Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 39

 

Х.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 142/2017/00797/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

“Цалин хөлс /орлого/-ын 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох, илүү төлсөн 1.969.777 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн гаргасан Х.Ч-ийн цалингаас сар бүр 340.500 төгрөгийг суутгахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Х.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, гуравдагч этгээд Б.Болормаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ч-эс:

 ...Х.Ч- нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хангал сумын нутагт авто осол гаргаж Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн юм. Үйлдсэн энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардлыг бүрэн төлсөн боловч талийгаачийн ар гэрийнхэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаад энэ нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаартай шийдвэрээр талийгаачийн эхнэр Б.Болормаагийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож насанд хүрээгүй хүүхдүүдийг нь тэжээн тэтгэхэд зориулж Х.Ч-эс сар бүр 113.500 төгрөг гаргуулж 3 хүүхдэд олгуулахаар шийдвэрлэсэн. Уг нь тэжээгчээ алдсаны тэтгэмж талийгаачийн авч байсан цалингийн зөрүү нь 95.920 төгрөг гэж шийтгэх тогтоолд заасан байсан боловч би энэ зөрүүгээр төлнө гэж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй орхисон юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Болормаа нь Нийслэлийн шүүхэд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд 95.920 гэж заасан ч иргэний хэргийн шүүх 113.500 гэснийг өөрчлөх шаардлагагүй гээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас бичигдэж ирээд надаас шийдвэр гарахаас өмнөх цалин тэтгэмжийг нөхөн гаргуулсны дараа Б.Болормаа нь гүйцэтгэх хуудсанд сар бүр 113.500 төгрөгийг надаас гаргуулах гэж бичигдэж ирснийг зөвшөөрөхгүй, хүүхэд тус бүрд нь 113.500 төгрөг гаргуулах ёстой гээд маргаан үүсээд шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдвэрийг тайлбарлуулна гээд албан бичиг явуулсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шийдвэрийн 1 дэх заалтын ...2002 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Долгор 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр төрсөн хүү Б.Ганбаатар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж ... гэдгийг хүүхэд тус бүрд цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж олгоно гэж хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэнэ үү гэсэн албан бичгийг үндэслээд одоо надаас сар бүр /113.500 х З =340.500/ төгрөг суутгаж эхлээд байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан 113.500 төгрөгийг Х.Ч-эс гаргуулж Б.Болормаад олгох тухай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн байхад түүнд бичигдсэн дүнгээс хууль бусаар илүү мөнгө авч байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын энэ хууль бус ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгээс:

Х.Ч-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг миний бие дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна.

1. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаартай шийдвэрийг гүйцэтгүүлэхээр ирүүлсэн шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг биелүүлэхдээ хууль бус ажиллагаа явуулж ирсэн байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо нь төлбөр төлөгч Х.Ч-эс тэтгэвэр тэтгэмжийн зөрүү болох 783.200 төгрөгийг нөхөн гаргуулах, Б.Долгор, Б.Ганбаатар, Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл нь олгох тухай шүүхийн гүйцэтгэх хуудсыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бичиж ирүүлжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гарсан тул түүнээс өнөөдрийг хүртэл 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж олгох гэснийг тооцож үзвэл өнөөдрийн байдлаар 113.500 х 16 сар = 1.816.000 төгрөгийг Х.Ч- төлөх ёстой байжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь нийтдээ 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал 3.899.277 төгрөгийг Х.Ч-ий цалингаас суутгуулан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлсэн нь хууль бус ажиллагаа болжээ.

Төлбөр төлөгч Х.Ч- нь шүүхийн гүйцэтгэх хуудсанд нөхөн төлүүлэхээр заасан 783.200 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн шаардсан даруйд төлбөр авагч Б.Болормаагийн дансанд шилжүүлсэн. Дараа нь сар бүр төлөх ёстой 113.500 төгрөгийг 2016 оны 8,9,10,11,12 дүгээр сарыг нийлүүлж 567.500 төгрөгийг мөн төлбөр авагчийн дансанд шилжүүлж төлсөн байна. Өөрөөр хэлбэл 2016 оны төлбөрийг төлж дууссан байна. Тэгээд 2017 оны 1 дүгээр сараас цалингаасаа сар бүр 113.500 төгрөг суутгуулж төлөх мэдэгдэл аваад байж байтал шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь хүлээж бай гэж хүлээлгэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х.Ч-ий цалин хөлсний 50 хувийг суутгаж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ХААН банкин дахь 5093216051 тоот дансанд шилжүүлэх мэдэгдлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээллийн цехэд хүргүүлснээр 2017 оны 4 сараас хойш сар бүр цалингийнх нь 50 хувийг суутган авсаар өнөөдрийг хүрсэн байна. Х.Ч-ий цалингаас 2017 оны 4 дүгээр сард 319.188 төгрөг, 5 дугаар сард 416.082 төгрөг, 6 дугаар сард 329.791 төгрөг, 7 дугаар сард 299.707 төгрөг, 8 дугаар сард 511.899 төгрөг, 9 дүгээр сард 410.110 төгрөг, 10 дугаар сард 450.000 төгрөг, 11 дүгээр сард 595.000 төгрөг нийт 3.331.777 төгрөгийг илүү суутган авчээ. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч X Ч-эс сар бүр 113.500 төгрөг гаргуулах гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь ийнхүү үндэслэлгүйгээр сарын цалингийн 50 хувийг буюу шүүхийн гүйцэтгэх хуудсанд зааснаас илүү мөнгө авч байгаа нь хууль бус ажиллагаа тул цалингийн 50 хувийг суутгах гэсэн ажиллагааг зогсоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

2.Шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан төлбөл зохих мөнгөний хэмжээг дур мэдэн өөрчилж үндэслэлгүйгээр \ 3.331.777 - 113.500 х 12 сар = 1.969.777 төгрөгийг Х.Ч-эс илүү төлүүлэн авсан байх тул Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1.969.777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Х.Ч-ийн цалингийн 50 хувийг суутгахыг зогсоож өмнө нь илүү суутгаж авсан мөнгийг сар бүр 113.000 төгрөгөөр тооцож 2019 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт тооцсоноо тайлбартаа дурджээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд илүү суутгаж авсан 1.969.000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг бие даасан гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Х.Ч-ий нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой холбоотой хэрэгт Б.Болормаагийн гаргасан бие даасан шаардлагатай танилцлаа.

1. Гуравдагч этгээд Б.Болормаа нь Х.Ч-ий цалингаас сар бүр 340.500 төгрөгийг суутгахыг шийдвэр гүйцэтгэлд даалгаж өгнө үү гэжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаар шийдвэрээр Х.Ч-эс сар бүр 113.500 төгрөг гаргуулж Б.Болормаад олгуулахаар тогтоосон тул энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Б.Болормаа нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул Х.Ч-ий шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь Х.Ч-эс шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг илүү суутгаж авч байснаа хүлээн зөвшөөрч цалингаас илүү суутган авсан мөнгийг 2019 оны 8 дугаар сар хүртэл түүний Б.Болормаад төлбөл зохих төлбөрт тооцсон тухай болон цаашид цалингаас суутгал хийхгүй байх тухай мэдэгдлийг Х.Ч-ий ажилладаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Геологийн цехэд хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байна. Тиймээс Х.Ч-ийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Иймд Б.Болормаагийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмараас:

...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа маргаантай байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тайлбарлуулахаар хүсэлт явуулсан. Ингэхэд ерөнхий шүүгч Б.Баатар ... хүүхэд нэг бүрд цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөг сар бүр гаргуулж олгоно гэж тайлбар ирүүлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүүхэд тус бүрд 113.500 төгрөг олгоно гэж тодорхой заасан бөгөөд, давж заалдах шатны магадлалд ...Анхан шатны шүүх талийгаач Н.Балжиннямын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын дундаж 570.520 төгрөгөөр сарын цалин хөлс тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 113.200 төгрөг гэж тооцож насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Хүүхэд тус бүрд ногдох тэтгэмжийн хэмжээ адил, гэр бүлийн гишүүн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай болсон тохиолдолд үлдэх гишүүдэд ногдох хэсэг тэнцүү хэмжээгээр нэмэгдэх тул хүн тус бүрээр заан тэтгэмжийг тодорхойлоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно. Мөн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин, тэтгэврийн зөрүүд 783.000 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж, төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгч Б.Болормаад оногдох хэсгийг хасаж тооцсон нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна гэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Ч- нь тус газарт хандаж, хүсэлт ирүүлсэн байх тул тэтгэлэг төлөгч Х.Ч-ийн цалингийн суутгалыг 50 хувиар суутгаж байсныг өөрчилж 113.500 болгон, цалингаас илүү суутгасан 2.319.290 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт 2019 оны 08 дугаар сар хүртэл олгохоор тохиролцсон болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Болормаагаас:

 Х.Ч-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарт холбогдуулан гаргасан гомдолтой хэрэгт миний 3 хүүхдүүдийн тэжээн тэтгүүлэх дараах бие даасан шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Ч- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас миний нөхрийг дайрч амь насыг хохироож надад болон 3 хүүхдэд маань нөхөж баршгүй гарз хохирлыг учруулсан билээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00447 дугаартай шийдвэрээр Х.Ч- нь миний 3 хүүхдүүдэд хүүхэд тус бүрд 113.500 төгрөгийг сар бүр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Гэтэл Х.Ч- нь шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж, шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж гомдоллож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхийн магадлал аль аль нь дээрх 113.500 төгрөг нь нэг хүүхдэд олгогдох төлбөр болохыг дурдсан. Дээр нь Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Баатар шийдвэрийн заалтыг тайлбарлаж өгсөн байгаа. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хууль зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй, хүүхдүүдийг 18 нас хүртэл нь сар бүр суутгалыг хийх ёстой байтал суутгалыг зогсоох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүнээс суутгагдан ирж байгаа 340.500 төгрөг миний хүүхдэд хуулиар олгогдох мөнгө тул бүрэн гаргуулна. 50 хувиар суутгана уу, хэдэн хувиар суутгал хийх нь шийдвэр гүйцэтгэгчийн асуудал. Бид авах ёстой мөнгөө л авна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна. 1.Ч-ийн цалингаас сар бүр 340.500 төгрөгийг суутгахыг шийдвэр гүйцэтгэлд даалгаж өгнө үү. 2.Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул Х.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэрээр:

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас илүү суутгаж авсан 1.969.777 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж,

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.2, 89 дүгээр зүйлийн 89.7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ч-ийн цалин орлогоос 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2002 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Долгор, 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Ганбаатар, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Дэлгэр нарт сар бүр тус бүрд нь 113.500 төгрөг буюу 340.500 төгрөгийн суутгал хийж Б.Болормаад олгохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Шүүх бие дааж шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хэлэлцээд давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь цалин тэтгэмжийн зөрүү 3 хүүхэд тус бүрд нь 113.500 төгрөг байх ёстой гэж гомдол гаргасныг анхан ба давж заалдах шатны шүүх талийгаачийн авч байсан цалингаас өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт нь оногдох хэсгийг хасаад мөн төрөөс өгч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад үлдэх хэсгийг нь Х.Ч-эс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж гомдлыг хангаагүй. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа гүйцэтгэх хуудсанд зааснаас илүү хэмжээгээр Х.Ч-ийн цалингаас суутгал хийсэн тул энэ ажиллагаанд гомдол гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр авагч Б.Болормаа нь Х.Ч-ийн цалин орлогоос сар бүр 340.500 төгрөг суутгал хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах шаардлага гаргасан юм. Энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн шаардлага. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн давж заалдах болон хяналтын шатны шүүх хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй. Гэтэл өөр адил шатны шүүх шийдвэрийг хянаж хууль зүйн үндэслэл болон хэл найруулгын талаас нь үнэлэлт дүгнэлт өгөх тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах эрх хэмжээ байхгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон заалт оруулна уу гэжээ.                                     

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Х.Ч- нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулж  цалин орлогын  50 хувиас илүү суутгал хийж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгох,  цалин хөлснөөс шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд илүү суутгасан 1.969.777 төгрөгийг буцаан гаргуулах тухай гомдол болон шаардлага гаргажээ.

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ216/0447 дугаартай шийдвэрээр Х.Ч-эс  Б.Долгор, Б.Ганбаатар, Б.Дэлгэр нарт тэжээгчээ алдсаны зөрүү 113.500 төгрөгийг сар бүр гаргуулж 18 нас хүртэл нь олгуулахаар шийдвэрлэсэн байна.

            Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч улмаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгджээ.

            Дээрх шүүхийн шийдвэрээр төлбөр авагч нарт сар бүр 113.500 төгрөг төлбөр төлөгч Х.Ч-эс гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хүүхэд тус бүрт 113.500 төгрөг, нийт 340.500 төгрөгийг сар бүр цалин орлогоос нь суутгаж байгаа нь хууль бус ажиллагаа хийж байна гэж нэхэмжлэгч гомдол гаргасан байна.

            Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий насанд хүрээгүй хүүхдүүдэд сар бүр 113.500 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байхад хүүхэд тус бүрд 113.500 төгрөг гаргуулж шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст зааснаас илүү мөнгө цалин орлогоос суутгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.12-т заасныг зөрчсөн гэжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргаж илүү суутгасан гэх 1.969.777 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталжээ.

            Ийнхүү батлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа  төлбөр төлөгчийн цалин орлогын 50 хувиас илүү хэмжээгээр суутгал хийхийг хориглох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.10-д заасныг зөрчсөн үйлдлийг зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд ийм нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр авагч Б.Болормаа бие даасан шаардлага гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн төлбөр нь хүүхэд тус бүрд 113.500 төгрөг төлөгдөхөөр шийдвэрлэгдсэн тул Х.Ч-ийн цалингаас сар бүр 340.500 төгрөгийг суутгахыг шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгуулах шаардлага гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1-д маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заажээ.

            Гэхдээ энэ тохиолдолд гуравдагч этгээдийн гаргаж байгаа шаардлага нь маргааны зүйлийн талаар байх ёстой.

            Х.Ч- нь шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд гомдол гаргаж уг ажиллагаа хүчин төгөлдөр шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга болон түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаснаас зөрүүтэй явагдаж байгаа нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль зөрчиж  байх тул уг ажиллагааг зогсоолгохыг даалгах илүү суутгасан мөнгийг шийдвэр гүйцэтгэлээс гаргуулах шаардлага гаргасан байна.

            Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаанд гомдол гаргасан байна.

            Тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр авагч Б.Болормаагийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байжээ.

Иймд сар бүр 340.500 төгрөгийг төлбөр төлөгч Х.Ч-эс гаргуулж төлбөр авагчид олгохыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага нь маргааны үйл баримттай холбоогүйгээс гадна агуулгаараа гэм хорын маргаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэрийн шийдлийг  хөндөхөд чиглэгдсэн байна.

Дээрх  шийдвэрийг биелүүлэхэд гарсан маргаантай холбогдуулж шийдвэрийн агуулгыг тайлбарлан шийдвэр гүйцэтгэл явуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүний  үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх бичиг баримтын үндсэн дээр явагдах ёстой.

            Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Х.Ч-  Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1.969.777 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай гэж

2 дугаар  заалтын  Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 ,6 дугаар зүйлийн 6.1.2, 89 дүгээр зүйлийн 89.7.1-д заасныг баримтлан гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн  6.1 , 89 дүгээр зүйлийн  89.11, 89.12 дугаарт заасныг баримтлан  нэхэмжлэгч Х.Ч-ийн  цалин хөлснөөс нь 50 хувиар суутгал хийхийг зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж

2 дугаар заалтын 2 дахь хэсгийн 2002 оны  04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Долгор, 2010 оны 03 дугаар сарын  04-ны өдөр төрсөн хүү Б.Ганбаатар, 2013 оны 09 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Дэлгэр нарт сар бүр тус бүрд нь 113.500  төгрөг буюу 340.500 төгрөгийн суутгал хийж Б.Болормаад олгохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Болормаагийн сар бүр 340.500 төгрөгийн суутгалыг Х.Ч-ийн цалин орлогоос хийж төлбөр авагчид олгохыг  шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилсүгэй.        

            2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                        

                                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ       

                                       ШҮҮГЧИД                                                     Л.АМАРСАНАА

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ