Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

                                 

Хариуцагч: Г.С/РД: /,

 

Хариуцагч: С.И/РД: / нарт холбогдох,

 

35 194 750 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин, Ш.Наранбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.С, С.И нар нь ХасБанктай 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1080025715 дугаартай зээлийн гэрээ байгуулан 42,000,000/Дөчин хоёр сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 08 сарын 19-ний өдөр зээлдэгч Г.Сийн ХасБанк дахь 5001489394 дансанд 42,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,007,788.00 төгрөг, зээлийн хүүд 29,839,807.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,135.94 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нар нь Банктай байгуулсан 1080025715 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 09 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 56 хоног хугацаа хэтрүүлээд байна.

ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1080025715 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар:

1/ 1080025715-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр Г.Сийн өмчлөлийн, Ү- 2203016120 улсын бүртгэлийн дугаартай, 000444073 гэрчилгээний дугаартай, УБ, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, бэлхийн 28 гудамж 592 тоот хаягт байршилтай, 112 мкв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

2/ 1080025715-02 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр Г.Сийн өмчлөлийн, Г- 2203003534 улсын бүртгэлийн дугаартай, 000363361 гэрчилгээний дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, УБ Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, бэлхийн 28 гудамж 592 тоот хаягт байршилтай, 257 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1080025715  дугаартай гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33,992,212 төгрөг, 2019 оны 11-р сарын 04-ны өдрийн байдлаарх хүү 1,201,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 601.00 төгрөг, нийт 35,194,750 төгрөгийг зээлдэгч Г.С, С.И нараас гаргуулах,

2/ Г.Сийн өмчлөлийн Ү-2203016120 улсын бүртгэлийн дугаартай, 000444073 гэрчилгээний дугаартай, УБ Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, бэлхийн 28 гудамж 592 тоот хаягт байршилтай, 112 мкв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Г.Сийн өмчлөлийн, Г-2203003534 улсын бүртгэлийн дугаартай, 000363361 гэрчилгээний дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, УБ Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, бэлхийн 28 гудамж 592 тоот хаягт байршилтай, 257 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

Эдгээр барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.С, С.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х банкны нэхэмжлэлтэй Г.С, С.И нарт холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.

Уг хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч нарын зүгээс 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 1080025715 тоот Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 37,866,730.94 төгрөгийг төлсөн. Энэ төлсөн төлбөрүүдийн аль нь үндсэн зээл, аль нь зээлийн хүүнд төлөгдөж байгаа талаарх мэдээллийг банк нь хариуцагч нарт огт өгч байгаагүй, мөн 1080025715 тоот зээлийн гэрээний хавсралтуудад ч энэ нь тодорхойгүй байдаг. Хариуцагч нарын төлсөн 37 866 730.94 төгрөгний 8 007 788 төгрөгнөөс ч илүү төлөлтүүд нь үндсэн зээлээс хасагдах ёстой байсан гэж үзэж байна.

2. Хариуцагч нар нь махны жижиглэнгийн худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан ба Х банктай олон жилийн турш хамтран ажилласан байдаг. Эдийн засгийн хямрал, махны бизнес БНХАУ-ын иргэдийн хяналтанд орсноос хойш хариуцагч нарын бизнес нь хумигдаж, борлуулалт болон орлогын хэмжээ илт буурсан бөгөөд дан ганц Х банк ч гэлтгүй, иргэн, хуулийн этгээдээс их хэмжээний зээл авч эдгээр өр төлбөрүүд нь бизнесийн үйл ажиллагааны орлогоос төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.

3. 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 1080025715 тоот Зээлийн гэрээ нь 120 cap буюу 10 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээ ба хугацаа нь 2025 онд дуусах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Х банкны зүгээс гэрээ байгуулагдсанаас хойш 4 жилийн дараа шүүхэд өгч байгаа нь гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байгаа гэсэн ойлголт бөгөөд нэг тал буюу банкны санаачлагаар гэрээг цуцлах болсон үндэслэл нь ойлгомжгүй, мөн хэдийнээс цуцлах үндэслэл бүрдсэн гэдэг нь тодорхойгүй байна.

3. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс 37,866,730.94 төгрөг төлснөөс нэхэмжлэгчийн зүгээс 8,007,788 төгрөг нь үндсэн зээлд төлөгдсөн, 56 хоног хугацаа хэтрүүлсэн гэдгийг нэхэмжлэлдээ тодорхой дурджээ. Энэ нөхцөл байдал нь хариуцагч нарын зүгээс гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл огт харагдахгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК хариуцагч Г.С, С.И нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 33 992 212/гучин гурван сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг, хүүний төлбөрт 1 201 937/нэг сая хоёр зуун нэг мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 601 /зургаан зуун нэг/ төгрөгийг, бүгд 35 194 750/гучин таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын зүгээс гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл огт харагдахгүй байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр № 1080025715 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон № 1080025715-01 Баталгаат ипотекийн гэрээ/цаашид “Ипотекийн гэрээ-1” гэх/, № 1080025715-02 Баталгаат ипотекийн гэрээ/цаашид “Ипотекийн гэрээ-2” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбар, Ипотекийн гэрээн-1-ийн болон Ипотекийн гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.2, 4-ийн 4.1, 4.1.1, 4.2, 4.2.1, 5-ын 5.1-т зааснаар нэхэмжлэгч нь 42 000 000/дөчин хоёр сая/ төгрөгийг, 120/нэг зуун хорь/ сарын хугацаатай, жилийн 16.5/арван зургаа аравны тав/ хувийн суурь хүүтэй, суурь хүү дээр 4/дөрөв/ хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь хугацаандаа төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцүү байхаар хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хугацаанд, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нарт 42 000 000/дөчин хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Х банкин дахь 5001489394 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 33 992 212/42000000-8007788=33992212/ /гучин гурван сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Х банкин дахь 1080025715 дугаар Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 33 992 212/гучин гурван сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх нийт 56/тавин зургаа/ хоногийн хүүнд бүгд 885 500/42000000x16.5%=6930000, 6930000:12=577500, 577500:30=19250, 56-30=16, 19250x16=308000, 308000+577500=885500/ /найман зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Зээлийн гэрээнд жил бүр тооцох суурь болон хувьсах хүүний хэмжээг тухай бүрт нь заагаагүй байх тул жилийн хүүг 16.5/арван зургаа аравны тав/ хувиар тооцох үндэслэлтэй болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь зээлийн хүүнд 885 500/найман зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул зээлийн хүүнээс үлдсэн 316 437/1201937-885500=316437/ /гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүнд 601/зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч ... зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг тооцсон үндсэн хүүгийн хувь хэмжээг тодруулахгүй байх тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүнд 601/зургаан зуун нэг/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 33 992 212/гучин гурван сая есөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг, үндсэн хүүнд 885 500/найман зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг, нийт 34 877 712/33992212+885500=34877712/ /гучин дөрвөн сая найман зуун далан долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 317 038/316437+601=317038/ /гурван зуун арван долоон мянга гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Ипотекийн гэрээ-1-т зааснаар хариуцагч Г.С нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 000444073 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016120 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 112/нэг зуун арван хоёр/ м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь Ипотекийн гэрээ-1-ийн болон 1-р Хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Ипотекийн гэрээ-2-т зааснаар хариуцагч Г.С нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 000363361 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2203003534 дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 257/хоёр зуун тавин долоо/ м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан болох нь Ипотекийн гэрээ-2-ын болон 1-р Хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Ипотекийн гэрээ-1 болон Ипотекийн гэрээ-2 нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь Зээлийн гэрээний болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Х банкин дахь 1080025715 дугаар Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000444073 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016120 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 112/нэг зуун арван хоёр/ м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 000363361 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2203003534 дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 257/хоёр зуун тавин долоо/ м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, С.И нараас нийт 34 877 712/гучин дөрвөн сая найман зуун далан долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, үлдсэн 317 038/гурван зуун арван долоон мянга гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, С.И нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000444073 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016120 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 112/нэг зуун арван хоёр/ м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 000363361 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2203003534 дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 257/хоёр зуун тавин долоо/ м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, С.И нараас нийт 34 877 712/гучин дөрвөн сая найман зуун далан долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, үлдсэн 317 038/гурван зуун арван долоон мянга гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, С.И нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000444073 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203016120 дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 112/нэг зуун арван хоёр/ м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 000363361 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2203003534 дугаартай, 18644317241382 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 28 гудамж, 592 тоот хаягт байршилтай, 257/хоёр зуун тавин долоо/ м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474 324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, С.И нараас улсын тэмдэгтийн хураамжид 472 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ