Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч О.Ц,

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 449 987 төгрөг 16 мөнгө, нотариатын зардалд 10 900 төгрөг, нийт 15 460 887 төгрөг 16 мөнгө гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч О.Ц, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б, О.Ц нар нь Хаан банкны Өмнөговь салбарын Номгон тооцооны төвөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201642706959 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ201742919058 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 562 472.63 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 200 000 төгрөг нийт 4 762 472.63 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар шинийн хэрэгцээнд зориулан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201743168595 тоот зээлийн гэрээ байгуулан 4 138 211.42 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 7 000 000 төгрөг нийт 11 138 211.42 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд, фото зургийн хэрэгсэл авахад зориулан, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/201743267789 тоот зээлийн гэрээ байгуулан 10 843 752.48 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 500 000 төгрөг нийт 13 343 752.48 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/201843375955 тоот зээлийн гэрээ байгуулан 12 560 063.83 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 100 000 төгрөг нийт 13 660 063,83 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201843448876 тоот зээлийн гэрээ байгуулан 13 477 123.68 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 900 000 төгрөг нийт 14 377 123.68 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ байгуулан 13 555 596.20 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 200 000 төгрөг нийт 14 755 596.20 төгрөгийн цалингийн нэмэлт зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан тус тус авсан. Зээлдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сард зуурдаар нас барьсан.

Зээлийн барьцаанд 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4 411 054.14 төгрөг, зээлийн хүү 4 354 164.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 277.43 төгрөг нийт 8 767 496.96 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 263 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа, банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

2. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 13 488 945.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 910 358.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50 683.31 төгрөг,

Зээлийн төлбөрт 15 449 987.16 төгрөг гаргуулах, нотариатын төлбөр 10 900 төгрөг гаргуулах, нийт зээлийн болон нотариатын төлбөрт 15 460 887.16 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цацралтуяагаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байна.

4. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: улсын тэмдэгтийн хураамж 235 254 төгрөг төлсөн болно.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжлэнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал бодож үзээд эвлэрлийн гэрээ байгуулах саналаас татгалзаж шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн учраас банкны зүгээс зээлийн гэрээг цуцлуулж, 15 460 887.16  төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат О.Ц би Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 505-р нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна. Манай хүү Б.Б нь Өмнөговь аймгийн Номгон сумын Хаан банкнаас цалингийн зээл авсан. Б.Батсүрэн нь 2018 оны 08 сард зуурдаар нас барсан. О.Ц миний бие тухайн үед цалингийн зээлийг ямар зориулалтаар авсныг мэдэхгүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар ч өрхийн орлого байхгүй болохоор энэ зээлийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү энэ зээлүүдийг банкнаас авсан үнэн. Хүү минь Номгон сумын цэргийн ангид ажилладаг байсан юм. Одоо миний хүү нас барсан. Тэмцээн уралдаан болохоор хотын цэргийн ангиас нь дандаа дууддаг. Дуудах болгонд нь банкнаас зээл аваад явдаг байсан. Би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Х ХХК-ийн нэхэмжлэл, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Х ХХК-ийн Номгон тооцооны төвд гаргасан хүсэлтийн хуулбар, О.Ц, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Б, О.Ц нарын зээлийн бүртгэлийн картын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай зээл төлөх тухай мэдэгдэл, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/202 дугаартай Х ХХК-ийн захирлын тушаал, 2019 он 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь О.Ц холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 449 987 төгрөг 16 мөнгө, нотариатын зардалд 10 900 төгрөг, нийт 15 460 887 төгрөг 16 мөнгө гаргуулах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч О.Ц “... миний бие тухайн үед цалингийн зээлийг ямар зориулалтаар авсныг мэдэхгүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар ч өрхийн орлого байхгүй болохоор энэ зээлийг төлөх боломжгүй...” гэсэн тайлбарыг гарган маргажээ.

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Х ХХК болон Б.Б, О.Ц нарын хооронд ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг 48 сарын хугацаатай байгуулсан ба дээрх гэрээний 6.1.3-т зааснаар “ зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон... “ тохиолдолд банкны санаачлагаар гэрээ цуцлахыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 460 887 төгрөг 16 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Х ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Б, О.Ц нартай ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээ байгуулж 14.755.596 төгрөг 02 мөнгийг жилийн 18 хувийн хүүтэй байхаар тохиролцож, уг гэрээнд О.Ц хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ. /хх-4-5тал/

Зээлдэгч Б.Б 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч нь хариуцагч О.Ц Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэрэг хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар тодорхойлж, Б.Б цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл банк зөвхөн Б.Б цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгож, зээлийн гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг заасан атлаа хамтран зээлдэгчээр О.Ц тодорхойлсон нь хуульд нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хамтран зээлдэгч О.Ц холбоотой ямар нэг баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Түүнчлэн Б.Б Х ХХК дахь дансны хуулгад /хх-12 тал/ цалингийн зээл гэж тэмдэглэснээс гадна гэрээний 2.4.2-т заасны дагуу түүний 5592050186 дугаар данснаас зээлийн төлбөрийг суутгаж байжээ.

Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Б.Б нь цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагчид зээлийн үүргийг хамааруулах боломжгүй болно.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт “ үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж зааснаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч Б.Б нас барснаар дуусгавар болох тул зээлийн гэрээний үүрэг 15 460 887 төгрөг 16 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Х ХХК, Б.Б нарын хооронд байгуулсан БГХ201843687861 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна.

Зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 4 ханатай гэр, 42 инчийн зурагт, цахилгаан оёдлын машин, хөлдөөгч, өнгөт принтер, зургийн аппарат, суурин компьютер зэргийг барьцаалуулжээ.

Дээрхи гэрээний 2.7.2 дахь хэсэгт барьцааны зүйлийн дундын өмчлөгч нь хариуцагч О.Ц нэрлэж, мөн гэрээний 4.1.2-т Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах, гэрээний 5.1-т Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж зааснаар зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай Х ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/10548 дугаартай Х ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай итгэмжлэл, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/202 дугаартай Х ХХК-ийн захирлын тушаал зэрэг нь хэргийн оролцогчийг тодорхойлоход хамааралтай, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Х ХХК-ийн Номгон тооцооны төвд гаргасан хүсэлтийн хуулбар, Б.Б, О.Ц нарын зээлийн бүртгэлийн картын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Х ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай зээл төлөх тухай мэдэгдэл зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201843687861 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангасугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч О.Ц 15.460.887 төгрөг 16 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.154 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.УГТАХБАЯР