Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/00785

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ү.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:”ЧА”ХХК-д холбогдох,

хууль бус дүгнэлт гаргаж хохироосон хохиролд 17 095 275 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, иргэдийн төлөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:      

                                                                    

Нэхэмжлэгч Ү.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЧА” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17 өдрийн А-18/09 тоот хууль бус дүгнэлт нь иргэн Ү.Г намайг 18 сар  цагдаа, прокурор, шүүхээр явуулж хохироосон тул надад учирсан гэм хорын хохирол болох миний 18 сарын цалин болох 17 095 275 төгрөгийг “ЧА” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна. Тус компанийн 2018 оны 09 дүгээр сарын 17 өдрийн А-18/09 тоот “Хараат бус аудиторын дүгнэлт” нь төрийн болон хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтны ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдын харилцах дансны зарим гүйлгээг нягталсны улмаас иргэн Ү.Г би цагдаа, прокурор, шүүхээр 18 сар шалгуулсны эцэст намайг ямарч гэм буруугүйг тогтоосон. Үүнд: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2341 тоот тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2720 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2171 тоот магадлал зэргүүд нь намайг ямарч буруугүйг тогтоож шийдвэрлэсэн тул иргэн Ү.Г би бусдад гүтгэгдэн 18 сарын турш ажил, амьдралаараа хохирсон. Иймд иргэн Ү.Г миний нэг сарын цалин болох 2 500 юань, 18 сараар бодож 17 095 275 төгрөгийг хууль бус дүгнэлт гаргаж намайг хохироосон “ЧА” ХХК-иас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч “ЧА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Ү.Г-ийн  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй  байна. 

Аудитын тухай хуулийн 3.1.1.-д тодорхойлсноор "аудитын үйл ажиллагаа" гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг ойлгоно гэжээ. Мөн хуулийн 3.1.11.-д “үйлчлүүлэгч” гэж гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ойлгоно гэж зохицуулсан. Хуулийн 9.1.-д “Аудитын хуулийн этгээд дараах үйл ажиллагаа явуулна:, 9.1.1.санхүүгийн тайлангийн аудит;, 9.1.2.санхүүгийн тайланг нягтлах ажил;, 9.1.3.бусад баталгаажуулах ажил;, 9.1.4.санхүүгийн холбогдох үйлчилгээ” гэж,  10.4.-т “Энэ хуулийн 10.1.-д зааснаас бусад аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа аудит хийлгэж болно” гэж тус тус заажээ. Түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.,15.1.2., 15.1.3.-д үйлчлүүлэгч байгууллага, түүний удирдлага, бусад ажилтнаас аудитын үйл ажиллагааны гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхтэй холбогдсон баримт, мэдээллийг гаргуулж авах, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт хийх, өмнө нь хийсэн аудитын ажлын баримт, мэдээлэлтэй танилцах, аудитын үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой баримт, мэдээллийг харилцагч банк, санхүүгийн байгууллага болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардан авч танилцах эрхийг хуулиар олгосон байдаг. Эдгээр зохицуулалтаас үзэхэд, “ЧА” ХХК хуулиар олгосон эрхийн хүрээнд иргэн Б.Н-ийн хүсэлтээр аудитын үйл ажиллагаа явуулсан байх тул хариуцагчийг хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл бий болоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутгахдаа, гагцхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хийгдэх боломжтой үйл ажиллагааг “ЧА” ХХК зөвшөөрөлгүйгээр дур мэдэн явуулсан гэж тайлбарласан нь Аудитын тухай хууль тогтоомжийг шүүхийн шинжилгээний хууль тогтоомжтой адилтган үзэж гаргасан буруу үндэслэл юм. "ЧА” ХХК хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд аудитын үйл ажиллагаа явуулсныг нэхэмжлэгч хэрэг бүртгэлтийн 180903475 дугаартай хэрэгт мөрдөгч эсхүл прокуророос, эсхүл Ү.Г-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч, мэргэжилтэн томилсны дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт мэтээр тайлбарлаж, тухайн дүгнэлт хууль бус, эргэлзээтэй, зориуд буруу, дутуу болох нь тогтоогдсон мэтээр бичиж бодит нөхцөл байдлыг гуйвуулахыг хичээж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын 17 өдрийн А-18/09 тоот “Хараат бус аудитын дүгнэлт”-ээр үйлчлүүлэгч иргэний хүсэлт, түүний өөрийн гаргаж өгсөн баримтат мэдээлэл, дансны хуулга зэрэгт үндэслэн явуулсан нягтлан шалгах ажиллагаагаар хувь хүн, байгууллагын хөрөнгийн болон бусад нууцад хамаарах мэдээлэлд хууль бусаар халдаагүй болно. Цаашилбал, тухайн мэдээлэл, холбогдох санхүүгийн баримтуудыг аудитын байгууллагад үнэн зөв мэдүүлэх нь эзэмшигч, үйлчлүүлэгчийн үүрэг хариуцпага байх юм. Нэхэмжлэгч тал уг мэдээлэл нь зөрүүтэй, буруу тухай ямар нэгэн нотолгоог гаргаж өгөөгүй бөгөөд тэр тохиолдолд үйлчлүүлэгчийн хариуцлагад хамаарахаар байгаа юм. Нэхэмжлэгчийг хариуцагч талаас гүтгэсэн мэдээг тараагаагүй бөгөөд харин хариуцагч өөрийгөө үндэслэлгүйгээр буруутгуулан гүтгүүлээд байна хэмээн үздэг. Хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл бол холбогдох хуульд зааснаар төр хүлээх зохицуулалттай. Эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тогтоомжоор гомдол, нэхэмжлэл гаргах эрх олгогдсоны дагуу иргэн Б.Н өргөдөл гомдол гаргасан, эсхүл иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь тухайн иргэн эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр бөгөөд үүнтэй холбоотой үр дагаврыг хариуцагч хариуцах боломжгүй. Маргаж буй аудитын дүгнэлт нь зөвхөн бичмэл нотлох баримтын нэг хэлбэр, төрөл бөгөөд тухайн дүгнэлтийг нотлох баримтын хувьд хуурамчаар бүрдүүлсэн үйл баримт бий болоогүй, ийм үндэслэл тогтоогдоогүй юм гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:                                            

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Г нь хариуцагч “ЧА” ХХК-д  холбогдуулан, тус компанийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот хууль бус дүгнэлтийн улмаас ажлаа хийх боломжгүй болж авч чадаагүй цалин болох 17 095 275 төгрөгийг  гэм хорын хохиролд тооцон нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, манай компани нь хуулиар олгосон эрхийн хүрээнд иргэн Б.Н-ийн хүсэлтээр аудитын дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг хууль бусаар хуурамчаар бүрдүүлсэн гэх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй, иргэн Б.Н шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой асуудалд манай байгууллага буруугүй, түүний үр дагаврыг хариуцах этгээд биш гэж тайлбарлан  маргасан.

Нэхэмжлэгч тал нь “ЧА” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот  “Хараат бус аудиторын дүгнэлт”  нь  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар харилцах дансны зарим гүйлгээг шалгасны улмаас хууль, хяналтын байгууллагаар 18 сар шалгуулсан, намайг гэм буруугүй болохыг тогтоосон, хууль бус дүгнэлтийн улмаас энэ хугацааны цалингаа авч чадаагүй 17 095 275 төгрөгөөр хохирсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2341 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2720 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2171 тоот магадлал, гадаад паспортын хуулбар, Эрээн хотын “ХИЭХ” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, цалин хөлсний хүснэгт, 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар саруудын Монгол банкнаас зарласан ханшны лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган мэтгэлцжээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас гаргасан дээрх баримтуудаас үзэхэд иргэн Б.Н-ийн “...Ү.Г нь залилж 55 848 000 төгрөгийг илүү авсан...” гэх гомдолд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн 180903475 дугаартай хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2341 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор уг хэргийг хааж  шийдвэрлэсэн байна.

Үүний дараа иргэн Б.Н  нь шүүхэд хандан Ү.Г-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 66 290 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2720 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Ү.Г-аас 66 290 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн энэ шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2171 дугаар магадлалаар хэвээр батлагдан шийдвэрлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч “ЧА” ХХК-ийн 9011638120 улсын бүртгэлийн дугаартай,  6132448 регистрийн дугаартай, 000136502 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “Аудитын үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байх бөгөөд Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 тоот тушаалаар “ЧА” ХХК-д 150-2017 тоот “Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г 3 жилийн хугацаатай олгож, Сангийн сайдын 2019 оны 287 дугаар тушаалаар уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 26-наас хойш  3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д зааснаар аудитын үйл ажиллагаа нь аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар аудитын хуулийн этгээд нь санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн тайланг нягтлах  ажил, бусад санхүүгийн үйлчилгээ, баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэх эрхтэй бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д “үйлчлүүлэгч гэж гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг ойлгоно” гэж,  10 дугаар зүйлийн 10.4.-т “Энэ хуулийн 10.1.-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа, иргэн санхүүгийн баримтдаа  аудит хийлгэж болно” гэж тус тус заажээ.

 Хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу иргэн Б.Н-ээс 2018 оны 09 дүгээр сарын 12-нд “ЧА” ХХК-д өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5003642789, 5037632103 тоот дансны гүйлгээг баталгаажуулах хүсэлт гаргаснаар хариуцагч буюу аудитын хуулийн этгээд нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх данснуудын, Ү.Г-ийн эзэмшлийн ХААН банк дахь   тоот данстай харьцсан орлого, зарлагын гүйлгээнд аудит хийж баталгаажуулсан нь “ЧА” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот  “Хараат бус аудиторын дүгнэлт”-ээр нотлогдсон байна.

Дээрх “Хараат бус аудиторын дүгнэлт” нь хууль зөрчсөнийг тогтоосон баримтгүйн дээр  “Чадварлаг аудит” ХХК нь Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2., 9 дүгээр зүйлийн 9.5.-д заасныг зөрчсөн, мөн  22 дугаар зүйлийн 22.5., 22.7.-д зааснаар тус компанийн аудитын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх,...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд  Б.Нямцэцэгийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн 180903475 дугаартай хэрэг нээн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, Б.Н-ийн нэхэмжлэлээр Ү.Г-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явагдсан үйл баримт нь хариуцагч “ЧА” ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай холбоотой, түүнээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ү.Г  нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн оролцохдоо БНХАУ-ын Эрээн хотын “ХИЭХ” ХХК-ийн “АС” зочид буудлын угаагчийн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, үүний улмаас 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаанд  сард авах 2 500 юаны цалин хөлсөө авч чадаагүй хохирсон  гэх үйл баримт нь хариуцагч байгууллагын хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Хараат бус аудиторын дүгнэлт” гаргасан үйл ажиллагаатай шалтгаант холбоогүй буюу уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч авах ёстой байсан цалин хөлсөө авч чадаагүй 17 095 275 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч ажил олгогчоос цалин хөлсөө авч бүрэн чадаагүйд хариуцагч байгууллагыг гэм буруутай гэж үзэх, түүнийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгчээс гаргасан Эрээн хотын “ХИЭХ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тодорхойлолт”, “Цалин хөлсний хүснэгт” гэх гадаад хэл дээрх баримтууд, тэдгээрийг монгол хэл дээр орчуулсан “Ёст бичээч” ХХК-ийн орчуулгын товчооны баримтуудад “Ү.Г нь гадаад паспорт: Е0836752, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл манай байгууллагын “АС” зочид буудалд сарын 2 500 юаны цалин хөлстэй угаагчаар ажилласныг тусгайлан гэрчилж байна”, “...Ажилласан хугацаа: 2018.07- 2019.12...” гэж тус тус бичигдсэн байдал мөн Ү.Г-йн Е0836752 дугаартай гадаад паспортаас үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаанд угаагчийн ажил үүргээ огт гүйцэтгээгүй, сард 2 500 юаны цалин хөлсөө авч байгаагүй  гэх үндэслэл нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

   Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй, Аудитын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1.1.,15.1.2., 15.1.3.-д заасан эрхийг хэрэгжүүлэн аудитын дүгнэлт гаргасан байх тул хариуцагч “ЧА” ХХК-иас 17 095 275 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ү.Г нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, бидний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг  шүүхээс хүлээн авч нэхэмжлэгчийн эзгүйгээр шүүх хэлэлцүүлгийг явуулахаар тус шүүхийн 2019  оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор шийвэрлэснийг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч “ЧА” ХХК-иас гэм хорын хохиролд 17 095 275  төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ү.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.БАЙГАЛМАА

 

      ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА

 

 

                                                                        Т.НАРАНЦОГТ