Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 119

 

                                       Т.Л-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,                                 

шүүгдэгч Т.Л,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЗ/3663 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай эсэргүүцлээр Т.Л-д холбогдох эрүүгийн 1906 06222 2618 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Т-н Л, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн  хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

 Т.Л нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр .... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .. байрны “С” маркет дэлгүүрт иргэн Д.Р-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Л-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж болохгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед тогтоогдов.

Д.Р, Т.Л нарын биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлтийн эх сурвалжид зөвхөн тэднийг үзсэн үзлэг, ГССҮТөвийн эмчийн тодорхойлолт хамаарч байна.

Тэдний биед хэсэг газрын үзлэг хийхэд Д.Р-н зүүн гуяны урд доод хэсэгт 3x1.5, 2.5x1.5 см хөхөрсөн, зүүн хөхний дээд хэсэгт эмзэглэлтэй, баруун чамархай, зулай хэсгийн хуйх эмзэглэлтэй байсан байна. 2019 оны 10 дугаар сарын 14-ний ГССҮТөвийн эмчийн үзлэгт “онош, тархи доргилт гэж тодорхойлсон байх ба толгойн КТГ хариу хүлээсэн боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргасан” гэжээ.

Харин Т.Л-н зүүн гуяны гадна доод хэсэгт 8,5x5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан байна. Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр үзүүлэгчийн өөрийн нэр, хаяг бүхий амбулаторийн картаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ГССҮТөвийн эмчийн үзлэгт “онош, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, тархины хаван” гэж тодорхойлсныг шинжээч үзэж тус тус магадалжээ.

Дээрхээс дүгнэхэд, хэн хэнийх нь биед зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байх бөгөөд хэмжээний хувьд Т.Л-н биед үүссэн нь том, Д.Р-н биед үүссэн нь олон боловч бага хэмжээтэй байна. Шинжээч эмч нар дүгнэлтийг гаргахад 2 үзүүлэгчийн хэн хэн нь КТГ-ын шинжилгээ хийлгээгүй байх ба ГССҮТөвийн эмч нар тухай бүрт нь үзэж онош тогтоожээ. ГССҮТөвийн эмчийн тодорхойлолтоор Д.Р-н биед тархи доргилт, Т.Л-н биед тархины хаван гэх онош тогтоогдсон байна. Тухайн үзүүлэгч нарын биед тогтоогдсон оношууд нь нэг төрөл зүйлийн онош мэт байхад тархи доргилт гэх онош нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаараад, тархины хаван гэх онош нь дээрх журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэсэн, мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү талбайг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахаар журамлагдсан байх ба үзүүлэгч нарын биед үүссэн гэмтэл нь үүнд хамаарах, эс хамаарах талаар харьцуулан дүгнээгүй байгаа нь эргэлзээтэй байдал давхар үүсгэсэн байна.

Хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь бичлэгт бичигдсэн үйл явдлаас зөрүүтэй болох нь уг бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж үзэхэд илэрхий болсон ба шүүх хуралдааны явцад үзсэн бичлэгээс дүгнэхэд Т.Л нь Д.Р-г 1 удаа нүүрэнд нь алгадах ба Д.Р нь Т.Л-н толгой руу 1 удаа, нүүр рүү 1 удаа цохиж, хөл рүү нь 1 удаа өшиглөж, үснээс нь барьж толгойг доош дарсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулах боломжтой эсэх нөхцөлтэй эс тохирч байна.

Прокуророос яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн нөхцөл байдал нь илэрхий зөрүүтэй, мөн нотлох баримтууд нь эргэлзээтэй байхад гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудлыг хэн нэгний хүсэлтээр хязгаарлаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж, нотлох баримтуудын зөрүүтэй, эргэлзээтэй байгаа байдлыг арилгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Болормаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон, хэрэгт хохирлын талаар маргаангүй, хохирогчоос хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорт хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хэргийг шүүхэд хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр прокурор шилжүүлсэн. Хохирогч Д.Р-т гаргасан 12448 тоот дүгнэлтийн үзлэгийн хэсэгт “зүүн гуяны урд доод хэсэгт 3х1.5, 2.5х1.5 см хөхөрсөн, зүүн хөхний дээд хэсэгт эмзэглэлтэй, баруун чамархайн, зулай хэсгийн хуйх эмзэглэлтэй. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГССҮТөвийн эмчийн үзлэгт онош тархи доргилт гэсэн. Толгойн КТГ хариу ирээгүй тул дүгнэлтийг гаргав” гээд дүгнэх хэсэгт “... Д.Р-н биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 26-28/, шүүгдэгч Т.Л-д гаргасан 12439 дугаартай дүгнэлтийн үзлэгийн хэсэгт “зүүн гуяны гадна доод хэсэгт 8.5х5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Биед өөр харагдах гэмтэлгүй”, дүгнэлтийн хэсэгт “Т.Л-н биед гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэж дүгнэсэн /хх 30/, мөн шүүгдэгч дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гарган материалжуулан шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1507 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргуулсан.

Дээрх дүгнэлтэд 12439 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дурдсан. Өөрийн нэр, хаяг бүхий амбулаторийн картнаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ГССҮТөвийн үзлэгт онош, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, тархины хаван гэж, дүгнэх хэсэгт ирүүлсэн амбулатариор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг зэрэгтэй танилцахад хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 12439 тоот дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 16 минутын байдлаар үзлэг хийх үед үзүүлэгчийн нүүр хэсэгт гэмтэл илрээгүй ба тархины хаван үүссэн эсэхийг толгойн КТГ шинжилгээгээр тогтооно” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлтээр /хх 40/ шүүгдэгч Т.Л нь хохирогч Д.Р-т учруулсан гэмтэл дээр маргаагүй бөгөөд өөрт учирсан дээрх гэмтэлд гэмтлийн зэрэг гараагүй шалтгааныг тодруулахаар нэмэлт дүгнэлтийг гаргуулсан боловч шүүгдэгчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй юм. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.3-т “Шинжилгээний  обьект” гэж хүн болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг хэлнэ” гэж заасан. Шинжээч хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу дүгнэлтийг гаргасан байхад шүүхээс хэрэгт авагдаагүй, оролцогч нараас гаргаж ирүүлээгүй баримтад тухайлбал, толгойн томографикийн зураг авахуулаагүй, ирүүлээгүй байхад 2 өөр дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Харин гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр бүлгийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож, “Гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршиг”-ийн талаар гаргасан жагсаалтад “тархи доргилтын дараах үлдэц нь 2 нүдний аньсаганы зай өөр өөр болж, хамар-уруулын нугалаас гөлийн, нүдний зовхи ба гар хуруу чичирч, шөрмөсний рефлекс ихсэн, судасны агшилт, тэлэлтийн хямралын шинж илэрнэ” гэж цаашид гарах өөрчлөлт хор уршгийг тодруулж өгсөн байхад тархины хавангийн үлдэц хор уршгийн талаар энэ журамд тусгагдаагүй байна.

Шүүхээс хяналтын камерт авагдсан 476032449790105 нэртэй бичлэг дээрх үйлдэл буюу зөвхөн шүүгдэгчийн үйлдлийн сүүлчийн хэсгийг хуралдаанаар шинжлэн судалж, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэтэл хэрэгт авагдсан 481126849152256 нэртэй бичлэгт шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцан яриаг тэмдэглэж, бичлэг бага зэрэг сарниж байсан, мөн бичлэгийн хэсэгт “...Т.Л: зүгээр бай, би хүүхэдтэй явж байна авгай минь ... гэж хэлээд хоорондоо зууралдаад бичлэг харагдахаа болив” гэсэн бичлэгийн хэсгийг мөрдөгч тэмдэглэлд тусгасан атал дээрх бичлэгт дүгнэлт хийлгүй, бичлэгийг зөрүүтэй гэж үзсэн, мөн 476032449790105 нэртэй бичлэг дэх шүүгдэгчийн үйлдлийн сүүлчийн хэсгийг хуралдаанаар шинжлэн судалж, дүгнэлт гаргаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэжээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Т.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, намайг мөрдөн байцаагч “хохирогчид гэмтэл гарсан тул хэргийг удаашруулж байхаар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлбэл тохиролцоод торгууль төлөөд дуусна” гэж хэлсэн. ... Прокурортой уулзаад би буруугүй талаараа хэлтэл, хүлээж аваагүй “хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бич” гэсэн. Энэ талаар надад ямар нэг ойлголт байгаагүй. ... Шүүх хуралдаанд ороход надад “би зодсон нь үнэн гэж хэлэх ёстой” гэж хэлсэн. Би тэр хүнийг зодож, биед нь хохирол учруулах санаа байгаагүй, хүүхдээ л хамгаалсан. ... Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх, Т.Л-д холбогдох хэргийг хохирогч Д.Р, шүүгдэгч Т.Л нарын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан камерын бичлэгийн үйл баримттай зөрүүтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шаардлагатай тохиолдолд шинжээч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг аван, шинжээчийн дүгнэлтүүдэд заасан асуудлуудыг болон маргаантай байдлыг асууж, тодруулах замаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох бүрэн боломжтой байна.

Хэрэв анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Л нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа бусдын нөлөөллөөр, шахалтад орсны улмаас гаргасан мэтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар өгч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан байх ба уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж заажээ.

Хуулийн уг зохицуулалтаар шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, эсхүл эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн тохиолдолд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтойн гадна шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, Т.Л-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлийн дагуу яллагдагч Т.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердын журмаар гэм буруугийн асуудлаа хянан шийдвэрлүүлэх нь  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг “ ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...”  гэсэн үндсэн эрхээ эдлэх боломж бүрдэнэ гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.