Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00614

 

                                                           ****гийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00785 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1218 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК-д холбогдох 

Гэм хорын хохиролд 17,095,275 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анаршүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь  **** **** ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 17,095,275 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00785 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар хариуцагч  **** **** ХХК-аас гэм хорын хохиролд 17,095,275 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээжшийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1218 дугаар магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00785 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэрт дурдагдсан хаягт би оршин суудаггүй. Би ийм хаягаар нэхэмжлэл гаргаагүй. “ **** ****” ХХК-д хүсэлт гаргасан иргэн Б.Нямцэцэг нь намайг орон сууцгүй болгосон. Шүүх миний “ **** ****” ХХК-аас нэхэмжилсэн 18 сарын ажлын хөлс 17,095,175 төгрөгийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нараас бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. 785 шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Нямцэцэг нь хариуцагч ****гаас 66,290,000 төгрөг нэхэмжилснийг шүүгч Б.Азбаяр ганцаараа шийдвэрлэснийг мөн л ичгүүр сонжуургүйгээр дурджээ. 785 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3 дахь заалтуудад “...ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт хийх...” гэсэн заалтуудыг дурдсан атлаа ноцтойгоор зөрчигдсөнийг нь үнэлж дүгнээгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ****гийн эзэмшлийн ХААН банкин дахь 5063112615, 5014438294 тоот данстай харьцсан нь А-18/09 тоот “Хараат бус ****орын дүгнэлт” хууль ёсны дагуу явагдсан байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.1. Шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Н.Батзориг нарыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авилга авсан гэж би хардах эрхээ эдэлж ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр, АТГ, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж тус тус гомдол гаргасан. Хятад хүний нэр дээр байдаг дансыг, БНХАУ-ын иргэн н.Алтан-Уул эзэмшиж ашигладаг ХААН банкны 5014438294 тоот дансыг яагаад нэхэмжлэгч ****гийн эзэмшдэг данс гэж, бас А-18/09 тоот ****ын дүгнэлтийн эсрэг бичиж чадаж байна вэ, энэ бол Монгол Улсын шүүхийн сүйрэл мөн. Иймд УДШ-ийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр таниас 785 дугаар шийдвэр, 1218 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч  **** **** ХХК-аас гэм хорын хохиролд 17,095,275 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. Нэхэмжлэгч **** нь хариуцагч  **** **** ХХК-д холбогдуулж “...тус компанийн 2018.09.17-ны өдрийн А-18/09 тоот хараат бус ****орын хууль бус дүгнэлтийн улмаас төрийн болон хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтны ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдын харилцах дансны зарим гүйлгээг нягталсны улмаас би цагдаа, прокурор, шүүхээр 18 сар шалгуулсны эцэст намайг гэм буруугүйг тогтоосон...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж,  **** **** ХХК-аас 17,095,275 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцжээ. 

9. Зохигчийн хооронд гэм буруугийнүйлдэл, гэм хор учруулсан эсэх нь маргааны зүйл болсон байна. 

10. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2018.08.07-ны өдөр иргэн Б.Нямцэцэгийн ... **** нь залилж 55,848,000 төгрөгийг илүү авсан... гэх гомдлоор эрүүгийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгахад Б.Нямцэцэг **** нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг амаар байгуулж, мөнгөн хөрөнгийг өөрсдийн харилцах дансаар шилжүүлж авч байсан нь тогтоогдож, улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018.11.27-ны өдрийн 2341 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 180903475 тоот хэргийг гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээ, хэлцлээс үүссэн иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.  

11. “ **** **** ХХК-аас иргэн Б.Нямцэцэгээс гаргасан хүсэлтийг үндэслэн 2018.09.17-ны өдрийн А-18/09 тоот Хараат бус ****орын дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлтэд Б.Нямцэцэгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5003642789, 5037632103 тоот дансны 2015.12.01-ний өдрөөс 2018.06.18-ны өдрийг хүртэлх хугацаанд ****гийн 5063112615,  иргэн н.Алтан-Уулын эзэмшдэг гэх 5014438294 тоот данстай харьцсан орлого, зарлагын гүйлгээнд **** хийж, энэхүү тулган баталгаажуулалтаар Б.Нямцэцэг нь ****д 70,190,000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэж тусгагджээ. 

12. Б.Нямцэцэг нь ****д холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 66,290,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02720 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2171 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

13. Дээрх прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, магадлалаар  **** **** ХХК-ийн 2018.09.17-ны өдрийн А-18/09 тоот Хараат бус ****орын дүгнэлтийг хууль бус болохыг тогтоогоогүй, харин шүүхийн шийдвэрээр “...Б.Нямцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх 66,290,000 төгрөгийг зээлийн хүү төлсөнд тооцох үндэслэлтэй, ...Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар зээлдэгч зээлийн хүү төлснөөр өрийг хүлээн зөвшөөрсөн тул зээлийн хүүд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй... гэж дүгнэлт хийсэн нь “ **** ****” ХХК-ийн дүгнэлттэй хамааралгүй. 

14. Нэхэмжлэгч **** 2018.09.17-ны өдрийн А-18/09 тоот хууль бус дүгнэлтийн улмаас ажлаа хийх боломжгүй болж авч чадаагүй цалин буюу гэм хорын хохиролд 17,095,275 төгрөгийг  гаргуулна гэж хариуцагчтай маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу шаардаж буй хохирол хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

16. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

17. Түүнчлэн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна гэм буруутай этгээдийн  үйлдэл/эс үйлдэх/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай.  

18.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”  гэж заажээ. 

Харин хариуцагч гэм хор учирсан гэх хохирлыг өөрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээнд маргах эрхтэй. 

19. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “ **** **** ХХК-ийн 2018.09.17-ны өдрийн А-18/09 тоот хараат бус ****орын дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл, уг дүгнэлтээр ****д гэм хор учирсан, “ **** **** ХХК Аудитын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.     

20. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28/2 дугаар байрны 09 тоотод оршин суух хаягтай байхад шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 79 тоот хаягт оршин суудаг гэж шийдвэрт буруу тусгасан байгаа боловч энэ нь ноцтой зөрчилд тооцогдохгүй. 

****гаас хууль бус дүгнэлт гаргасан гэж хариуцагчийг буруутгаж, түүний үйлдлийн улмаас эд хөрөнгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. 

Учир нь, нэхэмжлэгч ****гийн гэм хор шаардсан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-82.1.8-д заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаан биш юм. 

21. Хариуцагч  **** **** ХХК-аас гэм хорын хохиролд 17,095,275 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

22. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00785 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1218 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                        Д.ЦОЛМОН