Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/00060

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/00060

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ................ регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 40 мянгат гудамж, 40-р байр, 40 тоотод оршин суух,  Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ............ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 41 гудамж, 631 тоотод оршин суух  Эод холбогдох

“Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г миний бие өөрийн найз болох Ц.Ганбаатарт Волво ХС 90 маркийн 7778 УНУ улсын дугаартай автомашиныг 10,000 ам доллар буюу тухайн гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ханш 1875,74 төгрөгт тооцоход 18757400 төгрөгөөр худалдахаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээний нэрийг солихоор тохиролцсон. Ц.Ганбаатар нь 2015 оны 05-р сард төлбөрийг дуусгахаар тохиролцсон боловч өгөхгүй байсан ба удаа дараа шаардсаны эцэст 2016 оны 02 дугаар сард 3,500,000 төгрөг, 2018 оны 06-р сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн. Тэгээд төлбөрөө бүрэн төлөхгүй бол машинаа авъя гэсэн боловч өгөхгүй байсан ба харамсалтай нь Ц.Ганбаатар нь 2018 оны 12 сарын 15-нд зуурдаар таалал төгссөн. Цагдаагийн байгууллагад хандсан боловч Ц.Ганбаатарыг нас барсан гээд хэрэг үүсгээгүй. Иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Би Ц.Ганбаатарын эхнэр болох Туяад автомашинаа эргүүлж авах талаар хэлэхэд С.Э гэдэг хүний эзэмшилд байгаа гэсэн. С.Э нь өмчлөгч миний зөвшөөрөлгүй надад мэдэгдэлгүй миний өмчлөлийн Волво ХС 90 7778 УНУ улсын дугаартай автомашиныг хууль бусаар эзэмшиж байна. Иймд Эын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Волво ХС90 маркийн 7778 УНУ улсын дугаартай автомашиныг Г миний эзэмшил ашиглалтад шилжүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Э миний бие өөрийн танил Ц.Ганбаатартай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Волво ХС 90 маркийн 77-78 уну улсын дугаартай авто машиныг худалдах худалдан авах хэлцэл хийж 13,000,000 төгрөгийг бэлнээр өгч бичиг баримт шилжих үед 2,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож авто машинаа өөрийн эзэмшилдээ хүлээж авсан Ц.Ганбаатар нь тухайн үед Хот тохижилтын газрын харьяа Цагаан даваа хогийн цэгийн дарга ажилтай байсан бөгөөд миний бие даргын жолоочоор нь ажиллаж байсан. Анх намайг тухайн үед авто машин худалдан авах гэж хайж байгаагаа даргад /Ц Ганбаатар/ ярьж байхад надад нэг Волво ХС 90 маркийн авто машин байгаа тэрийг аваач гэсэн санал тавьж очиж үзэхэд надад таалагдаж худалдаж авсан. Волво ХС 90 маркийн 77-78 уну улсын дугаартай авто машиныг худалдаж авахад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул өөрийн эцгээр 8,105,400 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулж С.Э миний бие 6,000,000 төгрөгийн цалингийн зээл авч төлбөрийг төлсөн. Авто машин худалдаж авсан төлбөрийг Ц.Ганбаатарын гэрт аваачиж өгсөн ба төлбөр төлөх үед миний эцэг Т.Содовжамц хамт явж байсан. Мөн мөнгө хүлээж авах үед Ц.Ганбаатарын эхнэр Ширнэн овогтой Туяа /рд цд64063003/ хамт байлцсан болно. Авто машин худалдаж авснаас хойш миний бие Ц.Ганбаатар даргад авто машины өмчлөгчийн гэрчилгээг шилжүүлмээр байна гэж шаардахад зав болохгүй байна, удахгүй гэж байгаад ажлаасаа гараад хөдөө яваад сураггүй болсон. Хэсэг холбогдохгүй байж байгаад холбогдоход БНХАУ-д эмчлүүлж байгаад ирлээ удахгүй бие тэнхэрхээр гэрчилгээг шилжүүлнэ гэж хэлсэн боловч улмаар 2018 оны сүүлээр нас барсан байсан болно. Миний хувьд Волво ХС 90 маркийн 77-78 уну улсын дугаартай авто машиныг өөрийн хүч хөдөлмөрөөрөө хуульд заасны дагуу худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.Эод холбогдуулан “Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Эоос автомашин гаргуулахыг хүссэн  үндэслэлээ “...“Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай автомашиныг өөрийн найз Ц.Ганбаатарт зээлээр худалдсан бөгөөд мөнгөө бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон бөгөөд Ц.Ганбаатар нь мөнгөө бүрэн төлж дуусаагүй байхдаа нас барсан тул түүний эхнэрээс машинаа авъя гэхэд С.Э гэж хүний эзэмшилд байгаа гэсэн тул түүний хууль бус эзэмшлээс автомашинаа гаргуулна” гэж тодорхойлж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзалын үндэслэлээ “ ... талийгаач Ц.Ганбаатар нь манай дарга байсан бөгөөд машин авах гэж байгаагаа хэлэхэд надад “...“Волво ХС90” маркийн машин байгаа гэсэн санал тавьж машиныг үзээд худалдан авахаар болж, өөрөө цалингийн зээл болон аавынхаа тэтгэврийн зээлийг авхуулж төлбөрийг төлсөн бөгөөд нэрийг нь шилжүүлж авах гэсэн боловч зав болохгүй байна гэсээр шилжүүлж өгөөгүй, би тухайн машиныг хууль бусаар эзэмшээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж” тайлбарлаж маргасан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг тодруулахад тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж байх тул тус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар маргаан бүхий “Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигчээр Б.Г бүртгэгдсэн байна. /х.х-ийн 4 дэх талд/

Нэхэмжлэгч Б.Г нь “Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Ганбаатарт 10,000 ам доллароор худалдах, Ц.Ганбаатар нь үнийг 2015 оны 5 дугаар сард төлж дуусгахаар тээврийн хэрэгслийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийлгэхээр харилцан тохиролцож 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5, 78-80 дахь талд/

Тус гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Гт тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэг, Ц.Ганбаатарт тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүрэг харилцан үүсжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ц.Ганбаатартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулснаар түүнд худалдагчийн үүрэг буюу тээврийн хэрэгслийг худалдан авагчид өмчлөлд шилжүүлэх үүрэг, худалдан авагчид үнэ төлөх үүрэг үүссэн байна.

Худалдан авагчийн үүргийг хүлээсэн Ц.Ганбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр худалдан авагч үнийг бүрэн төлөөгүй байхад тээврийн хэрэгслийг биет байдлаар нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г нь “...“Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Ц.Ганбаатарт гэрээний үүргийн дагуу шилжүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Хувийн эрх зүйн тодорхой төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчмуудыг үндэслэх бөгөөд энэ тохиолдолд харилцааны “бие даасан байдлыг хангах” зарчмыг үндэслэнэ.

Тайлбарлавал, нэхэмжлэгч Б.Г, талийгаач Ц.Ганбаатар нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүссэн иргэний эрх зүйн харилцаа, талийгаач Ц.Ганбаатар болон хариуцагч С.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүссэн иргэний  эрх зүйн харилцааг хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд харилцаа тус бүрт харилцан үүрэг хүлээсэн этгээдүүдийн хооронд маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан бөгөөд хуульд зааснаар тухайн шаардах эрхийг нэг талаас өмчлөгч этгээд хууль бус эзэмшигчид холбогдуулан гаргах журамтай.

Нэхэмжлэгч Б.Г нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байх тул түүнийг өмчлөгчийн хувьд шаардах эрхгүй гэж үзнэ.

Түүнчлэн, талуудын тайлбар болон гэрч Т.Содовжамцын мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч С.Эыг “Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Б.Гийн хариуцагч С.Эын хууль бус эзэмшлээс “Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэр бичигдсэн этгээдийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж шууд дүгнэхгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь эрхийн бүртгэл бус хөрөнгийн бүртгэл болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эын хууль бус эзэмшлээс “Волво ХС90” маркийн 77-78 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 251,737 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ