д 350.000 төгрөг, Б.С-д 350.000 төгрөг, Б.С-д 190.000 төгрөг, Ж.Ц-д 510.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа хэргийг нуун хаацайлж байгаагүй, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би залилангийн хэргээр шалгагдах болсон шалтаг биш шалтгаан гэвэл, 2016 оноос эхлэн 2019 оныг хүртэл ээжийгээ хөл дээр нь босгох бүхий л арга талыг хэрэглэж, өдийг хүрсэн билээ. ... Миний ээж хорт хавдартай гэсэн оноштойгоор хэвтсэн боловч эмчээс асуутал эмчилгээгүй гэсэн. Би хувь хүн, албан байгууллагаас залилан хийсэн шалтгаан нь ээжийгээ буруутгаж, өвчнөөр нь шалтаглаж, хэргээс сул үлдэх гэсэндээ бус хэдэн өдөр ээжтэйгээ хамт байх зорилго л байсан. Эмчилгээгээр далимдуулж залилан хийх санаа байгаагүй. Эмчилгээ дуусаад ээжийгээ хөл дээр нь босгосны дараа буцаан төлөх сэтгэл надад байсан. Үргэлжлүүлэн хийх санаа байгаагүй. Би төлбөрийг бага багаар нь төлсөн, төлөхөө илэрхийлсэн боловч шүүгч “үлгэр ярь” гэх байдлаар хандсан болно. Энэ хохирсон албан байгууллага хувь хүмүүс надад хэдий залилуулсан боловч энэ хүмүүст би хүний сэтгэлийн хувиас төлөөд баршгүй өртэй хүн. Хэдэн цаг ч ээжийг минь надтай байлгасан хүмүүс болохоор би шударгаар хөдөлмөрлөж бүх төлбөрийг барагдуулах болно гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоогоор авсан миний шийтгэл болоод ял надад маш их байгаа ч ард үлдэж буй ар гэр болон 4 настай хүүгийн минь ирээдүйг бодож, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Миний хувийн байдал болон хүүхдийг минь эцэгтэйгээ хамт амьдрах хүмүүжих боломж олгож өгнө үү. Би хорихоос гараад мэргэжлээрээ ажиллаж, аливаа гэмт хэрэгт холбогдохгүй, сайхан амьдрах бололцоо байгаа. Би хэрэгт холбогдохоос өмнө Улаанбаатар Төмөр зам, мөн Сэлэнгэ аймгийн Хөтөлийн бетоны төмөр замд ажиллаж байсан. Энэ хэргийн явцад хувийн өмгөөлөгчтэй байсан бөгөөд өмгөөлөгч маань зөвхөн нэг талыг барьж, хүний хувийн нууцад халдаж, бусдад тараасны улмаас өөрийгөө өмгөөлж оролцсон. Өмгөөлөгч намайг “ялаа аваад яв” гэх мэтээр үл ойлголцол гарсан бөгөөд уг өмгөөлөгчөөс татгалзсан болно. Шүүхээс надад өөрийгөө өмгөөлж оролцож байгаа бол үг хэлэх эрх нээлттэй гэсэн атлаа миний үгийг сонсоогүй. Хэргийг минь шүүх биш, хэрэгтэн мэтээр хандаж тасалсан болно. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Дараа дахин алдахгүйн төлөө хичээж зүтгэж амьдрах болно. ... Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Л.М нь 2018 оны 7 дугаар сараас 12 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд 31 удаагийн үйлдлээр, 43 хохирогчийг “Жайка олон улсын байгууллагын төсөлд хамруулна, Хууль зүйн яамны буцалтгүй тусламжид оруулна, төсөлд хамруулна” гэх нэрийдлээр бодит байдлыг нуун дарагдуулж, бусдад итгэл үнэмшил төрүүлж залилсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Л.М-д оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон тул оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.                                             

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Л.М нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ, Өвөрхангай, Булган, Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Төв аймгийн иргэдтэй тухайн орон нутгийн засаг захиргааны эрх бүхий албан тушаалтнууд болон бусад иргэдээр дамжуулан утсаар холбогдож, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдын банкны дансыг ашиглан, “Жайка” олон улсын байгууллагаас орон сууцны төсөлд хамруулна, хүүхдийн сургалтын төлбөрийг даана”, “Төмөр замд ажилд оруулж өгнө”, “Оюу толгой” ХХК-д тогооч, нягтлан бодогчийн ажилд авна”, “Хүмүүнлэгийн байгууллагаас нэг өрөө байр өгөхөөр болсон”, “Хүүхдийн хөгжлийн сангаас буцалтгүй тусламж үзүүлнэ”, “Нийгмийн даатгалын сангаас буцалтгүй тусламж олгоно”, “Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн буцалтгүй мөнгөн тусламжид хамруулж өгнө”, “Шинэ Амьдрал” төсөл хэрэгжүүлнэ”, “зээлийн төсөлд хамруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 31 удаагийн үйлдлээр, 43 хохирогчийн 13.290.220 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Д /1 хх 26/, Х.М /1 хх 28-30/, Д.Б /1 хх 33-35/, А.Б /1 хх 115-118/, Б.С /1 хх 167-170/, Ц.А /1 хх 199-200/, Д.Х /1 хх 243-246/, Н.Н /2 хх 47-48/, Ц.Д /2 хх 111-114/, Ц.О /2 хх 116-119/, Б.М /2 хх 120-122/, Ч.Т /2 хх 140-141/, Э.Д /2 хх 154-156/, Б.Н /2 хх 168-169/, Э.Б /2 хх 191-195/, О.Б /2 хх 224-226/, Г.О /3 хх 36-37/, В.Ц /3 хх 68/, Ё.А /3 хх 119-121/, Х.А /3 хх 194-197/, Д.М /3 хх 228-229/, Б.Э /4 хх 14-16/,  Ч.П /4 хх 56-58/, Н.С /4 хх 102-105/, Ц.Э /4 хх 148/, А.Э /4 хх 185-186/, Г.П /4 хх 192, 194/, Л.Ц /4 хх 240-241/, Ю.С /4 хх 245/, Б.Н /5 хх 89-92/, А.Ч /5 хх 122-123/, Ц.Т /5 хх 170-171/, О.Ч /5 хх 177/, Д.Ө /5 хх 184-185/, П.З /5 хх 209/, М.З /5 хх 214-215/, Л.Д /6 хх 13-15/, Г.Г /6 хх 41-43/, Б.С /6 хх 74-75/, Б.С /6 хх 79-80/, Ж.Ц /6 хх 140-144/, Н.О /9 хх 206/,

гэрч Э.Н /1 хх 37/, Б.Б /1 хх 38/, Э.Б /1 хх 39-41/, С.А /1 хх 42-45/, Б.Э /1 хх 49-51/, Ц.А /1 хх 120/, Ш.А /1 хх 176-177/, Г.Б /1 хх 201-202/, Ж.П /1 хх 203-205/, Ж.Н /1 хх 207/, С.Л /2 хх 1-3/, Ш.О /2 хх 4-5/, Ц.Ө /2 хх 53/, Ч.Д /2 х 125-126/, Г.Ц /2 хх 135/, Б.Ц /2 хх 171/, Э.Д /2 хх 172-173/, Ш.М /2 хх 196-197/, Б.У /3 хх 3-4/, М.Э /3 хх 38/, М.Г /3 хх 39/, Х.Г /3 хх 45/, Н.Т /3 хх 71/, Б.Х /3 хх 72-74/, О.Д /3 хх 77/, П.Э /3 хх 199/, Т.Г /3 хх 230/, Д.А /3 хх 233/, Н.Б /4 хх 22/, Ж.О /4 хх 25-27/, Д.М /4 хх 61/, А.Л /4 хх 108-109/, Б.О /4 хх 150/, Н.Д /4 хх 155/, А.О /хх 156-158/, Г.Б /4 хх 159/, М.Ц /4 хх 195-196/, Ч.А /4 хх 247-248/, Б.Г /4 хх 249/, Д.А /5 хх 94/, Ч.Б /5 хх 96/, Л.С /5 хх 124-125/, С.Н /5 хх 191/, Б.Т /6 хх 16/, Ш.Х /6 хх 90/, Б.П /6 хх 91/, Г.Б /6 хх 95-96/, Б.Б /6 хх 146-147/, Г.А /6 хх 149/, Э.Д /6 хх 152/, Ц.Э /6 хх 233-235/, Ц.Б /9 хх 207/ нарын мэдүүлгүүд,

Хаан банкны дансны хуулга /1 хх 53, 90, 92, 124, 174, 206, 208-209, 2 хх 8, 20, 61, 83, 86, 127, 157, 174, 198, 203, 230, 3 хх 5, 47, 93, 128, 137, 237, 4 хх 30, 107, 117, 151-154, 161, 5 хх 18, 95, 98, 6 хх 20, 23, 47, 98, 173, 183/,

“Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг /5 хх 195/, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 9/4209 дугаартай албан бичиг /8 хх 166/,  

94066007 дугаарын яриа болон мессежний хуулга /1 хх 78-83, 5 хх 28-29, 45/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх 221-234/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 165-167/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Л.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 31 удаагийн үйлдлээр, 43 хохирогчийн 13.290.220 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг “12.290.220 төгрөг” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг анхан шатны шүүх “13.290.220 төгрөг” гэж зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.М-н 6 сарын хугацаанд, 43 хохирогчоос 13.290.220 төгрөг залилан мэхлэж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Прокуророос шүүгдэгч Л.М-н үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулсан нь үндэслэл бүхий болсноос гадна Л.М-н хамгийн сүүлд үйлдсэн буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Ч-с 470.000 төгрөг шилжүүлсэн авсан үйлдлээр нутаг дэвсгэрийн харьяаллын асуудлыг шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.М-с “...надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хэдийгээр шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр 31 удаагийн үйлдлээр 43 хохирогчийн нийт 13.290.220 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүхээс Л.М-д оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх..,” зохицуулалт нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин прокурор яллах дүгнэлтдээ, гэмт хэрэг хаана үйлдсэнийг тодорхой бичээгүй байх боловч энэ нь хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлөөгүй учир анхан шатны шүүх хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь зөв дүгнэсэн бөгөөд цаашид прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх байдлыг сайтар анхаарвал зохино.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон 312 хоногийг 310 хоног гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.М нь хохирогч Ц.Т-н 45.000 төгрөгийн /5 хх 240/, М.З-н 80.000 төгрөгийн, П.З-н 60.000 төгрөгийн /5 хх 242-243/, Д.Ө-ны 80.000 төгрөгийн /5 хх 241/, У.Ч-н 45.000 төгрөгийн /5 хх 239/ тус тус хохирлыг төлж барагдуулсан байхад хохирлын хэмжээнээс хасаж тооцоогүйг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар зөвтгөж байна.