Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 121

 

      Ж.Э, Д.Б  нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Оюунжаргал,

            шүүгдэгч Ж.Э, Д.Б , тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат,

            хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

            иргэний хариуцагч ЭХЭМҮТөвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, Д.Б нарын хамтран гаргасан болон тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, иргэний нэхэмжлэгч Д.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Э, Д.Б нарт холбогдох 1805 05639 1052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ж-н Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ЭХЭМҮТ-д эмч ажилтай, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт ............ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. М овгийн Д-н Б, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр .........аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ЭХЭМҮТ-д эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

ЭХЭМҮТ-д эх барих эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Д.Б, тус тасгийн эрхлэгч Ж.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 54 минутад тус эмнэлгийн төрөх тасагт төрөхөөр ирсэн, ураг орчмын шингэн гарч 24 цаг болсон, умайн хүзүүн төрөлтөнд бэлтгэх мизопростол эмийн 1, 2, 3 дугаар тун тавигдсан байдалтай төрөх эх Д.С-г 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөөний 8 цаг 30 минутаас хүлээн авсан боловч төрөхийн өмнөх үеийн хяналтыг дутуу тавьсан, ургийн зүрхний цохилтын цахилгаан бичлэгийг давтан хийж хянаагүй, төрөхийн өмнөх үеийн хяналт дутуу хийснээс ураг эх дотроо эндэж, эхэс төвөөс ховхорч, умайг авах хагалгаа хийлгэхэд хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх Д.С нь цаашид ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Э, Д.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Э, Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Ж.Э, Д.Б  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч Д.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.Э, Д.Б  нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Д.Б болон Ж.Э нар нь ЭХЭМҮТ-д ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байх үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ураг орчмын шингэн гарч төрөхөөр ирсэн Д.С-г стандарт удирдамжийн дагуу хянаж байх хугацаанд ургийн хүй богино байснаас ихэс ховхорч, ураг хүчил төрөгчийн дутагдалд богино хугацаанд орж, төрөх үед амьгүй болж, умайн агшилт сул, умайд брицийн өөрчлөлттэйн улмаас умай агшихгүй эхийн амь насанд заналхийлсэн эх барихын ноцтой хүндрэл үүссэний улмаас эхийн умайг авах хагалгаа хийсэн болно. Эх барихын ховор тохиолдол богино хугацаанд үүсч, дээрх хүндрэл үүссэн тул шинжээч эмч нарын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Эх барихын нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралд авч үзэлгүй гэм буруутай гэж шийдвэр гарсанд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг буцаах учир шалтгаан болон үнэн зөвийг дахин шалгаж өгөхийг хүсэж байна. Хүй богино байхыг одоогоор анагаахын шинжлэх ухаанд төрөхөөс өмнө оношлох боломжгүй байгаа бөгөөд төрөх үед эрсдэл үүсч ноцтой хүндрэлийн шалтгаан болсон тул салбар зөвлөлийн шийдвэр, дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг хүлээн авна уу. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б, Ж.Э нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй. Шүүх шүүгдэгч нарыг “үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэлт хийхдээ” жирэмсэн эхэд төрөх үе шатанд эмнэлгийн тусламж үзүүлэх тухай ямар стандарт, удирдамжийн заалтыг зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Уг хэрэгт төрөх эхэд эмнэлгийн тусламж үзүүлэх стандарт удирдамжийг нотлох баримтаар цуглуулаагүй. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 729 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт заасан “Эмч нар нь авах ёстой арга хэмжээг зохих журмын дагуу гүйцэтгээгүй байна” гэсэн хэсгийг шүүх ямар үндэслэлээр баримталж, гэм буруутай гэж үзсэн нь тодорхойгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар “Төрөх эхэд эмнэлгийн тусламж үзүүлэх ямар стандартыг яаж зөрчсөн талаар бидэнд асуулт тавиагүй, стандартыг Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл боловсруулдаг, тэд л нарийн тогтоох байх“ гэж мэдүүлсэн. Ингэснээр уг 729 дугаартай дүгнэлт эргэлзээтэй, таамагласан, бүрэн гүйцэт биш гэдгийг нотолсон байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

2. Жирэмсэн эх Д.С нь ургийн хүй богино байсан шалтгаанаас умай агших үед хүй нь татагдаж, эхэс ховхорч цус алдалт болсон нь эмгэг судлал болсон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл эмч нар үүнийг мэдэх байсан, мэдэх ёстой гэж хийсвэр дүгнэлт хийж, дүгнэлтийн агуулгыг зөв ойлгоогүй, үнэлээгүй. Хүй нь хэвийн үед 50-69 см урт байдаг ба энэ тохиолдолд 31 см байсан нь тогтоогдсон. Нэгэнт хүй богино шалтгаанаас эхэс ховхорч цус алдсан үед нь яаралтай арга хэмжээ авсан боловч цус алдалт үргэлжилж эхийн амь насанд аюул учирсан тул умайг тайрч авахаас өөр арга байхгүй тул амь насны заагаар умайг авсан. Гэтэл цус алдалтыг эмч нар үүсгэсэн мэт үнэлж (хүнд гэмтэл) үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Б, Ж.Э нарыг яллагдагчаар татан мэдүүлэг авч хэргийн материалыг танилцуулсан. Гэтэл шинжээчийн 729 дугаартай дүгнэлт 2019 оны 07 дугаар сард гарсан байсан боловч 2019 оны 10 дугаар сарын 15-нд хэргийн материалтай танилцах үед уг дүгнэлттэй танилцуулсан. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Э.Ганбат миний бие прокурорт хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийн хариуг өгөлгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийсэн боловч шүүх гэм буруугийн шүүх хуралдаан зарлаж хэргийг шийдвэрлэсэн.

4. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурор, шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.С миний бие 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдрийг хүртлэх 24 цагийн хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх гэж очоод маш харамсалтайгаар хохирсон. 10 жил хүсэж хүлээж байсан эрүүл охиноо алдаж, мөн эмэгтэй хүний нандин эрхтэн болох умайгаа авахуулж, 2000 мл цус алдаж, амь эрсдэж болохоор нөхцөл үүсгэсэн хариуцлагагүй эмч нар эмнэлгийн байгууллагад маш их гомдолтой байна. Дахин хэзээ ч нөхөж боломгүй юугаар ч орлуулашгүй умай гэх эрхтнээ алдаж эрэмдэг болсон. 9 сар алтан хэвлийдээ тээж байсан үрээ алдсан. Эмчилгээний зардал, оршуулгын зардал гэх мэт 1 жилийн хугацаанд их зардал гарсан байгаа. Миний хувьд үр шилжүүлэн суулгаж, тээгч эхээр хүүхдээ л буцаан авмаар байна. Өөрийн биедээ эмчилгээ хийлгэмээр байна. Иргэний хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар хамтад нь шийдэж өгнө үү гэж хүсч гомдол гаргаж байна. Монгол улс иргэнээ хохироож болохгүй гэж миний бие болон манай гэр бүл хүсч байна. Би өөрийн биеэр баримт болсон болно. ... Хүүхдээ тээх үед миний биед ямар ч асуудал байгаагүй. Хэвийн тээлттэй байсан. ... Энэ хүмүүс маш их цаг алдсан. Боломж байхад үл тоож, үл ойшоосон. Би хүүхдээ буцааж авч чадахгүй, миний умайг буцааж өгч чадахгүй болсон болохоор хохироод үлдмээргүй байна. Иймд миний нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.С-н өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх нь Ж.Э, Д.Б  нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ зүйлчлэл болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хууль зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хамтран гаргасан иргэний нэхэмжлэлийг хангалгүйгээр жич нэхэмжлэх эрхтэй гэж орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж, гомдол гаргаж байна.

Хохирогч Д.С ба иргэний нэхэмжлэгч Д.М нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд арван жил хүлээсний эцэст бүл нэмэх болсондоо хязгааргүй баяр хөөртэй байсан. Гэтэл огт төсөөлөөгүй эмгэнэлт үр дагаварт хүрч, бүрэн бүтэн тээж ирсэн сайхан охиноо төрүүлээд тэвэрч ч чадалгүй алдаж, эх нь өөрөө асар их цус алдаж, цус алдалтын шоконд орж амь нас нь ч эрсдэлтэй байдалд, мөн нөхөн үржихүйн гол эрхтэн болох савыг авахаас өөр аргагүй байдалд орж сэтгэл санааны хүнд цочролд орж, асар их хохирол амссан юм. Д.С-г төрөх өрөөнүүдийн хамгийн цаад мухрын өрөөнд ганцааранг нь орхиод 2-3 цагийн турш хариуцсан нэг ч эмч эргэж ирэлгүй алга болсон байдаг. Тасгийн эрхлэгчийг ганц удаа үзэгдэхэд эхийн биеийн байдал аль хэдийнээ хурцдаж, халуурч эхэлсэн байсан ба “эмч ээ, би өөрийгөө мэдэж байна, нэг л биш байна, та нар намайг анхаараач, би болохоо байлаа, хагалгаа хийж хүүхдийг минь авраач” гэж арга ядан гуйхад нь “хагалгаа хийх заалт байхгүй” гэж шалтаг заан, огт тоож анзаарахгүй орхиж явсан байдаг. Үүгээр ч зогсохгүй төрөх тасаг дотор ийм хурцадмал байдал бий болж байгааг эцэгт нь огт мэдээлээгүй нууж, бүх хүндрэлтэй учир явдал болоод өнгөрсний дараа дуртай дургүй эцэгт нь мэдэгдсэн. Хэргийн 41 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1130 дугаартай “Д.С-д төрөхөөс өмнө үеийн хяналт бүрэн хийгдээгүй, ургийн бүтэлтийг эрт оношлоогүйн улмаас ураг дотроо эндсэн болон эх Д.С нь ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” шинжээчийн дүгнэлт, мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 729 дугаартай “... Ураг эхийн хэвлийд байх үедээ хэвийн тээлттэй байжээ. Эмч нар авах ёстой арга хэмжээг зохих журмын дагуу гүйцэтгээгүй байна. Эмч нар нь үзлэг хяналт хангалтгүй хийж ургийн бүтэлт, эхэс ховхролыг хожуу оношилсон байна. Ураг эх дотроо эндсэн учир амьдрах боломжгүй. Эмч нар нь Д.С-д төрөхийн өмнөх үеийн хяналтыг дутуу тавьсан, ургийн зүрхний цохилтын цахилгаан бичлэгийг давтан хийж хянаагүй байна. Төрөхөөс өмнөх үеийн хяналт дутуу хийгдсэн нь ураг эх дотроо эндэх, эхэс төвөөс ховхорч Кувлерийн умай үүсч Д.С-н умайг авах хагалгаа хийх шалтгаан болжээ. Төрөхөөс өмнөх үеийн хяналт бүрэн хийж, ургийн бүтэлтийг эрт оношилсон бол хүндрэлээс сэргийлэх, ураг эндэхгүй байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шүүх хуралдаанд шинжээч Ц.Эрдэмболорын өгсөн мэдүүлэг, шинжээч С.Чулуунсүхийн өгсөн “... Мезопроцетол хийсний дараа умайн базлалт, ургийн зүрхний цохилтыг байнга хянаж байх ёстой. Гэтэл 7-11 цагийн хооронд хянасан талаар баримт тэмдэглэгээ байхгүй байгаа учраас зохих журмын дагуу хянаагүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.Долгормаагийн өгсөн /хх 53/ мэдүүлэг зэрэг нотлох баримт хохирогч эх Д.С-н хувьд яах аргагүй эмч нарын буруутай үйлдлийн улмаас хүнд зэргийн хохирол амсаж хохирсон болохыг нотолж байна.

Хохирсон эцэг, эх тухайн үед маш их ядарч сульдсан байсан эхийг тэнхрүүлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлсэн байсны улмаас, мөн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас, эндсэн нярай охиноо хөдөөлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримтууд, эхийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлын баримтуудаа зохих ёсоор цуглуулж хадгалж чадаагүй байдал нь өнөөдөр тэдгээрийн гаргасан иргэний нэхэмжлэлийг нотлох баримтгүй гэж харагдуулж байгаа хэдий ч шүүх хохирсон нөхцөл байдал нь бодитой нотлогдож байгааг дотоод итгэлээрээ үнэлж, эрх зүйн дүгнэлт хийж, шударга ёсны зарчмыг баримтлан хохирлын төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэх боломжийг хязгаарлах ёсгүй гэж харж байна. Тэртэй тэргүй хүнд гарз хохирол амсаж, хохирсон эцэг эх хоёрыг дахин чирэгдүүлэлгүйгээр шүүх хохирлын төлбөрийн асуудлыг нь энэ хэрэгт хамтруулан даруй шийдвэрлэх боломжтой гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зохих төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн зохих зүйл, заалтуудыг үндэслэл болгож, өөрсөддөө учирсан сэтгэл санааны хор уршигийг мөнгөөр нөхөн төлүүлэх ба нэгэнт сэргээх боломжгүй засаршгүй алдсан эрүүл мэндийн хохирлоо мөн мөнгөөр илэрхийлэн нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие хохирогч Д.С-н нөхөр юм. Манай гэр бүлд болон миний эхнэрт хайнга хариуцлагагүй хандсан эмч, эмнэлгийн байгууллагад би маш их гомдолтой байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон төрөх тасгийн эмч нар эхнэрийн маань хагалгаанд ороод гарсны дараа умайг нь авсныг 2 өдрийн дараа надад мэдэгдсэн. 2000 мл цус алдаад амь эрсдэх хэмжээний эрсдэлтэй үед ар гэрт нь мэдэгдээгүй нууж дарагдуулсан гэх мэт олон асуудал байгаад гомдолтой байна. Төлбөрийг иргэний шүүхээр явж чирэгдүүлэхгүйгээр энэ хэрэгт хамтруулж даруй шийдвэрлэх боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд нэхэмжилсэн төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

            Иргэний хариуцагч ЭХЭМҮТ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тээгч эхийн асуудлын хувьд, манай байгууллага Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төв 2014 онд шинээр байгуулагдсан. Уг төвд эхийг дахин жирэмслэхтэй холбоотой өндгөвчний өндгөн эс гаргах хүчин чадлыг тогтоолгох, ирээдүйд тээгч эх ашиглан дахин хүүхэдтэй болох асуудлаар хандвал туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгө тодорхойгүй байгаа учраас анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... ЭХЭМҮТ-н эх баригч эмэгтэйчүүдийн эмч Д.Б, Ж.Э нарын гэм буруутай үйлдэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй тухайд, мөрдөн байцаалтын шатанд эмнэлгийн хүлээн авахаас төрөх тасаг хүртэл бүхий л эмч нараас байцаалт авч, Д.С-той холбоотой эмнэлгийн бүх баримтуудыг цуглуулж, шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

Гэм буруугийн талаар дахин шинжээч томилж, ямар стандарт байх ёстой талаар шинжлүүлэх тухай ярьж байна. Эрүүл мэндийн салбар зөвлөл нь иргэний хариуцагчаар татагдсан тохиолдолд эмнэлгийн эмч ажилтнаа өмгөөлөх нь тодорхой буюу ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн. Гэм буруугийн асуудалд эргэлзээ байгаагүй учраас дахин шинжээч томилох шаардлагагүй. ... Зохих ёсоор биелүүлээгүй тухайд, ... эмч нар хурдацтай үзлэг хийх ёстой байтал үзлэг хийгээгүй. Тариа хийснээс хойш 8 цаг өнгөрсний дараа буюу 11 цагийн үед үзлэг хийгээд дахин ажиглая гэж хүлээсэн. Гэтэл гэнэт хүндрэл үүссэн. Шинжээчээс “Ж.Э, Д.Б  нарыг ургийн зүрхний бичлэг хийсэн, түүнд хяналт тавьсан зүйл байгаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “төрөх гэж ирсэн эхэд стандартын дагуу эмчилгээ хийнэ” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ж.Э, Д.Б  нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Д.Б, тус тасгийн эрхлэгч Ж.Э нарыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 54 минутад тус эмнэлгийн төрөх тасагт төрөхөөр ирсэн, ураг орчмын шингэн гарч 24 цаг болсон, умайн хүзүүн төрөлтөнд бэлтгэх мизопростол эмийн 1, 2, 3 дугаар тун тавигдсан байдалтай төрөх эх Д.С-г 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөөний 8 цаг 30 минутаас хүлээн авсан боловч төрөхийн өмнөх үеийн хяналтыг дутуу тавьсан, ургийн зүрхний цохилтын цахилгаан бичлэгийг давтан хийж хянаагүй, төрөхийн өмнөх үеийн хяналт дутуу хийснээс ураг эх дотроо эндэж, эхэс төвөөс ховхорч, умайг авах хагалгаа хийлгэхэд хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эх Д.С нь цаашид ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж, прокуророос Ж.Э, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Ж.Э, Д.Б нарыг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулж, Ж.Э, Д.Б  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” бол яллагдагчаар татаж болохгүй байхаар хуульчилсан байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Э, Д.Б  нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “зорчих эрх хязгаарлах ял”-ын дээд хэмжээ буюу “гурван жил хүртэл” гэсэн дээд интервалд нийцүүлэлгүй “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарна ...”  гэж үзэн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Э, Д.Б  нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ж.Э, Д.Б  нарын хамтран гаргасан, мөн шүүгдэгч Ж.Э, Д.Б  нарын өмгөөлөгч Э.Ганбат, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, иргэний нэхэмжлэгч Д.М нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.